Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2022/00200

 

 

 

 

 

 

 

 

2022 01 06

101/ШШ2022/00200

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 5 дугаар бааз, 1-1 тоотод оршин суух, Боржигон овогт Гомбын ******* /рд:УП88052541/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилийн цэргийн гудамж 16 дугаар байр, 1-2 тоотод оршин суух, Боржигин овогт Сүхгэрэлийн******* /рд:ЧМ70101165/-д холбогдох,

 

5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр С.Ариунаатай түрээсийн гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилийн цэргийн гудамж, 16 дугаар, 1-2 тоотод байрлах 60 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг цайны газрын зориулалтаар, сарын 1,100,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Ингээд С.Ариунаад 9 сарын түрээсийн төлбөр нийт 9,000,000 төгрөг, засварын төлбөрт 2,000,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө өгсөн. Уг үйлчилгээний талбай нь цайны газрын зориулалтаар үйл ажиллагаа явуулахад тохижилт муутай байсан туд зайлшгүй засвар хийж орох шаардлагатай байсан. Засварын зардалд өгсөн 2,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрт суутгаж тооцохоор бид тохирсон. Гэтэл анх өгсөн 2,000,000 төгрөгөөр засвар хийхэд хүрэлцээгүй, их хэмжээний зүйлс засах шаардлагатай байсан тул би өөрөөсөө дахин 2,000,000 төгрөг гаргаж засвар хийсэн. Засварын зардал бараг 4,500,000 орчим төгрөг болсон. Ингээд тус газарт цайны газраа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллуулж байтал 2020 оны 01 дүгээр сард Ковид-19 цар тахал гарсаны улмаас үйл ажиллагаа огт явуулаагүй, зогссон. Би нийт 9,000,000 төгрөгийг цэвэр түрээсийн төлбөрт, 4,000,000 төгрөгийг засварын зардалд, 13,000,000 төгрөгийн зардал гаргасан боловч 4 сар хагас ажиллаад, 2020 оны 01 дүгээр сараас хойш огт ажиллаагүй. Үйчилгээний талбайд цайны газрын зориулалтаар засвар хийсэн үр шим нь үлдсэн ба одоо С.Ариунаа нь өөр хүнд талбайгаа цайны газрын зориулалтаар түрээслэж байгаа. Иймд С.Ариунаатай тооцоо нийлж, 3 сарын түрээсийн төлбөр 3,000,000 төгрөг, засварын зардалд 2,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг буцаан авахаар тохиролцож, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан юм. Би хэдийгээр өгсөн мөнгө, засварын зардалд зориулсан мөнгөндөө тохирсон хэмжээгээр үйл ажиллагаа явуулж чадаагүй боловч Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор зарим төлбөрийг С.Ариунаагаас авахгүй байхаар шийдсэн. Иймд төлбөр барагдуулах гэрээний дагуу 5,000,000 төгрөгийг С.Ариунаагаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо хилийн цэрэг гудамж 1-2 тоот хаягт 60 м.кв талбай бүхий цайны газрыг иргэн Г.*******той түрээсийн гэрээг Иргэний хуулийн холбогдох заалтыг үндэслэл болгон байгуулсан. Миний бие түрээсийн гэрээний дагуу 2021 оны 09 дүгээр cap хүртэл уг цайны газрыг түрээслэх байсан боловч цаг үеийн нөхцөл байдал болон Ковид-19 халдварт өвчин бусад хүндрэлээс шалтгаалан 2020 оны 9 сараас хойш цайны газраа түрээслэх боломжгүй болж түрээслэгч талд амаар мэдэгдэн тус цайны газрыг түрээслэхээ больсон юм. 2020 оны 9 cap хүртэлх түрээсийн төлбөрийг анх гэрээ байгуулахдаа түрээсийн төлбөр болох мөнгөн дүнг түрээслэгч талд төлж барагдуулсан ба гэрээний үүргээ түрээсэлсэн хугацаанд зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгөн дүнг хариуцагч төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн С.Ариунаа миний бие санхүүгийн чадамжгүй байгаа бөгөөд надаас шалтгаалаагүй энэхүү алдагдлыг барагдуулах боломжгүй юм. Иймд 3,000,000 төгрөгийг буцаан төлөх боломжтой. Засварын зардал хийсэн зарлагын баримтуудаар 2,000,000 төгрөг хүрэхгүй үнийн дүнтэй байна. Иймд засварын зардалд нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй гэв.

 

Шүүх хэрэг авагдсан нотлох баримтууд болох:

- Нэхэмжлэгч талаас гаргасан төлбөр барагдуулах гэрээ, түрээсийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, зарлагын баримтууд, дансны хуулга, худалдагчийн өдөр тутмын тооцооны дэвтэр зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

-Хариуцагч тал хэрэгт баримт цуглуулж өгөөгүй, шүүхийн журмаар баимт бүрдүүлэх хүсэлт гаргаагүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч С.Ариунаад холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч 3,000,000 төгрөг зөвшөөрч, үлдэх 2,000,000 төгрөгийг төлөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ түрээсийн гэрээ хэрэгжих боломжгүй болсонтой холбоотойгоор тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээгээр 5,000,000 төгрөгийг буцаан авахаар тохиролцсон гэж,

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...нийт 4,000,000 төгрөгөөр засвар хийсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байгаа тул засварын зардлын тал хувь болох 2,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг төлөхгүй гэж тус тус тайлбарласан.

 

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр С.Ариунаа нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилийн цэргийн гудамж, 16 дугаар, 1-2 тоотод байрлах 60 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг цайны газрын зориулалтаар 2 жилийн хугацаатай түрээслүүлэх, Г.******* нь сарын 1,100,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-4-5/

 

Дээрх гэрээгээр Г.******* нь гэрээ байгуулсан өдөр нийт 11,000,000 төгрөг төлөх, үүнээс 2,000,000 төгрөг нь засварын мөнгөнд суутгагдахаар тохиролцсоны дагуу С.Ариунаад 11,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банкны дансны хуулгаар тогтоогдсон. Нэхэмжлэгч нь Д.Алтанбагана гэх иргэний данснаас дээрх 11,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх ба хариуцагч нь Г.*******оос 11,000,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтад маргаагүй. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-т зааснаар гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлж болохоор заасан ба нэхэмжлэгч нь бусдын дансаар дамжуулж мөнгөн гүйлгээ хийснийг буруутгах үндэслэлгүй.

 

Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилийн цэргийн гудамж, 16 дугаар, 1-2 тоотод байрлах 60 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр С.Ариунаа нь бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр тогтоогдсон. /хх-6/

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж, 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.

 

Маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилийн цэргийн гудамж, 16 дугаар, 1-2 тоотод байрлах 60 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг Г.******* нь бүхэлд нь түрээслэсэн болох нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ, тэдгээрийн тайлбар зэргээр тогтоогдсон.

 

Зохигчид 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 56 дугаар зүйлийн 56.1.8-д тус тус зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ байна.

 

Хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан талууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар өгсөн авсан зүйлээ харилцан өгөх үүрэгтэй.

 

Талууд дээрх хүчин төгөлдөр бус түрээсийн гэрээний үр дагаврыг 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээгээр шийдвэрлэж, С.Ариунаа нь ...түрээсийн зөрүү, мөн үйлчилгээний газрын засварын зөрүү нийт 5,000,000 төгрөгийг Г.*******т хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна. Нэхэмжлэгч Г.******* нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилийн цэргийн гудамж, 16 дугаар, 1-2 тоотод байрлах 60 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч С.Ариунаад хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар талууд хэн аль нь тайлбарласан. /хх-3/

 

Хариуцагч С.Ариунаа нь дээрх төлбөр барагдуулах гэрээний дагуу түрээсийн төлбөрт шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөс 3,000,000 төгрөгийг төлнө, засварын зардалд нийт 4,000,000 төгрөг зарцуулагдсан болох нь зарлагын баримтуудаар тогтоогдоогүй, үүнээс бага үнийн дүн гарч байна, иймд засварын зардлын тал хувь болох 2,000,000 төгрөгийг төлөхгүй гэж маргасан нь үндэслэлгүй байна.

 

Хэргийн 28-39 дүгээр талд авагдсан зарлагын баримтуудаар нэхэмжлэгч Г.******* нь нийт 4,439,700 төгрөгийн үнийн дүн бүхий барилгын материал худалдан авсан болох нь тогтоогдож байна. Хариуцагч тал дээрх зарлагын баримтуудыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд зарцуулагдсан эсэх үйл баримтад маргаагүй, харин тухайн зарлагын баримтуудаар 4,000,000 төгрөг бус, 2,000,000 төгрөгийн хэмжээний засварын зардал гарсан байх тул төлөхгүй гэж маргасан.

 

Хариуцагч С.Ариунаа нь нэхэмжлэгч Г.*******оос гаргасан зардлаар өөрийн үл хөдлөх эд хөрөнгөдөө засан сайжруулалт хийлгэж, тухайн засварын үр шимийг авч үлдэх замаар хөрөнгө олж авсан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан.

 

Нэхэмжлэгч Г.******* нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхээр түрээсийн төлбөрт 9,000,000 төгрөг, засварын зардалд 4,000,000 төгрөг нийт 13,000,000 төгрөг зарцуулснаас 2019 оны 09, 10, 11, 12 дугаар саруудад үйл ажиллагаа явуулж, 2020 оны 01 дүгээр сараас хойш үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаагүй болох нь худалдагчийн өдөр тутмын тооцооны дэвтэрт тэмдэглэгдсэн цайны газрын үйл ажиллагаа явуулахдаа бүртгэсэн орлого, зарлагын он сарын тэмдэглэл, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна. Уг баримтыг хариуцагч тал үгүйсгэж маргаагүй.

 

Иймд дээрх нөхцөл байдал, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр талуудын хооронд байгуулагдсан өгсөн авсан зүйлээ буцаан шилжүүлэхтэй холбоотой байгуулсан төлбөр барагдуулах гэрээ гэх баримт, талуудын тайлбар зэргийг харьцуулан үзэхэд хариуцагч С.Ариунаа нь 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.*******т буцаан шилжүүлэх үүрэгтэй байна.

 

Хэргийн 40-51 дүгээр талд авагдсан зарлагын баримтууд нь цайны газрын үйл ажиллагаа явуулахтай холбоотой хүнсний бүтээгдэхүүн худалдан авсан баримтууд байх ба уг баримтууд нь талуудын маргааны зүйл хамааралгүй тул шүүх үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч С.Ариунаагаас 5,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ариунаагаас улсын тэмдэгтийн хураамжид 94,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ