| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 181/2020/00645/И |
| Дугаар | 001/ХТ2025/00101 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2025/00101
“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/05168 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2025/00434 дүгээр магадлалтай,
“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй
МУЗГ болон ЭЗХЯ нд холбогдох
Концессын гэрээний үүрэг болон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 16,549,918,635 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч ЭЗХЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т, МУЗГын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О, хариуцагч МУЗГын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, хариуцагч ЭЗХЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “П” ХХК нь хариуцагч МУЗГ болон ЭЗХЯнд холбогдуулан концессын гэрээний үүрэг болон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 16,549,918,635 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/05168 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч МУЗГ болон ЭЗХЯ нараас 8,431,690,009 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “П” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,118,228,626 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,000,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 90,357,630 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагч нараас 42,316,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2025/00434 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/05168 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч МУЗГаас 8,262,456,796 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “П” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,287,461,839 төгрөгийн шаардлага болон хариуцагч ЭЗХЯанд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...хариуцагч нараас ...” гэснийг “хариуцагч МУЗГаас” гэж, “...42,316,400 ...” гэснийг “41,470,234” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. ЭЗХЯны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.3-т заасны дагуу Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 сарын 07-ны өдрийн 210/МА2025/00434 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1-т “хариуцагч МУЗГаас 8,262,456,796 төгрөг олгох”-оор шийдвэрлэснийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Нэг. Концессын гэрээг хэрэгжүүлэх зорилгоор авсан зээлийн хэмжээг буруу тогтоосон тухайд
Давж заалдах шатны шүүх магадлалдаа “Талууд 2019.10.18-ны өдрийн Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл № 1-ээр Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай авто замын ажлын гүйцэтгэлийг дүгнэхдээ цалин, материалын, тээврийн гэх мэт шууд зардлын нийт дүнг 10,418,773,133 төгрөг, барилга угсралтын ажлын нийт дүнг 12,518,119,241 төгрөг зээлийн хүүг 8,118,228,626 төгрөг, ашиг буюу үйл ажиллагааны зардлыг 4,139,295,572 төгрөг, үүн дээр бусад зардал, татвар зэргийг нэмж, нэгтгээд нийт ажлын гүйцэтгэлийг 26,470,766,787 төгрөгөөр тооцож талууд баталгаажуулсан. Эдгээрээс зөвхөн барилга угсралтын ажилд зарцуулсан 12,518,119,241 төгрөгийг гэрээт ажлын нийт үнэ гэж үзэх боломжгүй юм. Иймээс зээлийн хүүг 12,518,119,241 төгрөгөөс тооцох, хохирлын хэмжээг замын барилга угсралтын зардлаас хувьчилж тооцох ёстой гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй” хэмээн дүгнэсэн байна.
Өөрөөр хэлбэл шүүхээс дээр дурдсан дүгнэлтийг хийснээр хариуцагчийн концессын гэрээний хүрээнд хариуцах үндсэн зээлийн хэмжээ болон хүүг буруу тооцоолж, улмаар хүүгийн хохирлын хэмжээг үндэслэлгүй нэмэгдүүлж тооцсон. Тухайлбал, хугацаа хэтрүүлсэн үүргийн зөрчилтэй холбоотой зээлийн хүүгийн хохирлыг тооцох тохиолдолд тухайн зээлийг үндсэн гэрээг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай зээл байсан эсэхийг анхаарч үзэх шаардлагатай.
“П” ХХК-ийн тухайд 2016.07.04-ний өдрийн “Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам төсөл”-ийн Зураг төсөл боловсруулах-Барих-Шилжүүлэх (DВТ) концессын гэрээ”-ний дагуу 63 км авто замыг 75,600,000,000 төгрөгөөр барьж гүйцэтгэх байсан боловч талууд харилцан тохиролцсоноор уг гэрээний цар хүрээг хумин 2017.03.30-ны уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам төсөл хэрэгжүүлэх байсныг Дархан- Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 хатуу хучилттай авто зам болгон ажлын цар хүрээг бууруулсан ба төсөвт өртгийг 75,600,000,000 төгрөг байсныг мөн 26,640,000,000 төгрөг болгон бууруулсан.
Тус концессын гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр шинэчлэн тусгасан 26,640,000,000 төгрөгийн төсөвт өртгийг тооцоолохдоо “А” ХХК-ийн гүйцэтгэх, тэргүүлэх төсөвчин Д.Эгийн 2016.07.26-ны өдөр хянасан “Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын төсөв”-т тусгагдсаныг үндэслэн тогтоосон. Уг авто замын барилгын ажлын төсөвт Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн авто замыг 14,334,209,739 төгрөгөөр хийж гүйцэтгэх тооцоолол гаргаж баталгаажуулсан ба концессын гэрээний нэмэлт, өөрчлөлтийг байгуулахдаа 14,334,209,739 төгрөгийн үндсэн ажлын зардал дээр нэмж үнийн “П” ХХК-ийн ашиг, татвар болон зээлийн хүү зэргийг нэмж 26,640,000,000 төгрөгөөр төсөвт өртгийг тооцсон. Гэтэл “П” ХХК нь төслийн нийт өртөг болох 26,640,000,000 төгрөгөөс давсан буюу 32,000,000,000 төгрөгийн зээлийг “У банк”-аас авч 17,000,000,000 төгрөгийг буцаан төлсөн гэх хэдий ч түүний дараагаар ажлын цар хүрээг нэмэгдүүлэх, анх байгуулагдсан гэрээний дагуу үргэлжлүүлэх эсэх талаар тохиролцоогүй, ямарваа нэгэн хэлцэл хийгээгүй байхад 2017.01.16-ны өдөр 10,000,000,000 төгрөгийн зээлийг нэмж авсан болно. Өөрөөр хэлбэл “П” ХХК нь 14,334,209,739 төгрөгийн ажил хийж гүйцэтгэхэд 24,080,000,000 төгрөгийн зээлийг банкнаас авсан.
Мөн түүнчлэн дээрх 24,080,000,000 төгрөгийн зээлийг Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай авто замын ажилд бүхэлд нь зарцуулсан гэж нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүх хурлын үеэр маргасан хэдий ч энэ талаар ямар нэгэн нотлох баримт хэргийн материалд авагдаагүй болно. Харин “П” ХХК-ийн зүгээс Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай авто замын ажлыг хийж гүйцэтгэхдээ 12,518,119,241 төгрөгийг зарцуулсан хэмээн авто замын барилга угсралтын ажил дууссаны дараагаар буюу 2019.10.18-ны өдөр гүйцэтгэл гаргаж ирүүлснийг талууд харилцан баталгаажуулсныг анхааран үзэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл бодит байдал дээр Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай авто замын ажлыг хийж гүйцэтгэхдээ “П” ХХК нь 12,518,119,241 төгрөгийг зарцуулсан ба үүнээс хэтрүүлэн зээл авах шаардлагагүй байсан болно.
Харамсалтай нь анхан болон давж заалдах шатны шүүхээс 2019.10.18-ны өдрийн Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл №1-ээр Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай авто замын ажлыг хийж гүйцэтгэхдээ 12,518,119,241 төгрөгийг зарцуулсан хэмээн "П” ХХК-аас тайлагнасныг талууд харилцан баталгаажуулсан байгааг харгалзан үзэлгүйгээр 24,080,000,000 төгрөгийн зээлийг бүхэлд нь барилга угсралтын ажилд зарцуулсан хэмээн үзэж хариуцагчийн концессын гэрээний хүрээнд хариуцах үндсэн зээлийн хэмжээ болон хүүг буруу тооцоолж, улмаар үндэслэлгүй хэмжээгээр хүүгийн хохирлыг тооцон хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ.
Иймд хариуцагчийг концессын гэрээний эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлсэн гэж үзэж "П” ХХК-ийн зээлийн хүүгийн хохирлыг тооцохдоо тухайн төсөлд зарцуулсан 12,518,119,241 төгрөгийн зээлээс хүүг нь тооцоолох ёстой.
Хоёр. Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай авто замын концессын гэрээг хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор “П” ХХК-д бодитоор учирсан хүүгийн хохирлын тухайд
“П” ХХК-ийн тухайд Улаанбаатар хотын банкнаас 24,080,000,000 төгрөгийн зээл авч уг зээлийн 78.65 хувьтай тэнцэх зээлийн хүү буюу 16,380,685,422 төгрөгийг банканд төлсөн байна. Үүнийг “П” ХХК-ийн концессын гэрээг хэрэгжүүлэх зорилгоор зарцуулсан зээл буюу хариуцагч МУЗГ болон ЭЗХЯ-ны хариуцах 12,518,119,241 төгрөгийн зээлд хөрвүүлбэл 9,845,500,783 төгрөгийн хүүг Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай авто замын концессын гэрээг хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор банканд төлсөн байна.
Мөн түүнчлэн “П” ХХК-ийн концессын гэрээг хэрэгжүүлэх зорилгоор банканд төлсөн 9,845,500,783 төгрөгийн зээлийн хүүгээс 8,118,228,626 төгрөгийг концессын гэрээний нийт өртөг буюу 26,640,000,000 төгрөгт концессын гэрээг хэрэгжүүлэхэд шаардлагатай зээлийн хүү хэмээн шингээн тусгасан.
Иймд “П” ХХК-ийн концессын гэрээг хэрэгжүүлэх зорилгоор банканд төлсөн 9,845,500,783 төгрөгийн зээлийн хүүгээс концессын гэрээний төсөвт өртөгт зээлийн хүү хэмээн тусгасан 8,118,228,626 төгрөгийг хасаж бодит учирсан хохирлыг тооцох нь зүйтэй.
Гурав. Хуулийг Улсын дээд шүүхийн тайлбар, тогтоолоос зөрүүтэй хэрэглэсэн тухайд
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2025/00434 дүгээр магадлалаар, нэхэмжлэгч “П” ХХК-ийн зээлийн хүүгийн зардлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирол гэж дүгнэж, 8,262,456,796 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шийдвэр гаргасан нь Улсын Дээд шүүхийн тайлбар, хууль хэрэглээтэй зөрчилдөж байна. Тухайлбал, Улсын Дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2024/00242 дугаар иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолд “...“М” ХХК-ийг энэ гэрээтэй холбогдуулан зээл авсан, зээлийн мөнгөн хөрөнгийг энэ гэрээнд зарцуулсан, хариуцагч үүрэг гүйцэтгээгүйн улмаас хохирол учирсан гэх үйл баримт хангалттай тогтоогдохгүй...” гэж дүгнэж, хүүгийн хохирлыг хариуцагчаас гаргуулахаас татгалзсан.
Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүх тухайн шийдвэрээр зээлийн гэрээ нь маргаан бүхий гэрээтэй шалтгаант холбоотой, мөнгөн хөрөнгийг маргаан бүхий гэрээний биелэлтэд шууд зарцуулсны улмаас тухайн хохирол үүссэн нь баримтаар бүрэн нотлогдсон тохиолдолд л нөхөн төлүүлэх боломжтой гэж үзсэн байдаг. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2 болон Шүүхийн тухай хуулийн 25.7.5-д заасан “хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах” шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.
Дөрөв. Улсын дээд шүүхийн өмнөх хяналтын шийдвэрээр тавьсан шаардлагад нийцэхгүй тухайд
Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ2022/01074 дүгээр тогтоолд тус маргааны хүрээнд дараах дүгнэлтийг хийсэн байдаг. “... зээлийн хүүгийн тооцоолол концесс эзэмшигчийн төсвийн тооцоололд орсон байх магадлалтай байх ба энэ үйл баримтыг тогтооход шаардлагатай нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагчийн татгалзлын үндэслэл аль аль нь бүрэн тогтоогдоогүй тул эргэлзээгүй хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байна. Зээлийн хүүгийн тооцоолол анхнаасаа концессын гэрээний төсвийн задаргаанд багтсан эсэхийг анхаарах шаардлагатай бөгөөд энэ нь хүүг хохиролд тооцох эсэх, хэрэв тооцохоор бол ямар хэмжээгээр тооцоход ач холбогдол бүхий үйл баримт мөн.
Түүнчлэн Худалдаа хөгжлийн банкнаас ирүүлсэн тодорхойлолтын хүрээнд нэхэмжлэгчээс төлсөн хүүгийн хэмжээг шууд хохиролд тооцох боломжгүй. Зээлийн зориулалт, авсан зээлийн хэмжээ, төлөлт хийсэн байдал болон гэрээний үүргийн зөрчлийн харилцан уялдаа холбоог анхааран шалгах шаардлагатай. Хүүгийн төлбөр хэдий хугацаанд үргэлжилж байгаа энэ хугацаа гэрээний үүргийн зөрчлийн хугацаатай хэрхэн уялдаж буй нь хохирол учирсан эсэх, хохирлын хэмжээ үндэслэлтэй эсэхэд нөлөөлөх юм."
Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд Концессын гэрээний нийт төсөвт өртөг болох 26,640,000,000 төгрөгт шингэсэн 8,118,228,626 төгрөгийн зээлийн хүүгийн зардлыг “П” ХХК-ийн нийт авсан зээлийн хүүгээс хасаж буй тооцож буй нь Улсын дээд шүүхийн дээрх хяналтын тогтоолын хууль хэрэглээний логик, нотолгооны шаардлага, шалтгаант холбооны шалгууртай нийцэхгүй байна.
Иймд Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 сарын 07-ны өдрийн 210/МА2025/00434 дугаартай магадлалаар хариуцагч МУЗГаас 8,262,456,796 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. МУЗГын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй МУЗГ, ЭЗХЯанд тус тус холбогдох иргэний хэрэгт МУЗГын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т зааснаар энэхүү хяналтын журмаар гомдол гаргасан болно.
Нэг. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах асуудлын хүрээнд:
Анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Тодруулбал, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг концессын гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй буюу хугацаа хэтрүүлсний улмаас учирсан хохирол гэж нэхэмжилж байгаа тул Иргэний хуулийн Арван долоодугаар бүлгийн хоёрдугаар дэд бүлэгт “Хугацаа хэтрүүлснээс үүсэх үр дагавар”-ыг нарийвчлан зохицуулсан бөгөөд хуулийн 222-224 дүгээр зүйлийг тайлбарлан хэрэглэж, тус хэргийг шийдвэрлэх ёстой. Өөрөөр хэлбэл, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, харин талууд тус үүргийг хэрэгжүүлэхдээ хугацаа хэтэрсэн эсэх, хугацаа хэтэрсэн нь үүрэг гүйцэтгэгчээс шалтгаалсан эсэх, үүний улмаас үүрэг гүйцэтгүүлэгчид хохирол учирсан эсэх талаар маргаж байгаа тул шууд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т "Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэснийг-дангаар хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-т хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлийг зааж, мөн зүйлийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан. “Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалан хийд чиглэлийн 63 км хатуу хучилттай авто замын төсөл”-ийн концессын гэрээг 2016.07.04-ний өдөр байгуулсан бөгөөд гэрээний 1.12-т “Концесс эзэмшигч нь энэхүү гэрээний 1.3.1-1.3.3-т заасан авто замыг 2016.12.31-ний өдрөөс өмнө дараах ажлыг хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон”. Үүнд:
Харин концессын гэрээний 1.16, 2.10-т зааснаар дээрх дурдсан ажлыг хүлээлгэн өгснөөс хойш 2017-2019 онд гэрээт ажлын төлбөрийг төлөх ёстой байсан боловч гэрээт ажлыг дээрх хугацаанд хүлээлгэн өгөөгүй.
Монгол Улсын Их Хурлын 2017.04.14-ний өдрийн 29 дүгээр “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоол гарч, тогтоолын 1.7-д “Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй концессын "барих-шилжүүлэх" төрлөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнд хөндлөнгийн аудит хийж, аудитын дүгнэлт гарах хүртэлх хугацаанд санхүүжилтийг түр хойшлуулах” гэж заасан.
Тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.51, 15.1.82-д заасныг үндэслэн “Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалан хийд чиглэлийн 63 км хатуу хучилттай авто замын төсөл”-д Үндэсний аудитын газраас аудит орсон бөгөөд 2019 оны 02 сард дүгнэлт гарч, тус дүгнэлтээр. 2,1 тэрбум төгрөгийг суутган тооцох, мөн үлдэгдэл санхүүжилтийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулсны дараа санхүүжүүлэхийг даалгасан. Үндэсний аудитын газраас холбогдох асуудлаар хуулийн байгууллагад гомдол гаргаж, тус гомдлыг Нийслэлийн прокурорын газрын 2019.09.11-ний өдрийн 475 дугаар тогтоолоор хаасан байдаг ба энэ талаар хариуцагчид 2019.10.29-ний өдрийн 1/7075 дугаар албан бичгээр мэдэгдсэн байдаг. Иймд гэрээнд заасан хугацаа буюу 2017-2019 онд МУЗГ буюу гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагаас үл шалтгаалан гэрээт ажлын төлбөрийг шилжүүлэх боломжгүй байсан.
Түүнчлэн Аудитын хяналт шалгалтыг нэхэмжлэгчийн төслийн үйл ажиллагаанд хийсэн бөгөөд энэ талаар нэхэмжлэгч мэдэж байсан боловч аудитын дүгнэлтээр тогтоогдсон акт, зөвлөмжтэй маргахгүй байсаар 2020 оны сүүлээр Үндэсний аудитын газрын дүгнэлттэй холбогдуулан нэхэмжлэгч “П” ХХК-ийн зүгээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, Тус шүүхээс 2021.03.17-ны өдөр “аудитын дүгнэлтийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн болно. Иймээс тус шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд үндэсний аудитын дүгнэлтэд дурдсан 2.1 тэрбум төгрөгийг шилжүүлэх боломж хариуцагчид байхгүй.
Гэтэл Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс гэрээнд заасан үүрэг зөрчигдсөн нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалахгүй байхад Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.2, 222.7 дахь хэсгийн зохицуулалтын эрх зүйн ач холбогдлыг бууруулж, хэрэглэх ёстой хэм хэмжээг Тайлбарлан хэрэглэхгүйгээр хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
1.2. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, хүү тооцоолсон.
Давж заалдах шатны шүүх магадлалдаа “Талууд 2019.10.18-ны өдрийн “барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл № 1-ээр Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай авто замын ажлын гүйцэтгэлийг дүгнэхдээ цалин, материалын, тээврийн гэх мэт шууд зардлын нийт дүн 10,418,773,133 төгрөг, барилга угсралтын ажлын нийт дүн 12,518,119,241 төгрөг зээлийн хүү 8,118,228,626 төгрөг ашиг буюу үйл ажиллагааны зардал 4,139,295,572 төгрөгийг болон бусад зардал, татвар зэргийг нэмж, нэгтгээд нийт ажлын гүйцэтгэлийг 26,470,766,787 төгрөгөөр тооцож талууд баталгаажуулсан. Эдгээрээс зөвхөн барилга угсралтын ажилд зарцуулсан 12,518,119,241 төгрөгийг гэрээт ажлын нийт үнэ гэж үзэх боломжгүй юм. Иймээс зээлийн хүүг 12,518,119,241 төгрөгөөс тооцох, хохирлын хэмжээг замын барилга угсралтын зардлаас хувьчилж тооцох ёстой гэх хариуцагчийн- итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй” хэмээн дүгнэсэн байна.
Өөрөөр хэлбэл шүүхээс дээр дурдсан дүгнэлтийг хийснээр хариуцагчийн концессын гэрээний хүрээнд хариуцах үндсэн зээлийн хэмжээ болон хүүг буруу тооцоолж, улмаар үндэслэлгүй хэмжээгээр хүүгийн хохирлын хэмжээг нэмэгдүүлж тооцсон. Гэрээний үүргийн зөрчлөөс учирсан хохирлыг тогтооход үүрэг гүйцэтгэгчийн үүргийн зөрчил байхыг шаардах төдийгүй тухайн хохирол нь үүрэг гүйцэтгүүлэгч тухайн гэрээг хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор үүссэн байх шаардлагатай. Энэ нь үүрэг гүйцэтгэгчийн үүргийн зөрчилтэй холбоотойгоор хүлээх хариуцлагыг үндэслэлгүй бөгөөд хязгааргүй хэмжээгээр нэмэгдэхээс сэргийлдэг онцлогтой. Тухайлбал, хугацаа хэтрүүлсэн үүргийн зөрчилтэй холбоотой зээлийн хүүгийн хохирлыг тооцох тохиолдолд тухайн зээлийг үндсэн гэрээг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай зээл байсан эсэхийг зайлшгүй анхаарч үзэх шаардлагатай.
“П” ХХК-ийн тухайд 2016.07.04 ний өдрийн ““Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам төсөл”-ийн Зураг төсөл боловсруулах-Барих-Шилжүүлэх (DВТ) концессын гэрээ”-ний дагуу 63 км авто замыг 75,600,000,000 төгрөгөөр барьж гүйцэтгэх байсан боловч талууд харилцан тохиролцсоноор уг гэрээний цар хүрээг хумин 2017.03.30-ны уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам төсөл хэрэгжүүлэх байсныг Дархан- Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай автозам болгон ажлын цар хүрээг бууруулсан ба төсөвт өртгийг 75,600,000,000 төгрөг байсныг мөн 26,640,000,000 төгрөг болгон бууруулсан.
Тус концессын гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр шинэчлэн тусгасан 26,640,000,000 төгрөгийн төсөвт өртгийг тооцоолохдоо "А” ХХК-ийн гүйцэтгэж, тэргүүлэх төсөвчин Д.Эгийн 2016.07.26-ны өдөр хянасан "Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын төсөв”-т тусгагдсаныг үндэслэн тогтоосон. Уг авто замын барилгын ажлын төсөвт Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн авто замыг 14,334,209,739 төгрөгөөр хийж гүйцэтгэх тооцоолол гаргаж баталгаажуулсан ба концессын гэрээний нэмэлт, өөрчлөлтийг байгуулахдаа 14,334,209,739 төгрөгийн үндсэн ажлын зардал дээр "П” ХХК-ийн ашиг, татвар болон зээлийн хүү зэргийг нэмж 26,640,000,000 төгрөгөөр төсөвт өртгийг тооцсон. Гэтэл "П” ХХК нь төслийн нийт өртөг болох 26,640,000,000 төгрөгөөс давсан буюу 32,000,000,000 төгрөгийн зээлийг “У банк”-аас авч 17,000,000,000 төгрөгийг буцаан төлсөн гэх хэдий ч түүний дараагаар ажлын цар хүрээг нэмэгдүүлэх, анх байгуулагдсан гэрээний дагуу үргэлжлүүлэх эсэх талаар тохиролцоогүй, ямарваа нэгэн хэлцэл хийгээгүй байхад 2017.01.16-ны өдөр 10,000,000,000 төгрөгийн зээлийн нэмж авсан болно. Өөрөөр хэлбэл “П” ХХК нь 14,334,209,739 төгрөгийн ажил хийж гүйцэтгэхэд 24,080,000,000 төгрөгийн зээлийг банкнаас авсан.
Мөн түүнчлэн дээрх 24,080,000,000 төгрөгийн зээлийг Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай авто замын ажилд бүхэлд нь зарцуулсан гэж нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүх хурлын үеэр маргасан хэдий ч энэ талаар ямар нэгэн нотлох баримт хэргийн материалд авагдаагүй болно. Харин "П” ХХК-ийн зүгээс Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай авто замын ажлыг хийж гүйцэтгэхдээ 12,518,119,241 төгрөгийг зарцуулсан хэмээн авто замын барилга угсралтын ажил дууссаны дараагаар буюу 2019.10.18-ны өдөр гүйцэтгэл гаргаж ирүүлснийг талууд, харилцан баталгаажуулсныг анхааран үзэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл бодит байдал дээр /Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай авто замын ажлыг хийж гүйцэтгэхдээ “П” ХХК нь 12,518,119,241 төгрөгийг зарцуулсан ба үүнээс хэтрүүлэн зээл авах шаардлагагүй байсан болно.
Харамсалтай нь анхан болон давж заалдах шатны шүүхээс 2019.10.18-ны өдрийн Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл №1-ээр Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай авто замын ажлыг хийж гүйцэтгэхдээ 12,518,119,241 төгрөгийг зарцуулсан хэмээн “П” ХХК-аас тайлагнасныг талууд харилцан баталгаажуулсан байгааг харгалзан үзэлгүйгээр 24,080,000,000 төгрөгийн зээлийг бүхэлд нь барилга угсралтын ажилд зарцуулсан хэмээн үзэж хариуцагчийн концессын гэрээний хүрээнд хариуцах үндсэн зээлийн хэмжээ болон хүүг буруу тооцоолж, улмаар үндэслэлтэй хэмжээгээр хүүгийн хохирлыг тооцон ; хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ.
Иймд хариуцагчийг концессын гэрээний эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлсэн гэж үзэж “П” ХХК-ийн зээлийн хүүгийн хохирлыг тооцохдоо тухайн төсөлд зарцуулсан 12,518,119,241 төгрөгийн зээлээс хүүг нь тооцоолох ёстой.
Хоёр. Хуулийг Улсын дээд шүүхийн тайлбар, тогтоолоос зөрүүтэй хэрэглэсэн тухайд
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2025/00434 дүгээр магадлалаар, нэхэмжлэгч “П” ХХК-ийн зээлийн хүүгийн зардлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирол гэж дүгнэж, 8,262,456,796 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шийдвэр гаргасан нь Улсын Дээд шүүхийн тайлбар, хууль хэрэглээтэй зөрчилдөж байна. Тухайлбал, Улсын Дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2024/00242 дугаар иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолд “... М ХХК-ийг энэ гэрээтэй холбогдуулан зээл авсан, зээлийн мөнгөн хөрөнгийг энэ гэрээнд зарцуулсан, хариуцагч үүрэг гүйцэтгээгүйн улмаас хохирол учирсан гэх үйл баримт хангалттай тогтоогдохгүй...” гэж дүгнэж, хүүгийн хохирлыг хариуцагчаас гаргуулахаас татгалзсан.
Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүх тухайн шийдвэрээр зээлийн гэрээ нь маргаан бүхий гэрээтэй шалтгаант холбоотой, мөнгөн хөрөнгийг маргаан бүхий гэрээний биелэлтэд шууд зарцуулсны улмаас тухайн хохирол үүссэн нь баримтаар бүрэн нотлогдсон тохиолдолд л нөхөн төлүүлэх боломжтой гэж үзсэн байдаг.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2 болон Шүүхийн тухай хуулийн 25.7.5-д заасан “хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах” шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.
Гурав. Улсын дээд шүүхийн өмнөх хяналтын шийдвэрээр тавьсан шаардлагад нийцэхгүй тухайд
Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ2022/01074 дүгээр хяналтын шатны тогтоолд тус маргааны хүрээнд дараах дүгнэлтийг хийсэн байдаг.
“... зээлийн хүүгийн тооцоолол концесс эзэмшигчийн төсвийн тооцоололд орсон байх магадлалтай байх ба энэ үйл баримтыг тогтооход шаардлагатай нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагчийн татгалзлын үндэслэл аль аль нь бүрэн тогтоогдоогүй тул эргэлзээгүй хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байна. Зээлийн хүүгийн тооцоолол анхнаасаа концессын гэрээний төсвийн задаргаанд багтсан эсэхийг анхаарах шаардлагатай бөгөөд энэ нь хүүг хохиролд тооцох эсэх, хэрэв тооцохоор бол ямар хэмжээгээр тооцоход ач холбогдол бүхий үйл баримт мөн.
Түүнчлэн Х банкнаас ирүүлсэн тодорхойлолтын хүрээнд нэхэмжлэгчээс төлсөн хүүгийн хэмжээг шууд хохиролд тооцох боломжгүй. Зээлийн зориулалт, авсан зээлийн хэмжээ, төлөлт хийсэн байдал болон гэрээний үүргийн зөрчлийн харилцан уялдаа холбоог анхааран шалгах шаардлагатай. Хүүгийн төлбөр хэдий хугацаанд үргэлжилж байгаа энэ хугацаа гэрээний үүргийн зөрчлийн хугацаатай, хэрхэн уялдаж буй нь хохирол учирсан эсэх, хохирлын хэмжээ үндэслэлтэй эсэхэд нөлөөлөх юм."
Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд Концессын гэрээний нийт төсөвт өртөг болох 26,640,000,000 төгрөгт шингэсэн 8,118,228,626 төгрөгийн зээлийн хүүгийн зардлыг “П” ХХК-ийн нийт авсан зээлийн хүүгээс хасаж тооцож буй нь Улсын дээд шүүхийн дээрх хяналтын тогтоолын хууль хэрэглээний логик, нотолгооны шаардлага, шалтгаант холбооны шалгууртай нийцэхгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн. 172.2.1, 172.2.3-т заасан үндэслэлээр гомдлыг хүлээн авч хэлэлцэж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
6. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 001/ШХТ2025/00507 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагч МУЗГын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, ЭЗХЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т нарын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
ХЯНАВАЛ
7. Хариуцагч ЭЗХЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т, МУЗГын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдов.
8. Нэхэмжлэгч “П” ХХК нь хариуцагч МУЗГ болон ЭЗХЯанд тус тус холбогдуулан 16,549,918,635 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шаардлагын үндэслэлээ “... Манай компани ... нэхэмжлэгч МУЗГыг төлөөлж МУЗГын хэрэгжүүлэгч агентлаг ХОГтай концессын гэрээ байгуулж ... Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу, хучилттай авто зам ... нэгдүгээр хэсгийн 5 км авто замыг 2017.06.27-ны өдөр, хоёрдугаар хэсгийн 17.2 км авто замыг 2017.08.31-ний өдөр тус тус улсын комисст хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн. Гэвч хариуцагч нь гэрээнд заасан 26,400,000,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөх үүргээ хугацаанд нь биелүүлэлгүй 769 хоног хэтрүүлэн 2,600,000,000 төгрөг, 1694 хоног хэтрүүлэн 9,000,000,000 төгрөг, 2,088 хоног хэтрүүлэн 14,870,766,787 төгрөгийг тус тус өгч, 169,233,213 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Бид концессын замын барилгын ажлыг гүйцэтгэсний төлөө банкинд 24,080,000,000 төгрөгийн үндсэн зээл, 18,940,985,422.53 төгрөгийн зээлийн хүү, нийт 43,020,685,422.53 төгрөгийг зарцуулсан буюу концеcсын гэрээнд заасан 26,400,000,000 төгрөгөөс 16,380,685,422.53 төгрөгийн илүү зардал гаргаж хохирсон. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар МУЗГ болон ЭЗХЯнаас концессын гэрээний үүрэгт 169,233,213 төгрөг, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс учирсан хохирол 16,380,685,422.53 төгрөг, нийт 16,549,918,635.53 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.” гэж тодорхойлсон.
9. Хариуцагч МУЗГ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... 2016.07.04-ний өдрийн концессын гэрээний 1.12-т зааснаар концесс эзэмшигч 2016.12.31-ний өдөр гэрээний дагуу ажлаа хүлээлгэж өгөх байсан. Ажлаа хийгээгүй шалтгаанаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, [ажил ба үнийг] багасгасан. Газрын трасстай холбоотой асуудлаа шийдвэрлэх нь концесс эзэмшигчийн үүрэг байсан тул МУЗГт гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн асуудал байхгүй. Концесс эзэмшигч ажлыг гүйцэтгэхдээ өөрийн хөрөнгөөр эсхүл боломжит хөрөнгөөр өөрөө босгож хийхээр гэрээнд заасан учир хохирол шаардах эрхгүй. ... талууд ... концесс эзэмшигч 26,470,760,787 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн гэж 2019.10.18-ны өдөр харилцан тохиролцож баталгаажуулсан. Бараа материалын зардал болон холбогдох бусад зардал нь 169,233,213 төгрөгөөр бага гарсан учраас уг дүн хасагдсан. Нэхэмжлэгч нь ... зээлийн хүү төлж хохирсон гэх боловч тооцоолол байхгүй. Мөн концесс эзэмшигчийн хүсэлтээр 2020-2023 оны хугацааны татвар, нийгмийн даатгалын өрийг концессын төлбөрөөс хасаж тооцсон. ...” гэж тодорхойлсон.
10. Хариуцагч ЭЗХЯ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Концессын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Концессын гэрээнд өөрөөр заагаагүй бол концессыг хэрэгжүүлэхэд учирсан аж ахуйн үйл ажиллагааны эрсдэлийг концесс эзэмшигч бүрэн хариуцна” гэж заасан ба талууд хохирол эрсдэлийг хэрхэн хуваарилах талаар гэрээгээр тохиролцоогүй тул “П” ХХК хүүгээс үүдэх нэмэлт эрсдэлийг бүрэн хариуцахаар байна. Концесс эзэмшигч “П” ХХК нь төслийн нийт өртөг 26,640,000,000 төгрөгөөс давсан буюу 32,000,000,000 төгрөгийн зээлийг Улаанбаатар хотын банкнаас авч 17,000,000,000 төгрөгийг буцаан төлсөн гэх боловч ажлын цар хүрээг нэмэгдүүлэх, анх байгуулагдсан гэрээний дагуу үргэлжлүүлэх эсэх талаар тохиролцоогүй, ямар нэгэн амаар болон бичгээр хэлцэл хийгээгүй байхад 2017.02.26-ны өдөр 10,000,000,000 төгрөгийн зээлийг нэмж авч, түүнээс үүдэх хүүгийн төлбөрийг МУЗГаас нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т заасантай нийцэхгүй. Иймд Концесс эзэмшигч нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс учирсан хохирол гэх 16,380,685,422.53 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжлэх эрхгүй. Мөн нэхэмжлэгч нь 169,233,213 төгрөгийн зөрүүг ажлын гүйцэтгэлд үндэслэн хасаж санхүүжилт олгохыг 2023.06.29-ний өдрийн Гэрээ дүгнэсэн актаар хүлээн зөвшөөрч баталгаажуулсан тул тус төлбөрийг шаардах эрхгүй.” гэж тодорхойлсон.
11. Анхан шатны шүүх хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 8,431,690,009 төгрөгийг хангаж, үлдэх 8,118,228,626 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлдээ “... Гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэж, хүлээлгэн өгөх үүргийг нэхэмжлэгч биелүүлсэн, хариуцагч нар ажлыг хүлээн авсан, санхүүжилтийг гэрээнд заасан хугацаанд олгоогүй, хугацаа хэтрүүлж олгосон үйл баримт тогтоогдсон. Нэхэмжлэгч “П” ХХК нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар концессын гэрээний үүргээ гүйцэтгэхийг хариуцагч нараас шаардах эрхтэй. Хэрэгт авагдсан баримтаар зээлийн хүүгийн зардал, төсөвт өртгийг тооцоолоход нийт 27,325,695,377 төгрөг гэж тодорхойлсныг үндэслэн талууд үндсэн гэрээний 1.10-д Гэрээний үнийг 26,640,000,000 төгрөг гэж харилцан тохиролцсон байх ба Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 189.2, 189.3-т зааснаар тус гэрээ хүчин төгөлдөр байна. Иймд гэрээний үлдэгдэл 139,233,213 төгрөгийг нэхэмжлэгч “П” ХХК-д олгох үндэслэлтэй. ... 2017.01.16-ны өдөр №ЗНГ9101/170116/1/ дугаартай зээлийн гэрээнд нэмэлт оруулах тухай гэрээг байгуулж, жилийн 16.8 хувь гэснийг 24 хувь болгон өөрчилж, 2017.01.16-ны байдлаар 15,000,000,000 төгрөг байгааг 25,000,000,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн нь баримтаар тогтоогдсон. Хариуцагчаас гэрээнд заасны дагуу санхүүжилтийг хугацаа алдаж олгосон үйл баримт тогтоогдсон учир нэхэмжлэгчийг нэмэлт зээл авч ажлыг хугацаанд нь доголдолгүй хийж гүйцэтгэж, хүлээлгэн өгсөнтэй холбоотойгоор буруутгах үндэслэл болохгүй. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.4, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн хохирол шаардах эрх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасанд хамаарна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон 16,380,685,422.53 төгрөгөөс талуудын төсөвт багтаан тооцсон /зээлийн хүү/ 8,118,228,626 төгрөг олгогдсон тул хасаж, үлдэх 8,262,456,796 төгрөг болон гэрээний үлдэгдэл төлбөр 169,233,213 төгрөг, нийт 8,431,690,009 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй ” гэж дүгнэсэн.
12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг баримтлан МУЗГаас 8,262,456,796 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, үлдэх 8,287,461,839 төгрөгийн шаардлага болон ЭЗХЯнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Магадлалд “... Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч нотлох баримтыг буруу үнэлсэн буюу талууд гэрээ дүгнэх маягтаар ажлын гүйцэтгэлийн үнэлгээг дахин тохиролцсон үйл баримт тогтоогдсон байхад шүүх өмнө байгуулсан гэрээний дүнгээр тооцож, үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон. Нэхэмжлэгч нь 2019.10.18-ны өдөр Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэлийг гаргаж, тайлант үеийн гүйцэтгэлийн нийт дүнг 26,470,766,787 төгрөгөөр тооцож хүлээлгэн өгсөн. 2023.06.29-ний өдрийн гэрээ дүгнэх маягтаар ажлын гүйцэтгэлийг 26,470,766,787 төгрөгөөр тогтоосноор нэхэмжлэлээр шаардсан 169,233,213 төгрөг хасагдаж, нийт ажлын буюу гэрээний үнийг 26,470,766,787 төгрөгөөр тохиролцсон гэж үзэхээр байна. ... хариуцагч ЭЗХЯ ... концессын гэрээний тал биш тул гэрээний үүрэг болон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг хариуцах үндэслэлгүй. Иймд 169,233,213 төгрөгийн зөрүүг ажлын гүйцэтгэлд үндэслэн хасаж санхүүжилт олгохыг 2023.06.29-ний өдрийн гэрээ дүгнэсэн актаар баталгаажуулсан тул шаардах эрхгүй гэх хариуцагч нарын татгалзал үндэслэлтэй. ... Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй нь баримтаар тогтоогдсон байх тул гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар зээлийн хүүг хохиролд тооцон, учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нь хохирлын хэмжээг үндсэн зээлийн үлдэгдэл 24,080,000,000 төгрөг, зээлийн хүүд төлсөн 18,940,685,422.53 төгрөг, нийт 43,020,685,422.53 төгрөгөөс гэрээний нийт үнэ болох 26,640,000,000 төгрөгийг хасаж, 16,380,685,422.53 төгрөг гэж тодорхойлсон. Иймд хохирол 16,380,685,422.53 төгрөгөөс төсөвт өртөгт багтаан тооцсон зээлийн хүү 8,118,228,626 төгрөгийг хасаж, үлдэх 8,262,456,796 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.” гэж дүгнэсэн.
13. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөрүүгүй тогтоож, холбогдох хуулийг хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн байх боловч нийтийн эрх ашиг хөндөгддөг концессын гэрээний онцлогийг анхаараагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйн улмаас хууль зүйн дүгнэлт бүрэн гүйцэд бус, энэ төрлийн маргаанд хэрэглэх хуулийг орхигдуулсан шалтгаан тодорхойгүй тухай гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлд хамаарна гэж үзэн хяналтын шатны шүүхээр хэргийг хэлэлцлээ.
14. Хоёр шатны шүүх нэг талаас МУЗГ, нөгөө талаас “П” ХХК нарын хооронд 2016.07.04-ний өдөр “Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам төсөл”-ийн зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх концессын гэрээг байгуулж, улмаар уг гэрээнд 2017.03.30-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулан “Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу, хучилттай авто зам” барих ажлыг 26,640,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр ажлын цар хүрээ, үнийн дүнд өөрчлөлт оруулсан гэж үзэн энэ талаар адил дүгнэлт хийжээ.
15. Зохигчийн маргааны зүйл нь гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлсийг хугацаа хоцроож төлсөн явдалд захиалагч буюу концесс олгогч тал буруутай эсэх, концессын зүйлийг барьж дуусгаснаар концесс эзэмшигчид төлөх үнийн дүнд туссан зээлийн хүүгийн төлбөр нь хохиролд хамаарах зээлийн хүүтэй давхацсан эсэх, улмаар концессын үнийг хугацаа хоцроож төлснөөс бий болох хохирлыг захиалагч хариуцах үүрэгтэй эсэх, хохирлын хэмжээг хэрхэн тогтоох тухай асуудал байна.
Гэвч эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүх хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай. Хэдийгээр хоёр шатны шүүх уг асуудлаар тухайлсан хууль зүйн дүгнэлт хийгээгүй, талууд хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй боловч хяналтын шатны шүүхээс энэ талаар дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ. Тус маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа 2020.02.17-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэснээр эхэлж, анхан шатны шүүхээр 2 удаа, давж заалдах шатны шүүхээр 2 удаа, хяналтын шатны шүүхээр 1 удаа хэлэлцэгдсэн байх бөгөөд энэ хугацаанд дээрх асуудлаар хууль зүйн дүгнэлт өгөхөд хангалттай хэмжээний нотлох баримт бүрджээ.
Түүнчлэн зохигчийн маргааны зүйл болж буй концессын гэрээ нь суурь зарчим, мөн чанарын тухайд тохиролцоонд үндэслэсэн тэгш эрхийн гэрээ гэхээс илүүтэй улс орны нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий ил тод, нээлттэй байвал зохих төрийн бодлогын илрэл ч гэж үзэх тохиолдол бий. Энэ агуулгаар аливаа салбар (нийтийн үйлчилгээ, уул уурхай, дэд бүтэц)-ын концессын гэрээний харилцаанд нийтийн эрх ашиг хөндөгдөх мөн чанартай тул гагцхүү хувийн эрх ашиг, тэгш байдлын зарчим бус нийтийн эрх ашгийг хамгаалах зарчим давамгай үйлчлэх учиртай. Иймд энэхүү гэрээнээс үүссэн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн нотлох зарчим (оффициаль) хэрэгжих үндэстэй.
16. Талуудын хооронд 2016 онд концессын харилцаа үүсэж, “Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалантын хийд чиглэлийн 63 км авто зам төсөл”-ийн зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх ажлыг 75,600,000,000 төгрөгөөр хийхээр харилцан тохирч, 2016.07.04-ний өдөр концессын гэрээг байгуулсан. Улмаар гэрээний гол нөхцөл болох концессоор барьж гүйцэтгэх ажил, үнийн дүнг багасган “Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу, хучилттай авто зам” барих ажлыг 26,640,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр болж, 2017.03.30-ны өдөр талууд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнд гарын үсэг зуржээ.
17. МУЗГын 2016.05.31-ний өдөр 296 дугаартай “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай” тогтоолоор нэхэмжлэгч “П” ХХК-д концессын эрх олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд тус тогтоолд Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг үндэслэл болгосон байна. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т концесс олгох шийдвэр гаргаж, концессын гэрээ байгуулах эрхийг концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад олгох бүрэн эрхийг Засгийн газар эдлэхээр, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д концессын шалгаруулалтад оролцогчтой гэрээ байгуулах тухай дүгнэлт, шууд гэрээ байгуулах тухай дүгнэлт, анх санаачилга гаргасан этгээдтэй гэрээ байгуулахаар санал болгосон дүгнэлтийг үндэслэн Засгийн газар гэрээ байгуулах зөвшөөрлийг эрх бүхий этгээдэд олгохоор тус тус зохицуулсан байна.
18. Үндэсний аудитын газрын гаргасан Аудитын дүгнэлт (2019 он) нэгдүгээр хавтаст хэргийн 95 дугаар талд нотлох баримтаар авагджээ. Аудитын дүгнэлтэд дурдсанаар Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалан чиглэлийн 33.4 км хатуу хучилттай авто зам, Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай авто замын ажлын хоёр багцыг Засгийн газрын 2015.07.23-ны өдрийн 306 дугаар тогтоолоор Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмэлтээр оруулсан боловч тухайн ТЭЗҮ батлагдаагүй, баригдах замын ангилал, зэрэглэл нь тогтоогдоогүй, нийгэм эдийн засгийн ач холбогдол, хэрэгцээ шаардлага тодорхойгүй, орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, захиргаа удирдлагаас гаргасан санал, хүсэлт шийдвэр гараагүй байжээ.
19. Түүнчлэн тус дүгнэлтийн 3.7, 3.15-д дурдсанаар “... МУЗГын 2013 оны 317, 2015 оны 306, 334 дүгээр тогтоолд үндэслэн ХОГ 2015.08.19-ний өдөр ХОГ 2013/317/24 дугаартай концесс олгох уралдаант шалгаруулалт зарлаж “С” ХХК оролцох хүсэлтээ 2015.10.07-ны өдрийн 01/204 дугаартай албан бичгээр ирүүлсэн.” талаар дурдаж, тус компанитай байгуулсан гэрээ хэлцэлгүйгээр нэгдүгээр багцын 33.4 км-т хамаарах 1.5 тэрбум төгрөгийн газар шорооны ажлыг гүйцэтгэсэн боловч 2017.10.24-ний өдөр хөрөнгө оруулалтын газраас тус компанид хандан “Дархан-Эрдэнэтийн авто замаас Амарбаясгалан чиглэлийн 63 км хатуу хучилттай авто замын концессын гэрээтэй холбоотой ямар нэг гэрээ, хэлцэл байгуулаагүй” талаар албан бичиг хүргүүлж, 33.4 км хатуу хучилттай авто зам барих нэгдүгээр багцын ажлыг зогсоожээ.
Улмаар энэ дүгнэлтийн 3.12-т “... Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолд замын байршил, хүчин чадлыг тодорхой тусгасан байхад 2016 оны 296 дугаар тогтоолоор “П” ХХК-тай шууд гэрээ байгуулан нийт 63 км замын ажил гүйцэтгүүлэхээр шийдвэрлэснээр эхний багцын 33.4 км замын ажил хэрэгжээгүй.” талаар тэмдэглэснээс үзэхэд “П” ХХК-тай шууд гэрээ байгуулсан гэж дүгнэхээр байна. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Концессын гэрээ шууд байгуулах үндэслэлийг тодорхой дурдан жагсаасан ба үүнд: 1. Уралдаант шалгаруулалт явуулах нь үндэсний аюулгүй байдалд харшилна гэж үзсэн; 2. Концессыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай оюуны үнэт зүйлтэй холбоотой эрх нэг буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн өмчлөлд байгаа; 3. Уралдаант шалгаруулалт зарласан боловч санал ирээгүй, эсхүл шаардлагад нийцсэн санал ирээгүй бөгөөд уралдаант шалгаруулалт дахин зарласан ч шаардлагатай хугацаанд санал ирэх магадлал бага гэж эрх бүхий этгээд үзсэн; 4. Концессын зүйлийг Концессын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу бусад этгээдэд шилжүүлсэн гэх үндэслэлүүд хамаарна.
Зохигчийн хооронд байгуулсан концессын гэрээ, дээрх аудитын дүгнэлт, шүүхэд гаргасан талуудын тайлбараар Дархан-Эрдэнэтийн авто замаас Сант, Орхон сумын чиглэлд барьсан 22.4 км хатуу хучилттай авто замын ажил нь дээр дурдсан 4 үндэслэлийн аль нэгд хамаарна гэж үзэх боломжгүй байна.
20. Концессын гэрээ нь санхүү эдийн засаг, оюуны өмч, технологийн гэх мэт шалтгааны улмаас төр өөрийн хөрөнгөөр шууд барьж байгуулахад хүндрэлтэй обьект, байгууламжийг бий болгоход чиглэсэн арга хэрэгсэл тул энэ гэрээний зорилго нь нийтийн албаны эх үүсвэрээр шийдвэрлэх боломжгүй дээрх асуудлыг өөрийн эх үүсвэрээр хангах чадамжтай хувийн эрх зүйн этгээдэд онцгой эрх олгоход оршино. Улмаар гэрээнд тохирсон бол концесс эзэмшихийг хүсэж буй хувийн эрх зүйн этгээд оюуны, санхүүгийн, хүний нөөцийн өөрийн эх үүсвэрээр бүтээсэн концессын зүйлээ тодорхой хугацаанд дангаар ашиглаж зардлаа нөхөх, ашиг бий болгох онцгой эрхийг ч эдлэх боломжтой.
Харин энэ маргааны хувьд концессын зүйлийг барих, шилжүүлэх онцгой эрхийг “П” ХХК шууд гэрээ байгуулах зарчмаар олж авчээ. Ингэхдээ концесс эзэмшигч нь гэрээний зүйл болох 22.2 км авто замыг банкны зээлийн санхүүжилтээр 3 сар орчмын хугацаанд барихаар хэлэлцээр хийж, уг зээлийн эх үүсвэрийг тухайн үеийн У банкнаас бүрдүүлэх, хүүгийн төлбөрт 8,118,228,626 төгрөг төлөхөөр тооцон, хүүгийн энэ төлбөрийг ашиг буюу үйл ажиллагааны зардалд 4,139,295,572 төгрөг, татвар 584,823,893 төгрөг, НӨАТ 1,199,442,668 төгрөгийн хамт концессын гэрээний нийт үнэ 26,640,000,000 төгрөгт оруулан тусгахаар тус тус харилцан тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, хуульд заасан үндэслэлгүй шууд гэрээ байгуулж, нийгэм эдийн засгийн ач холбогдол, хэрэгцээ шаардлага нь тодорхой бус авто замыг барьж байгуулахдаа хүүтэй зээлийн эх үүсвэрийг ашиглах, улмаар хүүгийн төлбөр, татварыг концессын үнээр нөхөн төлүүлэхээр гэрээнд тохирсон нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Гэрээний ийм нөхцөлөөр аль нэг хувийн компанитай шууд гэрээ байгуулах тулгамдсан хэрэгцээ шаардлага байсан эсэх нь ойлгомжгүй, тус концессыг олгосноор нийтийн эрх ашгийн үүднээс улс орны нийгэм эдийн засагт бий болох онцгой давуу тал, эерэг өөрчлөлт тодорхойгүй байна.
21. Түүнчлэн концессын нийт үнэ болох 26,640,000,000 төгрөгт дээр дурдсан хүүгийн төлбөр, ашиг, татвараас гадна 22.2 км хатуу хучилттай авто замыг барих ажлын төсөвт өртгийг 12,518,119,241 төгрөгөөр тооцон тусгасан байх боловч концесс эзэмшигч компани концессын гэрээг шууд байгуулах үйл явцтай зэрэгцүүлэн 15,000,000,000 төгрөгийн зээл авч, улмаар гэрээний зүйлийг барих хугацаандаа 10,000,000,000 төгрөгийн нэмж зээлсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, 12,518,119,241 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг гүйцэтгэх зорилгоор концессын үнийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаа болоогүй байхад концессын зүйлийн төсөвт өртгөөс 2 дахин их зээл авсан нь бүхэлдээ, дан ганц энэхүү авто замын ажилд зарцуулагдсан гэж дүгнэхэд учир зүйн хувьд эргэлзээтэй.
22. Дээрх 15-20 дахь хэсэгт дурдсан үндэслэлээр нэг талаас МУЗГ, нөгөө талаас “П” ХХК нарын хооронд 2016.07.04-ний өдөр байгуулсан Концессын гэрээ, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017.03.30-ны өдрийн гэрээ нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан шууд гэрээ байгуулах үндэслэл, шууд гэрээ байгуулах тухай дүгнэлт гаргах журам, түүнд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох зохицуулалтыг тус тус зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Энэ үндэслэлээр гэрээний заалт болон гэрээгээр үүсэх үүргийг тодорхойлсон холбогдох хуулийн заалтыг үндэслэн хохирол шаардах эрх гэрээний талуудын хэн алинд үүсээгүй гэж үзнэ.
Иймд гэрээнээс учирсан хохиролд 16,380,685,422.53 төгрөг гаргуулах “П” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
23. Нэхэмжлэгч “П” ХХК ажлын хөлсний үлдэгдэл 169,233,213 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Нэгэнт зохигчийн хооронд байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус тул ажил үүргийг гэрээ ба хуульд заасан үндэслэлгүй гүйцэтгэсэн этгээд өөрөөс гарсан бодит зардлыг түүний үйлдлээс ашиг, орлого бий болгосон этгээдээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу шаардан нэхэмжлэх эрхтэй. Талууд 22.2 км хатуу хучилттай авто замыг харилцан хүлээлцэж Засгийн газрыг төлөөлөн эрх бүхий этгээд авто замыг хүлээн авч, төрийн холбогдох байгууллагаас тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд гарсан зардал, өртөг, үнийг өнөөдрийг хүртэл хугацаанд тооцож, тооцоо нийлсэн акт, бусад баримтад суурилан 26,470,000,000 төгрөгөөр тогтоон олгосон байдлыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.2-т заасантай тус тус нийцсэн гэж үзнэ.
24. Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч “П” ХХК-ийн хариуцагч МУЗГ, ЭЗХЯнд холбогдуулан гаргасан Концессын гэрээний дагуу олгох санхүүжилтээс дутуу олгосон 169,233,213 төгрөг, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс учирсан хохирол 16,380,685,422.53 төгрөг нийт 16,549,918,635.53 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/05168 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2025/00434 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “П” ХХК-ийн хариуцагч МУЗГ, ЭЗХЯнд холбогдуулан гаргасан концессын гэрээний дагуу олгох санхүүжилтээс дутуу олгосон 169,233,213 төгрөг, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс учирсан хохирол 16,380,685,422.53 төгрөг нийт 16,549,918,635.53 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч МУЗГ болон ЭЗХЯ нь хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
Х.ЭРДЭНЭСУВД