Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2022/00297

 

 

 

 

 

 

 

2022 01 12

101/ШШ2022/00297

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Г.Бумцэндийн гудамж 46, өөрийн байранд байрлах******* /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, токто, 2,41 тоотод байрлах, ******* ХХК /рд:/-д холбогдох

 

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 17,911,451.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Шүрэнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус хэлтэстэй харилцагч ******* ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар ажиллагсадынхаа нийгмийн даатгалын шимтгэл 12,454,000 төгрөгийг төлөлгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Дээрх 12,454,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэхээр ******* ХХК-д Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай 192 тоот албан шаардлага, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн улсын байцаагчийн мэдэгдэл, тус хэлтэст бүртгэлтэй Голомт банкны 201510747524 тоот дансны зарлагын гүйлгээг 308 тоот мэдэгдлээр 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зогсоож тус тус хүргүүлсэн боловч одоог хүртэл шимтгэлээ төлж барагдуулаагүй тул Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, 17 дугаар зүйл 17.1.1, 17.1.4-т заасан ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийг тус тус зөрчиж байна. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 12,454,000 төгрөгт Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйл 20.1.2-т заасан Дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимттэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэснийг үндэслэн хугацаа хэтрүүлсэн хоног тутам алданги тооцож 5,457,451.20 төгрөг нийт 17,911,451.20 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр болох 12,454,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин алданги 5,457,451 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Манай компани аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор 2020 оны 01 дүгээр сараас хойш одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байна. Үүнээс үүдэн эдийн засгийн хямралд орж, нэг ч төгрөгийн орлогогүй болж ажилчдынхаа цалин хөлсийг ч өгөх боломжгүй болсон. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлэх үүрэгтэй болохоо сайн ухамсарлаж байгаа. Гэхдээ бодит байдалд үүссэн дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

- Нэхэмжлэгчээс гаргасан авлагын дэлгэрэнгүй бүртгэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангууд, улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын байцаагчийн албан шаардлага, мэдэгдэл,

- хариуцагчаас гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 17,911,451.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 12,454,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алдангид нэхэмжилсэн 5,457,451 төгрөгийг төлөхөөс татгалзаж, маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.  

Хариуцагч ******* ХХК нь 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 6 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгын шимтгэлд 12,454,000 төгрөгийн дутуу төлөлттэй болох нь ******* ХХК-иас нийгмийн даатгалын хэлтэст ирүүлсэн тайлан, заавал даатгах даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, талуудын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байна. 

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 16.1-т энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын дансанд шилжүүлнэ. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлд ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийн 17.1.1 дэх хэсгийн албан журмаар даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээхээр тус тус зохицуулсан тул ******* ХХК нь ажил олгогчийн хувьд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан хувь хэмжээгээр эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй.    

Хариуцагч ******* ХХК нь нийгмийн даатгалын төлөгдөөгүй шимтгэл 12,454,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байх ба уг үйл баримтад маргаагүй. Иймд дээрх мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т Нийгмийн даатгалын байцаагчаас тавьсан актад заасан шимтгэл, алданги, хүү торгуультай тэнцэх хэмжээний хөрөнгийг зохих хууль тогтоомжийн дагуу гаргуулах, мөн Нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийн 3.2-т Нийгмийн даатгалын байцаагчаас нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон шимтгэл ногдуулалт, төлөлт, тэтгэвэр, тэтгэмж тогтоолт, олголтод хяналт тавих, шимтгэлийн орлого бүрдүүлэхтэй холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шалгалтын удирдамж, нийгмийн даатгалын улсын байцаагчийн акт, нэгдсэн акт, нийгмийн даатгалын улсын байцаагчийн албан шаардлага, шийтгэврийн хуудас, харилцах дансны зарлагын гүйлгээг зогсоох мэдэгдэл, харилцах дансыг нээх зөвшөөрөл, хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай танилцуулга (цаашид "акт, нэгдсэн акт, шийтгэвэр, шаардлага, дүгнэлт, мэдэгдэл, шалгалтын танилцуулга" гэх) үйлдэнэ тус тус заажээ. 

Дээрх хуулийн заалтыг улсын байцаагч алданги тогтоосон тухай акт үйлдэх, алданги төлөх албан шаардлага хүргүүлж, харилцах дансны дарлагын хөдөлгөөнийг хаах мэдэгдэл хүргүүлэх зэрэг зохих ажиллагааг гүйцэтгэсэн байхыг ойлгоно.  

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хуульд заасан дээрх ажиллагааг гүйцэтгэсэн эсэх нь нотлогдохгүй, улсын байцаагч татвар төлөлтөд хийсэн алдангийн тооцоо, улсын байцаагчийн албан шаардлага, мэдэгдэл гэх баримтыг өөрийн тамгаар баталгаажуулан ирүүлснийг хуульд нийцүүлэн акт үйлдэж, зохих ажиллагааг гүйцэтгэсэн гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь дээрх улсын байцаагчийн албан шаардлага, мэдэгдлийг хариуцагчид гардуулсан, мэдэгдсэнтэй холбоотой баримтгүй байх ба хариуцагчаас дээрх шаардлага, мэдэгдлийг хүлээн аваагүй талаар шүүх хуралдаанд тайлбарласан.  

Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар хариуцагч нь алданги төлөх үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэгчийн алдангид нэхэмжилсэн мөнгөн хөрөнгийг хангах үндэслэлгүй байна.

  Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч ******* ХХК-иас 12,454,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,457,451 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь: 

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-иас 12,454,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,457,451 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 214,214 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ