Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2249

 

 

“К С Э ү х” ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/01950 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “К С Э ү х” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “А п л” ХХК-д холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, алданги, хохиролд 476 881 597 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д,

Хариуцагчийн өмгөөлөгч М.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “К С Э ү х” ХК нь 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “А п л” ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Олимпийн гудамжид баригдаж буй Олимп Резиденс нэртэй оффис үйлчилгээ, орон сууцны цогцолборт орон сууц захиалан бариулах зорилгоор тус барилгын 11 дүгээр давхрын 1101 тоотод байрлах 205 м.кв талбай бүхий орон сууц, автомашины зогсоолыг бариулахаар тохиролцсон. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр буюу гэрээний үнийн 40 хувь болох 223 008 ам.долларыг 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр, гэрээний үнийн 20 хувь болох 111 504 ам.долларыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “А п л” ХХК-ийн дансанд шилжүүлж гэрээний 2.3.1-д заасан үүргээ хугацаанд нь биелүүлсэн. Гэрээнд зааснаар үлдэх 40 хувь буюу 223 008 ам.долларыг орон сууцны түлхүүр гардуулах үед өгөхөөр тохиролцсон. “А п л” ХХК нь хүлээлгэн өгөх төлөвлөгөөт хугацааг 2015 оны 2 дугаар улирал буюу 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байхаар тохиролцсон хэдий ч гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй. Барилгын гүйцэтгэлийн 15/181 дугаар албан тоот хүргүүлэх тухай албан бичгээр тус барилгыг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгаж улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа, түүнчлэн барилгыг төлөвлөсөн хугацаанд нь оруулж чадаагүй гэрээний үүргийг хүлээх болно гэж мэдэгдсэн. Гэтэл “А п л” ХХК нь гэрээ болон албан бичигт заасан хугацаанд барилга ашиглалтанд оруулаагүй. Барилга хугацаандаа ашиглалтанд ороогүйн улмаас гуравдагч этгээдээс орон сууц хөлслөх зэргээр 79 015 960 төгрөгийн хохирол учирсан. Иймд “А п л” ХХК-аас өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү. Байрыг хүлээлгэн өгсөн тохиолдолд нэхэмжлэгч гэрээний дагуу үлдэх төлбөрийг төлөхөд татгалзахгүй. Алдангийг гэрээний 6.2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл төлсөн 60 хувийн төлбөр болох 334 512 ам.доллараас тооцон 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Монгол банкны ханшаар хөрвүүлж 401 765 637 төгрөг, мөн гэрээнээс учирсан хохиролд 75 115 960 төгрөг, нийт 476 881 597 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2014 онд гэрээ байгуулж, 334 512 ам.доллар хүлээн авсан нь үнэн. Нэхэмжлэгч гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийн үлдэх 40 хувийг төлөөгүй, гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй байгаа тул гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгийг шаардах эрхгүй. Нэхэмжлэгч анх нэхэмжлэлдээ гэрчилгээ гаргахыг даалгах гэж шаардсан. Манайх гэрчилгээ гаргах эрхтэй этгээд биш тул энэ шаардлага үндэслэлгүй. Төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд шаардагдах бичиг баримтыг өгөхөд татгалзах зүйлгүй. Гэрээний 6.2-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барилгыг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй бол алданги төлөхөөр тусгасан. Бидний зүгээс бусад захиалагч нар төлбөрөө төлөхгүй удаашруулсан, туслан гүйцэтгэгч нараас шалтгаалан барилга ашиглалтад оруулах хугацааг хойшилж байгааг нэхэмжлэгч талд удаа дараа мэдэгдэж байсан. Мөн гэрээний 1.2-т төлөвлөгөөт хугацаа, түлхүүр гардуулах өдөр, эцсийн хяналтын өдөр гэх зэргээр хугацааг өөрөөр тохиролцсон. Гэрээний дагуу хүлээлгэн өгөх төлөвлөгөөт хугацаа 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэж, харин түлхүүр гардуулах өдөр гэж захиалагч төлбөрийг төлж үлдэгдэлгүй болсон өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор обьектыг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Уг барилгыг 2018 оны 02 дугаар сард улсын комисс хүлээн авсан ч нэхэмжлэгчид одоогоор хүлээлгэн өгөөгүй. Учир нь нэхэмжлэгч өөрөө 2017 оны 08 дугаар сарын 25-нд хивсний сонголтоо хийж, обой, цаас загвараа сонгосон. Иргэний хуульд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцохоор заасан. Нэхэмжлэгч өөрийн төлсөн мөнгөн дүнгээс алданги тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Хэрэв гүйцэтгээгүй дүн гэвэл одоогоор хүлээлгэж өгөхөд гүйцэтгэл 1 хувь дутуу байгаа.

Нэхэмжлэгч талаас баримтаар ирүүлсэн хохирол нотолсон гэх баримтууд өөр компанийн бусдад төлсөн төлбөр тооцооны баримтууд байх тул энэ гэрээнээс учирсан хохирол бодит хохирол биш, шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай зүгээс алданги 2 хувьтай тэнцэх хэмжээгээр тооцон нэхэмжлэгчийн төлбөл зохих үлдэгдэл төлбөрөөс хасч тооцоход татгалзахгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар “А п л” ХХК-иас 91 237 479 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “К С Э ү х” ХК-д олгож, нэхэмжлэлээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах болон үлдэх 385 644 118 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 542 357 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 614 137 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/01950 дугаар шийдвэр нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

1. Шүүх хэргийн анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулсан 1101 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээний 2.2-т заасныг үндэслэл болгон гэрээ байгуулах үеийн Монгол банкны ханшид хөрвүүлэн алдангийн дүнг тооцсон. Талуудын хооронд байгуулсан гэрээнд “...төгрөгийг ам.долларт хөрвүүлэн тооцохдоо гэрээ байгуулсан өдрийн Монголбанкны албан ёсны ханшаар тооцож хөрвүүлсэн бөгөөд 1 ам.доллар нь 1 818.32 төгрөг байсан болно” гэж тусгасан. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт алданги тооцох, түүнийг нэхэмжлэхэд гэрээ байгуулах үеийн албан ёсны ханшийг удирдлага болгох тухай гэрээ болон хуульд заагаагүй байна. Алдангийг нэхэмжлэл гаргах үеийн ханшид хөрвүүлэн тооцох нь хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээнд нийцэхээр байна.

2. Нэхэмжлэгч тал нь цаг хугацааны хувьд хүлээлгэн өгөх төлөвлөгөөт хугацаа өнгөрснөөс хойш 3 жил 4 сарын хугацаанд хохироод байгаа бөгөөд энэ бүх хугацаанд 0.5 хувийн алдангийг тооцвол 2 017 107,36 ам.долларын буюу 4 845 293 589 төгрөгийн алданги үүсч байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуульд заасан хэм хэмжээнд нийцүүлэн алдангийн хэмжээ нь 401 765 637 төгрөг болсон. Нэхэмжлэгч тал нь зөвхөн алданги тооцон авах бус мөн орон сууц хөлслөх шаардлагын улмаас хохирсон байхад алдангийн хэмжээг 70 хувиар бууруулан тооцох нь зүйд нийцэхгүй байна.

3. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс үүссэн хохирлыг нэхэмжлэгч тал нь нэхэмжлэх бүрэн эрхтэй байх бөгөөд хохирлын төлбөр нь гэрээ болон холбогдох төлбөр төлсөн баримтаар нотлогддог. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ бусдад шилжүүлсэн төлбөр нь өөр хуулийн этгээдийнх байх тул талуудын хооронд байгуулсан гэрээнээс учирсан бодит хохирол биш гэж үзсэн. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл уг орон сууцыг “К С Э ү х” ХК нь ерөнхий захирал Ким Чанг Хүйгээс Монгол Улсад томилогдон ажиллах БНСУ-ын ажилчдыг амьдруулах зорилгоор захиалсан бөгөөд хариуцагчаас гаргасан тодорхойлолтод энэ тухай дурдагдсан байдаг. Орон сууц хөлслөх гэрээг гуравдагч этгээдтэй байгуулсан “И И К ББСБ” ХХК, “К С Э Т э Д” ХХК, “К С Э Э” ХХК-ийн төлөөлөгчийн газрууд нь Ким Чанг Хүй ерөнхий захирлын үүсгэн байгуулсан компаниуд байх бөгөөд 100 хувийн хувьцааг эзэмшдэг компаниуд юм.

Хэрэгт авагдсан орон сууц хөлслөх гэрээнд тус компаниудыг төлөөлөн гарын үсэг зурсан этгээдүүдийг ерөнхий захирал Ким Чанг Хүй нь өөрийн тушаал, шийдвэрээр томилон ажиллуулж буй нь баримтаар гэрчилэгддэг. Харилцан хамаарал бүхий этгээдийн гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээ, мөн талуудын хооронд байгуулсан гэрээний зориулалт агуулгад бүрэн нийцсэн хэлцлийн улмаас нэхэмжлэгч талд учирсан бодит хохирол гэж үзнэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн олгогдсон хохирлын төлбөрийг шаардах эрхийг зөрчиж байна гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алдангид 310 528 158 төгрөг, хохирлын төлбөрт 75 115 60 төгрөг, нийт 385 644 118 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч “К С Э ү х” ХК нь хариуцагч “А п л” ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах, алданги 401 765 637 төгрөг хохиролд 75 115 960 төгрөг, нийт 476 881 597 төгрөг гаргуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийн үлдэх 40 хувийг төлөөгүй, гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй байгаа тул гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгийг шаардах эрхгүй, өөр компанийн бусдад төлсөн төлбөр нь гэрээнээс учирсан бодит хохирол биш, шалтгаант холбоо тогтоогдоогүй, харин алданги 2 хувьтай тэнцэх хэмжээгээр тооцон нэхэмжлэгчийн төлбөл зохих үлдэгдэл төлбөрөөс хасч тооцоход татгалзахгүй гэж тайлбарлан маргасан байна.

 

Талуудын хооронд 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1101 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, хариуцагч нь Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, Олимпик Резиденс оффис, үйлчилгээ, орон сууцны барилгын 11 дүгээр давхарын 1101 тоот 205 м.кв бүхий орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, автозогсоолын хамт Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу, олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн барьж гүйцэтгэн нэхэмжлэгчид 2015 оны 2 дугаар улиралд буюу 2015 оны 06 дугаар сарын 30-ны дотор барьж дуусган хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь гэрээний төлбөрт 557 520,12 ам.долларыг хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 19-23 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь урьдчилгаа 334 512 ам.долларыг төлж, үлдэгдэл 223 008 ам.долларыг төлөөгүй, мөн хариуцагч нь барилгыг 2015 оны 2 дугаар улирал буюу 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгөхөөр тохиролцсон ба 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн болон нэхэмжлэгчид орон сууц, автозогсоолыг хүлээлгэн өгөөгүй талаар талууд маргаагүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.2-т барилгыг ашиглалтад оруулах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг хоног тутамд захиалагчид төлөхөөр тус тус тохиролцсон байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Түүнчлэн, хариуцагч нь орон сууцыг гэрээнд заасан хугацаа буюу 2015 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулах боломжгүй болсон талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн үйл баримтын талаар талууд маргаагүй ба гэрээний 6.2 дахь хэсэгт зааснаар алданги төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм. Хариуцагч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй нь өөрөөс нь үл хамаарах шалтгааны улмаас болсон гэх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлоогүй байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-т төгрөгийг ам.долларт хөрвүүлэн тооцохдоо гэрээ байгуулсан өдрийн ханшаар ам.долларыг 1 818,32 төгрөг байхаар мөн гэрээний 2.3.2-т төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэхээр тус тус тохиролцсон байх ба алдангийн хэмжээ, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн зэргийг харьцуулахад хэт их байх тул анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд алдангийн хэмжээг 70 хувиар бууруулж тооцож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийг хэргийн нөхцөл байдалд нийцүүлэн, зөв тайлбарлан хэрэглэсэнд тооцогдоно. Түүнчлэн, нэхэмжлэгч нь гэрээнд заасан үлдэгдэл төлбөр 223 008 ам.доллар төлөх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчаас өмчлөх эрхийн гэрчилгээ гарахад шаардагдах бичиг баримтыг шаардах эрх үүсээгүй бөгөөд хариуцагчийн энэ талаарх хийсэн тайлбар үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь уг орон сууцыг “К С Э ү х” ХК нь ерөнхий захирал Ким Чанг Хүйгээс Монгол Улсад томилогдон ажиллах БНСУ-ын ажилчдыг амьдруулах зорилгоор захиалсан бөгөөд орон сууц хөлслөх гэрээг гуравдагч этгээдтэй байгуулсан “И И К ББСБ” ХХК, “К С Э Т э Д” ХХК, “К С Э Э” ХХК-ийн төлөөлөгчийн газрууд нь Ким Чанг Хүй ерөнхий захирлын үүсгэн байгуулсан компаниуд буюу 100 хувийн хувьцааг эзэмшдэг компаниуд гэж тайлбарласан боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй. Хэрэгт авагдсан орон сууц хөлслөх гэрээ, түрээсийн гэрээ, дээрх гэрээний дагуу шилжүүлсэн бусдад шилжүүлсэн төлбөрүүд нь нэхэмжлэгчийнх биш, өөр хуулийн этгээдийнх байх тул талуудын хооронд байгуулсан гэрээнээс учирсан шууд буюу бодит хохирол гэж үзэх боломжгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Түүнчлэн, дээрх компаниудын үүсгэн байгуулагч нь нэг этгээд байх нь зохигчдын хоорондох гэрээний үүргээ хариуцагч хугацаанд нь биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид шууд хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм. /хэргийн 36-90 дугаар тал/

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний  хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2018/01950 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 086 170 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                              М.НАРАНЦЭЦЭГ   

                   

                                                                                         С.ЭНХТӨР