Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 00130

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд

Хохирогч Б.Энхцэцэг

Хохирогчийн өмгөөлөгч Ю.Ганбат

Шүүгдэгч А.Сүх-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Сүх-Эрдэнэд холбогдох 201714000147 тоот эрүүгийн хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Байлгас овгийн Амарсанаагийн Сүх-Эрдэнэ, Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт  Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн 4-14-109 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх /регистрийн дугаар ПО94083112/ 

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч А.Сүх-Эрдэнэ нь 2017 оны 03 дугаар сарын 05-наас 6-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амарсу” зочид буудлын жижүүрийн өрөөнд Б.Энхцэцэгт хүч хэрэглэн хурьцал үйлдэж хүчиндсэн  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                      Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:1. Хохирогч Б.Энхцэцэгийн  “Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багт үйл ажиллагаа явуулдаг “ТОMAX” ХХК-ны “Амарсу” баар буудалд жижүүрээр ажилладаг юм. 2017 оны 03 сарын 05-наас 06-нд шилжих шөнө ажилтай байсан. Энэ шөнө буюу 2017 оны 03 сарын 05-ны өдрийн 23 цагийн орчим караоке баарны зөөгч ажилтай Сүхээ гэж залуу ажлаас эрүүл гарч яваад эргээд 01 цагийн орчим согтуу ганцаараа орж ирсэн. Сүхээ орж ирээд би хонох газаргүй болчихлоо, манай гэрт хадмууд ирсэн. Эхнэр маань намайг ажил дээрээ очиж хоно гээд байна гэж хэлсэн. Сүхээ өөрөө хөдөөнөөс ирсэн гэж хэлж байсан болохоор нь би хөөж гаргаж чадаагүй юм. Би Сүхээд чи үнэхээр хонох газаргүй байгаа юм бол дээшээ буудлын өрөөнд орж унтахгүй юу даа гэж хэлсэн. Тэгтэл Сүхээ буудлын өрөө рүү орохгүй, жижүүрийн текний араас рестораны түлхүүр авч ресторан руу орж нэг шил “Сэнгүр” архи аваад жижүүрүүдийн амардаг өрөөнд орж ирээд намайг пиво уух уу гээд шахсан. Би тэр пивыг нь амссан болоод буйдангийн араар нуугдсан. Тэгээд Сүхээ юм ярьж байгаад хүзүүний зүүлт цагаа аваад ширээн дээр тавьсан. Тэгээд Сүхээ та надад таалагддаг, хөхийг чинь баръя гээд гараа явуулсан. Тэгэхээр нь би эгчийн дүү амжихгүй, чи зүгээр дээшээ явж унт гэсэн чинь Сүхээ “чи тэгвэл харах уу гээд над руу дайраад миний өмссөн байсан улаан өнгийн юбка, хар өнгийн тирког тайлах гээд ноцолдсон. Би өмдөө тайлуулахгүй гээд бараг нэг цаг орчим түүнтэй ноцолдсон байх. Тэгээд сүүлдээ арга буюу дийлдээд өмдөө тайлуулсан. Өмдөө тайлуулахгүй гэж ноцолдож байхдаа туслаарай гэж орилсон. Түүний баруун байна уу, зүүн гарын бугалга орчим хазсан. Нүүрийг нь базсан, нуруу цээж рүү нь цохиж, хөлөөрөө жийж тийрсэн боловч хүч хүрээгүй. Сүхээ намайг буйдан дээр хэвтүүлж байгаад миний дээр гарсан. Миний дээр гарч байгаад Сүхээ бүх хувцасаа тайлаад шалдан болсон байсан. Бид хоёр ноцолдож байгаад буйдан дээрээс хамт унасан. Шалан дээр унаж ноцолдож байхад Сүхээ миний бэлэн эрхтэн рүү өөрийн бэлэг эрхтнээ хийгээд хөдөлсөн. Тэгэхээр нь би хөлөөрөө тийчилж байгаад түүнийг жийж холдуулсан. Тэгтэл Сүхээ дахин над руу дайраад миний дээр гарсан. Тэгэхээр нь тэр өрөөнд байсан хувинтай угаадсыг Сүхээгийн толгой дээр асгасан. Тэгээд байхад л Сүхээ дайраад байсан. Би түүнтэй ноцолдож байгаад салаад буйдан дээр гараад суусан. Хувцасаа өмсөх гэсэн чинь над руу дайраад миний дээр гарч байгаад надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Их удаан хөдлөөгүй Сүхээ бэлэг эрхтнээ сугалаад боссон. Тэр үед миний цавь, салтаа орчим нойтон зүйл мэдрэгдсэн. Сүхээ босоход нь дагаад боссон тэр үед үрийн шингэн нь буйдан дээр байсан. Сүхээгийн өмдөн дээр асгарсан байх гэж бодож байна. Би Сүхээг хэсэг тайвшруулж байгаад өөрийнхөө фудволк, дотоожийг өмсөх гэсэн чинь Сүхээ татаж унагаад миний хувцасыг өмсүүлээгүй. Би тэгэхээр нь Сүхээд миний хувцас угаадас болсон байна ийм байхад чамтай бэлгийн харьцаанд орж чадахгүй гэж хэлж байгаад хувцасны шүүгээнд байсан хуурай хувцас авч өмссөн. Энэ хооронд Сүхээ өрөөг дотор талаас нь түгжээд хааж зогсоод гаргахгүй байсан. Доогуур хувцасаа өмсөх гэсэн чинь өмсүүлэхгүй байсан. Дахин надтай бэлгийн харьцаанд орно гээд буйданг хаалганы өмнө хөндлөн тавиад хаалга хаагаад байсан. Би Сүхээд эгч нь хуурай хувцас өмссөн юм чинь чамтай бэлгийн харьцаанд орно гэж хэлээд тайвшруулсан. Тэгээд Сүхээд буйданг байранд нь тавих гээд холдохоор нь өрөөний хаалга онгойлгоод тэр өрөөнөөс гарч гүйгээд 2 давхарын 203А тоот өрөөний хаалгыг цохисон. Тэгтэл тэр өрөөнд амарч байсан гурван ах сэрээд үүдээ тайлсан. Тэгэхээр нь би коридорт суугаад доор надтай хамт ажил хийдэг зөөгч банди намайг оролдоод байна гэж хэлсэн чинь наанаа байж байгаад цагдаа дууд, цагдаа иртэл наанаа сууж бай гэсэн. Тэгэхээр нь би өөрийн найз Цолмончимэгийг утсаар дуудсан. Тэгээд байж байхад Сүхээ өмд фудволкоо өмсөөд зүв зүгээр ирж байсан. Тэгэхээр нь би 203 тоот өрөөний үүдний хэсэг рүү ороод ойртоод үзээрэй гэсэн чинь нөгөө 3 ахын нэг нь босч ирээд чи яах гээд байгаа юм бэ гээд болохгүй бол цагдаа дуудна шүү гэж хэлсэн чинь Сүхээ би өөрөө цагдаа дуудна гээд утсаа гаргаад “Энд нэг эмэгтэйг согтуу хүн дээрэлхээд байна” гэж ярьж байсан. Тэгээд удалгүй хаалга тогшиж миний найзууд болох Цолмончимэг, Энхцэцэг нар ирсэн, тэгээд удаагүй байж байтал цагдаа нар ирсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8-9-р хуудас/

 

            2. Шүүх шинжилгээний албаны 2017 оны 03 сарын 15-ны өдрийн 275 дугаартай “Б.Энцэцэгийн биед хүзүү, баруун дал, баруун өвдөгт зөөлөн эдэд 6 тооны цус хуралт үүсчээ” гэсэн дүгнэлт. /хх-ийн 68-р хуудас/

 

            3. Шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн “Б.Энхцэцэгийн хүзүү, баруун дал, баруун өвдөгт үүссэн зөөлөн эдийн цус хуралт нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний улмаас үүсгэгдэх бөгөөд биеэ хамгаалан тэмцэлдсэний улмаас үүссэн байхыг үгүйсгэхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 58-р хуудас/

 

            4. Шүүх шижилгээний 2017 оны 03 сарын 21-ний 1743 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Б.Энхцэцэгийн хувцас гэх хар эрээн даашинзны баруун суга оёдол 80 мм, улаан өнгийн банзалын дээд эмжээр 95 мм, 98 мм, цэнхэр өнгийн жинсэн өмдний 2,4 дэх түдвэл, хар өнгийн дотоожны баруун оёдол 0.6 мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас шинээр гарсан ханзралтууд байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 75-76-р хуудас/ 

 

                      5. Гэрч Б.Цолмончимэгийн “Намайг 2 давхарт гарахад Энхцэцэг дээгүүрээ эрээн палаажтай уйлаад зогсож байхаар нь юу болсон юм бэ? гэж асуухад юу ч дугарахгүй байж байгаад Сүхээ намайг хүчиндчихсэн гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 45- хуудас/

 

            6. Гэрч М.Энхцэцэгийн “Би Энхцэцэгээс юу болсон талаар асуухад уйлаад юм ярихгүй байсан. Шөнө жижүүрийн өрөөнд Сүхээ намайг хүчиндсэн гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 50-р хуудас/

 

            7. Гэрч З.Базарсадын “Тухайн өдөр бид нар буудлаас гаргах гэж байсан юм. Гадаа цас орж байсан болохоор машинаа асаах гээд ганцаараа өрөөнөөс гарахад буудлын гадаа хаалга цоожтой байхаар нь би ресепшин эмэгтэйг дуудахад хаалга онгойлгож өгсөн. Би буудлаас гараад машинаа асаачихаад эргээд буудал руу ороход ресепшин эмэгтэйгийн хажууд намхан нуруутай залуу зогсож байсан. Тэр залуу надаас тамхи байна уу гэж хэлэхэд би тамхи татдаггүй гэхэд өрөөнийхөө хүмүүсээс асуугаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь өрөө рүү дагаад ороод ир гэж хэлээд өрөөндөө орсон. Тэр залуу араас орж ирээд нэг ширхэг тамхи аваад гарсан. Тэрнээс хойш удалгүй ресепшин охин хаалга тогшоод уйлаад байхаар нь би яасан талаар асуухад хамт байсан залуу намайг оролдоод байна ш дээ гэхэд нь цагдаад дуудлага өгчих гэхэд юу ч дугарахгүй байхаар нь “чи манай өрөөнд орж ирээд суучих гэсэн чинь орж ирэхгүй байсан. Тэр эмэгтэйгийн араас намхан залуу ирээд би эгчийгээ аваад явмаар байна гээд байсан. Бид нар буудлын өрөөнөөс гараад явсан Тэр эмэгтэй би найз нарыгаа дуудчихлаа гэж хэлж байсан. Ресепшин эмэгтэй ямар хувцастай байсан талаар анзаараагүй, хар өнгийн палажтай байх шиг харагдсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 52-р хуудас/

 

            8. Гэрч Г.Энхбатын “Намайг “Амарсу” зочид буудалд ороход үүдэнд нь эмэгтэй хүн байсан ба нэг эмэгтэй нь доошоо газар явган суучихсан уйлаад намайг хүчиндчихлээ гэж байсан. Буудлын жижүүрийн өрөөнд ороход дээгүүрээ цагаан өнгийн хагас ханцуйтай фудволктой, хар хөх өнгийн өмдтэй залуу газар хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 53-р хуудас/

 

            9. Шүүгдэгч А.Сүх-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:“ Энхцэцэг надад таалдагддаг болохоор хүчирхийлсэн. Нэг санахад би Энхцэцэгийн хувцасыг тайлж байсан. Тэр үед Энхцэцэг болиоч ээ гээд хашгираад намайг түлхэж байсан. Ямар ч байсан хувцасыг нь тайлж байсан. Би Энхцэцэгийг харахаар хүсээд бэлгийн харьцаанд ормоор санагдаад байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 110-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, эд мөрийн баримт, зочид буудлын бичлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Сүх-Эрдэнэ мэдүүлэхдээ “Хавтаст хэрэгт өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэв.

 

Хохирогч Б.Энхцэцэг мэдүүлэхдээ “Үнэхээр гомдолтой байна. Сэтгэл санааны хувьд хэцүү байхаас гадна ажлаа хийж чадахгүй байдалд орсон. Эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин 1 260 000 төгрөг нэхэмжилснийг Сүх-Эрдэнэ төлсөн. Одоо сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна. Надад гомдолгүй гэж хэлмээргүй байна. Гэхдээ Сүх-Эрдэний хүүхдийг бодохоор хэцүү санагдаж байна. Адилхан үр хүүхэдтэй болохоор хэцүү байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд мэтгэлцэхдээ “Гэм буруу болон хуулийн зүйлчлэлийн талаар мэтгэлцэхгүй, шүүгдэгч нь гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа. Хөнгөн ял шийтгэл оногдуулах хуулийн боломж байгаа” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч ялын шүүмжлэлдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй” гэв.  

 

         Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч А.Сүх-Эрдэнэ нь 2017 оны 03 дугаар сарын 05-наас 6-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Амарсу” зочид буудлын жижүүрийн өрөөнд Б.Энхцэцэгт хүч хэрэглэн хурьцал үйлдэж хүчиндсэн  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Энхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан “Амарсу” зочид буудлын камерын бичлэг бүхий СD,шинжээчийн дүгнэлтүүд болон шүүгдэгч А.Сүх-Эрдэний мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

         Шүүгэгч А.Сүх-Эрдэнэд ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэстэй байна. А.Сүх-Эрдэнэд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд авч үзлээ.

 

Хохирогч Б.Энхцэцэг нь эмчилгээний зардал, цалин 1 260 000 төгрөг, сэтгэл санааны хохирол дээрхи үнийн дүнг 10 дахин нэмэгдүүлсэн буюу 12 600 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 1 260 000 төгрөгийг шүүгдэгч төлсөн байна. Хохирогч нь сэтгэл санааны хохиролтой холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг шийдэрвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хохирогч Б.Энхцэцэгийн үтрээнээс авсан арчдас, наалдац, цусны хатаасан дээж, яллагдагч А.Сүх-Эрдэний цусны хатаасан дээж зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж камерийн бичлэг бүхий СD-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээхээр  шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 292, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                     ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Байлгас овгийн Амарсанаагийн Сүх-Эрдэнийг хохирогчид хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар шүүгдэгч А.Сүх-Эрдэнийг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч А.Сүх-Эрдэнэд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч А.Сүх-Эрдэний цагдан хоригдсон 14хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Б.Энхцэцэгийн үтрээнээс авсан арчдас, наалдац, цусны хатаасан дээж, яллагдагч А.Сүх-Эрдэний цусны хатаасан дээж зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж камерийн бичлэг бүхий СD-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Энхцэцэг нь сэтгэл санааны хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч А.Сүх-Эрдэнэд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Сүх-Эрдэнэд авсан батлан даалтанд өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Ц.АЛТАНГАДАС