| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Даваадорж |
| Хэргийн индекс | 188/2024/0911/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/983 |
| Огноо | 2024-09-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/983
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваадорж даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтуяа, улсын яллагч Г.Мөнхтүвшин, шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Г” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***д холбогдох, эрүүгийн 2308029580767 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 09 дүгээр сарын 09-ний орой 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 43 дүгээр хороо, *** тоотод байрлах хохирогч ***ийн Монгол гэрийн хаалгыг түлхэж, түүний зөвшөөрөлгүйгээр нэвтэрч гэрээс нь “жийсэн өмд, пүүз, үстэй хурган дээл, бор өнгийн түрийтэй гутал, савхи” зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 688,000 төгрөгийн хохирол,
Мөн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Соёмбо” кино театр үлй ажиллагаа явуулдаг хохирогч ***ын худалдааны лангуунаас “бөгж, бугуйвч, гинж, хүүхдийн тоглоомон машин, толгойн зүүлт, жижиг гар цүнх” зэрэг 299 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 1,987,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Үүнд:
1. Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2308029580767 дугаартай хэргээс:
2. Иргэн ***ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,
3. Хохирогч ***ийн өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 21 цаг 45 минутад Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, *** тоот гэртээ ирээд байж байхад гаднаас үл таних залуу орж ирээд байхаар нь хөөж гаргаад хашааны хаалга хаагаад гэртээ орсон. Тэгээд 22 цаг 20 минутын үед ээжийндээ орж хоол идээд гэртээ ортол бүх юм онгорхой байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад хандсан. ...Мөнгөн товчтой сэгсүүргэн дээл, саарал шилефэн малгай, жийнсэн өмд 2 ширхэг, бор өнгийн цамц, бор өнгийн түрүүтэй гутал, жордан-1 пүүз 1 ширхэг, савхи байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас/,
4. Гэрэл зургийн аргаар таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 20-24 дүгээр хуудас/,
5. ***аас хулгайд алдсан зарим эд зүйлийг хүлээж авч, хохирогч ***эд хүлээлгэж өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
6. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, холбогдох гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 28-33 дугаар хуудас/,
7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 04/328 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаарын нэг ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ...” гэх дүгнэлт, бэхжүүлж авсан 1 дугаарын гарын мөр /хавтаст хэргийн 40-41, 46 дугаар хуудас/,
8. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Ц-712 дугаартай: “...хулгайд алдагдсан эд зүйлийг нийт 688,000 төгрөгөөр үнэлэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 47-50 дугаар хуудас/,
9. ***ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 92-95 дугаар хуудас/,
10. Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 21 цагийн орчимд Хар хорин захын ойролцоо үл таних хүмүүстэй мөнгөө нийлүүлж архи авч уугаад Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэр, *** байдаг айл руу явж байтал үл таних хоёр эрэгтэй гудамжинд архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь би тухайн хоёр залуу дээр очиж хамтдаа архи уусан. Тэгээд удалгүй архи дуусаад тухайн хоёр залуу түрүүлээд яваад өгсөн. Би гудамжинд алхаж байтал хашааны хаалга нь онгорхой айл байхаар нь хашаанд нь яваад ортол нохой байхгүй, хашаан дотор нь 3 гэр байсан. Хамгийн зүүн талын гэр онгорхой байхаар нь яваад ороход хүн байхгүй байсан. Тэгэхээр нь би савнаас нь ус уугаад гэрт байсан бор өнгийн гутал, жийнсэн өмд, хар өнгийн савхи зэргийг өмсөөд сандал дээр байсан үстэй дээл, жордан пүүз зэргийг аваад гэрээс нь гараад явсан. Би тухайн айлаас гараад шууд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Шөлөндө” нэртэй хоолны газрын хажуу талын “Бэст” баарны хажууд байж байгаад дээлийг нь 25,000 төгрөг, пүүзийг нь 20,000 төгрөгөөр явуулын хүнд зарчихсан юм. ...Би хохирлыг хурдан хугацаанд төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудас/,
11. ***аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 122 дугаар хуудас/,
12. Хохирогч ***ын өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Соёмбо” нэртэй кино театрын ажилтай утсаар холбогдоод хүн, хөдөлгөөн хэр байгаа талаар асуух гэхэд “танай лангуунаас эд зүйл алдагдсан гээд цагдаа нар ирээд байсан, та холбогдоорой” гэж хэлсэн. Намайг 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажлын байрандаа очоод байж байтал миний *** дугаарын утас руу Цагдаагийн байгууллагаас холбогдож дуудсан. Намайг Цагдаагийн байгууллага дээр ирэхэд миний худалдан борлуулдаг эд зүйл мөн байсан. Миний эд зүйлс бүрэн бүтэн байсан ба би бүртгэж үзсэн. Миний эд зүйлс 88 ширхэг төмөр болон модон бугуйвч, 1 ширхэг төмөр гинж, 3 ширхэг сувнер, удирдлагатай мөшин 1 ширхэг, эмэгтэй гар цүнх 1 ширхэг, толгойн гоёл 1 ширхэг, 125 ширхэг төмөр өгж, 64 ширхэг хос бугуйвч, 9 ширхэг толгойн зүүлт зэрэг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 127 дугаар хуудас/,
13. Гэрч ***ын өгсөн: Би өнөөдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Илрүүлэл, оргодол, шийдвэрлэлт” гэсэн нэгдсэн арга хэмжээний хүрээнд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны орчимд ажиллаж байхад сэжиг бүхий, үл таних дөрвөн иргэн үнэ бүхий эд зүйл торонд хийсэн байдалтай явж явж байсан. Тухайн эд зүйлийг шалгаж үзэхэд тэдгээр хүмүүс нь эд зүйлсийн эх сурвалжаа тодорхой зааж өгч чадахгүй байсан тул би хулгайн эд зүйл авч явж байна гэж бодоод “Бүргэд 113” дугаар чиглэл болох тус хэлтсийн эргүүлийн оффицер дэслэгч ***г дуудаж мэдэгдээд тухайн хүмүүсийг эд зүйлтэй нь хамт мэдэгдэж, шалгуулахаар болсон юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 130-131 дүгээр хуудас/,
14. Гэрч ***гийн өгсөн: “...Би тухайн өдөр 12 цагийн орчимд өөрийн найз болох ***тэй уулзахаар Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны тоглоомын талбай дээр очиход *** найз болох ***, *** нартай хамт байсан. Тэгээд *** надад хандан “бүгдээрээ архи ууя” гэж хэлээд бид нар 14 дүгээр байрны “Ундрам” дэлгүүрээс 0.5 литрийн “Хараа” нэртэй архи худалдаж аваад ***, ***, *** гурав хувааж уусан. Тэгээд 13 цагийн орчимд архиа ууж дуусгаад бид дөрөв Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёмбо” нэртэй кино театрын урд очиход ***, *** хоёр тухайн газар руу “ариун цэврийн өрөө ороод ирье” гээд явсан ба 5 орчим минутын дараа *** ганцаараа гарч ирсэн. Тэгээд ***оос “*** асан юм бэ” гэж асуухад тэрээр “миний араас дагаад явж байсан, мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд ***, *** бид гурав гадаа хүлээж байхад *** дотроос цэнхэр тортой юм бариад гараад ирсэн. Бид нар “наад тортой зүйл чинь юу юм бэ” гэж асуухад тэрээр “эд нарыг хогийн бараан дээр зарна” гэж хэлсэн. *** гартаа ямар нэгэн уут, тортой зүйл авч яваагүй байсан. Харин түүний “Соёмбо” кино театраас авч гарч ирсэн цэнхэр тортой эд зүйлийг хулгайн эд зүйл гэж бодож байна. Тэгээд бид нар хойшоо яваад 20 дугаар байрны орчимд явж байхад цагдаагийн хоёр албан хаагч таараад шалгасан ба *** нь хулгайн эд зүйл авсан болох нь ойлгомжтой болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 134-135 дугаар хуудас/,
15. Гэрч ******ийн өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өдөржингөө шуудай өргөж явж байгаад хямд архи авч уусан. Оройдоо 21 цаг өнгөрч байхад “Номин”-той байрны 2 дугаар орцонд орж унтсан. 2023 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 08 цагийн үед тухайн байрнаас гараад 09 цагийн үед “Ундрам” нэртэй дэлгүүр дээр *** *** хоёртой таарсан. Тэгээд шараа тайлах гээд гурвуулаа мөнгөгүй байсан болохоор шуудайгаар ундааны сав түүж зарахаар барьж байхад *** ирээд 0.5 литрийн “Хараа” нэртэй архи авч өгсөн. Тэгээд дөрвүүлээ хувааж уусан. Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хар хорих зах орох гээд явж байхад замдаа Цамбагаравын “Соёмбо” театр руу *** бие засах гээд орохоор нь бид цуг орсон. Нойлыг нь хайгаад олоогүй ба *** “та гарч байгаарай, миний гэдэс гүйлгээд байна” гэхээр нь би гарсан. Гараад эргээд ороход *** байхгүй байсан. Тэгэхээр нь би ***т хандаж “дууд” гэж хэлэхэд тэрээр ороод хайгаад “байхгүй байна” гээд гараад ирсэн. Тэгээд бид гурав дотроо “00”-д орсон байлгүй гэж бодоод хүлээгээд зогсож байсан. *** 10-15 минутын дараа тортой юм барьж гараад ирсэн. Тэгээд хог байхаа гэж бодоод шуудайнд хийж аваад явж байхад *** “та гурвыг буудалд хонуулна” гэж хэлсэн. Тэгэхээр нь хог түүдэг байж юугаараа буудалд хонуулах вэ гэхэд тэрээр тортой юмаа харуулсан. Бид гурав Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны ар талд тортой юмаа задалж үзэх гэж байхад эргүүлийн цагдаа нар гарч ирээд шалгаж бүх юмаа хурааж авсан. Бид дөрвийг цагдаагийн газарт аваад ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 138-139 дүгээр хуудас/,
16. Гэрч Л.***ийн өгсөн: “...Тэгээд удалгүй *** ах ганцаараа гарч ирэхдээ “*** олдохгүй байна” гэсээр гараад ирсэн. Удалгүй *** кино театраас гарч ирэхдээ ууттай баахан өгч, бугуйвч зэрэг юм бариад гараад ирсэн. Би *** ахаас “ямар учиртай юм бэ” гэж асуухад тэрээр “зүгээр, зүгээр эндээс явцгаая” гэж хэлээд явсан. Тэгээд удалгүй 20 дугаар байрны гадаа бид дөрвийг явж байхад цагдаагийн албан хаагч нар шалгаж эхэлсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 142-143 дугаар хуудас/,
17. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Ц-869 дугаартай “...хулгайд алдагдсан эд зүйлүүдийг нийт 1,987,000 төгрөгөөр үнэлсэн...” Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 147-150 дугаар хуудас/,
18. ***аас хохирогч ***ын хулгайд алдсан гэх эд зүйлийг хураан авсан болон хохирогчид хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 153-154 дүгээр хуудас/,
19. Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Цамбагарав” худалдааны төвийн ард зүс таних ***, ****** нарын хамт “Сүншиг” нэртэй, 0.75 литрийн архи хувааж ууцгаасан юм. Удалгүй *** ирээд бид дөрөв нийлээд хамтдаа архи уусан. Дараа нь би ******ийн хамт угаалгын өрөө орохоор болоод “Соёмбо” кино театрын 1 дүгээр давхар орсон. Тэгээд ******ийг угаалгын өрөө орсны дараа нь би ганцаараа алхаад явж байтал эзэнгүй лангуу байхаар нь хүзүүний зүүлт өлгөөтэй байхаар нь лангууны араар тойроод ортол хайрцагтай бөгж, толгойн гоёл зэрэг эд зүйл байхаар нь гялгар уутанд хийгээд аваад гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 190-191 дүгээр хуудас/,
20. Шүүгдэгч ***аас хохирогч ***эд 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хохирлын 688,000 төгрөгийг төлсөн талаарх баримт /хавтаст хэргийн 228 дугаар хуудас/,
21. Шүүгдэгч ***ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 67-83, 156-160 дугаар хуудас/,
22. Шүүгдэгч *** нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй талаарх ял шийтгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 55, 96, 161 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх эдгээр нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ***ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Мөрдөх байгууллагаас ***д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Нэг. Гэм буруугийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж тунхаглаж, улмаар Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж зааснаар иргэний өмчлөх эрхийг хуулиар баталгаажуулсан.
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор заасан байдаг.
Хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг үлэмж ихэсгэсэн онцлогтойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ба уг гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэхээр хуульчилсан.
Хэргийн нөхцөлөөс дүгнэхэд шүүгдэгч *** нь 2023 оны 09 дүгээр сарын 09-ний орой 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 43 дүгээр хороо, *** тоотод байрлах хохирогч ***ийн Монгол гэрийн хаалгыг түлхэж, түүний зөвшөөрөлгүйгээр нэвтэрч гэрээс нь “жийсэн өмд, пүүз, үстэй хурган дээл, бор өнгийн түрийтэй гутал, савхи” зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 688,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлсэн болох нь,
Мөн тэрээр 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Соёмбо” кино театр үйл ажиллагаа явуулдаг хохирогч ***ын худалдааны лангуунаас “бөгж, бугуйвч, гинж, хүүхдийн тоглоомон машин, толгойн зүүлт, жижиг гар цүнх” зэрэг 299 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 1,987,000 төгрөгийн хохирол тус тус учруулж, хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн болох нь тус тус хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл, түүний уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч *** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг өгсөн болно.
Прокуророос шүүгдэгчийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий болжээ.
Иймд шүүхээс шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох”-оор хуульчилсан.
Шүүгдэгч ***ын дээрх үйлдлийн улмаас бусдад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээний хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогч ***ын хулгайд алдсан эд зүйлийг бүрэн хүлээлгэж өгсөн болох нь, мөн хэрэг шүүхэд шилжиж ирсний дараа хохирогч ***эд 688,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Мөрдөн байцаалтын шатанд нэр бүхий хохирогч нар нь сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгоогүй тул шүүхээс уг гэм хорын нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулах боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч ***д “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх тухай” дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах тухай” санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс ***д ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага гарцаагүй байх “гэм буруугийн зарчим”, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх “шударга ёсны зарчим”-д тус тус нийцүүлэн, мөн улсын яллагч болоод шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шалгах хуудсаар тогтоогдсон болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх” эсэхийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхээр заасан хуулийн зохицуулалттай ба шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзаж “хорих ялыг хөнгөрүүлэх” нь зүйтэй гэж дүгнэв.
Иймд эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч *** нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд нэр бүхий хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно.
Шүүгдэгч ***д Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн энэ өдрийг хүртэл яллагдагч, шүүгдэгчээр нийт 46 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон нийт хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Дөрөв. Бусад:
Энэ хэрэгт ***ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ***д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ***д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ***ын цагдан хоригдсон нийт 46 /дөчин зургаа/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч *** нь ***, *** нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нар нь “гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлдэг тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт ***ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин *** болтол шүүгдэгч ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАВААДОРЖ