| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2024/0073/э |
| Дугаар | 2024/ШЦТ/77 |
| Огноо | 2024-08-13 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,
улсын яллагч Б.Ануужин,
шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Э-гийн Бт холбогдох эрүүгийн 2417000530074 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүхч мэргэжилтэй, жолооч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Улаанбаатар хот, ........ дүүрэг, ........... тоотод оршин суух бүртгэлтэй,
урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 20000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, С овогт Э-ийн Б /РД:................../,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Э.Б нь 2024 оны 03дугаар сарын 15-ны өдөр 23 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай засмал замын 192 дахь километр шонгийн орчим 54-63 УНК улсын дугаартай Тоёота Приус-11 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2 дугаар зүйлийг зөрчиж, зам дээр тогтсон цасыг тойрч гарах зорилгоор эсрэг хөдөлгөөний урсгал руу жолоог эргүүлж хохирогч Г.Гийн эзэмшлийн 65-70 УАУ улсын дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас хохирогч Г.Гийн баруун хөлийн эрхий хурууны угийн шивнүүр ясны хугарал, зүүн шилбэний язарсан шарх, хүзүү, зүүн гуяны цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан хохирогч Л.Г биед хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэс, бүдүүн гэдэсний уруудах хэсэг чацархайн урагдал, хэвлийн хөндийн цус хуралдалт, зүүн хөлийн улны шивнүүр ясны хугарал гэмтлүүд бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Говьсүмбэр аймгаас Улаанбаатар хот руу явж байсан. Тухайн үед нойр хүрсэн зүйл байгаагүй, цасаар шуурч байсан. Цас тойрч гарах зорилготой эсрэг урсгал руу орсон. Эсрэг урсгалаас машин ирж байхыг харсан. Зайтай байна гэж харсан. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаар мөрдөгчийн лавлагаатай санал нийлж байгаа. Миний буруугаас осол болсон. Хохиролд 3 000 000 төгрөг өгсөн. Эрүүл мэндийн даатгалын санд эмчилгээнд зарцуулагдсан мөнгийг төлж амжаагүй байгаа. Би өөрөө том тэрэгний жолооч. Том машинаараа яваад хохирогчийн үлдсэн хохирлыг барагдуулна гэв.
2. Хохирогч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би өөрийн найз Гантулгын хамт 2024 оны 03 дугаар сарны 15-ны өдөр Дорноговь аймгийн нутаг 25 дугаар зөрлөгт байх Макийн уурхай орох ажилтай болоод 65-70 УАУ улсын дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгсэлтэй 18 цагийн үед Улаанбаатар хотоос гарсан. Мазда-2 маркийн миний эзэмшлийн машин бөгөөд би Аллианс Капитал ББСБ-аас 2023 оны 11 дүгээр сард авч байсан. Би өөрөө тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2023 оны 11 сард хасуулсан байсан учир найз Г-аар машинаа бариулаад би өөрөө хажууд нь суугаад явж байсан. Тухайн өдөр цас ороод зам халтиргаа гулгаа үүсэж байсан бөгөөд Говьсүмбэр аймгийн нутаг Баянтал сум 18 дугаар зөрлөг орчим 192-р км шонгийн орчим 22 цагийн үед явж байхад өөдөөс Приус маркийн 54-63и УНК улсын дугаартай авто машин урсгал сөрж орж ирээд хамраараа манай машиныг мөргөсөн. Тухайн үед цас ороод халтиргаатай байсан учир 30-40 км цагийн хурдтай явж байсан байх өөдөөс ирж яваа машин гэнэт л гарч ирээд мөргөсөн. Тэгээд нэг мэдсэн цагдаа ирчихсэн Г бид 2-г машинаас гаргаж байсан бөгөөд одоо эмнэлгийн машин ирж байгаа гэж байсан. Удалгүй эмнэлгийн машин ирээд Г бид 2-г Говьсүмбэр аймгийн эмнэлэг рүү авч явсан. Машинаас намайг буулгаад эмнэлгийн машинд суулгахад би өөрөө хөл дээрээ гишгэж чадахгүй бараг өргүүлээд орсон. Г машин түшээд хазганаад явж байгаа харагдсан. Маргааш нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж эмчилгээ хийлгэж байгаад хөлөө гипстээд гарсан. Миний баруун хөлийн тавхай, эрхий хурууны савхан яс хугаралтай байна гэсэн. Г Гэмтэл согог судлалаын үндэсний төвд дотуур гэмтэлтэй байна гээд 10 гаран хоног хэвтээд гарсан. Би бол эмчилгээний мөнгө гээд нэхэмжлэх зүйл баримт цуглуулаагүй учир байхгүй. Манай эгч эмийн сантай учраас тэндээс авч хэрэглээд болсон. Харин би өөрийн машины мөнгө болох 17 500 000 төгрөгийг нэхэмжилнэ учир нь миний машиныг Монголд засварлах газар байхгүй, олдохгүй байгаа. Адилхан жолооч хүмүүс байна өөр зүйл болон сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, миний бие одоо эрүүл саруул ажлаа хийгээд явж байгаа” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 22 хуудас/
3. Хохирогч Л.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн нутаг 25 дугаар зөрлөгт байрлах Макийн уурхай орох гээд найз Г-ийн эзэмшлийн Мазда маркийн машиныг бариад Улаанбаатар хотоос гарсан. Манай найз Г жолооны эрхээ хасуулсан байсан учраас би машиныг нь бариад Г миний хажууд суугаад явсан. Тухайн өдөр гадаа цас ороод зам халтиргаа гулгаа үүссэн байсан. Говьсүмбэр аймгийн Баянтал сум 18 дугаар зөрлөгийн орчим 22 цагийн үед явж байхад өөдөөс Приус маркийн 54-63 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд хамраараа манай машиныг мөргөөд зогссон. Тэгээд машинтай мөргөлдөөд би хэсэг зуур ухаан самуураад ухаан орсон чинь Г суудал дээр ухаан алдчихсан байсан. Манай машиныг мөргөсөн жолооч миний буруу, одоо яанаа гээд тэрүүгээр гүйгээд байсан, би манай найзыг машинаас гаргаарай гэхэд тэр жолооч яах учраа олохгүй гүйгээд байгаа бололтой байсан би машинаас буух гэсэн чинь хөл хөдлөхгүй байсан. Тэгэж байтал цагдаа ирсэн бөгөөд эмнэлгийн машин ирж байгаа хөдлөхгүй байж байгаарай гэж байсан. Тэгээд эмнэлгийн машин ирээд манай найз Гийг хүмүүстэй нийлж машинаас гаргаад Чойрын эмнэлэгт ирсэн. Маргааш нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Г бол хөлийн савхан яс нь цуурсан байна гээд хөлийг нь гипсдээд гарсан. Намайг дотор бүдүүн, нарийн гэдэс тасарсан байна, мөн зүүн хөлийн савхан яс хугарсан байна гээд хагалгаанд ороод эмчилгээ хийлгэж байгаад 2024 оны 04 дүгээр сарын 10-нд эмнэлгээс гарсан. Надад гомдол санал гээд байх юм байхгүй, миний эмчилгээний зардал бараг 3 000 000 төгрөг болсон байгаа надад бол гаргаж өгөх баримт байхгүй байна. Тухайн үедээ баримтаа цуглуулаагүй. Надад эмчилгээний зардалд 1 500 000 төгрөг өгсөн байгаа, одоо 1 500 000 төгрөг өгчихвөл болно. Би сэтгэл санааны болон өөр зүйл нэхэмжлэхгүй, миний бие одоо зүгээр ажлаа хийгээд явж байгаа” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 26 хуудас/
4. Иргэний хариуцагч У.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “54-63 УНК улсын дугаартай авто машин миний нэр дээр байдаг бөгөөд би өөрийн найз Бт хийлгэсэн ажлынхаа хөлсөнд 2024 оны 03 дугаар сарын эхээр өгсөн юм. Тэгээд нэрээ шилжүүүэх гэсэн боловч би Өмнөговь аймагт ажлаар яваад чадаагүй юм. ” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 29 хуудас/
5. Гэрч С.Паул мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Э.Б нь хувиараа том оврын авто машин барьж тээвэрт явдаг ажил хийдэг бөгөөд би машин тэргийг нь засаж янзалж өгөөд хамтран ажилладаг юм. Хамтран ажиллахад ямар нэгэн асуудал гардаггүй бөгөөд даруухан үг дуу цөөтэй, архи дарс хэрэглээд байдаггүй бөгөөд ар гэрийг нь сайн мэдэхгүй байна, ямар ч гэсэн том машины туслах жолооч хийж амьдралаа авч явдаг хүн байгаа юм. ” гэсэн мэдүүлэг /1 х.х-ийн 31 хуудас/
6. Шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4114 дугаар дүгнэлтэнд:
- Л.Г биед хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэс, бүдүүн гэдэсний уруудах хэсэг, чацархайн урагдал, хэвлийн хөндийн цус хуралдалт, зүүн хөлийн улны шивнүүр ясны хугарал гэмтлүүд тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна.
- Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэжээ. / х.х-ийн 35-36 хуудас/
7. Шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4090 дугаар дүгнэлтэнд:
- Г.Гийн биед баруун хөлийн эрхий хурууны угийн шивнүүр ясны хугарал, зүүн шилбэний язарсан шарх, хүзүү, зүүн гуяны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна.
- Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэжээ. / х.х-ийн 44-45 хуудас/
8. Зам тээврийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 09/2024 дугаар дүгнэлтэнд:
- Монгол Улсын Замын хөдөлгөнөий дүрмийн 1.2.17 Зам тээврийн осол- тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал гэж заасан. Иймд уг осол нь зам тээврийн осол мөн байна.
- 54-63 УНК улсын дугаартай Тоёота-Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Энхцэдэнгийн Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.
- Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
- 65-70 УАУ улсын дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгслийн жолооч Л-ийн Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байна.
- Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь:
а/ 54-63 УНК улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Энхцэдэнгийн Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.
б/ 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлсэн байна.
холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно.
Дүгнэлт гаргасан: шинжээч Д.Доржпүрэв гэжээ. / х.х-ийн 52-53 хуудас/
9. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /х.х-ийн 5-16 хуудас/
10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 87, 90-91 хуудас/
11.“Ашид билгүүн” ХХК-ний техникийн үнэлгээний тайлан / х.х-ийн 58-59, 64-65 хуудас/
12. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас”-ын хуулбар /хх-ийн 112-138 хуудас/
НЭГ. Гэм буруугийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус тодорхойлсон ба мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж хуульчилсан.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам зөрчснөөс хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.
Дээр дурдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 23 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг, Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай засмал замын 192 дахь километр шонгийн орчим 54-63 УНК улсын дугаартай Тоёота Приус-11 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2 дугаар зүлйиг зөрчиж, зам дээр тогтсон цасыг тойрч гарах зорилгоор эсрэг хөдөлгөөний урсгал руу жолоог эргүүлж хохирогч Г.Гийн эзэмшлийн 65-70 УАУ улсын дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас хохирогч Г.Гийн баруун хөлийн эрхий хурууны угийн шивнүүр ясны хугарал, зүүн шилбэний язарсан шарх, хүзүү, зүүн гуяны цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан хоирогч Л.Г биед хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэс, бүдүүн гэдэсний уруудах хэсэг чацархайн урагдал, хэвлийн хөндийн цус хуралдалт, зүүн хөлийн улны шивнүүр ясны хугарал гэмтлүүд бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос Э.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн” гэм буруутайд тооцов.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Иймд шүүгдэгч Э.Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Э.Бын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.
ХОЁР. Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын саналдаа: Шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байх саналыг шүүхэд гаргаж байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Э.Б эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх дүгнэлтийг
Шүүхээс шүүгдэгч Э.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгчид ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
ГУРАВ. Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Л.Г өөрт учирсан эмчилгээний зардлаа гаргуулж авсан тул дахин гаргах гомдол санал, хүсэлт байхгүй, хохирогч Г.Г өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол төлбөр болох 17 911 000 төгрөгнөөс шүүгдэгч Э.Б 2 000 000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл мөнгийг 2024 оны 10 дугаар сард багтаан төлнө гэсэн учир одоогоор гаргах гомдол санал байхгүй гэсэн байна.
Харин хохирогч нарт үзүүлсэн эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 3 014 000 /гурван сая арван дөрвөн мянга/ төгрөг гарсан байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар шүүгдэгч Э.Боос 3 014 000 /гурван сая арван дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Э-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Э.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг 1 жил 1 сарын хугацаагаар хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаанд хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тооцож эхлэхийг дурдсугай.
5. Шүүгдэгч Э.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ял, 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан шүүхийн шийдвэрт хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Боос 14 500 000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Гт, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Боос 3 014 000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгосугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг, мөн хохирогч нар нь сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ