Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 00146

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир

Улсын яллагч Л.Оюунтуяа

Хохирогч Д.Хишигжаргал

Шүүгдэгч Б.Уянга нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Баатарын Уянгад холбогдох эрүүгийн 201714000236 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

1. Боржигон овгийн Баатарын Уянга, Монгол Улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны эмнэлэг сувилалын цогцолборт үйлчлэгч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнжийн 3-64 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх./РД:ХК78033004/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Уянга нь 2017 оны 04 сарын18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны эмнэлэг сувилалын цогцолборын кассын өрөөний цоож болон өрөөнд байсан сейфэнд түлхүүр тааруулан онгойлгож кассын орлогын мөнгөнөөс 1 830 000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Д.Хишигжаргалын “Миний бие 2017 оны 04 сарын 17-ны өдрөөс хүний оронд түр хугацаагаар ажиллах болсон юм. 2017 оны 04 сарын 18-ны өдрийн 12 цаг 14 минутанд би өрөөнөөсөө гарахдаа урд өдрийн орлогын мөнгө болох 5 908 150 төгрөгийг сейфний дотор талд байсан цагаан цаасан хайрцаг дотор хийчихээд сейф болон өрөөний хаалгаа цоожлоод гарсан. Ингээд өдрийн цайндаа орчихоод 14 цаг 30 минутын орчим ажил дээрээ ирж орлогоо тушаах гэтэл нөгөө хайрцаг дотор байсан 5 908 150 төгрөгнөөс 10 000-ын дэвсгэрт 33 ширхэг, 20 000-ын дэвсгэрт 75 ширхэг нийт 1 830 000 төгрөг алга болсон байсан. Намайг өдрийн цайндаа явсан хойгуур хажуугийн өрөөний Эрдэнэбилэг, үйлчлэгч Уянга нар байсан. Эрдэнэбилэг цайны газар хоол идчихээд өрөөндөө ирэхэд Уянга өрөөг нь цэвэрлэж байсан гэсэн. Миний сууж байсан өрөөний болон сейфний түлхүүр надад байгаа. Ээлжийн амралтаа авсан Оюунцэцэг эгчээс 2017 оны 04 сарын 17-ны өдөр 4 ширхэг түлхүүр, нэг лацтай хамт хүлээж авсан. Өөр илүү түлхүүр байдаг эсэхийг мэдэхгүй. Би гарахдаа өрөө болон сейфээ яг цоожлоод гарсан. Учир нь сейфэн дотор байгууллагын мөнгө байгаа учраас, заавал цоожилж шалгаж гардаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/

            2. Мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 18-р хуудас/

            3. Насанд хүрээгүй гэрч Г.Ган-Сэргэлэнгийн “2017 оны 04 сарын 18-ны өдөр таксины мөнгө авах гээд ээжийн ажил дээр 12 цаг өнгөрч байхад очсон. Тэгээд ээжтэй үүдэнд уулзаад байж байтал ээж “хүний мөнгө шүү” гээд халааснаасаа их хэмжээний 10 000 болон 20 000-ты дэвсгэрт гаргаж өгөхөөр нь би цүнхэндээ хийгээд гэртээ харьсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-р хуудас/

            4.Гэрч Г.Очгэрэлийн “Кассын нярав буюу бэлэн мөнгөний нярав ажилтай Оюунцэцэг гэдэг хүнд нэг хувь түлхүүр байдаг. Оюунцэцэг 2017 оны 04 сарын 17-ны өдөр ээлжийн амралтаа авч оронд нь барааны менежер Хишигжаргал гэж ажилтан түр хугацаагаар ажиллах болсон. Тэр үедээ түлхүүрээ хүлээлцсэн байх. 2015 оны 02 сарын 06-ны өдөр манай байгууллага бүх тасалгаануудын цоож түлхүүрэнд тооллого хийж тулгахад хулгай орсон кассын өрөөнд нэг л түлхүүр байсан. Тэрийг Оюунцэцэгт өөрт нь хариуцуулж өгсөн. Байгууллагын үйлчлэгчид дээрхи түлхүүр байх ёсгүй. Бэлэн мөнгөний өрөөний түлхүүр учраас жижүүр дээр ч гэсэн илүү түлхүүр байдаггүй. Зөвхөн Оюунцэцэгт өөрт нь байдаг. Үйлчлэгч зөвхөн өрөөнд хүнтэй үед орж цэвэрлэгээ хийх ёстой” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Уянга нь мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

            Хохирогч Д.Хишигжаргал мэдүүлэхдээ “Уянга нь байгууллагын хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

   Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад Б.Уянга нь 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны эмнэлэг сувилалын цогцолборын кассын өрөөний цоож болон өрөөнд байсан сейфэнд түлхүүр тааруулан онгойлгож кассын орлогын мөнгөнөөс 1 830 000 төгрөгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Уянгад ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

Шүүгдэгч Б.Уянгад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж шүүгдэгч Б.Уянгад  оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                    ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овгийн Баатарын Уянгыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.-д зааснаар Б.Уянгыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.-д зааснаар шүүгдэгч Б.Уянгад оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4.-д зааснаар шүүгдэгч Б.Уянгад оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож,  түүнд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Уянгад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ц.АЛТАНГАДАС