Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 130/ШШ2021/00988

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, А.Ж  /рд:000000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суух А.Б /рд:00000000/,

Хамтран хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын 12 дугаар багт оршин суух, Д.Д /000000000/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн агуулга: Хариуцагч А.Ж-оос худалдсан үхрийн үнийн үлдэгдэл 1650000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч А.Ж нөхөр А.Е нь амьд сэрүүн байхдаа 2019 оны намар үхэр цуглуулж үхэр бэлдэж байгаа хүмүүст тушаадаг байсан ба 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр А.Б гэгчид төөлтэй улаан зүсмийн үнээг 500.000 төгрөгөөр, улаан зүсмийн шарыг 500.000 төгрөгөөр, хээр зүсмийн үнээг 450.000 төгрөгөөр, цагаан зүсмийн шарыг 420.000 төгрөгөөр, алаг зүсмийн үнээг 420.000 төгрөгөөр, төөлтэй улаан зүсмийн бярууг 160.000 төгрөгөөр, бүгд 6 толгой үхрийг 2.550.000 төгрөгөөр худалджээ.Тухайн үхрүүдийг Гурван толгой гэх газраас Х.Т гэх хүнээр туулгаж А.Б-гийн хашаанд хүргүүлж байжээ.А.Б нь тухайн үед 900.000 төгрөг бэлэн өгч үлдэгдэл 1.650.000 төгрөгийг аймагт үхэр авч байгаа Х-гээс мөнгө ирсний дараа өгнө гэж тохиролцоод дээрх үнээнүүдийг аймаг руу машинаар ачуулжээ. А.Е нь А.Б-тай удаа дараа уулзаж үлдэгдэл мөнгөө нэхэхэд Х-гээс мөнгө ирэхгүй байгаа, дансанд хийж өгнө гэсэн, одоо хүртэл хийгээгүй гэж тайлбарладаг байсан байна.А.Е нь түүнээс үлдэгдэл мөнгөө авч чадаагүй тул энэ асуудлыг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлэхээр 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр танай шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргажээ.Энэ хооронд бие нь өвдөж бөөрний архаг дутагдалд орж улмаар 2021 оны 36 дугаар сарын 14-ний өдөр өвчнөөр нас баржээ.Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч түүний өргөдлийг уригдах тал А.Б-г дуудах гэсэн боловч заасан хаягтаа байхгүй, гар утас нь холбогдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй, олдохгүй байгаа ба өргөдлийн хугацаа дуусаж дахин сунгагдах боломжгүй болсон үндэслэлээр 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 99 дугаартай тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлал явуулахаас татгалзсан байна.А.Е нь А.Б-тэй үхрийн наймаа хийж 6 тооны үхрийг түүнд хүлээлгэж өгсөн ба Х-тэй наймаа хийгээгүй, түүнийг огт танихгүй юм байна.Х-гийн А.Б-ын дансанд мөнгө хийж өгөхгүй байгаа нь талийгаачийн буруутай үйл ажиллагаа биш учир А.Б нь үлдэгдэл мөнгийг төлөх ёстой.Иймд иргэн А.Баас худалдсан үхрийн үнийн үлдэгдэл 1.650.000 -эг сая зургаан зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж талийгаачийн хууль ёсны төлөөлөгч Ануарбекийн Жангүлд олгох шийдвэр гаргаж өгнө үү.

Хариуцагч А.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2019 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотод оршин суух Х гэдэг хүний захиалгаар, тэр хүний мөнгөөр Баян-Өлгий аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс үхэр мал цуглуулж, зуучлах хөлсөөр ажиллах үйл ажиллагаа эрхэлж байсан. Тухайн үед А.Е нь нийт 6 тооны үхрийг 2.550.000 төгрөгөөр үнэлж худалдсан бөгөөд миний бие А.Е т 900.000 төгрөг бэлнээр өгсөн ба тухайн үед Х-гийн бие төлөөлөгч Д гэх хүн худалдагч А.Е-ээс хүлээн авч, үнэ өртгийг нь А.Е-тэй тохирч худалдаж авсан юм. Тухайн үед Х-гийн бэлэн мөнгө дууссан тул Е, Д нар тохиролцож, тухайн худалдсан үхрийн үнийн зөрүү 1.650.000  төгрөгийг Е-ийн дансанд шилжүүлэн өгөхөөр болж Е, Д нар харилсан тохиролцож бичгээр гэрээ хийсэн юм.  Миний бие Д-ны худалдаж авсан үхрийг түр маллаж, аймагт хүргэж өгөх ажлыг зохицуулж байсан юм. Уг үхрүүдийг Д.Д нь “Майти” маркийн машинаар ачаад аваад явсан. Нэгэнт тухайн үхрийг Е-гээс худалдан авч явсан эзэн нь Д учраас Д хариуцах болно. Миний хувьд уг асуудалд ямар ч холбоогүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үхрийн үнийг үхрийг биет байдлаар нь хүлээн авч, зээлээр худалдаж авсаг Д-аас нэхэмжлэх шаардлагатай  гэжээ.

Хамтран хариуцагч Д.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:2019 оны намар Улаанбаатар хотоос ирсэн Х гэдэг залуу мал цуглуулахаар хөдөөнөөс аймаг хооронд миний машиныг нэг удаа Буянт сум руу явахад хөлсөлсөн. Дараа нь “Б сумд Б гэдэг залуу үхэр бэлдсэн байгаа тэрийг авчирч өг. Хөлс, зардлыг нь өгнө” гээд утасны дугаарыг нь бичиж өгсөн. Би бичиж өгсөн утасны дугаарын дагуу Б-д очиж, Б үхэр ачиж өгсөн.Би тухайн үхрүүдийг аймагт авчирч Х гэх хүнд хүлээлгэж өгч, хөлс, зардлаа авсан. Тэр хоёрын дунд ямар ямар тохиролцоо болсныг би мэдээгүй.Би Х-гийн бие төлөөлөгч биш. Хөлсөөр явдаг жолооч хүн юм гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Ж-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Нэхэмжлэгч А.Ж-гийн  нөхөр Е нь 2019 оны 9 дүгээр сард үхэр цуглуулаад Б суманд үхэр худалдаж авч байсан хүмүүст тушаадаг байсан байна. Тэгээд 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч А.Б-д 6 тооны үхэр тушаажээ. Үнийн дүн нь 2550000 төгрөг болжээ. Тэгээд тэдгээр үхрүүдийг тухайн үед Д гэх хүний машинд ачуулж аймагт явуулсан. Тухайн үед худалдан авагч А.Б нь 900000 төгрөгийг нь өгч, бусад мөнгө дараа нь өгнө хэмээн тохиролцож явжээ. Гэтэл түүнээс хойш энэ мөнгийг өгөөгүй. Тэгээд Е нь 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид ханджээ. Тэр үед Б нь хэрэгт холбогдоод хот руу явсан учраас эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явагдах боломжгүй болсон. Тэгж явж байгаад Е нь өөрөө бөөрний архаг дутагдалд ороод өвдөөд 2020 оны 6 дугаар сард нас барсан. Үүний дараа А.Б ирсэн боловч уг мөнгийг өгөөгүй өнөөдөр хүрсэн. Тийм учраас эхнэр нь А.Ж нь уг мөнгийг нэхэмжилж байна. А.Жангүл, Е нар нь гэрлэгчид байсан тухай холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн эхнэр нь хууль ёсны өвлөгч байх ёстой. Үүний дагуу эхнэр нь шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа А.Б хариу тайлбар гаргасан. Энэхүү хариу тайлбартаа энэ мөнгийг би төлөхгүй, Д.Д гэх хүн аймаг руу авч явсан учраас энэ хүн төлөх ёстой гэдэг байдлаар тайлбар гаргасан. Тэгээд тэр хүнийг хамтран хариуцагчаар татаж тайлбар авахад би зөвхөн ачаад явсан, наймаанд ямар нэгэн байдлаар оролцоогүй хэмээн тайлбараа гаргасан. Тийм учраас нэхэмжилж буй мөнгөн дүнг А.Б-аас гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад.

ҮНДЭСЛЭХ НЬ

Нэхэмжлэгч А.Ж нь хариуцагч А.Б-аас худалдсан үхрийн үнийн үлдэгдэл 1650000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.

Шүүх  хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ миний нөхөр А.Е нь амьд сэрүүн байхдаа 2019 оны намар 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр А.Б гэгчид төөлтэй улаан зүсмийн үнээг 600000 төгрөгөөр, улаан зүсмийн шарыг 500000 төгрөгөөр, хээр зүсмийн үнээг 450000 төгрөгөөр, цагаан зүсмийн шарыг 420000 төгрөгөөр, алаг зүсмийн үнээг 420000 төгрөгөөр, төөлтэй улаан зүсмийн бярууг 160000 төгрөгөөр, бүгд 6 тооны үхрийг 2550000 төгрөгөөр худалдсан ба А.Б нь тухайн үед 900000 төгрөгийг бэлэн өгч  үлдэгдэл мөнгийг аймагт үхэр авч байгаа Х мөнгө ирсний дараа өгөхөөр тохиролцоод авсан үхрийг аймагт ачуулсан бөгөөд Е нь үлдэгдэл мөнгийг удаа дараа асуусан боловч өгөөгүй болно. Энэ хооронд нөхөр болох Е бие өвдөж улмаар 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр нас барсан тул үхрийн үнийн үлдэгдэл 1650000 төгрөгийг талийгаачийн хууль ёсны төлөөлөгч А.Ж надад олгож өгнө үү гэж тайлбарлажээ.

Хариуцагч А.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч А.Б ын гарын баримтад “2019 оны 9-р сарын 28-ны өдөр А.Е ээс 6 тооны үхэр авсан нь үнэн. Аймгийн төвийн 12 дугаар багт оршин суух Д.Д Michay маркийн машинаар ачиж явсан. А.Е А.Б би 900000 төгрөг бэлэн өгсөн. Х гэх залуугийн надад үхэр цуглуулж өг гэж өсөн мөнгө юм. Үлдэгдэл 1650000 төгрөг. Х утас 89106668 Энэ 1650000 төгрөгийг өгөх ёстой нь үнэн болохыг гэрчилнэ” гэжээ.

     Хариуцагч татгалзлынхаа үндэслэлээ “миний бие Х гэдэг хүний захиалгаар, тэр хүний мөнгөөр үхэр цуглуулж, зуулах, хөлсөөр ажиллах үйл ажиллагаа эрхэлж байсан. Тухайн үед 6 тооны үхрийг 2550000 төгрөгөөр үнэлж худалдсан бөгөөд мийний бие А.Е-д 900000 төгрөгийг бэлнээр өгсөн. ...  Д гэх хүн үхрүүдийг хүлээн авч Е үнэ өртгийг төлж тохирч худалдан авсан тул Д-аас нэхэмжлэх нь зүйтэй гэжээ.

     Хамтран хариуцагч Д нь Улаанбаатар хотоос ирсэн Х гэдэг залуу Б сумаас Б гэдэг хүн үхэр бэлдсэн байгаа авч ирж өг хөлс, зардлыг өгнө гэсний дагуу Б-д очиход 20-иод үхэр ачиж өгсөн ба тухайн үхрийг Өлгийд оруулж Х-д хүлээлгэж өгсөн. Миний хувьд хөлс зардлаа авсан. Би тэдний хоорондох асуудлыг мэдэхгүй хөлсөөр яваг жолооч л болно гэжээ.

     Дээрх баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд  талийгаач А.Е болон хариуцагч А.Б нарын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Талийгаач А.Е-ээс 6 тооны үхрийг А.Б-д хүлээлгэж өгсөн болох нь тогтоогдож байх ба хариуцагч А.Б нь худалдагч А.Е-т хэлэлцэн тохирсон үнийн зарим эсэг болох 900000 төгрөгийг төлсөн байх тул А.Б-гээс гэрээний үүргийг шаардах эрхтэй байна гэж дүгнэлээ.

     Худалдагч болох А.Е нь өвчний улмаас 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр нас барсан болох н Баян-Өлгий аймгийн Б сумын улсын бүртгэгчээс 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр олгосон нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч А.Ж нь талийгаач А.Е-ийн эхнэр болох нь Баян-Өлгий аймгийн Б сумын Засгаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтнаас 2006 оны 12 дугаар сарын 11-ний өдөр олгосон гэрэлтийн гэрчилгээгээр тогтоогджээ.

     Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-д зааснаар нас барагч болох    А.Е-ийн эхнэр нь А.Ж нь хууль ёсны өвлөгч тул А.Е-ийн бусдаас авах эд хөрөнгийн үнийг худалдах худалдан авах гэрээний үүргийг А.Б-гээс шаардах эрхтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч А.Б-гээс худалдан авсан үхрийн үнийн үлдэгдэл 1650000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ж-д олгох нь зүйтэй байна.

Хамтран хариуцагч Д.Д болон талийгаач А.Е нарын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул Д.Д-д холбогдох эсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч болон хамтран хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр шүүх хуралдаан ирээгүй байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэлдсэн төлөөлөгчөөс тэдний эзгүй хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч болон хамтран хариуцагчийн эзгүйд шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан  хариуцагч Б-гээс худалдан авсан үхрийн үнийн үлдэгдэл 1650000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ж-д олгосугай.

2.Хариуцагч Д.Д-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41350 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.Б-ээс 41350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ж-д  олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.МЕЙРАМБЕК