Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 135/ШШ2021/01149

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2021/01053/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 8 дугаар баг 17 дугаар хороолол, ******* ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, тоотод оршин суух овогт /РД: /

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, тоотод оршин суух овогт /РД:/ холбогдох,

 "Зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээлийн төлбөр 10,720,000 төгрөг гаргуулах, үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээний 2.1 дэх заалтын үнийн дүнгийн 30,000,000 төгрөгөөс 9,000,000 төгрөгийн үнийн дүнг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, хариуцагч нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Атарбямба, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б. нь миний хамтран амьдарч байсан /хоёр хүүдийн минь эцэг/ Б.ын төрсөн дүү юм. 2018 оны 03 дугаар сард намайг мөнгөтэй болсныг мэдээд Б. түүний эхнэр Ш. нар нь намайг хөдөө мал дээрээ байхад утасдаж бараанд эргэлдүүлэх мөнгө зээлээч гэсэн. Тэр үед бидний хоорондын харилцаа сайн байсан. Тэгээд ч тэд бид найдвартай янз бүрийн хэл ам гаргахгүй бидэнд итгээд дүү нартаа тус болооч гэж гуйгаад байсан болохоор итгэж Б., Ш. нар Дархан зах дотор хоёулаа авто сэлбэгийн №55, №60 лангууг тус тусдаа ажилуулдаг болохоор бүрэн найдаж өгсөн. Ах руугаа утсаар яриад мөнгийг түүний эхнэр болох бэр эгч эгчийн Хаан банкны дансаар 30,720,000 төгрөгийг Б.гийн Хаан банкны тоот данс руу шилжүүлсэн нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 30,000,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 720,000 төгрөг гийн дансанд орсон мөнгөн дээр тэд маргадаггүй. Энэ мөнгийг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөг нэмж би Б.д байрны урьдчилгаа, байрны үлдэгдэл төлбөр нэрээр /утсаар/ буцааж шилжүүлж өгсөн. Тэр мөнгөнөөс 21,000,000 төгрөгийг байранд тооцож суутгаж байраа авсан. Үүнээс үлдэх 10,720,000 төгрөгийг одоо хүртэл өгөхгүй намайг хохироож байна. Энэ зээлдүүлсэн мөнгийг өгөхгүйн тулд Б., Ш. нар орон сууц худалдан авсан болгож ташаа байдлаар ойлголт төрүүлж ханддаг юм. Би Ш.ээс байр худалдан авахдаа хэлсэн мөнгийг нь төлсөн бөгөөд үүн дээр зээлсэн. 10,720,000 төгрөг хамаарахгүй юм. Тэд болохоор байр худалдан авахдаа оруулсан гэж зориуд ташаа байдлаар ханддаг тул хамааралтай болох гээд байгаа Ш.ийн үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээний 2.1 дэх заалтын 30,000,000 төгрөгийн үнийн дүнгээс 9,000,000 төгрөгийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. гэв.

Хариуцагч Б., Ш. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Б., Ш. нар нь А.*******гаас мөнгө зээлсэн зүйл огт байхгүй. 10,720,000 төгрөгийг төлөх ямар ч үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өмнө нь А.******* нь энэ асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан нь хэрэг бүртгэлтийн хэргийг хааж байсан мөн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл нь хэрэгсэхгүй болж байсан болно. гэв.

 Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Б., Ш. нараас зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээлийн төлбөр 10,720,000 төгрөг гаргуулах, үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээний 2.1 дэх заалтын үнийн дүнгийн 30,000,000 төгрөгөөс 9,000,000 төгрөгийн үнийн дүнг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Б. 30,000,000 төгрөгөөр байраа худалдсан. Н. гэдэг хүний данснаас 30,720,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Тэгээд үүнийг хариуцагч нар тайлбарлахдаа А.*******гийн нөхөр Б. үхрээ зараад ахад нь хадгалуулсан. Тэгээд үүнийг нь Б.д шилжүүлсэн байдаг. 2018 оны 04 дүгээр сарын 15, 17-нд 14,000,000 төгрөгийг Б.гээс А.******* руу шилжүүлсэн, 2018 оны 04 дүгээр сарын 24-нд А.*******гаас 15,000,000 төгрөг байрны урьдчилгаа гээд Б. рүү шилжүүлсэн. Ингээд 29,000,000 төлөгдсөн. Тэгээд үлдэгдлийг төлсөн. 30,195,000 төгрөг төлсөн. Одоо төлбөрийн үүргээ гүйцэтгэсэн. А.******* цагдаад гомдол гаргаад шалгаад залилангийн шинжгүй, худал мэдүүлэг өгөөгүй байна гээд хаачихсан, анхаасаа 30,000,000 төгрөгөөр байраа худалдахаар тохирсон гэж маргадаг болно.

10,720,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн А.*******гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар Б.гийн Хаан банкны тоот дансаар 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 14 цаг 46 минутад, 15 цаг 56 минутад гүйлгээний утга дээр Давка гэсэн бичилттэй тус тус 15,000,000 төгрөг шилжүүлсэнийг зохигчид үгүйсгээгүй, үүн дээр маргадаггүй бөгөөд А.******* 2018 оны 03 дугаар сард Д.аас 30.720.000 төгрөгийг Б.гийн дансанд шилжүүлснийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрдөг.

Нэхэмжлэгчээс зээлсэн 30,720,000 төгрөгөөс хариуцагч Б. 14,000,000 төгрөгийг А.*******д буцаан төлж, үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй болсон учир 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 5 дугаар байрны 15 тоот, 28 м.кв, 2 өрөө орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, улмаар А.******* 15,000,000 төгрөгийг нэмж төлсөнөөр 31,720,000 төгрөг болсон бөгөөд байрыг 30,000,000 төгрөгөөр тооцож, үлдэгдэл 1,720,000 төгрөг үлдсэн байна. Үлдэгдэл төлбөрийг А.*******д төлсөн нь Хаан банкны 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 5045/21/1077 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.гийн тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд энэхүү хуульд Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө .... шилжүүлэх, зээлдэгч нь .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282.4-т: мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэгч А.******* нь зээлийн гэрээнд заасан 31,720,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгт тооцож орон сууц худалдан авсан, хариуцагч Б. 1,720,000 төгрөгийг шилжүүлэн төлсөн зэрэг нь дээр дурдсан хэрэгт авагдсан зохигчдын Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт шилжүүлэн өгсөн бодит дүнгээр зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзнэ.

Харин хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн Б.гийн хаан банкны тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга 3 хуудас нотлох баримт нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 527 дугаартай шийдвэртэй хэрэгт нотлох баримтаар шинжлэн судлагдсан баримт байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримт гэж үзэхээргүй байна.

 Үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээний 2.1 дэх заалтын үнийн дүнгийн 30,000,000 төгрөгөөс 9,000,000 төгрөгийн үнийн дүнг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Зохигчид 30,720,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 16,720,000 төгрөгийг төлөх боломжгүй болж, А.******* 15,000,000 төгрөг нэмж өгч, улмаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, 5 дугаар байрны 15 тоот, 28 м.кв, 2 өрөө орон сууцыг худалдахаар харилцан тохиролцсон ба гэрээний 2.1 дэх заалтад 30,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, зээлийн мөнгөнөөс 30,000,000 төгрөгт бодож энэхүү байрыг авсан нь хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх хөрөнгийн татвар 2 хувь буюу 600,000 төгрөгийг төлсөн хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримт, 000637404 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө мөчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар тухайн байрны зах зээлийн ханшийг Капитал зууч ХХК 24,000,000 төгрөгөөр үнэлсэн, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 527 дугаартай шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол зэрэгт 21,000,000 төгрөгөөр тухайн байрыг худалдсан гэдгийг Б., Ш. нар мэдүүлсэн гэдэг ч энэ нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримт, зээлэндээ тооцоод тухайн байрыг хэдээр үнэлж авах нь тухайн гэрээний талуудын эрх байх тул дүгнэлт хийх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар зохигчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтаа цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч А.******* нь зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 10,720,000 төгрөг гаргуулах, гэрээний заалтыг хүчин төлөдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тус тус нотлоогүй, энэхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийг зааж өгсөн бөгөөд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч 30,000,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалтад татварын буцаан олголт төрөөс өгдөг, түүнийг авах зорилгоор 21,000,000 төгрөгөөр худалдан авсан байрыг 30,000,000 гэж бичсэн гэсэн нь хуулийн энэхүү зохицуулалтад хамаарахгүй юм.

Хувь хүний орлогын албан татварын тухай 2006 оны хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-т хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого-ийг татвараас чөлөөлж, буцаан олгох гэж заасан байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч А.*******гийн Б., Ш. нарт холбогдох 10,720,000 төгрөг гаргуулах тухай, үл хөдлөх худалдах, худалдан авах тухай гэрээний 2.1 дэх заалтын 30,000,000 төгрөгийн үнийн дүнгээс 9,000,000 төгрөгийн үнийн дүнг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч А.*******гийн Б., Ш. нарт холбогдох 10,720,000 төгрөг гаргуулах тухай, үл хөдлөх худалдах, худалдан авах тухай гэрээний 2.1 дэх заалтын 30,000,000 төгрөгийн үнийн дүнгээс 9,000,000 төгрөгийн үнийн дүнг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186.470 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС