| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2021/05679/И |
| Дугаар | 101/ШШ2022/00295 |
| Огноо | 2022-01-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2022/00295
| 2022 01 12 | 101/ШШ2022/00295 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай 5, ******* банкны төв байранд байрлах, ******* банк ХХК /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаран 1в дүгээр гудамж, 23 тоотод оршин суух, Шарнууд овогт Дармаажавын******* /рд:0/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 14,085,772 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Мөнхбат нь 2017 оны 12 сарын 15-ны өдөр ******* банк ХХК-тай R1500071395650 зээлийн эрхтэй кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, 4,500,000.00 төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт 24 сарын хугацаатай авсан. Кредит картын үндсэн нөхцөлд бэлэн мөнгө авсаны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийи хугацаа хэтрүулсэний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно. Зээлдэгч нь R1500071395650 тоот Кредит картын гэрээний хугацаа 2019 оны 12 сарын 31-ний өдөр дууссан боловч үндсэн зээл, зээлийн үндсэн хүү, зээлийн эрх хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүүгийн төлөлтийг төлөхгүй 390 хоногоор хугацаа хэтрүүлж байгаа бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт төлөх дүн дараах байдалтай байна. Зээлийн гэрээний 3.5-т заасны дагуу зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлсзн дүнд зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүүг сарын 2.0 хувиар тооцно гэсэн заалтын дагуу 2018.01.03-ний өдрөөс хойш зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2,227,229.85 төгрөг бодогдсоноос 39,396.91 төгрөгийн төлөлт хийгдэж 2,187,832.94 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлййн гэрээний 3.6-т заасны дагуу зээлийн төлбөрийг cap бүрийн 15-аас өмнө төлнө гэсэн заалтыг зөрчсөн тохиолдолд эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1.0 хувиар тооцно гэсэн заалтын дагуу 2018.07.23-ний өдрөөс хойш зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2,154,975.98 төгрөг бодогдсоноос 13,344.48 төгрөгийн төлөлт хийгдэж 2,141,631.50 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд R1500071395650 тоот Кредит картын гэрээний үүрэг болох төлөх ёстой зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй байгаа тул ******* банк нэхэмжлэл гаргаж байна. Д.Мөнхбатаас ******* банктай байгуулсан R1500071395650 тоот Кредит картын гэрээний үүрэгт үндсэн төлбөр 4,746,813 төгрөг, хүү 5,009,494 төгрөг, эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2,187,832.94 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2,141,631.50 төгрөг, нийт 14,085,772.02 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ******* банкинд олгож өгнө үү. Хугацаа хэтрүүлсний хүү болон эрх хэтрүүлсний хүү нь хоёр өөр хүүгийн төлбөр мэтээр байгаа боловч энэ нь хоёулаа нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шаардаж байгаа юм. Бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүүгийн тус бүрийн задаргаа нь кредит картын тооцооллын хүснэгтэд тодорхой байгаа гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа:
Миний бие ******* банкнаас 4,500,000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картын зээл авсан нь үнэн. Би энэ мөнгийг БНСУ-руу явах виза гаргуулахын тулд авсан. Би үндсэн төлбөрийг төлөхөд татгалзахгүй. Харин зээлийн үндсэн хүүгийн зарим хэсэг, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ их байна гэж үзэж байна. Би банкинд зээл төлөх үүрэгтэй гэдгээ мэдэж байгаа боловч ажилгүй байгаа тул төлөх ямар ч боломжгүй байна. Төлөх төлбөрөө сард 100,000 төгрөгөөр төлөх боломжтой гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
- нэхэмжлэгчээс гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, захирлын тушаал, кредит картын гэрээ, тооцооллын хүснэгт, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг, мэдэгдэл зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
- хариуцагчаас нотлох баримт гаргаагүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХХК нь хариуцагч Д.Мөнхбатад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,085,772.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ******* банк ХХК нь хариуцагч Д.Мөнхбаттай 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр R1500071395650 дугаар бүхий кредит карт эзэмших эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулан, уг гэрээгээр ******* банк ХХК нь 4,500,000 төгрөгийн эрхийн хэмжээтэй, 2 жилийн хугацаатай, бэлэн бус гүйлгээний сарын 2 хувийн хүү, бэлэн мөнгө авсаны сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлэх, кредит карт эзэмшигч Д.Мөнхбат нь картанд үүссэн зээлийн зарцуулалт, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү болон картын ерөнхий нөхцөлд заасан шимтгэл хураамжийг гэрээнд заагдсан хугацаа, нөхцлийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт тус тус зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа үүсчээ.
Талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.
Зээлдэгч Д.Мөнхбат нь зээлийн гэрээний зээл төлөлтийн хуваарийг зөрчиж, төлөлт хийгээгүй, зээлийн гэрээний үндсэн үүрэгт 4,746,813 төгрөг үлдсэн үйл баримтад талууд маргаагүй. Харин хариуцагч нь зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн хүү, хугацаа хэтрүүлсэн хүү, эрх хэтрүүлсний хүүгийн хэмжээнд маргасан.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж,
Банк, эрхий бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны журмын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан. Иймд хариуцагч Д.Мөнхбатын зээлийн үндсэн хүүгийн зарим хэсгийг төлөхгүй гэж маргасан нь үндэслэлгүй.
Кредит картын зээлийн тооцооллоос үзвэл хариуцагч нь гэрээний хугацаанд 17,347,614 төгрөгийн зарлага гаргаад, 15,247,612 төгрөгийн орлого хийсэн, тэрээр зээлийн эрхийн дагуу бэлэн болон бэлэн бусаар зарлага гарган, орлого хийж байсан боловч 2,100,000 төгрөгийн зарлагыг эргүүлэн төлөөгүй болох нь тогтоогдож байна. Тодруулбал,
Бэлэн бус гүйлгээгээр 7,890,000 төгрөгийг кредит картнаас авсанаас 5,117,438 төгрөгийг төлж үлдэгдэл 2,772,561 төгрөг, бэлэн бус гүйлгээгээр 5,965,310 төгрөгийг кредит картнаас авсанаас 4,041,157 төгрөгийг төлж үлдэгдэл 1,924,152 төгрөг, нийт 4,746,813 төгрөгийн үндсэн төлбөр төлөх үүрэгтэй байна.
Зээлдэгч Д.Мөнхбат нь гэрээний хугацаанд ашигласан зээлийн төлбөрийн бэлэн гүйлгээний хүү 4,146,993 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 1,807,824 төгрөг нийт 5,954,817 төгрөгийн хүү төлөхөөс 945,323 төгрөгийг төлж, 5,009,494 төгрөгийг үндсэн хүүгийн төлбөрт төлөхөөр байна.
Иймд хариуцагч Д.Мөнхбатаас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 4,746,813 төгрөг, зээлийн хүүд 5,009,494 төгрөг, нийт 9,756,307 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгох нь зүйтэй.
Харин нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн хариуцагч Д.Мөнхбатаас гаргуулахаар шаардсан эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2,187,832.94 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2,141,631.50 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Учир нь,
Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...эрх хэтрүүлсний хүү болон хугацаа хэтрүүлсний хүү гэдэг нь хоёулаа нэмэгдүүлсэн хүү юм. Гэрээнд нэмэгдүүлсэн хүүгийн нэршилийг дээрх хоёр өөр нэрээр байгуулсан гэж тайлбарласан.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.5-д зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг сарын 2 хувиар тооцно, 3.6-д төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувиар тооцно гэж тус тус заасан байна.
Дээрх гэрээний 3.5, 3.6-д тус тус заасан зохицуулалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасантай нийцээгүй, хугацаа хэтрүүлсний хүү болон эрх хэтрүүлсний хүүгийн хэмжээ нь тус бүр зээлийн үндсэн хүүний 20 хувиас илүү хэтэрсэн байна.
Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг стандарт нөхцөл гэнэ гэж заасан.
Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд нөгөө тал болох иргэнд санал болгож байгаа талуудын байгуулсан гэрээний 3.5, 3.6-д тус тус заасан хүүгийн талаархи зохицуулалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй, уг хуулийн зохицуулалтыг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар уг гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Иймд нэхэмжлэгч ******* банк ХХК нь эрх хэтрүүлсний хүү болон хугацаа хэтрүүлсний хүүг хариуцагчаас шаардах эрхгүй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Д.Мөнхбатаас зээлийн гэрээний үүрэгт 9,756,307 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,329,465 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.Мөнхбатаас 9,756,307 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4,329,465 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,379 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 171,050 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ