Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 437

 

С.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0498 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0587 дугаар магадлалтай, С.Б-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0498 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг баримтлан “Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хууль эрх зүй, өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилохыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч С.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0587 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 498 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэгч С.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт заасны дагуу С.Б-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 587 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхээс:

1. Миний урьд эрхэлж байсан Хууль эрх зүй, өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтний албан тушаалын чиг үүрэгт хадгалагдаж үлдсэн нь нотлогдоогүй төдийгүй уг ажлын байр бүтцийн өөрчлөлт хийгдэхээс өмнө байсан тул хариуцагч нь нэхэмжлэгч намайг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэг хүлээхгүй гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар
зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй болно.

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байр хэдийгээр тус газарт бүтцийн өөрчлөлт хийхээс өмнө байсан боловч тухайн ажлын байрны албан тушаалын чиг үүрэг нь одоогийн Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтний албан тушаалын чиг үүргээс өөр байсан нь харагддаг. Өөрөөр хэлбэл урьд нь Хүний нөөц, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтэн гэсэн нэршилтэй байсан ажлын байрны нэрийг өөрчлөхдөө тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт миний урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг бүхэлд нь шилжүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар тодорхой нотлогддог боловч шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй.

2. Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтэн нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэж байсан байгууллагыг хууль, шүүхийн өмнө төлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны орлогч даргаар ажиллаж байгааг Хууль, эрх зүй, өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний ажлын байр, албан тушаалын  тодорхойлолтод заасан  чиг үүрэг шилжсэн,  хадгалагдан үлдсэн гэж үзэх үндэслэл болж чадахгүй гэжээ. Шүүх хэдийгээр ингэж дүгнэсэн боловч ийнхүү дүгнэсэн үндэслэлээ тайлбарлаагүй.

Гэтэл миний урьд эрхэлж байсан ажлын байрны албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг нь Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтний ажлын байрны албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэгт хэвээр хадгалагдаж үлдсэн болох нь дараах байдлаар харагддаг.

а/ Би өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу 2012 оны 5 дугаар сараас хойш Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон харьяа эрүүл мэндийн байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудын “хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлэг”-ийг бүртгэх, хяналт тавих, тайлагнах албан тушаалтны үүргийг гүйцэтгэж байсан. Гэтэл намайг ажлаа хүлээлгэн өгөөгүй байхад буюу 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/123 дугаар тушаал гарч дээрх чиг үүргийг Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтэнд шууд шилжүүлэн өгч гүйцэтгүүлсэн байдаг.

б/ Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1086 дугаар захирамжийн хавсралтаар баталсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-ын 4.4-т “Энэ журмын 4.1.6 дахь хэсэгт заасан эх үүсвэрээр ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухайн байгууллага, нэгжийн өргөдөл, гомдлын асуудал хариуцсан ажилтан хүлээн авч, өргөдөл, гомдлын нэгдсэн програмд бүртгэнэ”, мөн журмын 12.4-т “Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх талаар зохион байгуулсан ажлын тайланг улирал бүрийн сүүлийн сарын 25-наар /25-ны өдрийг оруулж тооцно/ тасалбар болгож, тухайн сарын 30-ны дотор “Иргэд хүлээн авах төв”-д албан бичгээр ирүүлнэ” гэж тус тус заасан байдаг. Энэхүү чиг үүргийг Хууль эрх зүй, өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтод заасны дагуу миний бие гүйцэтгэж байсан бөгөөд одоогоор Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтэн гүйцэтгэж байгаа талаараа өөрөө давж заалдах шатны шүүх дээр гаргасан тайлбараараа нотолсон болно.

в/ Байгууллагыг хууль, шүүхийн өмнө бүрэн төлөөлөх эрхийг Хууль эрх зүй, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний ажлын байрны албан тушаалын чиг үүрэгт тусган гүйцэтгүүлж байсан бөгөөд одоогоор энэхүү чиг үүргийг Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтэн гүйцэтгэж байгаа талаараа өөрөө давж заалдах шатны шүүх дээр гаргасан тайлбараараа мөн нотолсон болно. Шүүх энэ талаар магадлалдаа дурдсан боловч чиг үүрэг нь шилжсэн, хадгалагдан үлдсэн гэж үзэх үндэслэл болж чадахгүй гэж тайлбарласан нь илтэд үндэслэлгүй юм.

г/ Эрүүл мэндийн тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг өөрийн болон харьяа байгууллагуудад зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах, тайлагнах ажлыг миний бие гүйцэтгэж байсан бөгөөд харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс энэхүү чиг үүргийг одоо хэн нэгэн албан тушаалтан хэрэгжүүлэх шаардлага байхгүй болсон мэтээр шүүх хуралдаанд тайлбарласан.

Гэвч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хэмжээнд хэн нэгэн мэргэжилтэн дээрх ажил үүргийн хуваарийг заавал шилжүүлэн авч үргэлжлүүлэн ажиллахгүйгээр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй. Жишээ нь: Хуулиудын хэрэгжилтийн тайланг Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө, гэмт хэргээс урьдчилан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг хагас жилээр, Эрүүл мэндийн тухай хууль, хүний эрхийн үндэсний хөтөлбөрийн тайланг бүтэн жилээр нэгтгэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлдэг.

д/ Миний бие Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны орлогч даргаар ажиллаж байсан. Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 92 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад гишүүдийн шалгуур үзүүлэлтэд эрх зүйч мэргэжилтэй хүн байна гэсэн шалгуурыг миний бие хангаж байгаа. Энэхүү чиг үүргийг одоо О гүйцэтгэж байгаа. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс миний ажлын байрны албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн талаар хариу тайлбараараа үгүйсгэж чадаагүй төдийгүй давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа энэ талаар нотолсон болно. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан үйлчлэл нь надад хамаарал бүхий байхад хариуцагчийн зүгээс хуулийн энэхүү заалтыг зөрчиж, намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн төдийгүй шүүхээс энэхүү алдааг залруулаагүй болно.

Дээрх нөхцөл байдлуудаас үндэслэн нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх хэсэгт заасанчлан “шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэж мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 587 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх шаадлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулалгүйгээр хэргийн үйл баримтыг дутуу дүгнэн шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээснээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан байна.

Захиргаа энэхүү зүйлд заасан төрийн албан хаагчийн баталгааг эдлүүлэхдээ хуульд заасан нөхцөлийн хамгийн эхнээс нь буюу хамгийн илүү баталгаанаас нь эхлэн хэрэгжүүлэх учиртай. Тодруулбал, төрийн албан хаагчийн ажиллаж байсан төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд хамгийн эхэлж өөр ажил, албан тушаалд шилжүүлэх, эсхүл төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшүүлж, энэ хугацаанд эрхэлж байсан албан тушаалынх нь цалин хөлсийг нь өгөх, ажлын байраар хангах, харин энэ хоёр баталгааны аль нэгийг нь эдлүүлэх боломжгүй бол хамгийн сүүлд нь 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгох юм.

Гэтэл энэхүү маргааны хувьд хэдийгээр нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын орон тоо нь хасагдсан, түүний ажиллаж байсан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын бүтэц, орон тоо нь 53-аас 50 хүртэл буурсан, гэвч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар өмнө нь ажиллаж байсан 5 хүнийг ажлаас чөлөөлж /түүний дотор нэхэмжлэгч С.Б-ыг/ одоо 48 хүний орон тоотой байгаа, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхгүй байсан ч орон тооны дээд хязгаараа давахааргүй байгаа, С.Б-ыг ажлаас чөлөөлсний дараа Захиргаа төлөвлөлт хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтэст түүнтэй ижил статустай 5 мэргэжилтнийг шинээр авсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүх бүрэн цуглуулаагүй байна.

Түүнчлэн, 2014 онд Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүний нөөцийн мэргэжилтний албан тушаал, ажил үүргийн хуваарь байсан, үүнийг нэхэмжлэгч нь хууль, эрх зүй, өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн байхдаа давхар хэрэгжүүлж байсан, харин одоо уг албан тушаал нь “хүний нөөц, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтэн” хэмээх нэртэйгээр орон тоо нь хэвээр хадгалагдан үлдсэн боловч ажлын байрны шаардлагыг “хүний их эмч”-ийн мэргэжилтэй байхаар өөрчилсөн, уг албан тушаалд Газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Бүтэц, орон тоо, үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн батлах тухай” А/111 дүгээр тушаал батлагдсан мөн өдрийн Б/98 дугаар тушаалаар өмнө нь төрийн албанд ажиллаж байгаагүй Б.О-ийг “Төрийн албаны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулж томилох хүртэл хугацаагаар” түр томилсон байна.

Иймээс, нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасан эхний баталгаа болох “цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих” боломж байсан эсэхийг тодруулах зорилгоор одоогоор Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хэдэн хүн ажиллаж байгаа, хэдэн сул орон тоо байгаа, шинээр орсон албан мэргэжилтнүүд нь ямар чиг үүрэг хэрэгжүүлж байгаа, тэдгээрийн аль нэгийг нь нэхэмжлэгч хэрэгжүүлэх боломжтой эсэх, өмнө нь байсан хүний нөөц хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүргээс нэхэмжлэгч хэдэн хувийг хэрэгжүүлж байсан, уг албан тушаалд ямар шаардлага тавигддаг байсан, одоо яагаад заавал “хүний их эмч” байхаар ажлын байрны шаардлагыг өөрчилсөн үндэслэл, шалтгаан зэргийг тодруулахаар холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0498 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0587 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ