Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 63

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа,

Улсын яллагч Н.Амаржаргал,

Шүүгдэгч Ц.Дорждэмбэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Монгол овогт Цэрэнбалжирын Дорждэмбэрэлд холбогдох эрүүгийн 201710010087 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Дулаанхан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин ба хийн гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар баг Цагдаагийн гудамжны 2-5 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа, шагналгүй Монгол овогт Цэрэнбалжирын Дорждэмбэрэл /МД79121177/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Дорждэмбэрэл нь 2017 оны 03 дугаар сарын 29-ний орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг Соёмбо дэлгүүрийн гадаа Б.Цэнд-Аюуш нь архи хэтрүүлэн хэрэглэж биеэ удирдан жолоодох чадваргүй байх үед нь түүний халааснаас “Huawei VNS-L21” маркийн гар утас болон 2,307,000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд авагдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ц.Дорждэмбэрэл мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2017 оны 03 дугаар сарын 29-ний орой 20 цагийн үед хүнээс мөнгө авахаар явсан. Би Соёмбо дэлгүүрийн ойролцоо явж байхад миний зүс таних Цэнд-Аюуш гэх залуу нилээд архи уусан байдалтай машиныхаа хажууд сууж байсан тухайн үед түүнийг гэрт нь хүргэж өгдөг юм билүү гэж бодоод уулзахад биеэ авч явах чадваргүй нилээд согтуу харагдахаар нь өмсөж явсан куртикны халаасыг ухаж үзэхэд бэлэн мөнгө болон хар өнгийн “Huawei” маркийн гар утас байхаар нь аваад явчихсан юм. Тэр нилээд архи уусан байсан ба ямар нэг эсэргүүцэл үзүүлсэн зүйл байхгүй би түүний халаасыг ухаад эд зүйлийг авсан. Би түүний халааснаас авсан мөнгийг гэртээ аваачаад үрж амжаагүй байхад цагдаагийн алба хаагчид ирж шалган түүний мөнгийг хураан авч түүний халааснаас авсан нийт 2,307,000 төгрөг болон гар утсыг бүрэн ажиллагаатай эргүүлэн өгсөн. Надад өөр нэмж ярих зүйлгүй, гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. Хохирлыг бүрэн барагдуулж уучлалт гуйж ярилцаж ойлголцож түүнтэй эвлэрсэн... Хөөе гээд хүн орилохоор нь айсандаа зугтсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/,

- Хохирогч Б.Цэнд-Аюуш мөрдөн байцаалтанд: “... Би тухайн үед архи уусан нилээн согтолттой байсан учир зарим зүйлийг сайн санахгүй байна. 2017 оны 03 дугаар сарын 29-ний орой 17 цагийн орчим ажлаа тарж хилээс вокзал дээр ирж буусан юм. Тэгээд би өөрт байсан 7100 юанийг валют арилжаааны газар орж нэг юанийг 356 төгрөгөөр бодож солиулан нийт 2,527,600 төгрөгтэй болсон. Тэгээд би Булган плазад байрлах ресторанд орсон тэнд найз Батболд, Өлзий, Болор нар хамт яваа хоёр хүний хамт тавуулаа байсан тэдэнтэй уулзаж ярилцаж сууж 3 шил 0,75 граммын бугын зурагтай архи авч хоол унд идэж байгаад гарсан. Тэнд нийт би 200,000 орчим төгрөгийн тооцоог хийсэн чухам хэдэн төгрөгний тооцоо хийснээ хэлж мэдэхгүй байна. Тэгээд тэр найз нараа Булган плазагийн гаднаас машинд суулган Улаанбаатар хот руу явуулсан юм. Би 20 цаг орчмын үед Булган плазагийн ойролцоо байсан өөрийн машины гадаа салхинд эхнэрээ хүлээгээд сууж байсан юм. Тухайн үед нилээд архи уусан байсан болохоор ирж ав гэж утсаар дуудсан байсан юм. Тэгээд намайг сууж байхад нэг хүн ирээд миний өмсөж явсан куртикны халаасыг ухаж байсныг санаад байгаа юм. Тухайн үед эхнэр болон найз Энхтулга нар ирж таарч харчихаад хөөе гэж хашгирсан чинь миний түрүүвч болон мөнгө төгрөг, гар утсыг аваад зугтсан байсан. Тэгээд энэ талаар цагдаагийн байгууллагад хангаж шалгуулсан юм. Нийт 2,307,000 төгрөг болон “Huawei” VNS-L21 маркийн гар утас алдагдсан эдгээр зүйлсийг маань цагдаагийн ажилтнууд шуурхай олж миний хохирлыг бүрэн барагдуулсан. Би алдсан мөнгө болон өөрийн гар утсыг бүрэн ажиллагаатай хүлээн авсан тийм болохоор надад ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй түүнтэй ярилцаж ойлголцож сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгон хурдан шуурхай шалгаж өгнө үү" гэсэн мэдүүлэг /хx-ийн 17/,

- Гэрч Ц.Энхтулга мөрдөн байцаалтанд: “... 2017 оны 03 дугаар сарын 29-ний орой намайг Болорцэцэгтэй хамт тэдний гэрт байх үед Болорцэцэгийн нөхөр Цэнд-Аюуш 20 цаг 20 минутын орчимд түүний утас руу залгаад Соёмбо дэлгүүрийн өмнө сууж байна, согтуу байна хүрээд ирээч гэж ярьсан юм. Тэгээд би Болорцэцэгтэй хамт машинтай Соёмбо дэлгүүрийн орчимд очиход Цэнд-Аюуш машиныхаа хажууд явган явсан хүний шороон зам дээр явган сууж байсан. Түүний хажууд нэг залуу зогсож түүний өмсөж явсан хар өнгийн куртикны халаасыг ухаад байгаа харагдсан юм. Тэгээд бид хоёр машинаа байрлуулж зогсоочихоод нөгөө залуу руу хандаж хөөе хулгайчаа гэж хашгирахад бид хоёрыг харангуутаа гүйж зугтаж алга болсон. Тэгээд түүнийг дагуулан цагдаагийн газарт ирж энэ талаар гомдол гаргасан. Түүний халаасыг ухаж эд зүйлийг авсан залуу саарал куртиктэй 25-28 насны болов уу гэмээр богино үстэй залуу харагдаж байсан юм. Тэгээд удалгүй цагдаагийн ажилтнууд дээрх хүнийг хайж хурдан олж түүний алдсан мөнгө болон гар утсыг эргүүлэн өгсөн гэж байсан. Цэнд-Аюуш өөрийгөө удирдан жолоодох чадваргүй согтуу байсан тэр залууг халаасыг нь ухаж байхад ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй” гэсэн мэдүүлэг /хx-ийн 18/,

- 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн 45 дугаар дүгнэлт:  “Huawei” VNS-L21 маркийн гар утас 550,000 төгрөгний үнэтэй” гэх дүгнэлт /хх-ийн 20/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт болон бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд:  2017 оны 03 дугаар сарын 29-ний орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг Соёмбо дэлгүүрийн гадаа Б.Цэнд-Аюуш нь архи хэтрүүлэн хэрэглэж биеэ удирдан жолоодох чадваргүй байх үед нь түүний халааснаас “Huawei VNS-L21” маркийн гар утас болон 2,307,000 төгрөгийг хулгайлсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Ц.Дорждэмбэрэлийг дээрх гэмт хэргийн үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар яллагдагчаар татсан тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Ц.Дорждэмбэрэл нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг Соёмбо дэлгүүрийн гадаа Б.Цэнд-Аюушийн куртикны халааснаас “Huawei VNS-L21” маркийн гар утас болон бэлэн 2,307,000 төгрөгийг хулгайлсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон гэрч Ц.Энхтулгын “...Тэгээд би Болорцэцэгтэй хамт машинтай Соёмбо дэлгүүрийн орчимд очиход Цэнд-Аюуш машиныхаа хажууд явган явсан хүний шороон зам дээр явган сууж байсан. Түүний хажууд нэг залуу зогсож түүний өмсөж явсан хар өнгийн куртикны халаасыг ухаад байгаа харагдсан юм. Тэгээд бид хоёр машинаа байрлуулж зогсоочихоод нөгөө залуу руу хандаж хөөе хулгайчаа гэж хашгирахад бил хоёрыг харангуутаа гүйж зугтаж алга болсон” гэсэн, хохирогч Б.Цэнд-Аюушийн “...Тэгээд намайг сууж байхад нэг хүн ирээд миний өмсөж явсан куртикны халаасыг ухаж байсныг санаад байгаа юм. Тухайн үед эхнэр болон найз Энхтулга нар ирж таарч харчихаад хөөе гэж хашгирсан чинь миний түрүүвч болон мөнгө төгрөг, гар утсыг аваад зугтсан байсан. Тэгээд энэ талаар цагдаагийн байгууллагад хангаж шалгуулсан юм. Нийт 2,307,000 төгрөг болон “Huawei” VNS-L21 маркийн гар утас алдагдсан эдгээр зүйлсийг маань цагдаагийн ажилтнууд шуурхай олж миний хохирлыг бүрэн барагдуулсан” гэсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Дорждэмбэрэлд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх байдалд харгалзан үзсэн болно.

Мөн шүүгдэгч Ц.Дорждэмбэрэл нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч Б.Цэнд-Аюуш нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан үндэслэлээр шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Дорждэмбэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүйг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Монгол овогт Цэрэнбалжирын Дорждэмбэрэлийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татсан тогтоол үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч Монгол овогт Цэрэнбалжирын Дорждэмбэрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Цэрэнбалжирын Дорждэмбэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Ц.Дорждэмбэрэлд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Б.НАРМАНДАХ