Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 135/ШШ2021/01148

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2021/01139/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг ******* ******* байр ******* *******, Дархан ******* ******* /РД:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* баг, ******* хороолол, байрны оршин суух овогт /РД: , утас: /

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* баг, ******* хороолол, байрны оршин суух овогт /РД: , / нарт холбогдох,

Зээлийн гэрээний дагуу 18,723,532.78 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзориг, хариуцагч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* *******, Дархан ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д., Ч. нар нь 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр ******* *******тай тоот худалдааны зээлийн гэрээг байгуулж 14,500,000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан болно. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах авто тээврийн хэрэгсэл барьцаалсан 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгч Д., Ч. нар нь 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр ******* *******тай тоот зээлийн гэрээний хавсралтын дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх талаар хэд хэдэн удаа мэдэгдсэн боловч төлөхгүй. Зээлийн гэрээний төлбөр нэхэмжлэл гаргах 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар үндсэн зээл 12,830,116.0, үндсэн хүү 5,712,338.47 төгрөг, торгуулийн хүү 181,078.31 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног 699 хоног, нийт 18,723,532.78 төгрөг байна. Иймд зээлийн гэрээний үүрэг болох төлөх ёстой зээл, зээлийн хүүг гэрээнд заагдсан хугацаанд төлөхгүй байгаа тул зээлийн гэрээний 4.2.1, 4.2.2-д заасныг үндэслэн ******* өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр мөн зээлийн гэрээний дагуу 18,723,532.78 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Д., Ч. нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ******* нэхэмжилж байгаа 18,723,532.78 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүүний тал дээр зөвшөөрөхөд хүндрэлтэй байна. Засгийн газраас корона вирустэй холбоотой зээлийн хүү алданги тооцохгүй байх шийдвэр гарсан бүх *******. 11 сараас хойш Монгол *******наас гаргасан хүүг тооцохгүй байгаа үндсэн, нэмэгдүүлсэн хүүг ******* ******* хасаж тооцож өгнө үү. Мөн үндсэн төлөх мөнгийг өгнө, хүүг л хасаж тооцож өгнө үү. Бараа материал барьцаалсан гэвч лангуу 2019 оны 7 сараас үйл ажиллагаа больсон тухайн үед хэлсэн. ******* *******наас нэхэмжилж байгаа бараа материал болон авто машин байхгүй болсон тул одоо эрхэлж байгаа ажлын цалингаар төлөх хүсэлтэй байна. Иймд миний хүсэлтийг харгалзан үзээд шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч Д., Ч. нараас үндсэн зээл 12,830,116 төгрөг, зээлийн үндсэн хүү 5,712,338.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 181,078.31 төгрөг, нийт 18,723,532.78 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

******* ******* нь Д., Ч. нартай Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулж, 36 сарын хугацаатай 14,500,000 төгрөгийн зээл олгосон, зээлийн гэрээгээр зээлийн хүүг жилийн 21.6 хувиар тооцсон болох нь хэрэгт авагдсан 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дугаар зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт зэрэг нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч Д., Ч. нар зээлийн гэрээний хавсралт 1-д заасан зээл, хүү төлөлтийн хуваарийг зөрчсөний улмаас зээлийн гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачлагаар цуцалж, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг буцаан шаардаж байгаа нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-д заасан зээлдэгч хавсралт 1-д заасан графикт хугацааг чанд баримтлах, зээл, түүний төлбөрийг хэсэгчлэн төлөх нь энэхүү гэрээний нэн чухал нөхцөл бөгөөд түүнийг уадаа дараа зөрчвөл зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж заасантай нийцэж байгаа бөгөөд хариуцагч тал гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсныг хүлээн зөвшөөрч байгаа болох нь хариуцагч Д.гийн шүүхэд хуралдаанд гаргасан ...2019 онд ковидтой холбоотойгоор зээлийг 3 сарын хугацаагаар хойшлуулсан нөхцөл гарсан... гэсэн тайлбараар тогтоогдож байна.

Мөн хариуцагч Д., Ч. нар нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооны талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй, харин хариуцагч нар ковид цар тахал гарсантай холбоотой Засгийн газраас хүүг тооцохгүй байх чиглэл өгсөн тул хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг боловч энэ талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй.

Талууд байгуулсан зээлийн гэрээндээ зээлийн үндсэн хүүг жилийн 21.6 хувь гэж тохирсон, зээлийн гэрээний 2.5-т зээлдэгч нь зээлийн гэрээний графикт хугацаа хэтэрсэн өдрөөс зээлийн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байхаар заасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д: ...гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 452 дугаар зүйлийн 452.2-т: ...Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, 453 дугаар зүйлийн 453.1-д: Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасантай нийцсэн байх тул хариуцагч нарын зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмэхгүй байхаар шийдвэрлэж өгнө үү гэж татгалзсан татгалзал үндэслэлгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Д., Ч. нараас зээлийн үндсэн төлбөр 12,830,116 төгрөг, зээлийн үндсэн хүү 5,712,338.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 181,078.31 төгрөг, нийт 18,723,532.78 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* *******инд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч ******* ******* Дархан ******* *******ийн хариуцагч нарын зээлийн барьцаанд тавьсан авто тээврийн хэрэгслийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Харин зээлийн гэрээний хавсралт №2-т заасан бараа материалаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр хариуцагч нар бараа материалыг зарж, үрэгдүүлсэн гэж байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэснийг дурдах нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Д., Ч. нараас зээлийн үндсэн төлбөр 12,830,116 төгрөг, зээлийн үндсэн хүү 5,712,338.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 181,078.31 төгрөг, нийт 18,723,532.78 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* *******инд олгосугай.

 2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар хариуцагч нар төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох Тоёота приүс-20 маркийн 2008 оны, мөнгөлөг саарал өнгөтэй, 7970 ДАР улсын дугаартай, NHW207806485 арлын дугаартай, тээврийн хэрэгслийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321,767.67 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д., Ч. нараас улсын тэмдэгтийн хураамжид 321,767.67 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* *******инд олгосугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС