Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
Хэргийн индекс | 182/2018/02058/и |
Дугаар | 2294 |
Огноо | 2018-11-14 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2294
“Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01794 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Ө.М-д холбогдох
Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б, Т.У нар нь манай байгууллагаас зээл авсан бөгөөд уг зээлээ төлж чадаагүй тул бид Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандан Д.Б, Т.У нартай эвлэрч, хариуцагч нар нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зээлийн 174 382 320 төгрөгийг төлөх, төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Г.Бумцэндийн гудамжны 65 дугаар байрны 04 тоот хаягт байршилтай орон сууц болон бусад гэрийн эд хогшлоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн. Гэтэл хариуцагч нар нь заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тул бидний хүсэлтээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч Д.Б, Т.У нар нь барьцааны хөрөнгийг манай байгууллагад шилжүүлж, зээлийн өр төлбөрийг хаахыг хүссэнийг манай байгууллага зөвшөөрсөн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явц, тэмдэглэлээс Ө.М- нь Т.Уын аав болох нь харагдана, энэ хүн уг орон сууцанд амьдарч байгаа, чөлөөлж өгөхгүй байх гэсэн тэмдэглэл хэрэгт авагдсан. Ингээд бид 04 тоот хаягт байршилтай орон сууцыг зээлийн өр төлбөртөө шилжүүлэн авч, 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг авсан боловч уг орон сууцыг Ө.М- чөлөөлж өгөхгүй байна. Уг орон сууцны өмчлөгч нь Ө.М- мөн бөгөөд уг байраа 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төлбөр төлөгч Д.Бд 217 643 400 төгрөгөөр худалдсан ба уг гэрээ хэрэгт авагдсан. Иймд бид хариуцагчаар Ө.М-г тодорхойлж, Ө.М-д орон сууцыг чөлөөлөхийг удаа дараа мэдэгдэж байсан. Гэтэл Ө.М- нь орон сууцыг бусдад түрээсэлсэн шалтгаанаар чөлөөлж өгөхгүй байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Ө.М-гийн хууль бус эзэмшлээс Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Г.Бумцэндийн гудамжны 65 дугаар байрны 04 тоот 111,612 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Х б ХХК-ийн өмчлөлийн Ү-2202011092 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Г.Бумцэндийн гудамжны 65 дугаар байрны 04 тоотод байрлах, 111,612 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг хариуцагч Ө.М-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х б ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1 246 170 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 216 233 төгрөгийг буцааж, хариуцагч Ө.М-гөөс 1 029 937 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х б ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01794 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
1. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар
1.1 Хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу хүргүүлээгүй тухайд
Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хариуцагч Ө.М-д Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, 24а байрны 12 тоот хаягаар шуудангаар явуулсан боловч заасан хаягт амьдардаггүй гэсэн шалтгаанаар хариуцагчид гардуулагдаагүй шуудангийн магадлагаа хэрэгт авагдсан. Хаягтаа байхгүй талаарх тайлбар бүхий магадлагааг үндэслэж хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг зөрчжээ. Иймд хариуцагч Ө.М-д шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдэж хүргүүлсэн баримт хэрэгт авагдаагүй байхад хуульд заасан журмын дагуу шүүхийн мэдэгдэх хуудсыг хариуцагчид хүргүүлсэн гэж үзэх боломжгүй.
1.2 Хариуцагчид хэргийн материал танилцуулаагүй нь шүүхийн өмнө эрх тэгш байх мэтгэлцэх зарчим зөрчигдсөн тухайд
Шүүх 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн, хариуцагчид 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан. Шүүх хариуцагчийн хариу тайлбар гаргаж өгөх хугацаа 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дуусмагц хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамжийг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан. Тухайн хэргийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан хугацаа 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дуусах, мөн маргааны нөхцөл байдал, өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө авах зэрэг нөхцөл байдлыг шүүх огт харгалзан үзэлгүй шүүх хуралдааныг товлож хариуцагчийг хэргийн материалтай танилцуулалгүй хэргийн шийдвэрлэсэн.
1.3 Хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй тухайд
Хариуцагч Ө.М- нь шүүхэд 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн хувийг л гардаж авснаас хэргийн материалтай танилцуулаагүй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцаж үзэхэд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзэх боломжгүй болох нь тодорхой харагдаж байна. Тухайлбал,
1. Ө.М-, Д.Б нарын хооронд дээрх маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан хэдий ч худалдан авагч Н.Бадмаанямбуу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн үнийг төлөх үүргээ биелүүлээгүй тул Ө.М- өнөөдрийг хүртэл уг байрыг бодитоор эзэмшиж байгаа. Ө.М-гийн зүгээс Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт эрх шилжүүлэх тухай хүсэлт гаргаагүй, улмаар талуудын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалсан тухай худалдан авагч буюу Н.Б-д утсаар мэдэгдсэн тул өөрийгөө тухайн байрны өмчлөгч гэж ойлгож ирсэн. Түүнчлэн, Х б ХХК Н.Бадмаанямбууд орон сууцны зээл олгосон тохиолдолд банкнаас зээлдүүлсэн мөнгө нь Ө.М-гийн данс руу шилжиж орох ёстой байсан. Иймд Х б орон сууцны зээл олгох журмаар хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн. Одоогийн нөхцөл байдалд банк үүргээ биелүүлээгүй атлаа зээлийн мөнгийг хууль, журмыг зөрчин авсан Н.Бадмаанямбуу нар хуйвалдаж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.
2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШЗ2017/07162 дугаар шүүгчийн захирамжаар зээлийн гэрээний үүрэгт 174 382 320 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын хүсэлтээр эвлэрлийг баталгаажуулахдаа 2 өрөө орон сууц болон гэрийн эд хогшлоор хангуулахаар захирамжилсан нь шүүх эрх хэмжээгээ хэтрүүлж, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн гэж үзнэ. Тухайлбал, гэрийн эд хогшил болохыг нэрлэн заагаагүй, барьцаалсан баримтгүй, энэ талаар өмчлөгч огт мэдээгүй зэрэг асуудлыг шүүх нягтлан үзээгүй алдаа гаргасан.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь заалтыг зөрчиж шийдвэр гүйцэтгэх байгууллага орон сууцны зах зээлийн ханшийг тогтоолгүйгээр шууд төлбөрт дүйцүүлэн Х б-ны өмчлөлд шилжүүлсэн. Шийдвэр гүйцэтгэгчийн дээрх алдаатай, хуульд нийцээгүй ажиллагааны улмаас орон сууцны өмчлөгч, эзэмшигчийн эрх зөрчигдсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажиллагааны дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлээгүй тул “Х б” ХХК-ийн өмчлөх эрх шилжүүлэн авсан үйлдэл нь хууль бус болно.
4. Байрыг албадан чөлөөлүүлэх тухай мэдэгдлийг Х б 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Э.Билгүүн, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр н.Бат-Эрдэнэ нарт хүргүүлсэн.
Шүүх хэргийн нөхцөл байдлыг зөв тогтоохын тулд талуудын хооронд эрх зүйн маргаантай харилцаа үүсэх үндэслэл болсон үйл баримтууд нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхой болсон, маргааны ямар харилцаа үүсч, хэн ямар үүргээ хэрхэн биелүүлсэн, эсхүл биелүүлээгүй, маргаан үүсэх болсон эх сурвалж зэргийг бүрэн тогтоогдсон гэж үзсэн нөхцөлд шийдвэр гаргах учиртай. Гэтэл маргаан бүхий орон сууц худалдах, худалдан авах гэрээ хэрэгжсэн эсэх, орон сууцыг бодитой эзэмшиж байгаа этгээд тодорхойгүй нөхцөлд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн алдаанд хамаарагдах тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Хариуцагч Ө.М-д холбогдуулан Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Г.Бумцэндийн гудамжны 65 дугаар байрны 04 тоот 111,612 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэгч “Х б” ХХК нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ маргаан бүхий орон сууцыг зээлийн өр төлбөртөө шилжүүлэн авч, өмчлөх эрхийн гэрчилгээг авсан боловч уг орон сууцыг Ө.М- чөлөөлж өгөхгүй байна. Түүнд орон сууцыг чөлөөлөхийг удаа дараа мэдэгдэж байсан гэж тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргаан бүхий Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Г.Бумцэндийн гудамжны 65 дугаар байрны 04 тоот орон сууцыг хэн эзэмшиж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Тодруулбал, хариуцагч Ө.М- нь уг орон сууцыг хэзээнээс эзэмшиж байгаа болон хэрвээ тэрээр эзэмшиж байгаа бол хууль ёсны дагуу эзэмшиж байгаа эсэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.
Хэрэгт нэхэмжлэгчийн 2013 оны 09 дүгээр сарын 04, 18-ны өдрийн барьцаа хөрөнгө чөлөөлөх мэдэгдлүүд авагдсан байх бөгөөд уг мэдэгдлүүдийг хариуцагч Ө.М-д гардуулсан гэх байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, уг мэдэгдэлд хариуцагч бус өөр этгээдүүдэд болох Эрхжаргалан, Билгүүн, Бат-Эрдэнэ гэх хүмүүс гарын үсэг зурсан байхад шүүх хариуцагч Ө.М- орон сууцыг өнөөг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа баримт гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Дээрх мэдэгдлийг хүлээн авсан хүмүүс нь хариуцагчтай ямар холбоотой болох талаар хэрэгт баримт авагдаагүй байна.
Маргаан бүхий орон сууцыг хэн эзэмшиж болон түүний эзэмшил нь хууль ёсных эсэх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн дагуу хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.
Түүнчлэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.М-д хэрэгт авагдсан нотлох баримтуудыг танилцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх зэрэг хэргийн оролцогчийн эрхийг хангасан гэж үзэхээргүй байна. Энэ нь шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасантай нийцэхгүй.
Мөн шүүх уг хэргийг хариуцагч талын эзгүйд хэлэлцэн шийдвэрлэхдээ түүнд шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн гэж дүгнэжээ. 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр болох шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсын хамт “Заасан хаягт амьдардаггүй нүүсэн, гадаад хүн амьдарлаг тул буцаав” гэсэн шуудангийн магадлагаа хэрэгт авагдсанаас үзэхэд хариуцагчид хуралдааны тов мэдэгдсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Учир нь шүүх мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх боломжгүй байсан гэх нөхцөл байдал баримтаар хангалттай нотлогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дахь хэсэгт заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж үзэхгүйн зэрэгцээ хариуцагчийн хаяг тодрхой байх нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд ач холбогдолтой болохыг анхаараагүй байна.
Анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж маргааны үйл баримт, тэдгээрийн хооронд үүссэн харилцааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01794 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Эрдэнэсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 029 937 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
С.ЭНХТӨР