Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 00148

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

            Нарийн бичгийн дарга Г.Энхбат

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгч Д.Шинэбаяр нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1., 181 дүгээр зүйлийн 181.2.1.-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Далаахан овгийн Даваахүүгийн Шинэбаярт холбогдох 201714000077 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Далаахан овгийн Даваахүүгийн Шинэбаяр, Монгол Улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сум, 2 дугаар багийн Буурагчин ногоон дов гудамж 1-04 тоотод оршин суудаг, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.- д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан,  хэрэг хариуцах чадвартай гэх. /Регистрийн дугаар МЕ83061710/

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.Шинэбаяр нь 2017 оны 01 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэт зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ догшин авирлан танхайрч Ё.Мандахгэрэлийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн танхайрах явцдаа зочид буудлын эд зүйлсийг санаатай устгасан гэмт хэрэг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1.,153 дугаар зүйлийн 153.1.-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:1. Хохирогч Ё.Мандахгэрэлийн “Текин дээр нэг хүн 500 000 төгрөгийн өрөө байсан ч яадаг юм гээд чанга яриад эхлэхээр нь би гараад ирэхэд манай сурталчилгааны хуудас хийдэг самбарыг аваад шавхуурдаж байсан. Би нөгөө залууд очоод ингэж болохгүй гэж хэлэхийн завдалгүй намайг өшиглөөд унагаасан. Хамт явсан эмэгтэй нь нөгөө залууг аваад гарсан. Тэгэхэд нь манай ресепшин хаалга хааж байхад буцаж орох гэхэд нь оруулахгүй байсан чинь цүнхээ авъя гээд шилэн хаалга цохиж байгаад шил хагалсан. Манай манаач ресепшин хоёр дотогш оруулаагүй юм. Нөгөө эмэгтэй нь согтуу залуугаа аваад явахаар нь би харуулыг дагаад яв, цагдаа дуудна гэж хэлээд дагаж явж байгаад цагдаад бариулсан. Миний эмчилгээний зардлыг бүрэн төлсөн, одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 40-р хуудас/

 

2. Гэрч Д.Дэмбэрэлнямын “Тэгж байгаад хамт явсан эмэгтэй нь согтуу залууг арай хийж түлхээд гараад явсан. Би араас нь очоод хаалга хаах гэсэн чинь нөгөө эрэгтэй эмэгтэй хоёр шатан дээр зууралдаж байгаад буцаад орох гэхээр нь хаалга дотор талаас нь татаад онгойлгоогүй юм. Тэгсэн нөгөө залуу цүнхээ авъя гээд байсан юм. Тухайн үед цүнхээ үлдээсэн эсэхийг мэдээгүй байсан. Цүнх нь үүдний сандал дээр байсан. Нөгөө залуу онгойлгохгүй байхад хаалга цохиж байгаад шилэн хаалганы доод талыг хөлөөрөө өшиглөж цохиж байгаад хага цохиод хагалсан. Нөгөө хамт явсан эмэгтэй нь арай хийж цаашаа аваад явахаар нь манай зохион байгуулагч цагдаа дуудаж өгье, та алдахгүй дагаад явж байгаарай гэж хэлсэн. Би араас нь дагаад явж байхад хамт явсан эмэгтэй нь нөгөө эрэгтэйгээ чирээд яваад өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 42-р хуудас/

 

3. Гэрч М.Мөнхтайваны “Би 2017 оны 01 сарын 15-ны өдөр ресепшнээр ажиллаж байхад шөнийн 02 цагийн үед эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд мэндлээд эмэгтэй нь өрөө авъя гэхээр нь 50 000, 80 000 төгрөгийн үнэтэй өрөө байна. Алийг нь авах вэ гэсэн чинь хажуу талаас согтуу эрэгтэй нь 50 000 төгрөг байтугай 500 000 төгрөг байсан ч авна. Би шорон оронгоор явж байсан гээд чанга чанга дуугараад эхлэхээр нь минйи дүү тэгэж болохгүй гэсэн чинь текний дээр байсан дэвтрийг базаад авч шидээд хажууд нь байсан сурталчилгааны төмөр самбарыг аваад эргүүлээд текний дээд талд цохиод савж байхад цаг, үсэг унаж эвдэрсэн. Би текний ард талаас гараад миний дүү тэгж болохгүй гэж байхад манай зохион байгуулагч гарч ирээд тэгж болохгүй гэж хэлээд байж байхад нөгөө хамт явж байсан эмэгтэй нь согтуу залуугаа авч явах гээд дийлэхгүй байсан. Тэгж байгаад зохион байгуулагч Мандахгэрийг хэвлийн тус газарт нь өшиглөөд авсан. Манай зохион байгуулагч эвхрээд унасан. Нөгөө хамт явсан эмэгтэй нь согтуу залууг авч гарах гээд дийлэхгүй байсан. Тэгж байгаад арай хийж авч гарахаар нь би очоод хаалга хааж байсан чинь буцаад орох гээд эргэхээр нь дотор талаас нь татаад нөгөө хамт явсан эмэгтэй нь оруулахгүй гээд хаалга дараад байж байхад цүнхээ авна гээд орилж байгаад шилэн хаалганы доод талыг нөгөө согтуу залуу өшиглөөд хагалсан. Дараа нь дээд талыг нь гараараа цохиж байгаад хагалаад авсан. Нөгөө эмэгтэй арай хийж тэр залууг цаашаа аваад явахаар нь харуулыг дагаад яв гэж хэлээд цагдаа дуудсан. Манайд учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Манай зочид буудалд орж ирж агсам тавьж өөрийнхөө үйлдлийг удирдан жолоодох чадвар байхгүй байсан. Нэлээн согтуу хамт явсан эмэгтэйгийнхээ үгэнд бараг орохгүй байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 46-р хуудас/

 

4. Гэрч Н.Бат-Ирээдүйн “Манай хаалганы шил солиулсан мөнгө болон 2 ширхэг хананд өлгөдөг цаг, сурталчилгааны самбарыг эвдсэн этгээд бүрэн төлсөн. Одоо манай компанид ямар нэгэн хохирол байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 47-р хуудас/

 

5. Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 сарын 30-ны өдрийн 140 дугаартай дүгнэлтээр “Ё.Мандахгэрэлийн биед хэвлийн урд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь шинэ гэмтэл ба цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамааагдана. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 16-р хуудас/

Эд зүйлд үнэлгээ хийсэн 2017 оны 03 сарын 27-ны өдрийн шинжээчийн 5 дугаартай дүгнэлтийн “цаг 2 ширхэг нэг бүрийн үнэ 600 000 төгрөг, сурталчилгааны самбар 80 000 төгрөг хаалганы шил 200 000 төгрөг гэх үнэлгээ /хх-ийн 49-56-р хуудас/ болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, хохирол төлсөн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Шинэбаяр мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Болсон явдлыг бол сайн санахгүй байгаа. Учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Хохирогч Ё.Мандахгэрэл нь  “Байгууллагын хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Надад учруулсан эмчилгээний төлбөр зардлыг бүрэн төлж барагдуулсан учир гомдол саналгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байна.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Д.Шинэбаяр нь 2017 оны 01 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт” зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ догшин авирлан танхайрч Ё.Мандахгэрэлийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, танхайрах явцдаа зочид буудлын эд зүйлсийг санаатай устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Шинэбаярт ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

Шүүгдэгч Д.Шинэбаяр нь урьд ял шийтгүүлсэн боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүйд тооцох хугацаа өнгөрсөн байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Шинэбаярт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 292, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Далаахан овгийн Даваахүүгийн Шинэбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Д.Шинэбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1.-д зааснаар 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлий 153.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Д.Шинэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1.-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлий 153.1.-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн  биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.-д зааснаар шүүгдэгч Д.Шинэбаярт оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Шинэбаяр нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус  дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1., 61.4.-д зааснаар шүүгдэгч Д.Шинэбаярт оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Шинэбаярт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Ц.АЛТАНГАДАС