Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 1248

 

                         

 

Д.Мт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Б.Чинбилиг,

            шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Л.Баттогтох,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О, түүний өмгөөлөгч С.Батнасан,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Г.Мөнхзул, Б.Бямбабаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/850 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Мын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2008014310527 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

/,

 

Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Залуус” хорооллын 45б байрны 481 тоотод иргэн Д.Мыг 6 удаа хутгалж, олон тооны шарх гэмтэл учруулан, онц харгис хэрцгийгээр буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас:

Д.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

Д.Мыг хүнийг онц харгис хэрцгийгээр буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Мд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мын цагдан хоригдсон 119 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Д.Маас 8,086,149 /найман сая, наян зургаа мянга, нэг зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.От олгож, хэрэгт хураагдсан 4 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, 25 см урттай, 13*3 см хэмжээтэй хутгыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Мын давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.М миний бие хэрэгт шалгагдаж эхэлсэн цаг хугацаанаас хойш хэргийг шударгаар хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд огтхон ч саад учруулж байгаагүй бөгөөд анх удаа, өөрийнхөө болчимгүй зангаас болж, нөхцөл байдлыг бүрэн гүйцэд ойлгож ухамсарлаж чадаагүйгээс гэмт хэрэг үйлдсэн. Тухайн цаг үед хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас, тэрхэн хугацаанд сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэл санааны хувьд өөрийгөө хянаж чадаагүйн улмаас хүний амь насыг санамсар болгоомжгүй байдлаар хохироосондоо маш ихээр харамсаж, түүнчлэн хохирогчийн ар гэр болон түүний төрөл төрөгсдөөс гүнээ хүлцэл өчиж маш ихээр харуусаж явна.

Мөн миний бие 73 настай аав Г.Дорждэрэм болон 70 настай ээж О.Ганчимэг, өөрийн 7, 8 настай хоёр хүүхдийн хамт амьдарч амьдралын төлөө шударга зарчмыг баримтлан явах үедээ гэмт хэрэг үйлдсэн. Өөрийн буруутай үйлдлийг маш ихээр ойлгож ухамсарлаж байна.  

Тухайн асуудалд дүгнэлт хийж маш их зүйлийг ойлгож ухамсарлаж, өөрийн буруутай үйлдэлд тохирох ял шийтгэл, хуулийн хариуцлагыг тооцуулан хорих ял эдлэх хугацаандаа ажил хөдөлмөр эрхэлж гэм буруутай үйлдэлд тохирох ял шийтгэл, зэмлэлийг хүлээж, нөхцөл байдлыг ухамсарлан, өөрийн болчимгүй зан, ухаан муутай байдлыг цаашид засч залруулан, нийгэмших чин хүсэл эрмэлзэлтэй яваа тул энэхүү өргөдлийг гаргаж байна.

...Хохирогчийн ар гэрт олгогдох 8.086.149 төгрөгийг нэн даруй төлж барагдуулан, өөрийн буруутай үйлдлийг бага ч болов өөрийнхөө хэмжээнд цайруулах чин хүсэлтэй байна. Шүүх бүрэлдэхүүний өмнө нөхцөл байдлыг үнэн зөвөөр илэрхийлсэн төдийгүй, өөрийн ухамсар, өөрийн дотоод итгэл үнэмшлээр дахин гэмт хэрэг үйлдэхгүй, хэрэгт холбогдохгүй, зөв үйлдэлтэй хүн болж төлөвшихөө бүрэн ухаарч ойлгож байгаа болно.

Иймд Д.М миний хувийн байдлыг харгалзан үзэн надад оногдуулсан хорих ялыг уян хатан байдлаар хөнгөлөн өгч, дэглэмийн зэрэгт өөрчлөлт оруулж өгнө үү.

Миний бие нээлттэй хорих ангид ял эдлэх хугацаандаа өөрийн буруутай үйлдлийг ухамсарлаж, ажил хөдөлмөр эрхлэж, засрал хүмүүжлийг өөртөө бий болгож, өндөр настай аав, ээжийнхээ үлдсэн насанд нь хорих ялаа эдэлж дуусган мөрийг нь түших чин хүсэлтэй байна. Мөн өсөж яваа 2 хүүхдийн минь хүндэтгэн үзэж надад оногдуулсан хорих ялыг дахин харгалзан үзэхийг чин сэтгэлээсээ хүсэж энэхүү хүсэлтийг гаргаж байна.

Өөрийн буруутай үйлдлийг маш сайн ойлгож хохирогчийн ар гэр, түүний төрөл төрөгсдөд өөрийн хэр хэмжээнд чадлаараа тусламж дэмжлэг үзүүлсээр байх болно. Нөхцөл байдлыг минь харгалзан хүсэлтийг минь шинжлэн судалж, хуулийн хэмжээнд шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баттогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Д.М анх удаа хамгаалалтын албанд ажилд орсон. Хуучин ажилчид нь архи, дарс авч өгөхийг шаардсан байдаг. Дээрэнгүй хандсан байдлаас болж гэмт хэрэг гарсан. Талийгаач хамт архи ууж байгаад Д.Мыг сэрэхэд Д.М руу хутга барьж довтолсон байдаг. Шүүгдэгч Д.Мын эцэг, эх өндөр настай. Эх нь хэвтэрт байдаг. Эцэг, эхээ асран хамгаалах боломж олгож өгнө үү...” гэв.               

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үхсэн хүн үг хэлэхгүй юм чинь гээд хутга бариад дайрсан гэж байна. Хутга бариад дайрсан хүнийг яагаад 6 удаа хутгалсан юм бэ, үхсэн хойно нь ванны өрөөнд нь эвхээд хийчихсэн байсан. Хутга бариад дайрсан юм бол ганц цохичихоод гараад явж болоогүй юм бэ. Иймд маш их гомдолтой байна...” гэв.                        

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оийн өмгөөлөгч С.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирлыг нийт 13.086.149 төгрөгөөр тогтоосон. Үүнээс шүүх хуралдааны явцад 5.000.000 төгрөгийн хохирлыг төлж, 8.086.149 төгрөгийн хохирол төлүүлэхээр шүүх шийтгэх тогтоолдоо тусгасан. Өнөөдрийн байдлаар хохирол нэмж төлөгдөөгүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс өмгөөлөгчийн хөлс гэж 1.500.000 төгрөг төлсөн баримтыг хэрэгт хавсаргасан боловч хохиролд оруулан тооцоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад өмгөөлөгчид төлөх зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамааруулан тооцохоор хуульчилсан байдаг. Мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруутай этгээдээс зардлыг гаргуулахаар хуульчилсан байдаг. Иймд дээрх хуулийн заалтуудыг үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирол дээр нэмж өмгөөлөгчид төлсөн зардлыг гаргуулах хүсэлтэй байна. Талийгаач, шүүгдэгч хоёр хоёулаа архи уусан. Шүүгдэгчид ямар нэгэн шарх сорви байдаггүй. Хэргийн газрын үзлэгээр ноцолдсон ул мөр илрээгүй. Шүүгдэгчийн ар гэрийн зүгээс албан ёсоор уучлалт гуйгаагүй. Оногдуулсан ял, дэглэмийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэл бүхий бодит байдалд нийцэж гарсан...” гэв.

                       

            Прокурор Б.Чинбилиг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Хууль зөрчсөн зүйл байхгүй. Шүүгдэгч давж заалдах гомдолдоо “ял эдэлж байх хугацаандаа хохирогчийн ар гэрт өөрийн хэр хэмжээнд тусалж байх хүсэл эрмэлзэлтэй” гэжээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид үлдэгдэл төлбөрийг төлөх нь зүйн хэрэг боловч нөхөж барашгүй хүний амь нас хохирсон болохыг санах хэрэгтэй. Төлбөл зохих төлбөрөө төлж барагдуусан болон ялын тодорхой хувийг эдэлсэн хойноо хугацаанаас өмнө ялаас чөлөөлөгдөх эрх нь нээлттэй буюу шүүгдэгч одоо хэлээд буй зүйлээ үйлдлээрээ батлан харуулсан нөхцөлд шүүгдэгчийн хүсээд байгаа зүйл нээлттэй гэдгийг хэлмээр байна. Гэмт хэрэг үйлдэж хүний амь насыг хохироосны дараа хөгшин эцэг, эх, үр хүүхдээ ярих нь тухайн хүний өөрийгөө хэн гэдгийг дахин харуулж байгаа үйлдэл юм. Талийгаач ч гэсэн хүүхэдтэй, ах, дүүтэй гэдгийг анхаарах хэрэгтэй. Анхан шатны шүүхээс оногдуулсан ялын бодлогод прокуророос эсэргүүцэл бичээгүй. Харин шийтгэх тогтоолд дурдсан ялаас хөнгөн ял шийтгэл оногдуулсан бол өөрөөр дүгнэх байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

 Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Д.Мт холбогдох 2008014310527 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.   

 

Д.М нь 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Залуус” хорооллын 45б байрны 481 тоотод иргэн Д.Мтой нийлж архидаж, согтуугаар Д.Мыг 6 удаа хутгалж, олон тооны шарх гэмтэл учруулан, онц харгис хэрцгийгээр алсан болох нь:

 

гэрч М.Цэдэндоржийн “...2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 21 цаг 52 минутанд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хороолол 48 дугаар байрны 3 дугаар орцны 5 давхарт гал гарсан гэх дуудлагын дагуу Бямбасамбуу захирагчтай 3 дугаар салааны хамт уг дуудлагад 2-3 минутын дараа ирж Бямбасамбуутай хамт 481 тоот хаалганы хажууд ирэхэд хаалга хаалттай хэрнээ цоожгүй татахад онгойсон. ...баруун хананд буйдан шатаж байсан. Буйданг чирээд орцонд гаргасан ба өөр шатсан эд зүйл байгаагүй. Буйдан байсан талын хана ихээр халсан байсан учраас ус цацахаар ариун цэврийн өрөөний хаалгыг нээж гар чийдэнгийн гэрэл асааж үзэхэд хүний хөл харагдах шиг болохоор нь дахиад гэрлээ тусган харахад душ дотор толгой нь доошоо харсан 2 хөл нь дээшээ харсан, их бие хөлөөрөө нугарсан байдалтай, хувцасгүй нүцгэн цогцос байсан. Цогцосны ойролцоо цус ихээр урссан байдалтай байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /1хх144-145/,

 

гэрч Б.Сувдын “...2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 19 цаг 25 минутанд Мягмархорол 30 гаруй насны нэг эрэгтэй хүнтэй хамт орж ирээд 0.75 литрийн Хараа архи, нарийн хиам 1 ширхэг, шоколад зэргийг аваад Мягмархорол өөрөө Хаан банкны карт уншуулаад гарсан. Хамт орж ирсэн хүнийг өмнө нь харж байгаагүй бор өнгийн бор савхитай, 170-175 см орчим өндөр, бордуу царайтай, өөртөө таарсан махлаг 30 орчим насны залуу байх шиг байсан. Нэгнийгээ хөгшөөн, найзаа гэж дуудаж байсан. Манайх хяналтын камерын бичлэгтэй, цаг нь байгалийн цагтай таарч байгаа...” /1хх152-153/,

 

гэрч Ж.Сайхандэлгэрийн “...2020 оны 2 дугаар сараас Мягмархорол гэх залуу “Хишиг Арвин” компанид галчаар ажилд орсон.., Мөнхбаатар гэх залуу 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хамгаалагчаар ажилд орсон байсан. 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байхад Мягмархорол нь ажлаасаа бууж байна, Мөнхбаатарын хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын үүдэнд байна гэж над руу залгаж “хүрээд ир” гэсэн. Тэгээд би Залуус хорооллын үүдэнд очиж Мягмархорол, Мөнхбаатар гэх хоёр залуутай уулзсан. Залуус хорооллын “Залуус” гэх дэлгүүрээс Мягмархорол, Мөнхбаатар хоёр 0.75 литрийн архи аваад Мягмархоролын гэр болох 81 тоотод бид гурав орж архи уусан. Архи ууж байхад Мөнхбаатар “танай гэрт очиж байрны чинь зохион байгуулалтыг үзэж хармаар байна, байр сонирхож байгаа” гэхээр нь бид Мягмархоролын гэрээс гарч замдаа залуус нэртэй дэлгүүрээс Мягмархорол нь 0.75 литр архи, 0.5 литрийн Хараа архи, чихэр, чипс болон сүү зэргийг аваад манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 50а байрны 31 тоотод ирсэн. Манайд ирээд 0.75 литрийн архиа уучихаад Мягмархорол, Мөнхбаатар хоёр үлдсэн 0.5 литрийн архиа аваад 16 цагийн үед гарсан. Би Мягмархорол, Мөнхбаатар хоёрыг байрны орцоор гаргаж өгөөд гэртээ ороод унтсан байсан...” /1хх89/,

 

гэрч У.Энхтүвшингийн “...Унтаж байхад нохой хуцаад, байшингийн хаалга тогшоод байхаар нь босоод хаалгаа онгойлгоход Мөөгий гэх өлөнгийн цех дээр ажилладаг хүн орж ирсэн. Тухайн үед 22 цаг өнгөрч байсан. Тэгээд Мөөгий согтуу орж ирээд “чи бос” гэж орилохоор нь би “чи нохой шуугиулж орж ирлээ” гэж хэлсэн чинь “чи үхсэндээ уурлаад байгаа юм” гэж хэлээд “хоол байна уу” гэж асуусан. Би хоол хийж өгсөн чинь хүйтэн байна, халааж өг гэхэд нь чадахгүй гэж хэлэхэд Мөөгий орилоод “янхан, банзлаас болж хүргэнтэйгээ муудлаа, алсан ч яадаг юм” гэхээр нь “тэгж болохгүй” гээд тайвшруулах гэхэд хараалын үг урсгаад цохичих гээд гараа саваад байхаар нь “чи яачихаад байгаа юм бэ, би тархины гэмтэлтэй битгий толгой цохичих” гэж хэлсэн. Тэгээд Мөөгий авч ирсэн архиа өгөөд наадахаа аягалаад өг гэхээр нь би хийж өгсөн чинь хурдал гээд яаруулаад байсан. Мөөгий миний орон дээр гараад унтаад өгсөн. Үүрээр 04 цагийн үед хаалга цохихоор нь онгойлгосон чинь цагдаа нар орж ирээд Мөөгийг аваад гарсан...” /1хх95/,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оийн “...би талийгаач Д.Мын төрсөн эгч нь байгаа юм. ...Талийгаач дүү маань архи их уудаг байсан, тамхи бол татдаг... архи уусан үедээ жаахан үглээ болчихдог. ...Хуулийн дагуу шалгаж өгөхийг хүсч байна. ...” /1хх 82, 84/,

 

шинжээч эмч Б.Наранбямбын “...цээжний хөндийн нэвтэрсэн шарх, зүүн чихний дэлбэн, хүзүүний арьс, зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.., нас барсан хугацааг цогцост хийгдсэн анхны гадна үзлэг хийсэн хугацаанаас урагш 10-14 цагийг шилжүүлэн тооцно, талийгаач нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэмтлийг авснаас хойш ямар нэгэн идэвхтэй хөдөлгөөн, үйлдэл хийх боломжгүй...” 1хх 175-177/,

 

Д.Мын яллагдагчаар өгсөн “...Мягмархорол ах бид хоёр хоёулахнаа архи уусан. Тэдний гэрт орсон цагийг санахгүй байна. Тэгээд би архи ууж байгаад согтоод гэрт нь унтаад өгсөн бөгөөд намайг унтаж байхад Мягмархорол ах сэрээхэд би тэдний шалан дээр ширээний хажууд унтаж байсан. Мягмархорол ах баруун гартаа хутганы комны хутга барьчихсан, зүүн гараараа намайг үснээс татаад сэрээсэн бөгөөд “пизда минь чи зайлах болоогүй юу, одоо чамайг ална” гээд гартаа барьсан хутгаа над руу чичихээр нь би хутгатай гарыг нь барьж аваад гарыг нь мушгиад Мягмархорол ахын дээр нь гарахдаа түүний цээжний хэсэгт 1 удаа хутгаар дүрсэн. Тэгээд босоод шууд явах гэхэд Мягмархорол ах миний зүүн хөлний өмдний түрүү хэсгээс гараараа татаад байхаар нь би зууралдаж байгаад Мягмархорол ахын гарт байсан хутгыг булааж аваад түүний баруун хөлийн гуяны ард хэсэгт 1 удаа хатгаад, тэдний гэрээс гараад явсан. Тэр хутгыг гэрт нь үлдээгээд явсан. Би Мягмархоролын гэрээс гараад 150 дугаар цэргийн ангийн ар талд байдаг танил ах болох Энхтүвшин ахын гэрт нэг мэдэхэд очсон байсан...” /2хх121-123/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 812 дугаартай “...Талийгаачийн цээжний хөндийд нэвтэрч зүүн 2-3 дугаар хавирга хоорондын булчин, зүүн уушгины дээд дэлбэн, үнхэлцэг хальс, уушгины тараагуур судсыг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцэгийн хөндий, цээжний зүүн хөндийд цус хуралдалт, хуйханд цус хуралт, зүүн чихний дэлбэн, хүзүүний арьс, зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц, ир үзүүртэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цогцост үүссэн хатгагдаж зүсэгдсэн шарх, гэмтлүүд нь хэрэгт хураагдсан гэх хутгаар үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаачид үхэлд хүргэх хууч өвчин тогтоогдсонгүй. 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 06:00 цагийн цогцост хийгдсэн гадна үзлэгээр нас бараад 10-14 цаг орчим болсон байжээ. Талийгаачийн ходоодны агууламжинд 2.9 промилл спирт илэрсэн. Талийгаачид эсэргүүцэн тэмцэлдсэн гэх ул мөр тогтоогдсонгүй. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломж муутай байжээ. Талийгаач нь 2-р бүлгийн цустай байжээ. Талийгаач нь цээжний хөндийд нэвтэрсэн шарх, гэмтлийн улмаас үнхэлцгийн хөндийд цус хуралт-чихэлдэлт үүсч зүрхний цочмог дутагдлын улмаас нас баржээ...” /1хх162-163/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн тусгай шинжилгээний газрын бактериологийн шинжээчийн 2030 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх 26 см урттай, хар өнгийн хуванцар иштэй хутган дээр цус илэрсэн. Уг цус нь АВО системээр А/II/ бүлгийн харьяалалтай хүний цус байна...” /1хх 233-234/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн тусгай шинжилгээний газрын бактериологийн шинжээчийн 1716 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн цамц, хөх өнгийн хагас ханцуйтай цамц, хар ногоон өнгийн цамцанд халалтын үйлчлэлээр түлэгдэлт, цэнхэр өнгийн өмд, хар хөх өнгийн дотуур өмд, хар өнгийн дотуур өмдөнд 23х9мм, хар өнгийн дотуур өмдөнд 23х30мм, 30х13мм хэмжээтэй цооролт гарсан байна. Уг түлэгдэлт, зүсэлтүүдийн зах ирмэг бохирлогдож өнгөө алдаагүй байх тул шинээр гарсан байна...” /2 хх8-11/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн гарын мөрийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 1702 дугаартай “...дугаартай 1 ширхэг гарын мөр нь Дорждэрэмийн Мөнхбаатарын зүүн гарын дунд хуруугаар..., 12 дугаартай 1 ширхэг мөр нь баруун гарын чигчий хуруугаар тус тус үүсгэгдсэн байна...” /2хх43/ гэх дүгнэлтүүд,

 

хэргийн газрын үзлэгийн “...нойлын өрөөний үүдэнд улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон нүцгэн хөлний мөр байсныг №2 гэж, хаалганаас баруун гар тал руу нүцгэн хөлийн мөр байсныг №3 гэж, үзлэгийг 00-ын өрөөнд явуулахад шал нилэнхүйдээ цус мэт зүйлээр бохирлогдсон..., хар өнгийн нийт 25 см урттай, 13х3 см хэмжээтэй ажлын хэсэг бүхий хутга 1 ширхэгийг хураан авахад улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв..., шүршүүрт толгой нь баруун мөрөнд нааж байрласан, өвдөг тохойгоор нугалж ургийн байрлалд орсон, бөгсөн хэсэг шүршүүрийн хагас дугуй хэрэг рүү шахсан байдалтай, эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж ирж коридорт байрлуулахад дээгүүрээ баруун өнгийн цамцтай, доогуураа нүцгэн, баруун гар тохойгоор нугалж, зүүн хацарт хүрсэн, баруун гар тохойгоор нугалж хэвлийд байрласан, өвдөгөөрөө нугарсан байрлалтай байв...” гэсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1хх 5-10, 11-33/,

 

цогцост үзлэг хийсэн “...Цогцос нь дээгүүрээ хөх өнгийн цамцтай, өөр биед өмссөн хувцасгүй..., хүзүүний зүүн дунд хэсэгт хөндлөн байрлалтай 6х1 см арьсны давхаргыг хамарсан шархтай, цээжний зүүн хэсэгт өвчүүний хажуугийн 2 дугаар шугамаар зах ирмэг тэгш ташуу байрлалтай, 7 цагийн түвшинд тэгш ирмэгтэй цээжний хөндий рүү нэвтэрсэн 2.5х0.6 см шархтай. Зүүн гуяны гадна дунд хэсэгт босоо байрлалтай 2.5х0.6 см, 6 см гүн шархтай ба уг шархны доод хэсэгт 2х1 см, 0.4 см гүн дээш чиглэлтэй шархтай. Уг шархны ар доод хэсэгт 2.3х0.7см арьс, өөхөн давхаргыг хамарсан гуяны ар хэсэг рүү сүлбэсэн 4 см шархтай. Зүүн гуяны дотор дунд хэсэгт хөндлөн байрлалтай 2.5х1 см гадагшаа чиглэлтэй 7.6 см гүн, уг шархны доод ар хэсэгт ташуу байрлалтай 2.5х0.8 см арагшаа доош арьс, өөхөн давхаргыг хамарч сүлбэсэн 4.3 см шархтай. Зүүн чихний дэлбэнгийн ар хэсэгт 2х1 см арьсны давхарга хууларсан байв. ...” гэсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1хх 43-52/,

 

хүний биед үзлэг хийсэн тухай “...Дорждэрэм овогтой Мөнхбаатарын биед ил харагдах гэмтэл шархгүй, өмсөж явсан саарал өнгийн өмдний зүүн хөлийн доод хэсэг улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв...” гэх тэмдэглэл /1хх 56/,

 

СӨХ-ны хяналтын камерын “...2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 19 цаг 10 минут 30 секундэд лифтний гадна дээгүүрээ цайвар өнгийн захтай, үстэй куртиктэй, үсээ дээрээ боосон, дугуй царайтай залуу зогсох бөгөөд лифт онгойх үед доогуураа биеийн тамирын цэнхэр өнгийн өмдтэй дээгүүрээ бараан өнгийн куртиктэй, гонзгойдуу царайтай залуу бууж ирэх бөгөөд цэнхэр өнгийн өмдтэй залуу урд талд алхаж, араас нь хүлээж байсан залуу хамтдаа орцноос гарч байгаа хэсэг..., 19 цаг 17 минут 30 секундэд лифтэн доторхи байдал харагдах бөгөөд хаалга онгойж дээгүүрээ цайвар өнгийн захтай, үстэй куртиктэй, үсээ дээрээ боосон, дугуй царайтай залуу, цэнхэр өнгийн биеийн тамирын өмдтэй, гонзгойдуу царайтай залуу хоёр лифтний хаалга онгойход ороод дээгүүрээ цайвар өнгийн захтай, үстэй куртиктэй, үсээ дээрээ боосон залуу лифтэн дотор товчлуураас 5 дахь товчлуурыг дарж буй дүрс бичлэг...” гэсэн бичлэг, түүнийг бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 246-248/,  

 

“Залуус Рич” хүнсний дэлгүүрийн 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хяналтын камерийн “...Дээгүүрээ хар өнгийн савхин куртиктэй, бэлтгэлийн өмдтэй эрэгтэй, мөн хар өнгийн үстэй савхин куртиктэй, бараан өнгийн өмдтай үсээ боосон 2 залуу дэлгүүрт орж ирж байгаа байдлыг..., Дэлгүүрт ороод дээгүүрээ цайвар өнгийн захтай, үстэй куртиктэй, үсээ дээрээ боосон залуу нь 1 ширхэг хиамыг кассчны лангуун дээрх жин дээр тавиад цааш эргээд архи, пиво, дарс борлуулдаг тасагт очиж зогсох ба доогуураа цэнхэр өнгийн биеийн тамирын өмдтэй бараан өнгийн куртиктэй гонзгой царайтай залуу кассчны өөдөөс харсан байдалтай зогсож байв...., дээгүүрээ цайвар өнгийн захтай, үстэй куртиктэй, үсээ дээрээ боосон залуу нь 1 шил 0.75 литрийн архийг аваад голын таславч хэсгийг тойрч гарч ирээд лангуун дээрээс очиж аваад кассан дээр тавьж буй байдал..., Доогуураа цэнхэр өнгийн биеийн тамирын өмдтэй бараан өнгийн куртиктэй гонзгой царайтай залуу банкны карт мэт зүйлийг худалдагчид өгч картаа уншуулан тооцоогоо хийгээд баримтаа авч шалгах үед худалдаж авсан архи, хиамаа дээгүүрээ цайвар өнгийн захтай, үстэй куртиктэй, үсээ дээрээ боосон залуу 1 шил архийг өвөр лүүгээ хийгээд хамтдаа дэлгүүрээс гарч буй бичлэг бичигдсэн байв...” гэсэн бичлэг, түүнийг бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 249-250, 3хх 1-2/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

 

Анхан шатны шүүхийн тогтоосон “Д.Мын хохирогч Д.Мыг 6 удаа хутгалж, олон тооны шарх гэмтэл учруулан, хүнийг онц харгис хэрцгийгээр алсан...” гэсэн хэргийн үйл баримт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Д.Мын хохирогч Д.Мыг 6 удаа хутгалж, олон тооны шарх гэмтэл учруулан алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...онц харгис хэрцгийгээр...” гэсэн шинжийг бүрэн агуулсан буюу уг гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна.   

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаархи хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийг үндэслэлтэй зөв шийддвэрлэжээ.

 

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял”-аас Д.Мт 16 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн нь тус гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн арга, хэргийн бодит байдал зэрэгт болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцжээ.  

 

Иймд шүүгдэгч Д.М нь “хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/850 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Мын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                              

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.АЛДАР

              ШҮҮГЧ                                                         Л.ДАРЬСҮРЭН

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ