Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/78

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Б.Ануужин,

шүүгдэгч Б.А түүний өмгөөлөгч Д.Март /ҮД:1670/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-йн Аад холбогдох эрүүгийн 2417000000071 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 1 дүгээр баазад Тээвэрлэлт үйлчилгээний албаны 1 дүгээр хэсгийн жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, ........ дүүрэг ........ дүгээр гудамжны ........... тоотод оршин суух,

урьд Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ба-ийн А /РД:.............../,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.А нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны орой Говьсүмбэр аймгийн Шивээговь сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь зорчих авто замын чиглэл 401/258 дахь километрийн шонгийн ойролцоо Улаанбаатар хотоос Дорноговь аймаг руу зорчихоор 14-49 УБМ улсны дугаартай Тоёота-Приус 30 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн 12.2 дахь хэсэгт заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” мөн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Оийг мөргөж, зам тээврийн осол гарган, улмаар амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр буюу 04 дүгээр сарын 26-ны өдөр 17-18 цагийн хооронд Улаанбаатар хотоос гарсан. 5 дахь өдөр байсан. Би эхнэр, хүүхэдтэйгээ, хадам эгчтэйгээ 2 машинтай хотоос гарсан. Налайхын Оргил дээр зогсож хүнс базааж авчихаад хөдөлсөн. Замдаа Төв аймгийн Баян суман дээр зогсож хамаатны хүндээ юм өгсөн. Тэгээд хөдлөөд Чойр өнгөрөөд явж байсан. Эхнэр бид хоёр замын баруун талд машин зогсож байгааг холоос харсан. Машин зогсож байна ойр орчимд нь хүн байх вий гээд ярилцаад явж байсан. Тэгээд хурдаа хасаад явж байхаад тэр машины наана том машин зөрөөд л тас гээд дуу гарсан. Тухайн үед юу мөргөснөө мэдээгүй. Машинаасаа бууж ирээд харахад хажууд хүн хэвтэж байсан. Хүн мөргөсөн байна гээд эхнэрт хэлэхэд эхнэр сандраад уйлаад байсан. Би ийш тийшээ харахад ямар ч хүн харагдаагүй. Тэгэхээр нь хойно зогсож байсан машин руу гүйж очоод цонхыг нь тогшсон чинь жолооч нь яасан гээд цонхоо онгойлгосон. Та хэдтэй явж байсан хүнийг би дайрчих шиг боллоо гээд хэлсэн. Тэгэхэд жолооч, нэг эгчтэй машинаасаа буугаад араас ирсэн.  Холоос харчихаад машин руугаа яваад машиныхаа арын суудалд сууж байсан согтуу хүнд очиж хэлсэн. Тэр согтуу ах машинаас бууж ирээд миний хань байна гээд орилоод байсан. Тэгээд яах ийхээ мэдэхгүй байж байгаад цагдаа дуудсан гэв.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Атай анх уулзаад чи залуу хүн байна цаашдын ирээдүйг чинь бодоод хохирол төлбөрөө төлөх юм бол бид нар хуралд оролцоод байх шаардлагагүй гэж хэлж байсан. 3 удаа надтай ирж уулзсан. Сүүлдээ би бодохдоо мөнгө л өгчих юм бол ерөөсөө тэр хүнийхээ төлөө санаа зовохгүй байгаа юм байна гэсэн ойлголттой, басамжилж буруу ойлгосон юм шиг санагдсан. Өмгөөлөгч нь А хохирол, төлбөрөө төлөөгүй байгаа юм байна. Би 7 буудлын энд эмнэлэгт хэвтэж байгаа гэж надтай утсаар ярьсан. Сүүлд нь өмгөөлөгчтэй утсаар ярихад надад хохирол, төлбөрийн асуудал хамаа байхгүй. Та нар хоорондоо учраа ол гэж хэлсэн. Яагаад 3,4 удаа хохирлыг чинь барагдуулъя гэж дуудчихаад мөнгө нь дутуу байна, прокурор битгий өг гэж хэлсэн гээд байдаг юм. Сүүлд нь надад хамаагүй гэсэн зүйлийг ярьсан. Заавал хүүхэдтэй нь уулзаж гомдолгүй гэсэн бичиг авна гэхээр нь би зөвшөөрөөгүй. Яагаад гэвэл өнөө маргаашгүй төрөх болчихсон байсан. Төрөхдөө хүндрэл ихтэй төрсөн. Одоо хүртэл сэтгэл санаа хэцүү хөхөнд нь сүү орохгүй байгаа. Хоёрдугаарт. Ээж нь 80 гарчихсан хөгшин сэтгэл санаа нь хэцүү байгаа. Сэтгэл санааны хохирлыг би тийм учраас нэхэмжилнэ гэж хэлсэн. Би 49 хоногийн зардлын мөнгийг нэхэмжилнэ гэхэд эгчээ энэ тохирсон мөнгөөрөө өгье өөр боломж байхгүй байна гэхээр нь за яахав тэгье гээд эвээр ярилцсан гэв.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Бид нар эхээс 8-уулаа манай хамгийн том эгч байгаа юм. Манай аав ээжийг ажилдаа явахаар бид нарыг харж хандаж өсгөсөн хүн байгаа юм. Маш ажилч хичээнгүй хүн байдаг. Архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй юм. Би ямар нэгэн сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилэхгүй. Оршуулгын зардал болон бусад гарсан зардлыг нэхэмжилнэ. Бүх зүйл баримттай байгаа 30 гаран сая төгрөг болсон. Харин манай эгч хүүгээ тусдаа гаргана гээд хүүгийнхээ нэр дээр зээл аваад Приус-30 маркийн машин авсан байсан. Манай эгч тэр зээлийг төлдөг байсан одоо тэр зээл нь төлөгдөхгүй байгаа юм. Одоо эгч нас барснаас хойш энэ зээл төлөгдөөгүй байгаа юм. Тийм болохоор би энэ машины зээлийн мөнгийг нэхэмжилж байна. Бид нарын гаргасан хохирол мөнгийг гаргаад өгвөл бид нарт ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 28-32 хуудас/,

4. Иргэний хариуцагч О.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Дорноговь аймаг руу явсан. Тухайн үед манай нөхөр миний машиныг барьж явсан. Тэгээд зам тээврийн осол гарсан. 14-49 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. 2019 онд уг тээврийн хэрэгслийг авч байсан. Бид 2-н дундын өмч байгаа юм. Манай нөхөр Аын буруутай гэдэг нь нотлогдож тогтоогдох юм бол тухайн хүнд учирсан хохирлыг нь шийдвэрлэж өгнө” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 35-36 хуудас/,

5. Гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр намайг Улаанбаатар хотод явж байхад О над руу 11 цагийн үед залгаад Дорноговь аймгийн Хамрын хийд явмаар байна гэхээр нь би хотод ажилтай явж байна гэхэд би нөхөртэйгөө Хамрын хийд явахгүй бол болохгүй байна гээд байн байн залгаад байхаар нь би зөвшөөрсөн. Би Б, О 2-той олон жил хуурай ах дүүс явсан болохоор үгүй гэж хэлж чадахгүй ах Налайхад очиж байгаад хариу хэлье гэж хэлсэн. Налайхад ирсэн хойно залгаад хаана явна гэхээр нь Налайхад ирсэн байна гэдгээ хэлсэн. Тэгээд эхнэр бид 2 удалгүй 5-10 минут болоод Бын гэрт очоод 15 цагийн үед Улаанбаатар хот руу очиж ачыгаа хүргэж өгөөд 17-18 цагийн үед хотоос Дорноговь явсан. Тэгээд замдаа явж байхдаа Б өлсөөд байна гээд Болор цайны газраас хоол аваад машиндаа идсэн. Тэгээд замд Б шээе гээд байн байн хэлээд байхаар нь би зам чөлөөлөөд зогссон. Б бие засах гээд ертөнцийн зүгээр баруун тийшээ буугаад бие засах гээд гарахаар нь би араас нь гараад тамхи асаагаад бие засаад байж байтал тас гээд чанга дуу гарсан. Би тухайн үед машины дугуй хагарсан байна гэж бодоод эргээд хартал нэг зүйл өндөр дээрээс ойчиж байгаа харагдах шиг болсон тэгээд би очтол цуг явж байсан О хэвтсэн байдалтай байсан.” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 38-39 хуудас/

6. Гэрч ДШмөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 04 дүгээр сарын 26-ны өпөр Улаанбаатар хот Налайх дүүргийн 5-р хороо Гандан уулд оршин суух Б, О нарыг гэрээс нь 15-16 цагийн үед очиж авсан. Бид 4 хот орж Офицерт хүүхэд хүргэж өгөөд 18 цагийн үед Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Сайншанд руу Хамрын хийд орох гээд манай нөхөр, О нөхөртэйгээ явсан. Замаар дэлгүүр ороогүй явж байгаад Болор цайны газар орж О нөхөртөө хоол авч өгсөн. Бид 2 машиндаа авч явсан цайгаа уусан. Тэгээд замд явж байгаад Б байн байн бие засая гээд манай нөхөр замаа чөлөөлж зогссон. Тэгээд Б, О, манай нөхөр 3 бие засах гээд ертөнцийн зүгээр баруун тал руугаа буусан. О буухдаа намайг бие засахгүй юмуу гэхээр нь би харанхуй шөнө бие засахгүй гэж хэлсэн. Тухайн үед машинаас буугаад аль талруугаа бие зассан эсэхийг мэдэхгүй байна. Манай нөхөр буугаад тамхи татах гэж байгаа бололтой байсан. Тэгтэл чанга дуу чимээ гараад юу болчвоо гээд машинаас хартал цагаан болон шаргал өнгийн зүйл агаар дээр эргэлдээд байсан тэгээд бид нарыг машинаас буугаад очтол О хол зайтай газар хэвтэж байсан. Бид нарыг очих үед эрэгтэй эмэгтэй 2 хүн уйлаад байж байсан...” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 41-42 хуудас/

7. Гэрч О.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Сайншанд орохоор 17 цаг өнгөрч байхад гарсан. Тухайн машинд нөхөр бид 2 болон манай 1 хүүхэд, эгчийн 1 хүүхэд явж байсан. Замдаа Налайхын Оргил дээр зогсож хүнс цуглуулаад гарсан. Чойр өнгөрөөд явж байтал ертөнцийн зүгээр замын баруун талд машин зогсож байсан тухайн үед нөхөр бид 2 машин байна  гэж ярилцаад явж байтал урдаас хойшоо чиглэлтэй том машин явж байсан. Тэгтэл түс тас гээд чанга чимээ гарсан. Тэгээд айж сандраад юу болов гээд манай нөхөр машинаас буугаад хартал замын баруун талд хүн хэвтэж байна, хүн дайрчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр эмнэлэг, цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 44-45 хуудас/

8. Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Манай ах төлөв даруу зантай, 2021 онд барилга дээр ажилладаг байсан. 2021 онд том хүү нь өвчний улмаас нас барсан. Тэгээд автобус баазад ажилд ороод амьдрал нь цэгцэрч тэгшрэх гээд явж байна. Нийгмийн идэвх сайтай, гэр бүлдээ сайн аав хүн байгаа юм. Хариуцлага сайтай хүн байгаа юм...: гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 хуудас/

9. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 21 дугаартай дүгнэлтэнд:

- Т.Оийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр толгой, цээж, мөчдийн хавсарсан гэмтэл-гавал суурь ясанд дагзны том нүх дайрсан дагз ясны заадас салсан хугарал, зүүн нүдний аяга ясны дээд хананы хугарал, өвчүүний хугарал, үнхэлцэг хальсны урагдал, баруун талын эгэмний хугарал, баруун талын 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12 дугаар хавирганы тархмал бяцарсан хугарал, хавирга завсрын зөөлөн эдийн тархмал няцрал, урагдал, зүүн талын 1,2,3,4,5,6,7,8,9,11,12 дугаар хавирганы хоёрлосон хугарал, баруун уушгины урагдал, няцрал, элэгний баруун дэлбэнгийн урагдал, няцрал, цээжний Th3 дугаар нугалмын их биеийн хугарал, нугасны тасрал, бүсэлхийн L4.L5 дугаар нугалмын их биеийн хугарал, нугасны тасрал, хуйхны цус хуралт, тархины баруун зүүн талын бөмбөлгийн дух хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, улаан хоолойн дунд хэсгийн цус хуралт, баруун бөөрний няцрал, цус хуралт, 2 бөөрний зөөлөн эдийн цус хуралт, чацархайн цус хуралт, баруун шилбэний доод хэсгийн ил хугарал, баруун бугалганы дээд хэсгийн далд бяцарсан хугарал, баруун шилбэний  доод дотор хэсэгт ясны ил хугарал бүхий шарх, баруун гуяны доод гадна хэсэгт яс зөөлөн эдийн ил гарсан шарх, зүүн шилбэний доод дотор хэсэгт яс ил гарсан шарх, баруун бугалганд, хэвлийн баруун хажуу талд, баруун гуянд, баруун өвдөгний баруун шилбэний гадна хэсгээр, зүүн гарын сарвуунд, зүүн өвдөг шилбэний дотор хэсгээр цус хуралт, нүүр, дух зүүн талын хацраар тархмал, хамрын нуруунд, баруун хацарт, зүүн хөх, цээж хэвлийн зүүн тал, зүүн гуя шилбэний гадна талаар нилэнхүйдээ, баруун тохойнд, баруун гарын сарвуунд, баруун гуянд, хэвлийн урд дээд хэсэгт, зүүн тохойнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

- Толгой, цээж, мөчдийн хавсарсан гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай.

- Т.О нь шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

- Т.О нь В /III/ бүлгийн харъяалалтай цустай байна.

- Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй.

- Т.О нь толгой, цээж, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. / х.х-ийн 67-70 хуудас/,

10. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 009/011 дугаартай дүгнэлтэнд:

- Шинжилгээнд ирүүлсэн улбар шар өнгийн ноосон цамц, хар өнгийн хөхний даруулга, саарал өнгийн өмд, хар саарал өнгийн оймсонд гэмтэл үүссэн байна.

- Шинжилгээнд ирүүлсэн улбар шар өнгийн ноосон цамцны зүүн мөр хэсэгт үүссэн 4,5х7,2 см, хар өнгийн хөхний даруулганы зүүн хэсэгт үүссэн 4,1х1,1 см, 8х1,7 см, саарал өмдний баруун шуумагны дунд хэсэгт үүссэн 1,8х1 см, 10,5х2,2 см, зүүн шуумагны ар дээд хэсэгт үүссэн 1,5х2,2 см хар өнгийн оймсны түрийний  баруун хэсэгт үүссэн 10,5х2,2 см хар саарал өнгийн оймсны түрийн баруун шуумагт үүссэн 0,9х0,4 см хэмжээтэй гэмтлүүдийн зах ирмэг жигд биш, нэг бүхлийг үүсгэхгүй, утасны ширхэглэг нь хөвөрч сунасан, суналттай байх тул татаж чангаах хүчний үйлчиллээр үүсгэгдсэн шинэ урагдалт байна.

Саарал өмдний зүүн шуумагны дунд хэсэгт үүссэн 1,5 см, баруун шуумагны дунд хэсэгт үүссэн 1,6х0,3 см гэмтлийн зах ирмэг хэсэг нэгэн жигд, бохирлогдоогүй, суналт, хөврөлтгүй, ирмэгүүдийг нийлүүлэхэд нэг бүхлийг үүсгэж байх тул иртэй зүйлийн үйлчиллээр үүссэн шинэ зүсэгдэлт байна.

Шинжилгээнд ирүүлсэн хувцасанд үүссэн гэмтлүүд нь тус бүр нэг удаагийн үйлчиллээр үүсгэгдсэн гэмтлүүд байна.

Дүгнэлт гаргасан ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Билгүн гэжээ. /хх-ийн 105-107/

11. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2705 дугаартай дүгнэлтэнд:

- Шинжилгээнд ирүүлсэн “А /39н/ эр” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэнэ.

- Шинжилгээнд ирүүлсэн “А /39н/ эр” гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй.

Дүгнэлт гаргасан химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Жаргалдэлгэр гэжээ. /хх-ийн 117-118/

12. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2704 дугаартай дүгнэлтэнд:

- Шинжилгээнд ирүүлсэн “Төмөрбаатар /69н/ эр” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэнэ.

- Шинжилгээнд ирүүлсэн “Төмөрбаатар /69н/ эр” гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй.

Дүгнэлт гаргасан химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Жаргалдэлгэр гэжээ. /хх-ийн 124-125/

13. Зам тээврийн ослын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 08/2024 дугаартай дүгнэлтэнд:

14-49 УБМ улсын дугаартай Тоёотай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б овогтой А /............../ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 12.1 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

Амь хохирогч явган зорчигч Т овогтой О нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6...Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилгагүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна, 5.8 Замын дагуу үзэгдэлт халхалсан саад, зогсож байгаа тээврийн хэрэгслийн дэргэдүүр зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа эсэхийг магадлан мэдсэн байвал зохино, 5.12 Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: Ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

14-49 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Аын мэдүүлснээр  осол болсон А цэгээс тормоз гишгэснээр 49м яваад зогссон бол тээврийн хэрэгслийн анхны хурдыг тооцож үзэхэд 93,3 км/цаг гарч байна.

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээс харахад энэ зам тээврийн осолд замын нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь: 14-49 УБМ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б овогтой А /.........../ нь

  • Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 Жолоооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.
  • 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.
  • 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн.

Амь хохирогч явган зорчигч Т овогтой О нь /УД68122768/ замын хөдөлгөөний дүрмийн:

  • 5.6...Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарах байхгүй бол замын дагуу 2 тийш сайн харагдах, хайс, хашилгагүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.
  • 5.8 замын дагуу үзэгдэлт халхалсан саад, зогсож байгаа тээврийн хэрэгслийн дэргэдүүр зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа эсэхийг магадлан мэдсэн байвал зохино.
  • 5.12 Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно:

Ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхийг хориглоно гэсэн залтуудыг зөрчсөнөөс болсон байна. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд зам тээврийн осолтой холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч Д.Доржпүрэв гэжээ. / х.х-ийн 59-61 хуудас/,

14. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 936 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, / х.х-ийн 98-99хуудас/,

15. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, / х.х-ийн 1, 10-21, 23 хуудас/,

16. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, / х.х-ийн 74-99, 196-198 /,

17. Оршуулгын зардлын баримт, хохирлын тооцоо, зээлийн гэрээ / х.х-ийн 202-235 хуудас/,

18. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд, жолоочийн лавлагаа мэдээлэл /2-р х.х-ийн 1-2, 3-4, 5 хуудас/,

19. Шүүгдэгч Б.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар / х.х-ийн 176-185 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.А нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны орой Говьсүмбэр аймгийн Шивээговь сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь зорчих авто замын чиглэл 401/258 дахь километрийн шонгийн ойролцоо Улаанбаатар хотоос Дорноговь аймаг руу зорчихоор 14-49 УБМ улсны дугаартай Тоёота-Приус 30 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн 12.2 дахь хэсэгт заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” мөн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Оийг мөргөж, зам тээврийн осол гарган, улмаар амь насыг нь хохироосон үйл баримт болсон байна.

Шүүгдэгч Б.Аын гаргасан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлж хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О, О.Ц, С.Т, Д.Ш, Б.А нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 21 дугаартай дүгнэлт, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 009/011 дугаартай дүгнэлт,  Зам тээврийн ослын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 08/2024 дугаартай дүгнэлт, “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 936 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Б.А нь гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, прокуророос хэргийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон, гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба түүний өмгөөлөгч Д.М нь шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлтэй холбоотой маргаагүй болохыг тус тус дурдлаа.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч Б.А нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй хандсанаас үүдэлтэй байна.

            ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Б.Аын үйлдсэн гэмт хэрэг  гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, түүнийг нөхөн төлсөн байдал болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, нэг жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоолгох саналыг шүүхэд гаргаж байна гэсэн саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.М эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Б.А нь эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг. Мөн эхнэр нь одоо 4,5 сартай  жирэмсэн. 2021 онд бас том хүүгээ алдаж байсан. Одоо дахиад шинэ ам бүл нэмэх гэж байгаа. Мөн хохирогчид хохирол төлбөрөө сайн дураараа, нэлээдгүй хугацаа зарцуулж, цуглуулж, төлж барагдуулсан. Хүний амь насыг хохироосон гэдэг нь юугаар ч нөхөж баршгүй гэдэг байдлаар хандсан. Ямар ч байсан боломжоороо 42,500,000 төгрөг нэхэмжилснийг төлье гэдэг бодолтойгоор 2-3 сарын хугацаанд өөрийнхөө боломжит нөхцөл байдал, ах дүү хамаатан садан, найз нөхдөөс  бүрдүүлсэн байдаг. Мөн энэ мөнгийг бүрдүүлэхэд эхнэр нь цалингийн зээл авсан. Шүүгдэгч өөрөө авто баазад жолооч ажилтай. Өнөөдөр шүүхээс гэм буруутайд тооцсонтой холбогдуулаад тухайн зээлийг яаж төлөх вэ гэдэг асуудал энэ хүний  амьдралд тулгарч байгаа. Гэхдээ мэдээж хүний амь нас бол юутай ч зүйрлэшгүй. Шүүгдэгчийн зүгээс анхнаасаа гэм буруугийн асуудал дээр маргаагүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Мөн мөрдөн байцаалт болон шүүх, прокуророос дуудсан цаг хугацаанд нь ирж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрөөс гаргах боломжит нөхцөлөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд туслалцаа үзүүлж ажилласан. Энэ бүхнийг шүүхээс харгалзан үзээсэй гэсэн саналыг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 2.4-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Иймд Б.Аад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Мөн нэмэгдэл ял болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хамгийн боломжит доод хэмжээ болох 4 жилийн хугацаагаар хасаж өгөөч ээ гэсэн саналыг  өмгөөлөгчийн зүгээс оруулж байна гэсэн саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.

Шүүхээс шүүгдэгч Б.Аад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд гаргасан санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 1 сарын хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжгүй, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол арилаагүй, шүүгдэгч Б.Аын хувьд хэргийн газарт хийсэн үзлэгийг хүлээн зөвшөөоөхгүй а цэгийг буруу авсан гэж маргаж тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлээгүй гэж мэдүүлэг өгч байгаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж уг хугацаанд явахыг хориглох нутаг дэвсгэрийн хэмжээг тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтоолоо.

Хохирол, хор уршгийн талаар:

Энэхүү гэмт хэргийн улмаас Т.Оийн амь нас хохирчээ.

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ шүүгдэгч Б.Ааас нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Учир нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгч Б.Ааас сэтгэл санааны болон бусад зардалд 42.500.000 төгрөгийг гаргуулахыг зөвшөөрч хүлээн авсан болохыг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэрэгт авагдсан оршуулгын зан үйлд гарсан 26 560 175 төгрөг нэхэмжилсэн боловч баримтын шаардлага хангасан 13 885 746 төгрөг, баримтын шаардлага хангахгүй 12 674 340 төгрөгний нотлох баримт ирүүлсэн болно.

Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улбар шар өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн дотуур хувцас 1 ширхэг, саарал өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн оймс 1 ширхэг, цагаан өнгийн пүүз 1 ширхэг, Самсунг А-14 загварын гар утас 1 ширхэг, машины урд талын таних тэмдэг 1 ширхэг, тест 2 ширхэгийг тус тус устгахыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                  

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аад зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аад шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Од төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улбар шар өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн дотуур хувцас 1 ширхэг, саарал өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн оймс 1 ширхэг, цагаан өнгийн пүүз 1 ширхэг, Самсунг А-14 загварын гар утас 1 ширхэг, машины урд талын таних тэмдэг 1 ширхэг, тест 2 ширхэгийг тус тус устгахыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Аад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.   АРИУНЖАРГАЛ