| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2024/0073/э |
| Дугаар | 2024/ШЦТ/76 |
| Огноо | 2024-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,
улсын яллагч Б.Ануужин,
шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт М-ийн Мд холбогдох эрүүгийн 2417000850077 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 2003 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа 425 дугаар нээлттэй хоих ангид хамгаалалтын ажилтан ажилтай, ам бүл 5, аав, ээж дүү нарыг хамт ....... аймгийн ....... сумын ..... дүгээр баг, ...........тоотод оршин суух, О овогт М-ийн М /РД:.........../,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч М.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч М.М нь 2024 оны 06 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Атай маргалдаж түүнийг зодсоны улмаас хохирогчид тархи доргилт, хамрын ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд, дүүн нүдний дээд зовхинд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Шүүгдэгч М.М үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /х.х-ийн 71-72 хуудас/
2. Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-ийн 5 хуудас/
3. Хохирогч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Д, М, О, Т бид хэд 23 цаг 40 минутын үед Халуун тогооноос гарсан. Манай найз М түрүүлээд гарсан би араас нь гараад очсон чинь М 4 залуутай юм яриад зогсож байсан. Удалгүй Мг хэл амаар доромжлоод байхаар нь би гартаа барьж байгаа ундаагаа шидсэн чинь 4-үүлээ босоод ирсэн. Тэгсэн нэг залуу намайг бариад авсан хажуунаас нэг залуу өшиглөсөн би царайг нь харж чадаагүй. Тэгтэл манай найзууд гарч ирж салгаад учраа олоод төлбөр тооцоогоо хийгээд тараад явцгаасан. Төгрөгийн эгнээнд Тг хүргэж өгөх гээд явж байтал араас 2 залуу гүйцэж ирээд нэгийг нь О эгч хориод нөгөө залуу нь над руу дайрсан. Тэгээд ноцолдоод манай эхнэр хориод миний дээр хэвтэж байхад нэг залуу ирээд миний нүүр хэсэг рүү өшиглөсөн. Тэгсэн саарал өнгийн машин ирээд дотроос нь 2 хүн гарч ирээд бид нарыг салгаад цагдаа дуудсан. ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16-17 хуудас/
4. Гэрч Р.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Хар хөх өнгийн цамцтай залуу ирээд манай нөхрийг бариад авсан тэгээд тэр 2 ноцолдоод байсан. Тэгээд би нөхрийгөө хамгаалах гээд газар дараад хэвтэж байгаад Эрдэнэтөгс рүү харсан чинь Эрдэнэтөгсийг 2 залуу цохиж байсан. Тэгээд босоод ирсэн чинь манай нөхрийн хамар муруйсан, нүднийх нь хажуу талд шалбарсан байсан. Тэгээд араас нь хөөцөлдөж явж байгаад Петровис колонк дээр байж байтал нөгөө 4 залуу утсаа хайж байна гээд дахиад ирээд хэрүүл маргаан үүсгэж хэл амаар доромжилсон. Тэгээд удалгүй тэр 4 залуу зугтаад яваад өгсөн...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/
5. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 175 дугаартай дүгнэлтэнд:
- Ц.Аын биед тархи доргилт, хамрын ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд, зүүн нүдний дээд зовхинд, хамрын нуруунд цус хуралт, баруун нүдний дээд зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журамын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
- Хамрын ясны цөмөрсөн хугарал, хамрын нурууны цус хуралт гэмтэл нь хамтдаа үүсэх ба эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэгт тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн зэрэг тогтоогдлоо.
- Баруун нүдний цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус зулгаралт гэмтэл нь тус бүртээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй.
- Цаашид ерөнхий хөмөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 22-23 хуудас/
6. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн зардлын түүх /х.х-ийн 3-5, 80-86 хуудас/
7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хохирлын тооцоо /х.х-ийн 74, 93 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч М.Мг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгч М.Мгийн гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч М.М нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гарган оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.М нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон хохирол төлбөр шилжүүлсэн банкны баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.М нь бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Аын яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 172 959 төгрөг, мөн хохирогчийн эмчилгээний зардалд баримтаар гаргаж өгсөн 1 073 778 төгрөгийг шүүгдэгч М.М бүрэн төлж барагдуулсан, хохирогч сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт М-ийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мг 500 /тав зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /тав зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд оногдуулсан торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ