Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 1250

 

М.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/458 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.Мд холбогдох эрүүгийн 2011 00036 0161 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

/;

 

1. М.М нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр:

- 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 16 дугаар гудамжны 211а тоотод оршин суух иргэн Ё.Огийн өвлийн байшингийн цонхыг түлхэн нэвтэрч эмэгтэй хүний бугуйн цаг, мөнгөн ээмэг, хүзүүний зүүлт, монетан ээмэг 5 хос, цагаан шигтгээтэй бөгж 1 ширхэг, “пондоро” бөгж бугуйвч, Монгол дээлэн дээр зүүдэг мөнгөн унждаг ээмэг 1 хос, битүү шигтгээтэй үсний хавчаар, шигтгээтэй гоёлын ээмэг 1 хос, битүү шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, гоёлын 3 ширхэг 6 ээмэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 670.300 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 10 дугаар сард тусгайлан хамгаалсан байр болох Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 16-211а тоот хашаанд байрлах Ё.Огийн гаражны цоожийг хөшиж нэвтрэн орж “Кенн” брендийн тасдагч багажийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 27.000 төгрөгийн хохирол учруулсан,

 - 2019 оны 12 дугаар сарын дундуур тусгайлан хамгаалсан байр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, 9-461 тоотод оршин суух иргэн З.Лгийн эзэмшлийн эд зүйлээ хадгалж байсан гэх байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж “32 инчийн Samsung загварын зурагт, эрэгтэй хүний 42 размерийн орос хромон гутал, индукцин плитка, тасдагч зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 481.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 7-407а тоотод оршин суух иргэн Х.Бын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч “Делл” загварын зөөврийн компьютерийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 170.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 2 дугаар сарын 9-ний өдөр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутагт байрлах “Цом трейд” үйлчилгээний төвийн 2 дугаар давхарын алт мөнгөний дархан Ш.Лхгийн ажлын байранд нэвтэрч орлогын 120.000 төгрөг, алт, монетны цуглуулга, монетан ээмэг бөгж зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.964.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-413 тоотод оршин суух Ч.Тын амины орон сууцны цонхоор нэвтрэн орж, “Acer” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.395.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-413 тоотод оршин суух Ч.Оы монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж 32 инчийн зурагт, “Toshiba” загварын зөөврийн компьютер, 2 ширхэг индүү зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 745.750 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 5.453.040 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас:

М.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч М.Мг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 5.453.040 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, М.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч М.Мд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, М.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан М.Мгаас нийт 3.379.750 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч М.Цд 170.000 төгрөг, Б.Шт 300.000 төгрөг, М.Мт 80.000 төгрөг, хохирогч Ш.Лхд 1.964.000 төгрөг, Ч.Тад 120.000 төгрөг, Ч.Од 745.750 төгрөгийг тус тус олгож, мөн иргэний хариуцагч Д.Эөөс хохирогч Ч.Тад 580.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би өөрийн хийсэн хэрэгт маш их гэмшиж, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би 1-2 настай, 2 хүүхэдтэй, эхнэр маань хүүхдүүдээ хардаг тул би гэр бүлээ тэжээдэг ганц хүн нь юм. Өөрийн буруутай үйлдлээс болж бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулж байгаа болно. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдлыг минь харгалзан үзэж эрүүгийн хуулийн хөнгөрүүлэх нөхцөлийг ашиглаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч М.Мгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолд М.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан үзнэ” гэсэн заалтын дагуу М.Мгийн хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлоосоо төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлээгүйд гомдолтой байна. Мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн  дэх хэсгийн 1.3 дахь заалтын дагуу тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой байна гэж үзэж байна. М.М нь эхнэр, бага насны хүүхдүүдээ тэжээн тэтгэдэг ганц хүн бөгөөд урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй ба өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч чин санаанаасаа гэмшиж байгаа болно. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг М.Мд холбогдох эрүүгийн 2011 00036 0161 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

М.М нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр:

- 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 16 дугаар гудамжны 211а тоотод оршин суух иргэн Ё.Огийн өвлийн байшингийн цонхыг түлхэн нэвтэрч эмэгтэй хүний бугуйн цаг, мөнгөн ээмэг, хүзүүний зүүлт, монетан ээмэг 5 хос, цагаан шигтгээтэй бөгж 1 ширхэг, “пондоро” бөгж бугуйвч, монгол дээлэн дээр зүүдэг мөнгөн унждаг ээмэг 1 хос, битүү шигтгээтэй үсний хавчаар, шигтгээтэй гоёлын ээмэг 1 хос, битүү шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, гоёлын 3 ширхэг 6 ээмэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 670.300 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 10 дугаар сард тусгайлан хамгаалсан байр болох Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 16-211а тоот хашаанд байрлах Ё.Огийн гаражны цоожийг хөшиж нэвтрэн орж “Кенн” брендийн тасдагч багажийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 27.000 төгрөгийн хохирол учруулсан,

 - 2019 оны 12 дугаар сарын дундуур тусгайлан хамгаалсан байр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, 9-461 тоотод оршин суух иргэн З.Лгийн эзэмшлийн эд зүйлээ хадгалж байсан гэх байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж “32 инчийн Samsung загварын зурагт, эрэгтэй хүний 42 размерийн орос хромон гутал, индукцин плитка, тасдагч зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 481.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 7-407а тоотод оршин суух иргэн Х.Бын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч “Делл” загварын зөөврийн компьютерийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 170.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 2 дугаар сарын 9-ний өдөр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутагт байрлах “Цом трейд” үйлчилгээний төвийн 2 дугаар давхарын алт мөнгөний дархан Ш.Лхгийн ажлын байранд нэвтэрч орлогын 120.000 төгрөг, алт, монетны цуглуулга, монетан ээмэг бөгж зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.964.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-413 тоотод оршин суух Ч.Тын амины орон сууцны цонхоор нэвтрэн орж, “Acer” загварын зөөврийн компьютер 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.395.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-413 тоотод оршин суух Ч.Оы монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж 32 инчийн зурагт, “Toshiba” загварын зөөврийн компьютер, 2 ширхэг индүү зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 745.750 төгрөгийн хохирол буюу нийт 7 удаагийн үйлдлээр  бусдын эд хөрөнгийг хулгайлж, нийт 5.453.040 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

эд зүйлээ хулгайд алдсан талаархи хохирогч Ё.О /1 хх 102/, хохирогч З.Л /1хх 132/, хохирогч Х.Б /1хх 167-169/, хохирогч Ш.Лх /1хх 207/, хохирогч Ч.Т /2 хх 18-21/, хохирогч Ч.О /2хх 24/ нарын мэдүүлэг,

хохирогчийн алдсан эд зүйлүүдийг гэрчилсэн гэрч Б.Сонинбаяр /1 хх 105/, гэрч П.Дөлгөөн /1хх 179/,

 

хохирогч Ё.Огийн хулгайд алдсан эд зүйл болох монетан хос ээмгүүдиийг М.М нэрээр барьцаалж мөнгө зээлсэн болохыг мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч М.Ц /1хх 36/, хохирогч Х.Бын хулгайд алдсан зөөврийн компьютерийг М.Мгаас худалдан авсан иргэний нэхэмжлэгч М.М /1хх 172/, хохирогч Ч.Тын хулгайд алдсан зөөврийн компьютерийг  худалдан авсан иргэний нэхэмжлэгч Д.Э / 2хх 27/, барьцаанд авсан Б.Ш /2 хх 31/ нарын мэдүүлэг,

 

хулгайлах хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх  50-51, 127-128, 160-164,  202-204, 248-257, 2хх 1-5/ ,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 14-16/,

хохирогч нарын эд зүйлүүдийг үнэлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 66, 109-110, 139-140, 181-182, 230-234, 2хх 38-39/,

 

хулгайд алдагдсан гэх улаан өнгийн цахилгаан тасдагчийг М.М гэгчээс хураан авч хохирогч З.Лд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /1хх 148/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Мгийн “...бусдын гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авч нийт 5,453,040 төгрөгийг хохирол учруулсан...” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн...” гэсэн шинжийг бүрэн агуулсан гэж дүгнэж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.    

 

Шүүгдэгч М.М нь шийтгэх тогтоолоор төлөхөөр заасан хохирлуудаас хохирогч Ч.Тын 120,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Мийн 80,000 төгрөг, “Тайгын булаг” ХХК-д буюу иргэний нэхэмжлэгч М.Цэдэндамбын 170,000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч Ш.Лх, иргэний нэхэмжлэгч Б.Ш нар нь “...хохирлоо бүрэн авсан. М.Мд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх наториатаар гэрчлүүлсэн хүсэлтийг тус тус давж заалдах шатны шүүхэд гаргаж байх зөвхөн хохирогч Ч.Оы хохирол 745,750 төгрөгийг хохирол л төлөгдөөгүй байна.       

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” гэж заасан тул бусдад урчуулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

 

Харин давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч М.Мгийн бусдад учруулсан хохирлоос бүхий л боломжоороо төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, цаашид хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлж байгаа, анх удаа гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээ 2 жилийн хугацаагаар хорих болгон багасгаж хөнгөрүүлэхээр шийдвэрлэж, шийтгэх тогтоолд холбогдох өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэлээ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/458 дугаартай шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “...2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад заасан хохирлуудаас иргэний нэхэмжлэгч М.Цд 170,000 төгрөг, Б.Шт 300,000 төгрөг, М.Мт 80,000 төгрөг, хохирогч Ш.Лхд 1,964,000 төгрөг, Ч.Тад 120,000 төгрөгийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө төлсөн болохыг дурдсугай.   

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.АЛДАР

                                            ШҮҮГЧ                                        Л.ДАРЬСҮРЭН

                                            ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ