Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2025/00112

 

 

                                                                      Б.Тын нэхэмжлэлтэй

                                                                      иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/00277 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2025/00516 дугаар магадлалтай,

Б.Тын нэхэмжлэлтэй

“Ө” ХХК-д холбогдох

48,354,986 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Т, Э.З нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч “Ө” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 48,354,986 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/00277 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “Ө” ХХК-аас 39,354,986 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Тод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 405,272 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 354,725 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2025/00516 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/00277 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ө” ХХК-аас 30,473,161 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Тод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,881,825 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...354,725” гэснийг “...310,316” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Т, Э.З нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж Б.Тын нэхэмжлэлтэй, “Ө” ХХК-д холбогдох иргэний хэргийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03-р сарын 26-ны өдрийн 210/МА2025/00516 дугаар магадлалыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын зүгээс дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

Тус хэргийн хариуцагч “Ө" ХХК-ийн зүгээс нэхэмжлэлд заасан төлбөрийг төлөхөөс зайлсхийж, шүүхэд гаргасан тайлбартаа талууд ажлын хөлсөнд шилжүүлсэн мөнгөний тооцоолол болон нэмэлт ажлын хөлсний талаар тохиролцоогүй мэтээр тайлбарладаг боловч хэрэгт авагдсан баримтууд болох гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл зэргээс харвал нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээг хэрэгжүүлэх явцад хариуцагчийн хүсэлтээр зөөвөр хийх ажилчид олсон талаар, тухайн өдөр хэдэн хүн ажиллуулсан, ажлын хөлс нь хэд болж буй талаар, зөөвөр хийхтэй холбоотой ямар зардлууд гарч байгаа талаар тухай бүр “Ө” ХХК-ийн захирал С.Ө руу бичиж, мэдээлэл өгч, харилцаж явсан бөгөөд “Ө” ХХК-ийн захирал С.Ө нь тухай бүр мэдээлэл авч, төлбөр тооцооны үлдэгдлийг зөвшөөрч, баталгаажуулан, “... зөөврийн мөнгийг тусад нь шилжүүлнэ, ажлаа л зогсоохгүй явуулж байгаарай ...” гэх мэтээр харилцаж, ажлын хөлсний тооцоо болон нэмэлт ажлын хөлсний тооцоог баталгаажуулж ирсэн. Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу нотлох баримтуудад үндэслэн тооцооллыг зөв хийн, хэргийг шийдвэрлэсэн.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан тооцооллыг өөрчилж, нэхэмжлэгч хариуцагчийн өмнөөс гаргасан нэмэлт зардал болох 9,900,000 төгрөгийг өөрөөсөө гаргасан гэдгээ нотлох баримтаар нотлоогүй гэж нэхэмжлэлийн шаардлагаас уг хэсгийг хасаж шийдвэрлэсэн нь хуульд заасныг ноцтой зөрчиж, нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэж, үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Хариуцагч нь гэрээний дагуу өөрөө хариуцах ёстой байсан нэмэлт ажлуудыг хүн хүч байхгүйгээс хариуцах боломжгүй байгаагаа нэхэмжлэгчид илэрхийлж, нэхэмжлэгчийг нэмэлт ажил гүйцэтгэх хүмүүс олж ажиллуулахыг хүссэн байдаг бөгөөд барилгын материал зөөх нэмэлт ажил, ажлын багаж хэрэгслийн зардлыг хариуцан төлөхөө илэрхийлж, нэмэлт ажлын зардлын төлбөрийг нэхэмжлэгчийг өөрөөсөө эхлээд гаргачих, дараа нь чамд нөхөж өгнө гэх байдлаар өөрийн өмнөөс нэхэмжлэгчээр нэмэлт ажлын зардлыг урьдчилан төлүүлж, нэхэмжлэгчид зардлуудыг нийтэд нь нөхөж төлнө гэх байдлаар тооцоо нийлж ирсэн болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдсоор байтал нэхэмжлэгч нь уг нэмэлт ажлын зардлуудыг өөрөөсөө гаргасан гэдэг нь нотлогдоогүй гэх илт үндэслэлгүй дүгнэлт хийж, бичмэл нотлох баримтуудыг үнэлэлгүй, тооцооллын алдаа гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно.

Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2025/00516 дугаар магадлалын Тогтоох нь хэсгийн 1 дэх заалт буюу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан хэсгүүдийг өөрчилж өгнө үү гэв.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШХТ2025/00531 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Т, Э.З нарын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ

6. Нэхэмжлэгч Б.Тын өмгөөлөгч А.Т, Э.З нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдов.

7. Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч “Ө” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 33,611,000 төгрөг, алданги 4,843,986 төгрөг, хариуцагчийн өмнөөс гаргасан зардал 9,900,000 төгрөг, нийт 48,354,986 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, шаардлагын үндэслэлээ “... “Ө” ХХК-тай 2024.05.28-ны өдөр №ЛГ/2024/05 дугаартай гэрээний дагуу ... нийт 7,980 м.кв талбайг нэг м.кв-ийг нь 19,500 төгрөгөөр, нийт 155,610,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр болсон. Гэрээгээр хүлээсэн үүргээ миний бие зохих ёсоор, заасан хугацаанд бүрэн гүйцэтгэсэн ба “Ө” ХХК нь үндсэн захиалагчаас хөлсөө бүрэн авсан атлаа туслан гүйцэтгэгч миний хөлсийг бүрэн гүйцэд өгөөгүй ... гэрээнд заагдаагүй нэмэлт ажилд хамаарах туслах ажилтнуудын хөлсийг болон ажлын багаж хэрэгслийн төлбөрийг шилжүүлээгүй, миний бие өөрөөсөө гаргасан тул гэрээний 7.1, 4.3.8, 8.5, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар шаардах үндэстэй.” гэж тодорхойлсон.

8. Хариуцагч “Ө” ХХК нь нэхэмжлэлийн зарим шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... 2024.05.09-ний өдөр Б.Ттой “Д” ХХК-ийн 16 давхар барилгын дотор шаврын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулж, 2024.09.30-ны өдрийн байдлаар 10 давхар буюу 7,980 м.кв шаврын ажлыг гүйцэтгэж, 132,599,000 төгрөгийг олгосон. ... [Шаврын ажил нь өнгөлгөөгүй ба өнгөлгөөтэй хоёр янзаар хийгдсэн]. ... ажил олгогч компани өнгөлгөөгүй шаврын ажлыг 25 хувиар [багасгаж] олгосноос 8,238,000 төгрөгийн зөрүү гарсан. ... захирал миний бие тухайн үед БНХАУ-д дүүгээ эмчилгээнд авч явах зэрэг ар гэрийн гачигдалтай байсан. Хариуцагчийн зүгээс туслах ажилчдын цалин 9,315,000 төгрөг, өнгөлгөөтэй шавардлага 122,711,550 төгрөг, өнгөлгөөгүй шавардлага 24,701,625 төгрөг, нийт 156,728,175 төгрөг өгөх ёстойгоос 132,599,000 төгрөгийг өгсөн тул үлдэгдэл 24,129,175 төгрөгийг төлөх үндэстэй. ...” гэж тодорхойлсон.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 39,354,986 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 9,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Шүүх шийдвэрийн үндэслэлээ “... Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 7980 м.кв талбайн ажлыг 155,610,000 төгрөгөөр гүйцэтгэж, нэмэлт 9,900,000 төгрөгийн ажил хийсэн талаар хариуцагч маргаагүй. Хариуцагч нь 121,999,000 төгрөгийг нэхэмжлэгчид, 9,000,000 төгрөгийг гэрч Н.Бд, нийт 130,999,000 төгрөг шилжүүлсэн талаар талууд маргаагүй. Хариуцагч алданги тохиролцоогүй талаар, нэхэмжлэгч биет байдлын доголдолтой, дутуу ажил хийсэн гэснээ, барилгын материал зөөх ажлыг зөвшөөрөөгүй болохоо баримтаар нотлоогүй. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн 7980 м.кв талбайн ажлыг хүлээлцсэн актын талаар маргаагүй тул биет байдлын доголдолгүй гэж үзнэ. Хариуцагч нь барилгын материал зөөх, ажлын багаж хэрэгслийн зардлыг төлөх талаар нэхэмжлэгчтэй ярьсан талаараа үгүйсгээгүй тул нэмэлт ажлын зардлыг гаргуулах үндэслэлтэй. Талууд гэрээгээр алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасанд нийцсэн.” гэж дүгнэсэн.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 30,473,161 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 17,881,825 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Магадлалд “... Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд ажлын хөлсний тооцооллыг бүрэн хийгээгүй, нэмэлт ажлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. ... Нэхэмжлэгч нь бэлнээр 43,000,000 төгрөг, дансаар 80,099,000 төгрөг, нийт 123,099,000 төгрөгийг  хүлээн авсан нь тогтоогдсон. Гэрч Н.Б ажлын хөлсний 9,000,000 төгрөгийг хариуцагчаас авсан талаар мэдүүлсэн тул ажлын хөлсний үлдэгдэл төлбөрөөс хасаж тооцно. Гүйцэтгэсэн ажлын хөлсний талаар хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 156,728,175 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 132,099,000 төгрөгийг хасаж 25,729,175 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцоогүй нэмэлт ажлын зардал 9,900,000 төгрөгийг өөрөөсөө гаргасан талаарх баримтгүй тул хангагдахгүй. Талууд гэрээгээр алданги тохиролцсон тул алданги 4,843,986 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцсэн. Алдангийн шаардлага нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлаагүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлах шаардлагагүй.” гэж дүгнэсэн.

11. Хоёр шатны шүүх эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч зохигчийн маргааны зүйлийг зөрүүтэй, оновчгүй тогтоосноос шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

12. Талууд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, уг гэрээгээр 7980 м.кв талбайд өнгөлгөөтэй болон өнгөлгөөгүй шавардлага, тэгшилгээний ажил хийж гүйцэтгэхээр тохиролцсон, ажил гүйцэтгэгч Б.Т ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн үйл баримтын тухайд маргаагүй, хоёр шатны шүүх эдгээр үйл баримтыг зөрүүгүй тогтоосон.

13. Харин нэхэмжлэгч Б.Т талууд шавардах, тэгшлэх ажлыг нэг м.кв-ыг нь 19,500 төгрөг, 7980 м.кв талбайг нийт 155,610,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч “Ө” ХХК нь өнгөлгөөтэй шавардлагааг 6290 м.кв талбайд хийх ба энэ тохиолдолд  м.кв-ыг 19,500 төгрөг, өнгөлгөөгүй шавардлагааг 1690 м.кв талбайд хийх ба үнийг 14,625 төгрөгөөр төлнө гэж маргасан. Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар үндсэн захиалагчаас шаврын ажлын үнийг шилжүүлэхдээ өнгөлгөөтэй ба өнгөлгөөгүй гэх байдлаар ялгаж, өнгөлгөөгүй шаврын ажлыг 25 хувиар хямдруулсан үнээр тооцсон тул туслан гүйцэтгэгчтэй тохирсон үнийг мөн хувиар буулгаж төлнө гэх агуулгаар маргасан байна. Улмаар хариуцагчийн тайлбарлаж байгаагаар нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс нийт 147,370,250 төгрөг гэжээ. Ингэснээр зохигчид үндсэн ажлын үнийг 8,238,750 төгрөгийн зөрүүтэй тогтоон маргаж байна. Хоёр шатны шүүх талуудын маргааны зүйлийг анхаараагүйгээс ойлгомжгүй оновчгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснийг залруулах нь зүйтэй.

14. Нэхэмжлэгч Б.Т хариуцагчаас хүлээн авбал зохих, гэрээнд заасан ажлын хөлс 155,610,000 төгрөгөөс 121,999,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд үндсэн ажлын хөлсний үлдэгдэл 33,611,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Тэрээр анхан шатны шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа хариуцагчаас 9,000,000 төгрөгийг ажилтан н.Бөөр дамжуулан хүлээн авснаа зөвшөөрч, ажлын үндсэн үнээс 9,000,000 төгрөгт холбогдох хэсгийг багасгаж 24,611,000 төгрөгийг шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэгчид төлсөн нийт мөнгөн дүнгийн тухайд харилцан адилгүй тоо дурддаг хэдий ч түүний тайлбарыг бүхэлд нь авч үзвэл зарчмын хувьд дээр дурдсан м.кв-ын нэгж үнийн зөрүү 8,238,750 төгрөгийг эс зөвшөөрч, үндсэн ажлын үнийн үлдэгдлээс бусад хэсгийг буюу 16,372,250 төгрөгийг зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Иймд үндсэн ажлын үлдэгдэл хөлсний тухайд зохигчийн маргааны зүйл нь 1690 м.кв-ын талбайд хийсэн өнгөлгөөгүй шавардлагын ажлын хөлсний үнийн зөрүү 8,238,750 төгрөгийг төлөх үндэстэй эсэх асуудал байна. Зохигчийн хооронд 2024.05.28-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 3.1.1-д “Нэгж үнэ: Төмөр бетон ханын тэгшилгээний ажилд гүйцэтгэх нэгж ажлын хөлс 19,500 төгрөг байна. ...” гэж заасан байх ба энэ үнийн дүнд өөрчлөлт оруулсан, түүнчлэн өнгөлгөөтэй ба өнгөлгөөгүй шавардлагын үнийг ялгаатай тогтоосон нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй. Иймд талуудын байгуулсан гэрээний дагуу нэг м.кв талбайн ажлын хөлсний үнэ 19,500 төгрөг, нийт үнэ 155,610,000 төгрөг гэж үзнэ. Энэ үндэслэлээр үндсэн ажлын хөлсийг 147,370,250 төгрөгөөр тогтоон холбогдох тооцооллыг хийсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй болжээ.

15. Нэхэмжлэгч үндсэн ажлын хөлснөөс 121,999,000 төгрөгийг хүлээн авсан гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан дансны хуулгаас үзвэл 2024.06.11-ний өдөр хариуцагчаас төлсөн 200,000 төгрөг, 2024.07.02-ны өдөр хариуцагчаас төлсөн 100,000 төгрөгийг тус тус тооцолгүй орхигдуулсан байна. Эндээс хариуцагч “Ө” ХХК нь 121,999,000 төгрөгийг бус, 122,299,000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр болон дансаар шилжүүлсэн гэж үзэхээр байна. Түүнчлэн гэрч Н.Баянмөнхөд хариуцагчаас шилжүүлсэн 9,000,000 төгрөгийг ажлын үндсэн хөлсөнд оруулан тооцохыг анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч хүлээн зөвшөөрчээ. Иймд хариуцагч “Ө” ХХК нь нэхэмжлэгч Б.Тод үндсэн ажлын хөлсөнд 155,611,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 131,299,000 (122,299,000+9,000,000) төгрөгийг төлсөн гэж шүүх дүгнэв. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 24,312,000 төгрөг (155,611,000-131,299,000)-ийг хариуцагч төлөх нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасантай нийцнэ.

16. Нэхэмжлэгч Б.Т хариуцагч “Ө” ХХК-д холбогдуулан нэмэлт ажил буюу ханын тэгшилгээний ажилд шаардлагатай материалыг ажил гүйцэтгэх давхарт зөөвөрлөн гаргах ажлын хөлс 9,900,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Тэрээр уг шаардлагаа хоёр хэсэгт хуваасан байх ба материал зөөвөрлөх ажлын хөлс 9,315,000 төгрөг (19 хоногийн хугацаанд өдөр бүр 3-4 хүнийг нэмэлтээр ажиллуулсан), ийнхүү ачаа зөөхөд шаардлагатай багаж хэрэгсэл болох ус насос, бээлий, каск, хүрз худалдан авсан 585,000 төгрөг, нийт 9,900,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Хариуцагч нь энэхүү нэмэлт ажил нь түүний хариуцах ёстой ажил үүрэг байсан боловч нэхэмжлэгч өөрийн зардлаар хийж гүйцэтгэснийг зөвшөөрч, энэ үйл баримтын тухайд маргаагүй. Давж заалдах шатны шүүх нэмэлт ажлын хөлсөнд 9,900,000 төгрөгийн зардал гаргасан тухайд нэхэмжлэгч нотлоогүй гэж дүгнэхдээ хариуцагч уг ажлыг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий зурвасыг нэхэмжлэгчид хэд хэдэн удаа илгээж, ажлаа зогсоолгүй үргэлжлүүлэхийг хүсэж байсан үйл баримт тогтоогдсоныг анхаараагүй нь буруу болжээ.

Харин хариуцагч Гэрч Н.Бд шилжүүлсэн гэх, дээр дурдсан 9,000,000 төгрөгийг нэмэлт ажлын зардлыг төлсөн мөнгө гэх агуулгаар тайлбарлан маргасан байх боловч энэ 9,000,000 төгрөгийг үндсэн ажлын хөлсөөс хасаж тооцсон нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авсан тул уг 9,000,000 төгрөгийг давхардуулан хасах боломжгүй. Иймд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсоны зэрэгцээ хариуцагч уг ажлыг нэхэмжлэгч өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн үйл баримтад маргаагүй тул 9,900,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг ханган, хариуцагч “Ө” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасантай тус тус нийцнэ.

17. Нэхэмжлэгч алдангийн төлбөрт 4,843,986 төгрөг гаргуулахаар шаардсан. Зохигчийн хооронд байгуулсан гэрээний 8.5-д “Захиалагч тал төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги төлнө” гэж заасан байна. Гүйцэтгэгч ажлыг 2024.07.03-ны өдөр хийж дуусган захиалагчид хүлээлгэн өгсөн үйл баримтын тухайд зохигч маргаагүй бөгөөд ийнхүү ажлыг хийж гүйцэтгэснээс хойш үндсэн ба нэмэлт ажлын үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөх үүргээ захиалагч биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу алданги шаардах эрхтэй. Энэ үндэслэлээр алдангийг гаргуулж шийдсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.         

18. Дээр дурдсанчлан хариуцагч “Ө” ХХК-аас үндсэн ажлын үлдэгдэл хөлс 24,312,000 төгрөг, нэмэлт ажлын хөлс 9,900,000 төгрөг, алданги 4,843,986 төгрөг, нийт 39,055,986 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Тод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,299,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлт оруулан, нэхэмжлэгч Б.Тын өмгөөлөгч А.Т, Э.З нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2025/00516 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/00277 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

         “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч “Ө” ХХК-аас 39,055,986 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Тод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,299,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “354,725” гэснийг “353,230” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Т нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.04.23-ны өдөр 173,350 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

               

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ЦОЛМОН

                     ШҮҮГЧИД                                                 Н.БАТЗОРИГ

                                                                                          Н.БАТЧИМЭГ                              

                                                                                           Н.БАЯРМАА

                                                                                            Х.ЭРДЭНЭСУВД