Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 00145

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат

Улсын яллагч Б.Бүжинлхам

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд

Хохирогч Д.Отгонбаяр

Шүүгдэгч У.Амар нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2. д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шангас овгийн Уламбаярын Амарт холбогдох эрүүгийн 201714000112 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нэлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

1.Шүүгдэгч Шангас овгийн Уламбаярын Амар, Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймагт төрсөн, 21 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаанчулуут багийн 15-17 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх. /РД:ОЙ95100715/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч У.Амар нь 2017 оны 02 сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 15 дугаар гудамжны 17 тоот хашаанд байх чингэлэгний 2 ширхэг төмөр цоожийг эвдэн орж дотор нь хадгалж байсан иргэн Д.Отгонбаярын 6 тооны хонины махыг хулгайлж 828 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Д.Отгонбаярын “2017 оны 11 сарын сүүлээр Булган аймгийн Баян-Агт суманд 300 гаран хонь, ямаа 30-40 тооны нядалсан юм. Тэгээд өөрийн чингэлэгт хийсэн боловч зарим нь багтаагүй учир Уламбаяр ахтай ярилцаж байгаад тэдний хашаанд байдаг чингэлэгт хонины гулууз, хонины ууц, үхрийн мах гээд нилээн их тооны махыг хадгалахаар хийсэн юм. Ингээд 2017 оны 02 сарын 03-ны өдөр очиж мах авчихаад 2017 оны 02 сарын 06-ны өдрийн 12 цагийн орчим Уламбаяр ахтай хамт очтол Чингэлэгийн хаалганы хоёр цоож эвдэрсэн цоожны 2 ширхэг гол төмөр нь газар хэвтэж байсан. Тэгэхээр нь шалгаад үзтэл 6 ширхэг хонины хөлдүү гулууз мах алга болсон байсан. Эдгээр 6 ширхэг махны гурав нь цагаан сараар ууц болгон тавьж болох тарган махнууд байсан. Тэгээд Уламбаяр ахын хүү Амарыг сэжиглэсэн. Яагаад сэжиглэх болсон юм гэхээр аав нь хөдөө авч явна гэсэн боловч гэртээ ирэхгүй нэг хоночихсон байсан юм. Тэгээд ч тэнд мах байгааг өөр гадны хүн мэдэхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-18-р хуудас/

            2. Гэрч Д.Хишигтийн “Одоогоос 7 хоноийн өмнө шиг санаж байна. Хүү Амар-Эрдэнэ нэг хөдөөний ах хямдхан мах зарна гэнэ. Шувуу бага зэрэг тоншсон 50 000 төгрөгөөр зарна гэхээр нь өдийд тийм хямдхан мах баймааргүй юм даа гээд өнгөрсөн. Ингээд маргааш нь хүү маань гэрт мах авч ирээд тавьчихсан шүү гэж хэлсэн. Тэгээд орой гэртээ ирээд хартал нэг ширхэг хонины гулууз мах байсан. Тэгээд би маргааш өдөр нь хүүдээ 50 000 төгрөг өгөөд цаад хүнд чинь цагаан сарын ууцанд тавьчихаар мах байдаг болов уу гэхэд хөдөө рүүгээ явчихсан удахгүй ирнэ гэсэн гэж хэлж байсан. Хулгайн мах гэдгийг нь мэдээгүй, цагдаагийн газраас залгахад нь л мэдлээ.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27-р хуудас/

            3. Гэрч С.Батсүхийн “2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүү Мөнхбат маань гэртээ 4 ширхэг хонины гулууз мах авч ирээд тавьчихсан байхаар нь хүүгээсээ юун мах юм бэ? гэхэд найз нартайгаа тоглож байгаад авсан юм гэж хэлсэн. Ямар тоглоом тоглоод авдаг юм бэ? гэхэд муушиг хөзөр тоглож байгаад авсан юм гэж хэлсэн. Ингээд дээрхи 4 ширхэг мах нь манайд 2 хонож байгаад 1 ширхэг гулуузыг жижиглэж, мөн үлдсэн нэг ширхэг гулууз махыг хадам ээжийнд аваачиж өгсөн. Үлдсэн хоёр гулууз махыг Хүлэг хүнсний зах дээр аваачиж 200 000 төгрөгөөр танихгүй хүнд зарсан. Мөнхбатаас ямар учиртай юм бэ? янз бүрийн асуудал байхгүй биз дээ гэж асуусан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22—р хуудас/

            4.Гэрч Ж.Энхбаясгалангийн “2017 оны 01 дүгээр сарын дундуур манай нөхөр хүүгээ хөдөөнөөс Эрдэнэт рүү хагалгаанд оруулахаар авч явсан юм. Хүү маань адуу маланд өшиглүүлээд давсаг нь өвчтэй болсон. Тэгээд нэгдсэн эмнэлэгт үзүүлж хагалгаанд оруулчихаад ирлээ гээд хэд хоноод ирсэн. Тэгээд хэсэг байж байгаад хүүгээ авчирхаар Эрдэнэт рүү нөхөр маань явсан. Тэгснээ хүү гэртээ ирэхгүй байна. Отгонбаярын махнаас авчихсан юм шиг байна гэж утсаар утсаар хэлсэн. Энэ хугацаанд хүү маань надтай яриагүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-р хуудас/

            5.Гэрч Б.Уламбаярын “2017 оны 01 дүгээр сарын дундуур би хүү Амарыг хөдөөнөөс Эрдэнэт рүү хагалгаанд оруулахаар авч ирсэн юм. Хүү маань адуу маланд өшиглүүлээд давсаг нь өвчтэй болсон учир эмнэлэгт үзүүлэхээр ирсэн юм. Тэгээд нэгдсэн эмнэлэгийн Хэн бэ эмчид үзүүлээд давсагны хагалгаанд оруулаад хүүгээ энд гэрт нь үлдээгээд хөдөө гэр рүүгээ явсан. Тэгээд хэд хоногийн дараа буюу 2 дугаар сарын эхээр хүүгээ авч явахаар ирээд Отгонбаяртай төвд уулзаад гэртээ иртэл чингэлэгийн цоож нь байхгүй дотроос нь 6 ширхэг хонины гулууз байхгүй болчихсон байсан. Ингээд би хүүгээ араас нь 3-4 хоног хайж яваад олохгүй болохоор нь Цагдаагийн байгууллагад Отгонбаяр гомдол гаргасан. 6 дугаар микрээс олсон гэж цагдаа нар хэлж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-р хуудас/

            6. Лэндс ХХК-ны 2017 оны 02 сарын 13-ны өдрийн ОЦ/17-12 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/

            7. Сэжигтэн Э.Мөнхбатын “2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Амар болон Шинэбаяр, Анар-Эрдэнэ бид дөрөв гадуур явж байгаад Хуримт буудалд хоносон. Буудалд орохоос өмнө бид бааранд байхад Амар хамт явъя гэхээр нь чамд мөнгө байгаа юм уу гэхэд байхгүй, чи надад мөнгө байгаа юм бол зээлчих оронд нь би чамд 4 ширхэг гулууз мах өгье гэж хэлсэн юм. Миний хаан банкны дансанд тэр үед сургалтын төлбөрөөс илүү гарсан 300 гаран мянган төгрөг байсан бөгөөд үүнээс Амарт хоёр зуун арван мянга гаран төгрөгийг түүнд өгсөн. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 02 сарын 06-ны өдөр Амар чамд би нөгөө махаа орой өгчих үү гэхэд нь сайн танихгүй болохоор алга болчихож магадгүй гэж бодоод одоо явъя гээд гэр рүү нь такси бариад Анар-Эрдэнэ, Шинэбаяр нартай цуг очсон. Тэгтэл Амар би гэртээ хоноогүй, хэд хоночихсон. Шинэбаяр та хоёр эхэлж ороод манай аавыг байна уу гээд асуучих гэхээр нь явж ороод асуутал нэг жаахан охин гарч ирснээ аав байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь эргэж гарч ирээд аав чинь байхгүй байна гэж хэлсэн. Тэгтэл Амар хашаа руугаа ороод 10-15 минут болоод гарч ирэхдээ хонины гулууз махыг нэг нэгээр нь зөөж гарч ирснийг нь Шинэбаяр бид хоёр зөөж машин руу нийтдээ 6 ширхэг мах хийсэн” гэсэн мэдүүлэг. /хх-нийн 34-р хуудас/

            8. Шүүгдэгч У.Амарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Хашаанд байх чингэлэгийн цоожны түлхүүрийг хайгаад олоогүй. Тэгэхээр нь түлээн дээр байсан сүхийг авч цоожийг эвдэж дотроос нь 6 тооны хонины хөлдүү гулууз махыг авч хашааны хаалга руу нэг нэгээр нь зөөж гаргасан. Миний гаргасан махыг нөгөө гурав машины багаж болон арын суудал дээр хийж тавьсан. Тэгээд манайхаас хөдлөөд Мөнхбатын Их залууд байдаг гэрт нь очиж 4 тооны махыг буулгачихаад Анар-Эрдэний 3-6-р байранд байдаг гэрт нь очиж махыг оруулж өгөөд 50 000 төгрөгийг авсан. Үлдсэн нэг махыг хүнсний зах дээр аваачиж танихгүй хүнд 90 000 төгрөгөөр зарсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 39-р хуудас/ болон эд зүйлийг үнэлсэн шижнээчинй дүгнэлт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул үнэлэх боломжтой гэж үзэв.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Амар мэдүүлэхдээ “Отгонбаяр ахын хадгалуулсан махыг авсан нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

            Хохирогч Д.Отгонбаяр мэдүүлэхдээ “Уламбаяр ахын чингэлэгт махаа хийсэн. Тэгээд Амарыг харж байгаарай миний дүү гэж хэлсэн. Хохирлоо төлүүлсөн. Одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

            Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч ялын шүүмжлэлдээ “Шүүгдэгч У.Амарын үйлдэл нь хулгайн гэмт хэргийн шинжтэй бөгөөд агуулах саванд нэвтэрч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.-д зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд мэтгэлцэхдээ “Шүүгдэгч У.Амар нь бөгөөд өөрийн хашаанд байгаа, өөрийн чингэлэгт байсан хүний хадгалуулсан махыг авсан учир бусдын хадгалуулсан эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн иймд хэргийн зүйлчлэлийг зөвтгөн хохирогч гомдолгүй тул эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

   Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад У.Амар нь 2017 оны 02 сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 15 дугаар гудамжны 17 тоот өөрийн хашаанд байх чингэлэгт хадгалж байсан иргэн Д.Отгонбаярын 6 тооны хонины махыг авч ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

            Хохирогч Д.Отгонбаяр нь шүүгдэгч У.Амарын эцэг Уламбаярын чингэлэгт мах хадгалуулахаар тохиролцож, мах хадгалуулсан байна. Уламбаяр нь хөдөө гэртээ мал маллаж амьдараг бөгөөд тухайн үед мах хадгалсан гэх Цагаанчулуут багийн 15 дугаар гудамжны 17 тоот хашаанд Уламбаярын хүү У.Амар амьдарч байсан байна. Чингэлэгт байгаа махыг харж анхаарч байхыг хохирогч Д.Отгонбаяр болон Уламбаяр нар шүүгдэгч У.Амарт захиж байсан талаар гэрчийн мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч У.Амарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэсгүй, бусдын хадгалуулсан эд хөрөнгийг завшсан гэж үзэх үндэстэй байна.

Иймд Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.Амарт Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 152 дугаар зүйлийн 152.1. болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч У.Амар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч нэхэмжэх зүйлгүй, гомдолгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3.-д зааснаар шүүгдэгч У.Амарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.Амарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1. болгон өөрчилсүгэй.

            2. Шүүгдэгч Шангас овгийн Уламбаярын Амарыг бусдын хадгалуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1., Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1., 208 дугаар зүйлийн 208.1.3.-д зааснаар шүүгдэгч У.Амарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Амарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Ц.АЛТАНГАДАС