Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2295

 

 

Г.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2018/01898 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.С-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Я.Э-, Б.Х- нарт холбогдох

 

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайт зусланд байршилтай 478 м.кв талбай бүхий газрыг албадан чөлөөлүүлэх, зардалд 4 713 265 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Я.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т,

Хариуцагч Б.Х-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайт зусланд байрлах өөрийн эзэмшлийн 477 м.кв талбайтай /0289308/ тоот эзэмших эрхийн гэрчилгээ бүхий зуслангийн байшингаа эргэхээр очтол байшинд танихгүй хүмүүс амьдарч байсан. Манай газрын хил хязгаарыг даван орж байшингийн суурь цутгаж байсан. Б.Х- нь Я.Э-ээс газар худалдаж авсан, байшингийн хаалгыг эвдэж орохыг Я.Э- зөвшөөрсөн гэж хэлсэн. Манай газар руу оруулж байшингийнхаа суурийг тавьсан байгааг хэлсэн. Я.Э-тэй уулзахад 3 000 000 төгрөгөөр Б.Х-д зарсан гэсэн. Яргайтын зусланд 450 м.кв талбайгаас доошгүй хэмжээтэй газар худалдаж авахад 15 000 000 төгрөг байсан учраас энэ тухай Б.Х-д хэлтэл тийм их мөнгө өгч чадахгүй гэж хэлсэн. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тэдний барьж буй байшингийн суурийг харьцуулсан кадастрын зураг хийлгэхэд зуслангийн газарт хойд талаараа 4 метр, баруун талаараа 1,2 метр нэвтрэн орсон байсан. “Хос титэм хаус” ХХК-ийн хийсэн үнэлгээгээр уг газрыг чөлөөлж буцаагаад хэвийн байдалд нь оруулахад 4 713 265 төгрөгийн барилгын төсөв тооцоо гарч байгаа тул Я.Э-, Б.Х- нараас гаргуулж авна гэжээ.

 

Хариуцагч Я.Э- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Х-тай 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, үл хөдлөхийн гэрчилгээг Б.Х-ы нэр дээр шилжүүлэхээр 2 000 000 төгрөгөөр худалдаж гэрээ хийж, мөнгө хүлээлцэж, гэрээн дээрээ гарын үсэг зуралцсан. Газрыг худалдахдаа кадастрын зургийг эх хувиар нь хүлээлгэн өгсөн. Гэрээ хийснээс хойш би зуслан дээр очоогүй. Барилгыг би бариулаагүй, худалдаж авсан айл хөрөнгөө гаргасан. Гэхдээ нэхэмжлэгч Г.С-д ижил чанар хэмжээтэй газар авч өгч эвлэрэх хүсэлтэй байна гэжээ гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 499.1.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Х-, Я.Э- нарын хууль бус эзэмшлээс Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайт зусланд байршилтай 18642324032061 нэгж талбарын дугаартай 478 м.кв талбай бүхий газрыг албадан чөлөөлж нэхэмжлэгч Г.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 713 265 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Х-, Я.Э- нараас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.С-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн182/ШЗ2018/05160 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж энэ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг, нэхэмжлэгч Г.С- хохирлоо жич нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Я.Э- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би зуслангийн  газраа Б.Х-аад 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийж, кадастр зургаа өгч, газраа худалдсан. Газар өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээг Б.Х-ы нэр дээр 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлэ гэрчилгээг өгсөн.

1. Энэ хэрэгт Я.Э- намайг хариуцагчаар татсаныг хянаж шийдвэрлэж өгнө үү.

2. Намайг энэ хэрэгт холбогдолгүйг нотлох, мэдүүлэг өгөх хариуцагч н.Гантамир, Б.Х- нар оролцоогүй, оролцуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчжээ.

 

Нэхэмжлэгч Г.С- нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайт зусланд байршилтай 478 м.кв талбай бүхий газрыг албадан чөлөөлүүлэх, зардалд 4 713 265 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч Я.Э- эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч Б.Х-ы барьж буй байшин нь манай газарт хойд талаараа 4 метр, баруун талаараа 1,2 метр нэвтрэн орсон, уг газрыг чөлөөлж буцаагаад хэвийн байдалд нь оруулахад 4 713 265 төгрөгийн зардал гарахаар тооцоо гарч байгаа” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл бусдын хууль бус эзэмшлээс өөрийн эд хөрөнгийг чөлөөлүүлж, улмаар эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгуулах буюу гэрээний бус үүргийн харилцаанаас үүссэн гэм хортой холбоотой шаардлага гаргажээ. Гэтэл шүүх тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах тухай Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.1-д заасныг хэрэглэсэн нь буруу байна. 

 

Түүнчлэн анхан шатны шүүх хэргийг дангаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасныг зөрчжээ.

 

Мөн хариуцагч Б.Х-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г-т 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс хойш хэргийн материалыг танилцуулаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлд заасан журмын дагуу талууд тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцэх зарчмыг зөрчжээ.

 

Давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг арилгах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээнийхээ хүрээнд, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2018/01898 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад хариуцагч Я.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 500 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                                                       

                                ШҮҮГЧИД                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                        С.ЭНХТӨР