| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 142/2022/00578/И |
| Дугаар | 001/ХТ2025/00113 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2025/00113
“Т” ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2024/01638 дугаар шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 207/МА2025/00026 дугаар магадлалтай,
“Т” ХК-ийн нэхэмжлэлтэй
В.Б, О.Х нарт холбогдох
Зээлийн төлбөр 884,644,383.6 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Б-н хариуцагч В.Б, О.Х нарт холбогдуулан гаргасан *** аймаг ***** сум ******** хаягт, ** тоот, Ү-*******25 дугаартай байрны өмчлөх эрхийн гэрчилгээг,
бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Б-н хариуцагч В.Б, О.Х нарт холбогдуулан гаргасан *** аймаг ***** сум ******** хаягт 1** тоот 32.6 м.кв талбайтай Ү-*******24 дугаартай 1 өрөө орон сууц, тус хаягт **3 тоот 42.58 м.кв талбайтай Ү-*******31 дугаартай 2 өрөө орон сууцыг,
бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Э-н хариуцагч В.Б, О.Х нарт холбогдуулан гаргасан *** аймаг ***** сум ******** хаягт **0 тоот 42.58 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай, 82,2 хувийн гүйцэтгэлтэй Ү-*******39 дугаартай орон сууцыг тус тус барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэх бие даасан шаардлагатай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагч О.Х-н итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, хариуцагч В.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, гуравдагч этгээд Н.Б, түүний өмгөөлөгч М.М, гуравдагч этгээд Х.Э-н итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.“Т” ХК нь В.Б, О.Х нарт холбогдуулан зээлийн төлбөр 884,644,383.6 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Б нь хариуцагч В.Б, О.Х нарт холбогдуулан *** аймаг ***** сум ******** хаягт ** тоот, Ү-*******25 дугаартай байрны өмчлөх эрхийн гэрчилгээг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Б нь хариуцагч В.Б, О.Х нарт холбогдуулан *** аймаг ***** сум ******** хаягт 1** тоот 32.6 м.кв талбайтай Ү-*******24 дугаартай 1 өрөө орон сууц, тус хаягт **3 тоот 42.58 м.кв талбайтай Ү-*******31 дугаартай 2 өрөө орон сууцыг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Э нь хариуцагч В.Б, О.Х нарт холбогдуулан *** аймаг ***** сум ******** хаягт **0 тоот 42.58 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай, 82,2 хувийн гүйцэтгэлтэй Ү-*******39 дугаартай орон сууцыг “Т” ХК-ийн барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэх бие даасан шаардлагыг тус тус гаргаж, зохигч эс зөвшөөрч, маргажээ.
2.Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2024/01638 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч О.Х, В.Б нараас 884,644,383.6 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХК-д олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч О.Х, В.Б нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч О.Х-н өмчлөлийн *** аймаг ***** сум ******** хаягт *3, *4, *7, 1*, *5, *7, *8, *9, *4, *7, *9, 4* тоот орон сууц, *** аймаг ***** сум ******** хаягт *9, *1, **3, 2**, 2**3, **3 тоот орон сууц, *** аймаг ***** сум ******** хаягт, №**3-**6, №**8-**18 тоот 282.71 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт ** хэсэг **0, **1, **5, **6 тоот 1496 м.кв талбайтай, нэгж талбарын 1********62 дугаартай орон сууцны зориулалттай газрыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 884,644,383.6 төгрөгийг гаргуулж “Т” ХК-д олгохыг *********** газарт даалгаж,
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т зааснаар гуравдагч этгээд Н.Б-н *** аймаг ***** сум ******** хаягт 1** тоот 32,6 м.кв талбайтай, Ү-*******24 улсын бүртгэлийн дугаартай, **13 тоот 42,58 м.кв талбайтай, Ү-*******31 улсын бүртгэлийн дугаартай орон сууц, Х.Э-н мөн хаягт **0 тоот 42,58 м.кв талбайтай, Ү-*******39 улсын бүртгэлийн дугаартай, Л.Б-н мөн хаягт ** тоот 41,94 м.кв талбайтай, Ү-*******25 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “Т” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,809,322 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Х, В.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 4,809,322 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХК-д олгож, гуравдагч этгээд Н.Б, Х.Э, Л.Б нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 207/МА2025/00026 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2024/01638 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч О.Х, В.Б нараас үндсэн зээл 400,232,518 төгрөг, зээлийн хүү 212,496,172 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,499,234 төгрөг, нийт 655,227,924 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 229,416,459 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,
шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 157 дугаар зүйлийн 157.8, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар *** аймаг ***** сум ******** хаягт *3, *4, *7, 1*, *5, *7, *8, *9, *4, *7, *9, 4* тоот орон сууцнууд, *** аймаг ***** сум ******** хаягт **9, **1, **3 тоот орон сууцнууд, *** аймаг ***** сум ******** хаягт, №**3-**6, №**8-**18 тоот 282,71 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *** аймаг ***** сум ******** хаягт **0, **1, **5, **6 тоот 1496 м.кв талбайтай, нэгж талбарын 1********62 дугаартай орон сууцны зориулалттай газраас үүргийн гүйцэтгэлийг тэргүүн ээлжинд хангахыг *********** газарт даалгаж, дээрх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангахад хүрэлцэхгүй бол Н.Б-н өмчлөлийн *** аймаг ***** сум ******** хаягт 1** тоот 32,6 м.кв талбайтай орон сууц, **13 тоот 42,58 м.кв талбайтай орон сууц, Х.Э-н өмчлөлийн *** аймаг ***** сум ******** хаягт **0 тоот 42,58 м.кв талбайтай орон сууц, Л.Б-н *** аймаг ***** сум ******** хаягт ** тоот 41,94 м.кв талбайтай орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг *********** газарт даалгасугай...” гэж,
шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “...хариуцагч О.Х, В.Б нараас улсын тэмдэгтийн 3,434,090 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХК-д олгосугай...” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Э-н итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч О.Х-н итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, хариуцагч В.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,081,172 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Б-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлүүдээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.
4.1.Зээлийн гэрээний 2.2.7, 3.2.4-т зээл төлөх дараалал, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар тооцох талаар тусгасныг шүүх буруу тайлбарласан. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д заасныг тайлбарлахдаа болон гэрээний гол заалтыг дурдахдаа нотлох баримт байхгүй мэтээр дүгнэж орхигдуулсан. Хариуцагч нараас нийт 88,400,000 төгрөг төлөх үед үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү хэдэн төгрөг байсан талаарх баримтыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлээгүй гэсэн нь бодит байдалтай нийцээгүй. Зээлийн гэрээний дагуу 2018.04.20-ны өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлбөрийг 6 сарын хугацаанд хойшлуулан зөвхөн хүү төлөх нөхцөлтэйгээр тохирч 2018.10.20-ны өдрөөс эхлэн нийт төлөх төлбөрийг тэнцүү байхаар тохиролцон 2021.03.15-ны өдөр сүүлийн төлөлт хийхээр баталгаажуулсан. Маргаан бүхий 88,400,00 төгрөгийг банк өөрөө үндсэн зээлээс хассан байна гэж дүгнэсэн нь шүүх хуралдааны тайлбар баримтыг орхигдуулсан дүгнэлт болсон.
4.2.М-н 2018.07.23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын хавсралт ёсоор зээлийн хүүг сар бүрийн үндсэн зээлийн үлдэгдлээс тухайн сарын хүүгийн төлөлт, үндсэн зээлийн төлөлтийг хассан дүнгээс боддог. Хариуцагч төлөлт хийхдээ өөрөө сонголт хийдэг мэтээр тайлбарлах нь зээлийн гэрээний зорилго, агуулгатай зөрчилдөж байна. Давж заалдах шатны шүүхийн тооцоолол хийсэн аргачлал алдаатай бөгөөд 2021.01.13-ны өдрөөс 2023.01.26-ны өдрийг хүртэл 724 хоног биш 743 хоног болно. Үндсэн зээлийн үлдэгдэл дүнгээс хүүг тооцохдоо сарын 30 хоногоор бус жилийн хүүгээр үржүүлээд жилийн 365 хоногт хувааж өдрийн хүүг тооцдог. Бидний тохиолдолд жилийн хүү 26,4% ба шүүхийн бодсон 400,232,518 төгрөгөөс тооцвол жилийн хүү 105,661,384 төгрөг, 365 хоногт хуваахад 1 өдрийн хүү 289,483 төгрөг, үүнийг 743 хоногт үржүүлбэл 215,085,869 төгрөг болно. Мөн шүүх 2021.01.13-ны өдрөөс хүү тооцоолол эхлэх мэтээр бодсон нь буруу бөгөөд зээлийн хүү, тооцооллын хүснэгтээс үзвэл 2018.04.13-ны өдөр буюу 800,000,000 төгрөгийг бүрэн олгосон өдрөөс хүү тооцвол үлдэгдэл 172,459,992 төгрөг хуримтлагдсан ба үүнийг дурдаагүй орхигдуулсан.
4.3.Улсын дээд шүүхийн 2021.06.04-ний өдрийн 001/ХТ2021/00658, 2022.03.29-ний өдрийн 001/ХТ2022/00380, 2024.06.11-ний өдрийн 001/ХТ2024/00138 дугаар тогтоолд төстэй хэрэг маргааныг шийдвэрлэж Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг тайлбарласан. Анхан шатны шүүх нотлох баримт, нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, мэтгэлцээнийг зөв зүйтэй үнэлж зохих шийдвэрийг гаргасан. Үндсэн зээлийн үлдэгдэл 488,632,519 төгрөг бөгөөд магадлалаар хэрэгсэхгүй болгосон 229,416,459 төгрөгийг зээлдэгч О.Х, В.Б нараас гаргуулж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.05.22-ны өдрийн 001/ШХТ2025/00529 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдов.
7.Нэхэмжлэгч “Т” ХК, хариуцагч О.Х, В.Б нарт холбогдуулан 2022.03.15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 488,632,519.7 төгрөг, зээлийн хүү 229,543,421.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,585,668.3 төгрөг, нотариатын зардал 79,500 төгрөг, нийт 743,841,108 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, үндсэн зээл 488,632,519.7 төгрөг, зээлийн хүү 346,879,484 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,052,880 төгрөг, нотариатын зардал 79,500 төгрөг, нийт 884,644,383.6 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг гаргасан.
Тэрээр 2018.03.16-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээнд үндэслэж, гэрээний дагуу 800,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 26,4 хувийн хүүтэй зээлдүүлсэн, гэрээний хугацаа дууссан боловч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, нийт 42 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, үүнээс 22 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн бөгөөд үлдэх 20 ширхэг хариуцагч О.Х-н өмчлөлийн 82,2 хувийн гүйцэтгэлтэй, *** аймаг ***** сум ******** хаягт *3, *4, *7, 1*, *5, *7, *8, *9, *4, *7, *9, 4* тоот орон сууц, *** аймаг ***** сум ******** хаягт №**3-**6, №**8-**18 тоот 282,71 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *** аймаг ***** сум ******** хаягт **0, **1, **5, **6 тоот 1496 м.кв талбайтай орон сууцны зориулалттай газраас тус тус үүргийг хангуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
Хариуцагч нар нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, үндсэн зээлийн үлдэгдэл 400,232,518 төгрөг, хүүгийн төлбөрт 100,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө ... банкны зээлийн хүү хэт өндөр бөгөөд банк зээлдэгч нар зээлээ төлж чадахгүй болсныг мэдсээр байж зээл төлүүлэх арга хэмжээ аваагүй, шүүхэд нэг жилийн дараа нэхэмжлэл гаргасан. Мөн зээлдэгчийн 2021 оны 01 дүгээр сард төлсөн 88,400,000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрөөс хасахгүйгээр нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар зээлийн төлбөрийг төлүүлсэн нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д заасныг зөрчсөн..., ингэснээр зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг зохиомлоор өсгөсөн... гэсэн үндэслэлийг заажээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Б тус зээлийн барьцаанд байгаа *** аймаг ***** сум ******** хаягт 1** тоот 32,6 м.кв талбайтай орон сууц, **13 тоот 42,58 м.кв талбайтай орон сууцыг, Х.Э нь *** аймаг ***** сум ******** хаягт **0 тоот 42,58 м.кв талбайтай орон сууцыг, Л.Б нь *** аймаг ***** сум ******** хаягт ** тоот 41,94 м.кв талбайтай орон сууцыг тус тус барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлагыг гарган, “...хариуцагч О.Х-тай орон сууц захиалгын гэрээ болон хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр орон сууцыг худалдаж авч, үнийг төлөн, орон сууцыг эзэмшилдээ шилжүүлэн авсан, ...шүүхийн шийдвэрээр орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон...” гэх үндэслэлийг заасан.
Нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн бие даасан дээрх шаардлагуудыг эс зөвшөөрч “...зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдах үед Улсын бүртгэлийн байгууллагад О.Х өмчлөгчөөр бүртгэлтэй байсан, ...зээлдэгч зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй учир барьцаа хөрөнгийг чөлөөлөх боломжгүй, ... шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдсон нь барьцааны эрх дуусгавар болох үндэслэл болохгүй...” гэж мэтгэлцжээ.
8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, харин давж заалдах шатны шүүх багасгаж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо барьцааны зүйлээс үүргийг хангах дарааллыг өөрчилсөн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шийдвэрлэсэн байна.
9.Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл болж буй “Т” ХК, нөгөө талаас О.Х, В.Б нарын байгуулсан 2018.03.16-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 451, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан гэрээ гэж үзэж, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд гэрээний үндсэн дээр орон сууцыг тус тус эзэмшилдээ авсан, шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдсон боловч “Т” ХК нь шударга барьцаалагч тул “орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 155 дугаар зүйлийн 155.3, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлд нийцсэн байна.
Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8 дахь хэсэгт “Барьцаагаар хангагдах шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээд /барьцаалуулагч/-ийн хөрөнгөөр нэгэн зэрэг хангахаар бол уул шаардлагыг үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр эхэлж хангуулах шаардлагыг барьцаалуулагч үүрэг гүйцэтгүүлэгчид тавих эрхтэй” гэж заасан зохицуулалтын хүрээнд давж заалдах шатны шүүх хариуцагч О.Х-н өмчлөлийн эд хөрөнгөөр эхэлж үүргийг хангуулах, хүрэлцэхгүй бол гуравдагч этгээдийн хөрөнгөөс хангуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно.”, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэсэн хэм хэмжээ нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болсон, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байв.
10.Гэрээний дагуу зээлдүүлэгч нь 800,000,000 төгрөгийг дуусаагүй барилгын эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зориулалтаар 36 сарын хугацаатай, жилийн 26,4 хувийн хүүтэй нөхцөлөөр зээлдэгч нарт шилжүүлж үүргээ биелүүлсэн.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2021.03.15-ны өдөр дууссан, хариуцагч нар үндсэн зээлд 311,367,481.3 төгрөг, хүүд 363,912,366.7 төгрөг (үүнд 88,400,000 төгрөг орсон), нэмэгдүүлсэн хүү 7,046,072.2 төгрөг төлсөн боловч 2019 оны 11 дүгээр сараас эхлэн үүргийн зөрчил гаргасан үйл баримт тогтоогдсон.
Зохигчийн хоорондох маргааны зүйл нь хариуцагч нарын 2021.01.13, 29-ний өдөр төлсөн нийт 88,400,000 төгрөгийг үндсэн зээлээс хасах байсан эсэх, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үүргийн гүйцэтгэлийг хангах дарааллыг зөрчсөн эсэх, хэтэрсэн хугацааны хүүг бүрэн төлөх эсэх асуудал болжээ.
11.Анхан шатны шүүх үндсэн зээлийн үлдэгдлийг 488,632,518 төгрөг гэж үзэж, уг үнийн дүнгээс хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож, нэхэмжлэлийг бүрэн хангасан бол давж заалдах шатны шүүх “...хүүгийн тооцооллын хүснэгтээс (1хх-68) үзэхэд 2021.01.11-ний өдөр зээлийн үлдэгдэл 488,632,518 төгрөг байснаас хариуцагч нар 2021.01.13-ны өдөр 49,900,000 төгрөг, 2021.01.29-ний өдөр 38,500,000 төгрөг төлж зээлийн үлдэгдэл 400,232,518 төгрөг үлдсэн, “Т” ХК өөрөө үндсэн зээлээс хассан атлаа “...программын алдаа, теллерын алдааг хожим зассан, ...залруулга хийсэн” гэсэн тайлбар гаргасан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т нийцээгүй, иймд хариуцагчийн үндсэн зээлийн үлдэгдлийг 400,232,518 төгрөгөөр тооцож, 2023.01.26-ны өдөр хүртэл 724 хоногийн хугацаанд гэрээгээр тохирсон сарын 2,2 хувийн хүүг тооцоход 212,496,172 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,499,234 төгрөг, нийт 655,227,924 төгрөгийг хариуцагч нар төлөх үүрэгтэй...” гэсэн дүгнэлт хийж, тус тус хуулийг хэрэглэсэн нь зөрүүтэй шийдвэр гарах үндэслэл болсон байна.
Анхан шатны шүүх зээлдэгч нарын биелүүлбэл зохих зээлийн үүргээс гэрээний болон хэтэрсэн хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөв тогтоож чадаагүй, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8 дахь хэсгийг хэрэглэж барьцааны зүйлээс үүргийг хангуулж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв боловч Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.4 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглээгүй алдааг хэрэгт байгаа баримтын хэмжээнд залруулж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.
12.Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д “Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ” гэж заасан. Хариуцагч нар зээлийн гэрээнээс үүдсэн хэд хэдэн шаардлага буюу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлөөгүй ба 88,400,000 төгрөгийн төлөлт нь гэрээний хугацаанд байснаас гадна тухайн үеийн гүйцэтгээгүй үүргээс хасагдаж, илүү төлөлт гарахгүй учир үндсэн зээлээс хасагдах боломжгүй, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсгийг хэрэглэх нөхцөл бүрдээгүй байхад давж заалдах шатны шүүх уг хэм хэмжээг хэрэглэсэн нь буруу байна.
Тухайлбал, зээлдэгч буюу хариуцагч нар 2021.01.13-ны өдөр 49,900,000 төгрөг, 2021.01.29-ний өдөр 38,500,000 төгрөг, нийт 88,400,000 төгрөгийг төлөх үед биелүүлэх зээлийн үүргийн хэмжээ 555,954,454 төгрөг байсан байх тул үндсэн зээлээс хасагдах боломжгүй. Учир нь гэрээний хүү төлөгдөөгүй байхад төлөлтийг үндсэн зээлээс хасах нь үндсэн зээл багасаж, дагаад зээлийн хүү багасан гэрээгээр тохирсон төлөлтийн хуваарийг өөрчлөхөд хүргэх бөгөөд энэ нь гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах талуудын эрхийг зөрчинө. Тийм ч учраас Иргэний хуулийн 216.1 дэх хэсгийг хэрэглэх нөхцөл бүрдээгүй байжээ.
Зээлийн гэрээний 2.2.7-д “Зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд зээлийн хүүг тооцон хасаж, үлдсэнийг үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчим баримтална. Хэрэв зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг барагдуулалгүй, хугацаа хэтэрч нэмэгдүүлсэн хүү төлөх тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг эхэлж төлүүлнэ.” гэж тохиролцсон нь дээрх зарчмыг баримталсан байх ба Иргэний хуулийн 216 дугаар зүйлд зааснаас өөрөөр тохирсон агуулга биш байв.
“Т” ХК 88,400,000 төгрөгийн төлөлтийг үндсэн зээлээс хасаж тооцоололд тусгасан атлаа “...программын алдаа, теллерын алдааг хожим зассан, ...залруулга хийсэн” гэсэн тайлбар гаргасан. Нэхэмжлэгч нь гаргасан алдаагаа зөвтгөсөн нь хууль зөрчихгүй тул зээлийн үүргийг зөв тодорхойлсон эсэхийг шүүх дүгнэх нь чухал байжээ.
13.Зээлийн эргэн төлөлтийн хуваарь (1хх-14), хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны харилцагчийн хуулга (1хх 64, 65-68) баримтаар зээлдэгчийн биелүүлэх үүрэг, буцаан төлөлт тогтоогдож байгаа учир үүргийг тодорхойлох боломжтой гэж үзэв. Тухайлбал: зээлдэгч нар нийт 682,325,919 төгрөгийг төлсөн тухайд талууд маргаагүй боловч нэхэмжлэгч нь үндсэн зээлд 311,367,481.3 төгрөг, хүүд 363,912,366.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,046,072.2 төгрөг төлсөн гэж үзсэн бол хариуцагч нар сүүлийн төлөлт болох 88,400,000 төгрөгийг үндсэн зээлээс хасах ёстой гэж маргасан.
Зээлдэгч нарын төлсөн төлбөрийг ямар хугацааны төлөлтөд тооцогдохыг зээл эргэн төлөх хуваарийн дагуу тодорхойлбол 2019.11.20-ны байдлаар үндсэн зээлд 311,367,481.3 төгрөгийг төлсөн учир үндсэн зээл 800,000,000 төгрөгөөс хасвал үлдэгдэл нь 488,632,519 төгрөг, зээлийн хүүд 363,912,366 төгрөгийг төлөхөөс хүүг бүрэн төлсөн, нэмэгдүүлсэн хүүд 7,046,072 төгрөгийг төлсөн нь тогтоогдож байна. Иймд 2019.07.20-ноос хойшхи үүргийг үргэлжлүүлэн тогтооно.
2019.11.20-ны өдрөөс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2023.01.26-ны өдөр хүртэл хугацаанд үндсэн зээлийн үлдэгдэл 488,632,519 төгрөгөөс сарын 2,2 хувиар тооцвол зээлийн хүү болон хэтэрсэн хугацааны хүүд нийт 410,646,757 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 488,632,519 төлөхөөс зээлдэгч нар 2020.12.18-ны өдөр 29,343,420 төгрөг, 2021.02.02-ны өдөр 88,400,000 төгрөгийг төлснийг хасаж тооцоход зээлийн хүүгийн үлдэгдэл 292,903,337 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,158,472 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 488,632,519 төгрөг, нийт 798,773,828 төгрөгийг хариуцагч нар буцааж төлөх үүрэгтэй байна.
Энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 207/МА2025/00026 дугаар магадлал, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШШ2024/01638 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч О.Х, В.Б нараас 798,773,828 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 85,870,555.6 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,
шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 157 дугаар зүйлийн 157.8, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар *** аймаг ***** сум ******** хаягт *3 тоот 42,58 м.кв талбайтай Ү-*******33 улсын бүртгэлийн дугаартай, *4 тоот 46,82 м.кв талбайтай Ү-*******35 улсын бүртгэлийн дугаартай, *7 тоот 74,74 м.кв талбайтай Ү-*******26 улсын бүртгэлийн дугаартай, *5 тоот 32,6 м.кв талбайтай Ү-*******60 улсын бүртгэлийн дугаартай, *7 тоот 46,82 м.кв талбайтай Ү-*******59 улсын бүртгэлийн дугаартай, *8 тоот 42,58 м.кв талбайтай Ү-*******54 улсын бүртгэлийн дугаартай, *9 тоот 74,74 м.кв талбайтай Ү-*******52 улсын бүртгэлийн дугаартай, *4 тоот 74,74 м.кв талбайтай Ү-*******37 улсын бүртгэлийн дугаартай, *7 тоот 46,82 м.кв талбайтай Ү-*******47 улсын бүртгэлийн дугаартай, *9 тоот 74,74 м.кв талбайтай Ү-*******55 улсын бүртгэлийн дугаартай, 4* тоот 32,6 м.кв талбайтай, Ү-*******49 улсын бүртгэлийн дугаартай,
*** аймаг ***** сум ******** хаягт **9 тоот 46,82 м.кв талбайтай Ү-*******27 улсын бүртгэлийн дугаартай, **1 тоот 41,94 м.кв талбайтай, Ү-*******43 улсын бүртгэлийн дугаартай, **3 тоот 42,58 м.кв талбайтай, Ү-*******62 улсын бүртгэлийн дугаартай,
*** аймаг ***** сум ******** хаягт №**3-**6, №**8-**18 тоот 282,71 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *** аймаг ***** сум ******** хаягт **0, **1, **5, **6 тоот 1496 м.кв талбайтай, нэгж талбарын 1********62 дугаартай орон сууцны зориулалттай газраас үүргийн гүйцэтгэлийг тэргүүн ээлжинд хангахыг *********** газарт даалгаж, дээрх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангахад хүрэлцэхгүй бол Н.Б-н өмчлөлийн *** аймаг ***** сум ******** хаягт 1**, **13 тоот хоёр орон сууц, Х.Э-н өмчлөлийн *** аймаг ***** сум ******** хаягт **0 тоот 42,58 м.кв талбайтай орон сууц, Л.Б-н өмчлөлд бүртгэлтэй *** аймаг ***** сум ******** хаягт ** тоот 41,94 м.кв талбайтай орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг *********** газарт даалгасугай...” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад “... хариуцагч О.Х, В.Б нараас 4,809,322 төгрөгийг гаргуулан ...” гэснийг “... хариуцагч О.Х, В.Б нараас 4,151,819.14 төгрөг гаргуулан ...” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.04.11-ний өдөр төлсөн 1,305,033 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН