| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2024/0287/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/865 |
| Огноо | 2024-08-01 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/865
2024 8 01 2024/ШЦТ/865
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,
улсын яллагч Л.Наранхүү,
шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Г.Энхжавхлан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Чын Мт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2306 04488 0129 дүгээр эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 44 настай, тусгай дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт Баянгол дүүргийн ....... дүгээр хороо, ............. тоотод оршин суух,
Б овогт Чын М /РД:....................... /
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТС-7 журмын хашаанд С.Стой машин ачлаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний эзэмшлийн 350,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-72 загварын гар утсыг шидэж, санаатай гэмтээн бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Би гар утасны платыг эвдэртэл нь шийдээгүй. Гар утсыг шидсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
Иргэн С.Соос “Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо ТС-7 журмын хашаа нэг хүн орж ирээд утас шидээд эвдсэн гэх" гэх гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл” гэх хуудас / хх-ийн 6 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Сын өгсөн: "...Би ТС-7 журмын хашаанд ачилтын жолоочийн ажил хийдэг. Өнөөдөр 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 11 цагийн үед машин ачилтын туслах Бын хамт ажиллаж зайсан. ....УБК дугаартай Приус 41 маркийн саарал өнгийн машин нь Тээврийн цагдаагийн албаны зүүн талын түр зогсох хориотой тэмдгийн зам дагуу зогссон байсан тул машин ачилтын журмын дагуу ....УБК машиныг 4-5 минутад цагаан хоолойгоор зарлаж “машинаа холдуулаарай” гэж хэлсэн. Тэгээд тухайн машины жолооч нь гарч ирээгүй байх тул машиныг нь ачиж замын хөдөлгөөнд оролцоод ТС-7 журмын хашаа руугаа орох гэж 200 метрийн зайд зогсож байсан. Тэгээд тухайн машины жолооч ирээд “машинаа авъя” гэж хэлсэн. Тэгээд тухайн машиныг буулгаж өгөх боломж байхгүй, тухайн машины жолоочид “манай журмын хашаа нь 200 метр хүрэхгүй газар байгаа, манай ресейпшнтэй очоод уулзчих” гэж хэлээд явуулсан. Тэр хооронд би машиныг нь журмын хашаа руугаа оруулсан. Тэгээд тухайн эмэгтэй “машиныг минь ачаад журмын хашаа руугаа орчихлоо” гэж орилоод жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоод миний машин дотор цэнэглэж байсан утсыг аваад шидэхэд миний гар утасны дэлгэц хагарсан. Тэгээд манай туслах ажилтан цагдаад дуудлага өгсөн. Миний гар утсыг шидээд дэлгэцийг нь хагалсан хүнийг “та яагаад миний rap утсыг шидэж байгаа юм бэ, машиныг чинь зүгээр гаргаж өгөх гэж байхад” гээд хэлэхэд орилоод байсан. Тэгээд цагдаа ирээд өргөдөл гомдол өгөх талаар хэлж би өргөдлөө өгч байна." гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дэх тал/,
...Тухайн өдөр 11 цагийн орчимд ....... УАХ улсын дугаартай ачилтын машинтайгаа туслах н.Бын хамт ажиллаж байгаад Тээврийн цагдаагийн албаны зүүн талын зорчих хэсэгт ....УБК улсын дугаартай приус-41 маркийн тээврийн хэрэгсэл түр ба удаан зогсох тэмдэглэгээтэй газар зогсож дүрэм зөрчсөн байсан тул 3-аас доошгүй удаа дуудах зарлаад жолооч ирээгүй, цагдаагаас зөвшөөрөл ирсэн тул ачсан. Ачаад түгжрэлд хашаа орохын 50 метрийн наахан талд явж байхад хойноос нэг эмэгтэй хүн ирээд машин ачлаа гэж маргаан үүсгэсэн. Араас машинууд түгжрэл үүсгээд байсан. Тэгэхээр би “хашаанд ороод уулзчих” гэж хэлсэн. Тэгээд хашаа руу ороод зогсож байхад араас гүйж ирээд жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоод голд цэнэглэж байсан миний гар утсыг шууд шүүрч аваад кабин дотор шидчихсэн. Шидсэн гар утас арааны речакан дээр унаад ойгоод унасан. Миний гар утасны дэлгэц хагарч палат нь шатчихсан асахгүй байсан. Тэгээд шууд 102-т дуудлага өгсөн. Миний гар утас усан цэнхэр өнгөтэй Самсунг галакси А72 маркийн гар утас байсан. Энэ гар утсаа жилийн өмнө хувь хүнээс 1,000,000 төгрөгөөр худалдан авч байсан. Тээврийн хэрэгслийн эзэмшигч эмэгтэйд машиныг нь буулгаж өгье гэж хэлээд хашаа руугаа оруулсан асуудал гараагүй. Машиныг нь буулгаж өгье гэж юу ч яриагүй. Угаасаа журам дээрээ машин ачаад хөдөлгөөнд оролцсон тохиолдолд эзэмшигчид нь буулгаж өгдөггүй байгаа. “Манай хашаа энэ байна ресейпшнтэй очиж уулз” гэж л хэлсэн байгаа. Одоо гар утсаа л янзлуулах юм уу Үнэ дүйцэх утсаар солиулах хүсэлтэй байна.Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна" гэх мэдүүлэг /хх-ийн 13 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч *******ийн гэрчээр өгсөн: "…Миний өөрийн ....УБК улсын дугаартай Tоёота приус-41 маркийн машиныг замын цагдаагийн хажууд S-Outlet дэлгүүрийн ертөнцийн зүгээр баруун талын оффисын гадна зам дагуу байсныг нэг ачилтын машин ачаад явж байхад нь би хараад гүйж очоод 200 метр газар гаран явж байхад нь зогсоогоод “машиныг маань буулгачих” гэж гуйсан. Тэгэхэд “үгүй” гээд нэлээн удаан ярилцсаны эцэст “за буулгачихъя зам чөлөөлөөд буулгачихъя” гэж хэлсэн. Тэгэхэд шууд миний машиныг ачаад яваад өгсөн. Нарны зам дагуу байх нэг журмын хашаанд оруулаад буулгасан. Тэрнээс болоод маргаан болоод би машиныг нь онгойлгоод хоёр суудлын голд цэнэглэж байсан гар утсыг нь аваад шидчихсэн. Учир нь миний машин буулгана гэж худлаа яриад шууд аваад явсанд нь бухимдсанаас болж утсыг нь шидчихсэн. 30 минут орчмын дараа утсаа шидүүлсэн гэх эрэгтэй “миний утсыг хагалсан байна” гээд байсан. Тэгээд цагдаа нар ирээд салцгаасан. Бусдын эд хөрөнгийг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүй авсан. Тэр rap утсыг шидсэнээ хүлээн зөвшөөрч байна. Шидсэнээс болж гар утасны дэлгэц хагарсан эсэхийг мэдэхгүй байна" гэх мэдүүлэг /хх-ийн 15 дахь тал/,
Гэрч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр машин ачих ажлаа жолооч С.Сын хамт хийгээд явж байсан. Тэгээд замын цагдаагийн газрын зогсох хориотой тэмдгийн хажууд ....УБК улсын дугаартай Приус 41 загварын машин байсан. Тэгээд бид хоёр тухайн машиныг ачаад хашаа руугаа явж байтал үл таних эгч хүрч ирээд “миний машиныг буулга, хулгайч нар” гэх зэрэг үгсээр бид нарыг доромжлоод байсан. Тэгээд би тухайн эгчид хандаж “би таны машиныг буруу талаас нь аччихсан байгаа учир замаа чөлөөлөөд журмын хашаа руугаа ороод буулгаад өгье” гэж хэлсэн. Хашаанд ороод би тухайн машины эзэнд хандаж “манай ресейпшн дээр очоод уулзаарай” гэж хэлтэл “та нар ямар балиар юм бэ” гэж хэлсэн. Тухайн эгч намайг хөөж тууж байгаад манай ачлагын машины жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгож ирээд манай жолооч С.Стой юм ярьж орилж байгаад голын хайрцагт байсан жолооч С.Сын эзэмшлийн Самсунг Галакси А72 /цэнхэр өнгөтэй/ гар утсыг хүчтэй шидчихсэн. Тэр эмэгтэй тухайн утсыг шидсэнээс болж тухайн утасны дэлгэц хагарч плат нь цөмөрчихсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дахь тал/
Дамно ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн БЗ1-23-1668 дугаартай “Шинжилгээний объект Samsung A72 загварын гар утасны зах зээлийн үнэлгээ нийт 535,000 төгрөг байна” гэх дүгнэлт /1 хх-ийн 20-23 дахь тал/,
...2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн БЗ1-24-357 дугаартай “Шинжилгээний объект Samsung A72 загварын гар утасны дэлгэцийн зах зээлийн үнэлгээ 270,000 төгрөг, Samsung A72 загварын гар утасны платны зах зээлийн үнэлгээ 80,000 төгрөг тус тус байна” гэх дүгнэлт /1 хх-ийн 60-61 дэх тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТС-7 журмын хашаанд С.Стой машин ачлаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний эзэмшлийн 350,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-72 загварын гар утсыг шидэж, санаатай гэмтээн бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчээс 350,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжавхлан: “Прокурорын гаргасан дүгнэлтийг дараах баримтаар няцаан. Гар утас шидсэн гэдэг зүйл дээр маргахгүй байна. Шидсэн үйлдлээс болоод ямар гар утас эвдэрсэн бэ хавтаст хэргийн материалыг харахад ямар гар утас шидсэн талаар ямар ч баримт байхгүй байна. Ийм гар утас шидээд плат нь хагарсан, ийм өнгийн утас шидсэн талаар үзлэг хийж, шинжилгээ хийлгэсэн зүйл байхгүй байна. Гэтэл шүүгдэгч нь өөрөө би ийм гар утсыг шидээгүй гэдэг. Энэ талаар давж заалдах шатны шүүхийн тэмдэглэлд тусгасан байгаа. Хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгээр яллах гээд яваад байдаг. Гэтэл тухайн хүмүүс нь гар утасны эд анги, плат гэдэг нь юу юм гэдэг талаар огт мэддэггүй хүмүүс байгаа, ямар мэдлэггүй хүмүүс байдаг. Үүнийг анхан шатны шүүх хурал дээр ярьдаг. Ямар гар утас шидсэн гэдгийг тогтоогоогүй байж яллах гэж байна. Тухайн гар утсыг шидээд дэлгэц нь хагарсан асуудлыг тогтоосон зүйл байхгүй байна. Гэтэл гэрч гар утас нь цөмөрсөн гэдэг зүйл ярьдаг. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан дээр шидүүлсэн гар утас гээд цэнхэр утас авч ирж байсан. Гэтэл тухайн гар утсыг харахад цөмөрсөн зүйл харагдахгүй байсан. Гар утсыг цөмөрсөн эсэх тал дээр шинжээч томилсон зүйл байхгүй байна. Гэтэл эрх ашиг нь нэг хүмүүсийн үгээр манай үйлчлүүлэгчийг яллах гэж байна. Тийм учраас хавтаст хэргийн материалд манай үйлчлүүлэгчийг яллах хэмжээнд нотлох баримт цуглараагүй байна. Энэхүү гар утсыг шидсэн үйлдлийг зөрчлөөр шийдвэрлэгдэх хэрэг байсан харин эрүүгийн хэргээр шийдвэрлэгдэх хэрэг биш юм. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлгүй байна. Дамно гэх компанийн шинжээчийн дүгнэлт зах зээл дээр дэлгэцийн үнийг тогтоосон байна. Тийм учраас манай үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү” гэв.
Шүүгдэгч нь хохирогч С.Сын гар утсыг шидсэн үйл дээр маргадаггүй боловч гар утасны эвдрэл, үнэ, шидсэн гар утас мөн эсэх дээр хүлээн зөвшөөрөөгүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “... тухайн гар утсыг шидээд дэлгэц нь хагарсан асуудлыг тогтоосон зүйл байхгүй байна. Гэтэл гэрч гар утас нь цөмөрсөн гэдэг зүйл ярьдаг. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан дээр шидүүлсэн гар утас гээд цэнхэр утас авч ирж байсан. Гэтэл тухайн гар утсыг харахад цөмөрсөн зүйл харагдахгүй байсан...” гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч нь мэдүүлэхдээ “...Тэгээд тухайн эмэгтэй “машиныг минь ачаад журмын хашаа руугаа орчихлоо” гэж орилоод жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоод миний машин дотор цэнэглэж байсан утсыг аваад шидэхэд миний гар утасны дэлгэц хагарсан” гэх мэдүүлэг, мөн гэрч М.Бын өгсөн: “....Тухайн эгч намайг хөөж тууж байгаад манай ачлагын машины жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгож ирээд манай жолооч С.Стой юм ярьж орилж байгаад голын хайрцагт байсан жолооч С.Сын эзэмшлийн Самсунг Галакси А72 /цэнхэр өнгөтэй/ гар утсыг хүчтэй шидчихсэн” гэх мэдүүлэг, *******ийн гэрчээр өгсөн: “... Учир нь миний машин буулгана гэж худлаа яриад шууд аваад явсанд нь бухимдсанаас болж утсыг нь шидчихсэн. 30 минут орчмын дараа утсаа шидүүлсэн гэх эрэгтэй “миний утсыг хагалсан байна” гээд байсан...” гэх мэдүүлгүүдээр уг гар утас нь цэнхэр өнгөтэй, шидсэний улмаас дэлгэц нь хагарсан байна.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТС-7 журмын хашаанд С.Стой машин ачлаа гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний эзэмшлийн Самсунг А-72 загварын гар утсыг шидэж, санаатай гэмтээн бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл гэх хуудас /хх-ийн 6 дахь тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Сын өгсөн: "...Тэгээд тухайн эмэгтэй машиныг минь ачаад журмын хашаа руугаа орчихлоо гэж орилоод жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоод миний машин дотор цэнэглэж байсан утсыг аваад шидэхэд миний гар утасны дэлгэц хагарсан. ...Би тухайн миний гар утсыг шидээд дэлгэцийг нь хагалсан хүнийг “та яагаад миний rap утсыг шидэж байгаа юм бэ, машиныг чинь зүгээр гаргаж өгөх гэж байхад” гээд хэлэхэд орилоод байсан" гэх мэдүүлэг / хх-ийн 8-9 дэх тал/, ...Тэгээд хашаа руу ороод зогсож байхад араас гүйж ирээд жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоод голд цэнэглэж байсан миний гар утсыг шууд шүүрч аваад кабин дотор шидчихсэн. Шидсэн гар утас арааны речакан дээр унаад ойгоод унасан. Миний гар утасны дэлгэц хагарч палат нь шатчихсан асахгүй байсан. …” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дахь тал/, *******ийн гэрчээр өгсөн: "…Учир нь миний машин буулгана гэж худлаа яриад шууд аваад явсанд нь бухимдсанаас болж утсыг нь шидчихсэн. 30 минут орчмын дараа утсаа шидүүлсэн гэх эрэгтэй миний утсыг хагалсан байна гээд байсан. …Тэр rap утсыг шидсэнээ хүлээн зөвшөөрч байна. Шидсэнээс болж гар утасны дэлгэц хагарсан эсэхийг мэдэхгүй байна." гэх мэдүүлэг /хх-ийн 15 дахь тал/, Гэрч М.Бын өгсөн: “...Тухайн эгч намайг хөөж тууж байгаад манай ачлагын машины жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгож ирээд манай жолооч С.Стой юм ярьж орилж байгаад голын хайрцагт байсан жолооч С.Сын эзэмшлийн Самсунг Галакси А72 /цэнхэр өнгөтэй/ гар утсыг хүчтэй шидчихсэн. Тэр эмэгтэй тухайн утсыг шидсэнээс болж тухайн утасны дэлгэц хагарч плат нь цөмөрчихсөн байсан.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 29-30 дахь тал/, Дамно ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн БЗ1-23-1668 дугаартай “Шинжилгээний объект Samsung A72 загварын гар утасны зах зээлийн үнэлгээ нийт 535,000 төгрөг байна” гэх дүгнэлт /1 хх-ийн 20-23 дахь тал/, ...2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн БЗ1-24-357 дугаартай “Шинжилгээний объект Samsung A72 загварын гар утасны дэлгэцийн зах зээлийн үнэлгээ 270,000 төгрөг, Samsung A72 загварын гар утасны платны зах зээлийн үнэлгээ 80,000 төгрөг тус тус байна” гэх дүгнэлт /1 хх-ийн 60-61 дэх тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирол хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч *******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд.... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч *******ээс 350,000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Сод олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэх.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Манай үйлчлүүлэгч нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл байдал нь хохирогчийн зан харилцаа болон бусад нөхцөл байдлаас болж энэхүү гэмт хэрэг үүссэн байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөр төлөгдөөгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Чын Мийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 350,000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Сод олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА