Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа,

Улсын яллагч Э.Болор,

Шүүгдэгч С.Дүүрэнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-т зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигонтцд овогт Сандагийн Дүүрэнбилэгт холбогдох эрүүгийн 201710010103 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р баг Шаргын овоо зөрлөгт оршин суух, улсаас авсан гавъяа, шагналгүй, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 8А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан, Боржигонтцд овогт Сандагийн Дүүрэнбилэг /ЕС86061819/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Дүүрэнбилэг нь 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэн Ч.Бат-Эрдэнэ “Samsung S7 Edge” маркийн гар утсаа Замын-Үүд сумын 3-р багт ажил үүрэг гүйцэтгэж байхдаа 12 цагийн орчимд гээгдүүлснийг С.Дүүрэнбилэг нь олж бусдад худалдан хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч С.Дүүрэнбилэг мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 03 дугаар сарын сүүлээр чухам хэдний өдрийг сайн хэлж мэдэхгүй байна ажлын шугамаар өөрийн хариуцдаг хэсгийн торыг шалгаж явж байгаад 15 цагийн орчимд төмөр замын 197 дугаар километрийн орчмоос Самсунг маркийн утас олсон юм. Уг гар утас элсэн дээр уначихсан байсан авч үзэхэд унтраалттай байсан. Тэгээд би уг гар утсыг асаах гэсэн боловч цэнэггүй байсан учир хэд хоног асааж чадаагүй. Тэгээд олсноос хойш 3-4 хоногийн дараа Бумбатын утасны засварын газарт орж уг утсаа үзүүлсэн ба тэнд жаахан утсаа цэнэглүүлж асаахад зураасан кодтой байна чи кодоо хэл гэж надаас асуухаар нь би олсон гэхэд би янзлахгүй гэж хэлсэн тэгэхээр нь би өөрөө олсон юм чинь та кодыг нь гаргаад өгөөч гэж түүнээс гуйж байгаад кодыг гаргуулсан. Би Ялгууны ломбарданд очиж тэнд сууж байсан эмэгтэйгээс танайх гар утас авдаг юм уу гэхэд үзэж хараад тэр эмэгтэйтэй тохиролцож түүнд 500,000 төгрөгөөр худалдсан юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/,

- Хохирогч Ч.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Замын-Үүд суманд ажил үүрэг гүйцэтгэж байх үедээ 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн орчимд 1097-1103 км замын сэвийг шалгаж үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгээд зам шалгаж явах үедээ өөрийн эзэмшлийн “Samsung S7 Edge” маркийн гар утсаа гээгдүүлсэн юм. Гээгдүүлснээ ажил үүрэг гүйцэтгэж дууссаны дараа 3 цагийн орчмын дараа гар утсаа үзэхэд гээгдүүлчихсэн байсан. Тэгээд өөрийн гар утасны дугаар болох 89094559, 99027212 дугаар луу залгаж үзэхэд холбогдох боломжгүй байсан. Тэгээд би ажил хийсэн газраараа эргэж хайсан боловч олдоогүй юм. Тэгээд би энэ талаар цагдаагийн байгууллагад хэлж бүртгүүлсэн байсан юм. “Samsung S7 Edge” маркийн алтан шаргал өнгөтэй имей код нь 357220/07/220816/1, 357221/07/220816/9 байсан юм. Уг утсаа би Дорноговь аймгийн Сайншанд сумын Мобикомын салбараас 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 2 жилийн хугацаатай лизингээр 1,700,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Би гар утсаа олж авсан болохоор надад одоо ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй. Миний гар утсыг олсон тог засагч С.Дүүрэнбилэгтэй ярилцаж ойлголцож эвлэрсэн хэргийг хурдан шуурхай шалгаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна" гэсэн мэдүүлэг /хx-ийн 13/,

- Иргэний нэхэмжлэгч А.Болор мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр намайг ажлын байрандаа ажилтай байхад миний гар утас руу хүн залгаж ломбарданд юм тавих гэсэн юм гэж хэлэхээр нь манайх хаасан байна гэж хэлэхэд гар утсаа зармаар байна гэж хэлэхээр нь за тэгвэл үзье гэж ярилцаад гар утсыг харсан гэтэл тэр залуу Самсунг галакси эс 7 эджи маркийн гар утас надад үзүүлсэн тухайн хүнээс хэдэн төгрөгөөр зарах юм гэхэд 500,000 төгрөгөөр зарна мөнгө хэрэгтэй байна гэхээр нь утас чинь хулгайн утас юм биш биз дээ гэхэд ах нь өөрөө худалдаж авч байсан гэж хэлсэн. Тэр үед нь манайх камертай дараа нь ямар нэг зүйл болвол танийг танина гэхэд тийм зүйл байхгүй өөртөө их итгэлтэй байсан болохоор би уг гар утсыг 500,000 төгрөг өгч худалдан авсан юм. Би уг худалдаж авсан оройноо өөрийн 96051738 дугаарыг хийж барьсан юм. Гэтэл цагдаагийн байгууллагаас над руу залгаж та цагдаагийн байгууллагад ирж уулз гэж Гандаваа гэж хүн ярьсан ирж уулзаад хулгайн гар утас худалдаж авснаа мэдсэн ба уг гар утсаа түр хураалгасан юм. Надад учруулсан хохирлоо утас зарсан залуу бүрэн барагдуулж миний 500,000 төгрөгийг бүрэн барагдуулсан. Өөр нэмж ярих зүйлгүй, одоо надад ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хx-ийн 9/,

- 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн 56 дугаар дүгнэлт:  “Samsung S7 Edge” маркийн гар утас 788,000 төгрөгний үнэтэй гэх дүгнэлт /хх-ийн 17/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн лавлагаа болон бусад нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд:  2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэн Ч.Бат-Эрдэнэ “Samsung S7 Edge” маркийн гар утсаа Замын-Үүд сумын 3-р багт ажил үүрэг гүйцэтгэж байхдаа 12 цагийн орчимд гээгдүүлснийг С.Дүүрэнбилэг нь олж бусдад худалдан хувьдаа завшсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч С.Дүүрэнбилэг нь Ч.Бат-Эрдэний “Samsung S7 Edge” маркийн гар утсаа Замын-Үүд сумын 3-р багт ажил үүрэг гүйцэтгэж байхдаа 12 цагийн орчимд гээгдүүлснийг нь олж бусдад худалдан хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн байна. 

Шүүгдэгч С.Дүүрэнбилэг нь 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэн Ч.Бат-Эрдэнэ “Samsung S7 Edge” маркийн гар утсаа Замын-Үүд сумын 3-р багт ажил үүрэг гүйцэтгэж байхдаа 12 цагийн орчимд гээгдүүлснийг С.Дүүрэнбилэг нь олж бусдад худалдан хувьдаа завшсан болох нь: хохирогч Ч.Бат-Эрдэнэ “...Би Замын-Үүд суманд ажил үүрэг гүйцэтгэж байх үедээ 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн орчимд 1097-1103 км замын сэвийг шалгаж үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгээд зам шалгаж явах үедээ өөрийн эзэмшлийн “Samsung S7 Edge” маркийн гар утсаа гээгдүүлсэн юм. Гээгдүүлснээ ажил үүрэг гүйцэтгэж дууссаны дараа 3 цагийн орчмын дараа гар утсаа үзэхэд гээгдүүлчихсэн байсан...” гэсэн, иргэний нэхэмжлэгч А.Болор “...Самсунг галакси эс 7 эджи маркийн гар утас надад үзүүлсэн тухайн хүнээс хэдэн төгрөгөөр зарах юм гэхэд 500,000 төгрөгөөр зарна мөнгө хэрэгтэй байна гэхээр нь утас чинь хулгайн утас юм биш биз дээ гэхэд ах нь өөрөө худалдаж авч байсан гэж хэлсэн. Тэр үед нь манайх камертай дараа нь ямар нэг зүйл болвол танийг танина гэхэд тийм зүйл байхгүй өөртөө их итгэлтэй байсан болохоор би уг гар утсыг 500,000 төгрөг өгч худалдан авсан юм...” гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч С.Дүүрэнбилэг нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Дүүрэнбилэгийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ. Учир нь:  Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 8А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгүүлсэн байх бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялтай байдлын хугацаа дуусаагүй боловч  ялтай байдал нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүгдэгч С.Дүүрэнбилэгт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх байдалд харгалзан үзсэн болно.

Мөн шүүгдэгч С.Дүүрэнбилэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч Ч.Бат-Эрдэнэ нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан үндэслэлээр шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Дүүрэнбилэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Боржигонтцд овогт Сандагийн Дүүрэнбилэгийг гээгдэл эд хөрөнгийг  завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татсан тогтоол үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч Боржигонтцд овогт Сандагийн Дүүрэнбилэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Сандагийн Дүүрэнбилэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба С.Дүүрэнбилэгт авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ