Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2022/00225

 

 

 

 

 

 

 

2022 01 07

101/ШШ2022/00225

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Бурхантын 385 тоотод оршин суух Ноён овогт Мөнхбаатарын ******* /Регистрийн дугаар 0/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, Хөх тэнгэрийн гудамж, өөрийн байранд байрлах*******ОНӨААТҮГ /хуулийн этгээдийн хувийн хэргийн дугаар 0, регистрийн дугаар 0/-д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 17,679,410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Б-Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамгарав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2009 онд Ус сувгийн удирдах газрын механик засварын цехэд моторчиноор ажилд орж, 2014 онд Урьдчилан сэргийлэх байгууламжийн албанд тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 10 жил тасралтгүй ажиллаж байгаад 2019 оны 11 сарын 16-ны өдөр ажлаасаа халагдсан. Иймд миний бие ажлаас халсан тушаалыг эс зөвшөөрч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/00988 дугаар шийдвэрээр намайг тоног төхөөрөмжийн засварчний ажилд эгүүлэн тогтоож, 2019 оны 11 сарын 16-ны өдрөөс 2020 оны 03 сарын 24-ний өдрийг хүртэл 90 хоногийн цалинтай тэнцэх олговорт 4,028,284 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 сарын 20- ны өдрийн 1105 дугаар магадлал болон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2021 оны 05 сарын 25-ны өдрийн 001/ХТ2021/00516 дугаар тогтоолоор тус тус хэвээр нь үлдээж шийдвэрлэсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 сарын 24-ний өдрийг хүртэлх цалинтай тэнцэх олговрыг гаргуулахаар шийдвэрлэсэн ба түүнээс хойш ажилд буцан орсон үе хүртэлх цалинтай тэнцэх олговрыг нэхэмжилж байгаа болно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу 2020 оны 03 сарын 24-ний өдрөөс ажилд орсон өдөр болох 2021 оны 09 сарын 20-ны өдөр хүртэлх 18 сарын буюу 395 өдрийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 17,679,410 төгрөгийг*******ОНӨААТҮГ-аас гаргуулж өгнө үү. Нэг өдрийн дундаж цалин хөлс 44,758.72 төгрөг тул 18 сарын буюу 395 өдрийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 17,679,410 төгрөг болж байгаа гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ус сувгийн удирдах газрын зүгээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж 2019 оны 11 сарын 28-ны өдрөөс 2020 оны 03 сарын 24-ний өдөр хүртлэх ажилгүй байх хугацааны төлбөр буюу 4,028,284.8 төгрөгийг М.*******д төлсөн байгаа. Мөн нэхэмжлэгч нь хяналтын шатны тогтоол гарснаас хойш ажилдаа оролгүйгээр 2021 оны 09 сарын 20-ны өдөр хүртэл явсан нь ажил олгогчоос шалтгаалсан хугацаа биш юм. Анхан шатны шүүхийн шийдвэр 2020 оны 03 сарын 24-ний өдөр гарсан бөгөөд 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргасан Давж заалдах шатны шүүх хуулийн хугацаанд хэргийг шийдсэн магадлал 2020 оны 05 сарын 20-ны өдөр гарсан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдлоо гаргасан. Хяналтын шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 173.5, 174.1-д заасны дагуу нийтдээ 51 хоногийн дотор буюу 7 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө хэргийг хянан шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл хяналтын шатны шүүхийн тогтоол 2021 оны 05 сарын 25-ны өдөр буюу жилийн дараа гарсан бөгөөд манай байгууллага шүүхийн хариуцлагагүй хууль зөрчиж хэргийг удаан шийдсэн хугацааны төлбөрийг хариуцах боломжгүй юм. Иймд шүүх хуульд заасан хугацаанд тохирсон ажилгүй байх хугацаатай тэнцэх олговорыг зөвөөр тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

- нэхэмжлэгчээс цуглуулж өгсөн тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/00988 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1106 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2021/00516 дугаар тогтоол, Хаан банк дахь дансны хуулга зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

- хариуцагч бичгийн нотлох баримт гаргаагүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс 17,679,410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/00988 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1106 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2021/00516 дугаар тогтоолоор*******ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 11 сарын 28-ны өдрийн Б/969 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Бат-Эрдэнийг*******ОНӨААТҮГ-ын Урьдчилан цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийн засварчны ажилд эгүүлэн тогтоож,*******ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,028,284 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 3-22 дугаар тал/

 

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн хариуцагч*******ОНӨААТҮГ нь нэхэмжлэгч М.Бат-Эрдэнийг Урьдчилан цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийн засварчны албан тушаалд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр буцаан томилсон болох нь талуудын тайлбар, цалин олгосон талаарх баримтад мэдээлэл агуулсан дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны 05 дугаар сарын 14/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан хугацааны олговор нь ажил олгогчийн хууль бус тушаал, шийдвэрийн улмаас ажилтан албан үүргээ гүйцэтгэж, авах байсан цалин хөлсөө авч чадаагүй учраас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүртэл хугацаанд гаргуулах цалин хөлс байдаг тул ажилгүй байсан хугацааг ажил олгогчийн хууль бус тушаал гарч, ажилтан ажиллаагүй үеэс ажилд эгүүлэн тогтоолгох хүртэл хугацаагаар тодорхойлох журамтай.

 

Хэдийгээр ажил олгогчоос ажилтаныг ажилд эгүүлэн авсан тушаалыг бичгээр гаргаагүй байх боловч зохигчид ажилтныг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажилд нь эгүүлэн авсан үйл баримтад маргаагүй.

 

Ажилтан М.******* нь ажлаас үндэслэлгүй халагдсан өдрөөс хойш ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлсөө авсан байна. Одоо тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/00988 дугаар шийдвэр гарсан өдрөөс ажилдаа эгүүлэн томилогдсон 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацааны цалин гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч*******ОНӨААТҮГ нь Улсын дээд шүүх хэргийг хүлээн аваад шийдвэрлэлгүй байсаар 1 жилийн дараа хянан шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны өдөр нэмэгдсэн, манай байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх тайлбар үндэслэл бүхий биш байна. Учир нь ажилтаныг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөнтэй холбоотой хариуцагчийн буруутай үйлдлийн үр дагаварт хамааралтай юм.

 

Нөгөө талаар, 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дах хэсэгт зааснаар Улсын дээд шүүхийн шүүгч энэ хуулийн 15.2-т заасан танхимын аль нэгд харьяалагдах бөгөөд түүнийг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх өөр танхимын шүүн таслах ажиллагаанд оролцохыг хориглоно гэж заасан. Хариуцагчийг Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах үед 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Монгол Улсын Шүүхийн тухай хууль үйлчилж байсан ба Улсын дээд шүүхийн Иргэний танхимын бүрэлдэхүүн хүрэлцээгүйгээс иргэний хэргийн шүүх хуралдаан явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд Улсын дээд шүүхийн буруутай үйлдлийн улмаас ажилтаны ажилгүй байсан хугацааны хоног нэмэгдсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч М.Бат-Эрдэнийн нэг өдрийн дундаж цалин хөлс 44,758.72 төгрөг болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааг нийт 395 хоногоор тодорхойлж шаардсан нь үндэслэлгүй байна. 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нийт ажлын 370 хоног байна. Иймд хариуцагч*******ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 16,560,460 /44,758 х 370 хоног/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгох нь Хөдөлмөрийн тухай /1999 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлж, хариуцагч*******ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 16,560,460 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,118,950 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны 05 дугаар сарын 14/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 16,560,460 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,118,950 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 240,752 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ