Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 1251

 

С.Оад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Очбадрах,

шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа, Т.Ариунболд,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

                                                                                               

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/735 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.О болон түүний өмгөөлөгч Т.Ариунболд нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.Оад холбогдох эрүүгийн 1902009340042 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

/,  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 370 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;

 

С.О нь 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4 дүгээр байрны 4 дүгээр орцны 2 давхрын хогийн бункерийн хоолойн ард нуусан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт нийт 20,2870 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас:

С.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэж хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч С.О “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Оыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.Оад оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, С.Оын баривчлагдсан 2 хоног, цагдан хоригдсон 27 хоног, нийт 29 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт нийт 20.2870 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хариуг шүүхэд мэдэгдэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, С.Оад авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.  

 

Шүүгдэгч С.Оын өмгөөлөгч Т.Ариунболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх С.Оад Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 03 жилийн хорих оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

1. С.О нь “Шараа” гэгчийн хүний гуйлтаас “метамфетамин”-ны агууламжтай 20.2870 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явж орон сууцны хогийн савна ард нууж, энэ хууль бус бодисыг нуусан газрыг цагдаагийн албан хаагч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.3 дугаар зүйлийн 1.2, 2-т зааснаар санал тавихад зөвшөөрч хэнээс авч хаана нууснаа тухайн өдөр буюу 2020.01.29-ний өдөр зааж өгч, хууль бус мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг олж илрүүлэхэд тусалсан байдаг С.О нь хууль зүйн мэдлэггүй иргэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, түүний хэсэгт багтах хамтран ажиллах этгээдээр тогтоох гэсэн ойлголтыг мэдэхгүй, харин энэхүү ажиллагаа байдаг гэдгийг цагдаагийн алба хаагч нар хууль танилцуулж, хүнээс авсан байж болзошгүй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис байгаа бол түүнийг гаргаж өгөх санал тавьсны дагуу нуусан газраасаа гаргаж өгсөн нь хууль зүйн хувьд хамтран ажиллах саналыг хүлээн зөвшөөрч цагдаа, хуулийн байгууллагатай хамтран ажиллаж, хууль бус үйлдлийг илчлэхэд оролцож иргэний үүргээ биелүүлэх түүний хүсэл зоригийн илэрхийлэл байсан гэдгийг нотолж байна.

Анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагаанд цагдаагийн байгууллагын дарамт шахалтад орж, ялт ч үгүй гэм буруутай болохоо мэдсэн даруй энэхүү нуусан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисоо нуусан газраасаа гаргаж өгсөн мэтээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт хамтран ажиллах этгээдээр тогтоох санал гаргасан гэх баримтаа нууцын зэрэглэлтэй тул энэхүү баримт хэрэгт байхгүй байгаа, мөн шүүх хуралдаанд прокурорыг татгалзан гаргах хүсэлт гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх шалгах, прокуророос тайлбар авах явцад прокурор Очбадрах шүүгдэгч С.О нь хамтран ажиллах саналаа амаар болон бичгээр гаргасан, энэ төрлийн гэмт хэргийн зохион байгуулагч, борлуулагч нартай холбоотой мэдээллийг мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгч байсан харин энэ нь гэмт хэргийн шинжгүй тул хамтран ажиллах боломжгүй байсан тул хамтран ажиллах хүсэлтийг хангаагүй гэж шүүх хуралдаанд тайлбарласан байгаагаас үзэхэд С.О энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, түүнийг таслан зогсооход чинхүү хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй гэдэг нь тогтоогдож байхад шүүх үүнд дүгнэлт хийгээгүй байна.

С.О нь урьд нь энэ төрлийн хэрэгт ял шийдэгдэж байсан, энэхүү хорт зуршлаас гарах гэж тэмцэж байгаа, өрх толгойлсон 2 хүүхэдтэй эх хүн, тэрээр шууд энэ төрлийн хорт зуршилтай хүмүүсээс зайгаа барих амь нас, миний 2 хүүхдийн аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй байдаг гэдгээ байнга хэлж байсан. Учир нь шууд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхээс татгалзсан зарим нэг хүмүүс эрүүл мэндээр хохирч, амь нас нь хохирсон хүн ч байдаг гэдгийг өөрөө дурдаж байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн зохион байгуулагч нар нь хэрэглэгч, борлуулагч гэсэн 2 төрлийн хэсэгт обьектоо хуваадаг. Хэрэглэгч нарыг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхээс татгалзахыг хүлээн зөвшөөрдөггүй, шууд дарамт учруулдаг, мөн цагдаагийн байгууллагад мэдэгдэж барьж өгч магадгүй гэсэн үүднээс заналхийлдэг амь насанд аюултай харилцаа байдаг тул С.О биеийн эрүүл мэндийн улмаас хэрэглэх боломжгүй гэж таарсан хүмүүсээс зайлсхийн, зарим тохиолдолд ганц хоёр сорсон болоод ингэж бага багаар зайгаа авч, аюулаас өөрийгөө авч гарахын тулд хүчээр сорох тохиолдол байдгийг өгүүлж байгаад Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийнхэн анхааралдаа авч мэдүүлэг авахдаа ч үүнийг тусгаагүй байдаг. Монгол Улсад энэ төрлийн гэмт хэргийн хэрэглэгчийн тоо өсч байгаа ч энэ хорт зуршлаас гарах гэж хүсч байгаа бас олон хүн байгаа гэдгийг хуулийн байгууллага нөгөө талаас харах хэрэгтэй гэдгийг өгүүлмээр байна. Хэрэв хэрэглэсэн л бол гээд шийтгээд байвал энэ хэргийн зохион байгуулагч, борлуулагч нар нь эрүүгийн хариуцлага хүлээхгүй, харин хэрэглэсэн хүмүүс нь шоронд ял эдэлж, гол зохион байгуулагч, борлуулагч нар нь шинэ хэрэглэгчийг үүсгээд, бий болгоод явна гэдгийг одоо ойлгож үүнд шүүх дүгнэлт хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт хамтран оролцох этгээдээр санал тавьж буй хэрэглэгч бүрийг татан оролцуулж, зохион байгуулагч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулагч нарыг илрүүлэн шинэ хэрэглэгч нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна. Өдрөөс өдөрт нэмэгдэж буй хэрэглэгчийн тоог дан ганц цагдаагийн байгууллага илрүүлж, мөн хуулийн байгууллага хариуцлага тооцоод таслан зогсоогдохгүй гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй.

2. Мөрдөгч нар 2020.01.29-ний өдөр С.Оын гэрт үзлэг хийж ямар нэгэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг олоогүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрэв С.О засраагүй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын байнгын хэрэглээтэй байсан бол гэртээ тэрхүү мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг авч ирэх байсан. Харин өөрт нь тийм ч шаардлагагүй зүйлийг өөрөөс зайлуулж хол мэдэхгүй орон сууцны хогийн савны хажууд нуусан байдаг. Шүүхээс энэхүү нуусан үйлдлийг С.О нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг устгаагүй, эргэж ирж авах байсан гэж таамаг дүгнэж байгаа нь өөрөө шууд тогтсон хөдөлбөргүй нотлох баримт хэрэгт байхгүй. С.О нь хэрэв хаясан бол Шараа гэгч этгээд түүнийг зүгээр өнгөрүүлэхгүй гэдгийг мэдсэн тул нууж түүнд буцааж өгөх зорилго агуулж байсныг ойлгох шаардлагатай байна.

Мөн цагдаагийн алба хаагчид түүний гэрээс ямар нэгэн зүйл олоогүй бөгөөд С.Оад гүйцэтгэх ажлын шугамаар ажиллаж байгаа гэдгээ хэлж, мөрдөн шалгах ажиллагаанд түүнийг хамааралгүй тул нуусан зүйл байвал гаргаж өгөөд уг гэмт хэргийг илрүүлэхэд хамтран ажиллах санал тавьсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.9-т заасан мөрдөн шалгах ажиллагаа явагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь С.О хэрэг бүртгэлийн хэрэг нээгдэж, үүний дагуу цагдаагийн алба хаагч нар хойшлуулшгүй ажиллагаагаар үзлэг хийгдэж байгаа, мөн түүнийг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нуусан талаар гэрчээр байцаалт аваагүй ба мөрдөн шалгах ямар ажиллагаанд оролцож байгаа зэрэг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна гэдгийг С.О мэдээгүй, энэ талаар цагдаагийн алба хаагч нар түүнд хэлээгүй ямарваа нэгэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хүнээс авсан бол түүнийг хаана нуусан болон хаана байгаа талаар асууж хамтран ажиллах санал тавьснаар тэрбээр нуусан газраа зааж өгсөн. С.О нь гэрчээр байцаалт өгч, үзлэг, нэгжлэг хийсэн болон бусад мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад ямарваа нэгэн зүйлийг нуусан талаар хэлэхгүй байснаа эрүүгийн хариуцлага хүлээх эрсдэл үүссэн тохиолдол бий болоход нуусан газраас зааж өгсөн тийм үйл баримт хавтаст хэрэгт байхгүй, харин ч тухайн үйл явц эхлэнгүүт цаг тухайд яаралтай арга хэмжээ авч, цагдаагийн байгууллагын ажилд саад учруулахгүй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис байгаа газрыг зааж өгсөн нь мөрдөн шалгах ажиллагаа явагдахаас өмнө сайн дураараа мансууруулах, сэтгэцэд нөлөөтэй бодисыг шилжүүлэн өгсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн тайлбартай нийцэж байгаа тул түүнийг эрүүгийн ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд С.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, 3 хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан хорих ялаас чөлөөлж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч С.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Сэргэлэн овогтой Оюунбат нь 2020.01.29-нд анхан шатны шүүхээр 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Тухайн үед цагдан хорих 461-р ангид түр саатуулагдаж байхдаа прокурор Очбадрахад бичгээр, амаар, биеэр удаа дараалан ар гэрийн байдал аюултай байдалд үлдсэн талаар хэлж илэрхийлж байсан. Гэвч өөрийн хариуцлагагүй байдлаас шүүх хурлыг хойшлуулж, эрүүгийн төлөөлөгчөөр дуудуулан өөрийн тавьсан саналыг миний тавьсан санал мэт байцаалт авахыг завдсан. Тухайн үед уншиж танилцуулж байсан гэрээн дээр нь миний гаргаж өгсөн эд мөрийн баримтыг өөрийн минь эсрэг ашиглахыг хориглоно гэсэн байсныг би тодхон санаж байна. Энэ үгийн үндсэн дээр би гарын үсгээ зурж байсан. Мөн энэхүү гэрээг би өөрийн гараар прокурор Очбадрахад аваачиж өгсөн. Мөн байцаагч хошууч Нямжигжид нь тодорхой бус ганц удаагийн байцаалтаар хэрэг бүрдүүлэн прокурор, шүүхийн мэдэлд өгсөн нь миний хувьд гомдолтой байна. Мөн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4 дүгээр байрны 4 дүгээр орцны 2 давхрын хогийн бункерийн ард нуусан гэх зүйлийг төлөөлөгч болон байцаагч Нямрагчаа нарын заасан үгийн дагуу хэлж, зураг авахуулсан нь миний эсрэг баримт болохгүй гэсэн нь миний эсрэг баримт болон хавтаст хэрэгт хавсаргасан байсан. Миний бие нь 2 хүүхдийн хамт амьдардаг. Өнөөдөр миний амьдралыг аюулын түвшинд хүртэл өөрсдийн гар хөл болгон үр хүүхдийн минь амьдралыг эрсдэлд оруулж байгаа нь мөн миний гаргаж өгсөн эд мөрийн баримтыг миний эсрэг болгон яллаж байгаад миний зүгээс үнэхээр хэлэх үг алга байна. Шоконд оруулж байна. Сэтгэл санааны хувьд маш хүнд байна. Би өөрийн чадлаараа нийгэмд тус болж хар тамхийг дэлгэрүүлэхгүйн төлөө өөрөө ч үүнд хамаарагдаж, хамааралтай байхгүйн тулд мөн хор хөнөөлийг нь ойлгосны үндсэн дээр иргэний үүргээ үнэнчээр гүйцэтгэсний төлөө ийм байдалд хүрч байна. Надад энэ талаар хийж гүйцэтгэж байсан гэх баримт нотолгоо байгаа. Иймд та бүхнийг үнэн зөвийг олж миний амьдралын нөхцөл байдлыг доройтуулахгүй, нааштайгаар шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна. Мөн хар тамхины эсрэг дуу хоолой болж сургалт хөтөлбөр зохион явуулахад өөрийн зүгээс биечлэн оролцоход бэлэн гэдгээ илэрхийлж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дээр үл ойлгогдох үг бичгээр бичин явуулсныг шалгуулах хүсэлтэй байна...” гэв.

 

Шүүгдэгч С.Оын өмгөөлөгч Л.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Т.Ариунболдын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис тэдгээртэй адилтгах зүйлийг мөрдөн шалгах ажиллагааны үед гаргуулан авсаныг сайн дураараа шилжүүлэн өгсөнд тооцохгүй гэх үндэслэлийг ярьж байна. Хавтас хэрэгт авагдсанаар цагдаагийн байгууллагын ажилтанууд мөрдөн шалгах ажиллагаа эхлэхээс өмнө шүүгдэгч С.О өөрөө сэтгэцэт нөлөөт бодисыг нуусан талаар хэлж гаргаж өгсөн байдаг. Үүнийг анхаарч өгнө үү. Шүүгдэгч С.О болон өмгөөлөгч Т.Ариунболд нарын гаргасан гомдлыг дэмжиж байна...” гэв.

 

Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Оад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа. Оюунбатад чиглэсэн мөрдөн шалгах нууц ажиллагаа явагдсан зүйл байхгүй. Уг гэмт хэргийг Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгчид нууц эх сурвалжаас мэдээлэл авч илрүүлсэн. Тухайн үед С.Отай хамт явж байсан Тунгалаг гэх хүн Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс дээр шалгагдаж байгаад Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдээд хэргийг нь анхан шатны шүүхэд шилжүүлсэн байсан. Тунгалаг нь анх С.Отай хамт явж байсан. Шээсний шинжилгээ хамт өгсөн байдаг. Ямар нэгэн байдлаар мөрдөн шалгах нууц ажиллагаа явагдсан зүйл байхгүй. Нууц эх сурвалжаас мэдээлэл авсаны үндсэн дээр уг хэргийг илрүүлсэн. Хамтран ажиллах хүсэлтийг мөрдөгчид гаргасан боловч прокурор хангахаас татгалзсан гэж байна. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсаны дараагаар Оюунбатаас “прокурортой биечилж уулзъя, хамтран ажиллах саналтай байна” гэх хүсэлт гаргасан байсан. Үүний дагуу би өөрийн биеэр С.Отай очиж уулзсан. С.О давж заалдах гомдолдоо “өөрсдөө хамтран ажиллах санал тавьчихаад миний өгсөн мэдээллийг миний эсрэг ашиглаад байна” гэж байна. Мөрдөгч, прокуророос хамтран ажиллах санал тавьсан асуудал байхгүй. Яриад буй Нигер улсын иргэний тухайд 2020 оны 2 дугаар сард Монгол Улсын хилээр гараад явсан гэх лавлагаа авагдсан. Уг лавлагааг үндэслэж хамтран ажиллахаар тогтоох боломжгүй гэх хариуг өгөөд хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эд мөрийн баримтаар хураагдсан мансууруулах бодисыг шүүгдэгч С.О нь сайн дураараа өөрөө гаргаж өгсөн асуудал байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед гаргуулж авсан байдаг. Иймд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл байхгүй. Прокурорыг татгалзах хүсэлт гаргасан гэж байна. Прокурорын зүгээс хамтран ажиллах хүсэлтийг нь тал бүрээс нь судалж үзсэний эцэст хамтран ажиллах гэрээг байгуулах үндэслэлгүй гэх дүгнэлтийг гаргасан. Үүний төлөө прокурорыг хувийн сонирхолтой байна гэж үзээд байна уу гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

 Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг С.Оад холбогдох 1902009340042 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.   

 

С.О нь 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4 дүгээр байрны 4 дүгээр орцны 2 давхрын хогийн бункерийн хоолойн ард нуусан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт нийт 20,2870 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх 10-11/, хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 20-26, 27-29/, С.Оын биеэс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх 30/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн 840 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлээс метамфетамин илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. Гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин нь 20,2870 грамм, цэвэр жин нь 19,7636 грамм байна. Шинжилгээ хийхэд дээжнээс 0,05 граммыг зарцуулсан болно.” гэсэн дүгнэлт /хх 35-37/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 3-ны өдрийн 843 дугаартай “...“2020.01.30 С.О” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд метамфетамин /МАМР/ илэрсэн. Метамфетамин /МАМР/ НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 39-41/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 256 дугаартай “...С.О нь Сэргээгч эм бодис метамфетамины хортой үр дагавар өгөхүйд хэрэглээтэй байна. С.О нь одоогоор Сэргээгч эм бодис метамфетамины хортой үр дагавар өгөхүйд хэрэглээтэй байна. С.О нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. С.О нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэсэн дүгнэлт /хх 43-44/,

 

С.Оын яллагдагчаар өгсөн “...Шараа “миний Чех улс руу ажлын виз гарчихсан, орой нисэх гэж байгаа юм, тийм болохоор өөрт байсан мөсөө хий хоосон үлдээгээд яахав гэж бодоод, чамд өгье, чи тэгж байгаад мөнгийг нь ардаас шилжүүлчихээрэй” гэж хэлсэн. Тэгээд надад гялгар ууттай мөс гэх бодисыг өгсөн. ...шар өнгөтэй арктай байшингийн аркаар нь ороод хамгийн эхний орцны хаалга онгойж байсан. Тэгэхээр нь тэр орц руу гүйж ороод, буцаж гарахаасаа айж байсан болохоор 2 давхарт хогийн цэгийн хажуу талын хананд нөгөө мөс гэх мансууруулах бодисыг нааж үлдээгээд явсан. ...” гэх мэдүүлэг /хх 61-62/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

Шүүгдэгч С.Оын Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт нийт 20,2870 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хориглосон сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, ...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.  

 

Мөн анхан шатны шүүх С.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн нь түүний сэргээгч эм бодис метамфетамины хортой үр дагавар өгөхүйд хэрэглээтэй хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцжээ.  

 

            Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг сайн дураараа шилжүүлэн өгсөн гэдэг нь тухайн этгээдийг тус гэмт хэрэгт огт сэжиглээгүй, тус гэмт хэрэгт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ямар нэг ажиллагааг эрх бүхий этгээдээс явуулаагүй байхад тус гэмт хэргийг үйлдэгч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг шилжүүлэн өгсөн үйлдлийг ойлгоно.

 

            Иймд тус мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт сэжиглэж, хэргийн газрын үзлэг хийх зэргээр мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэний дараа мөрдөгчид сэтгэцэд нөлөөт бодис болох өсийг хадгалж буй газраа зааж өгсөн С.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн тайлбарт заасан “...Энэ зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг сайн дураараа шилжүүлэн өгсөн ..хүнийг ялөөс чөлөөлнө. ...” гэж заасан үндэслэлд хамааруулахгүй тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь “...сайн дураараа мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг цагдаагийн ажилтнуудад шилжүүлэн өгсөн тул ялаас чөлөөлөгдөнө...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.  

 

Харин шүүгдэгч С.Оын насанд хүрээгүй хүүхдүүд болох 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төрсөн 13 настай охин О/төрсний гэрчилгээний хуулбар хх 102/, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн 6 настай хүү Р нарын асрамжийн талаархи асуудлыг  Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу харьяалах дүүргийн Засаг дарга шийдвэрлэх ёстой тул энэ талаархи заалтыг шийтгэх тогтоолд нэмж оруулахаар давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

                                     

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                     

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/735 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар 2007 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төрсөн 13 настай охин Ог, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн 6 настай хүү Р нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохтой холбоотой асуудлыг шийдвэрлэх үүргийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ариунболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.АЛДАР

             ШҮҮГЧ                                                          Л.ДАРЬСҮРЭН

             ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ