Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/80

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,

улсын яллагч Б.А,

шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-н А-д холбогдох эрүүгийн 2317000000089 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-нд О аймгийн Б суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ** аймгийн ** сумын ** дугаар баг, ** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт М-н А /РД:ЗН/

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч М.А нь 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Онцгой байдлын газрын гадна талбайд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч М.Ж-тай маргалдаж, түүнийг газарт унаган толгойн тус газарт цохиж духны үстэй хэсэгт урагдсан шарх, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317000000089 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч М.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.

2. Шүүгдэгч М.А мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Ж, М, З нартай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж Ж-тын эрүүл мэндэд хохирол учруулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

3. Хохирогч М.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр М, З бид гурав Онцгой байдлын газрын 1 тоотод манай гэрт байж байтал М-гийн танил дүү А, М-г гадаа гараад ир гэж хэлсэн. Тэгээд би найз М-тэй хамт гэрээсээ гараад Онцгой байдлын хашааны урд талд машины зогсоол дээр гараад А М-г мөнгө зээлчих гэж хэлсэн. Тэгээд М тухайн үед татгалдсан. Тэгтэл А арай ч дээ гэж хэлээд гэнэт хоорондоо маргалдаад байхаар нь би дундуур нь ороод салгасан. А намайг чи ер нь яах гээд байгаа юм гэж хэлээд намайг тонгорч унагаагаад миний дээр гараад толгой руу хэд хэдэн удаа цохисон, босоод иртэл нүд харанхуйлаад байсан. Тэгээд А зугтаад яваад өгөхөөр нь М бид хоёр араас нь гүйгээд гүйцээгүй. Тэгээд гэрт ороод байж байтал эмнэлэг ирсэн. Манай найз М эмнэлэгт хандсан байсан. Эмнэлэг ирээд оёдол тавиул гэхээр нь би гайгүй байхаа гээд эмнэлэгт очоогүй юм. Манай найз Г манай гэрт ирээд очиж үзүүл оёдол тавиул гэхээр нь би эмнэлэгт очиж оёдол тавиулсан. Миний баруун нүдний дээд дух хэсэгт 3 оёдол тавиулсан. Зүүн талын ташаа зулгарсан байсан. Гомдолтой, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Би эмчилгээний зардал нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,

4. Иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2024 оны 07 дугаар сарын 20, 25-ны өдөр М.Ж-тын эмчилгээний зардалд 226 545 төгрөг зарцуулсан байсан. Иймд Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгох нэхэмжлэлийг гаргаж байна. Тусламж үйлчилгээний зардал болох 226 545 төгрөгийг Төрийн сангийн 100900020080 тоот дансанд ГСА /өөрийн овог, нэр/ гэх утгатай төлж барагдуулна... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

5. Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Манай найз даруу төлөв, зан харилцааны хувьд бусадтай эелдэг харьцдаг. Бид хоёр Чойрт арван жилдээ цуг сурч байсан. Ямар ч хүнтэй эв зүйгээ олоод харьцдаг. Нийгмийн идэвхи сайтай. Улаанбаатар хотын Иргэний нисэхэд ажилладаг байсан. Манай найз сагс болон хөнгөн атлетикаар хичээллэдэг спортлог хүүхэд байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

6. Гэрч О.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Онцгой байдлын газарт байрлах Ж-тын гэрт М бид гурав архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад Ж-тын гэрт хоносон. Манай М гэх найз хуурай дүү байгаа, би тэрэнд виски захъя гэж хэлээд үл таних залуу виски авчирч өгсөн. Виски авчирсан хүнтэй бид 4 дөрөв сууж байгаад ганц хоёр татаад нөгөө виски дуусгалгүй явсан. Нөгөө залуу буцаад ирсэн байна гээд М, Ж-т 2 гарч уулзчихаад ирье гэж хэлээд гарсан. Би Ж-тын гэрт үлдсэн юм. Нөгөө 2-г гэрт орж ирэхгүй болохоор нь цонхоор хартал Ж-т нөгөө залуугийн араас хөөгөөд гүйгээд байсан. Би гараад юу болсон талаар асуутал Ж-тыг А хавирч унагаасан, тэгтэл чулуун дээр ойчсон гэж хэлсэн. М-гээс юу болсон талаар асуухад А цохисон гэж хэлсэн. Ж-таас асуухад намайг А цохисон гэж хэлсэн. Эмнэлгийн байгууллага дээр очоод 3 оёдол тавиулсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

7. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 198 дугаартай дүгнэлтэнд:

- М.Ж-тын биед духны үстэй хэсэгт урагдсан шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохиролын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч Л.Ж гэжээ. /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

8. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-5 дугаар хуудас/,

9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/,

10. Хохирогч М.Ж-тын яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 48-50 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгч М.Ад холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч М.А нь 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Онцгой байдлын газрын гадна талбайд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч М.Ж-тай маргалдаж, түүнийг газарт унаган толгойн тус газарт цохиж духны үстэй хэсэгт урагдсан шарх, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч гэм буруугийн шүүх хуралдаанд “хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүгдэгч М.А нь 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Онцгой байдлын газрын гадна талбайд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч М.Ж-тай маргалдаж, түүнийг газарт унаган толгойн тус газарт цохиж духны үстэй хэсэгт урагдсан шарх, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч М.А нь хохирогч М.Ж-тын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Түүнчлэн шүүгдэгч М.А нь хохирогч М.Ж-тын биед духны үстэй хэсэгт урагдсан шарх, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Ж, гэрч О.З, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 198 дугаартай дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ. 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч М.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.А нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч М.А нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч М.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Ж-тын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч М.Ж нь эмчилгээний зардалд гарсан баримтаа шүүхэд ирүүлээгүй, уг зардлаа иргэний хэргийн шүүхээр нэхэмжилнэ гэсэн байна. Иймд хохирогч М.Ж нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч М.А-с жич нэхэмжлэх эрхтэй болно.

Харин иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэсээс нэхэмжилсэн хохирогч М.Ж-тад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн төлбөр болох 226 545 /хоёр зуун хорин зургаан мянга таван зуун дөчин тав/ төгрөгийг шүүгдэгч М.А нь нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч М.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч М.А эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “надад оногдуулах энэ 600 000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч М.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч М.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Иймд шүүгдэгч М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

.           Шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт М-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч М.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

.           5. Шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэсээс нэхэмжилсэн 226 545 /хоёр зуун хорин зургаан мянга таван зуун дөчин тав/ төгрөгийг нөхөн төлсөн, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Хохирогч М.Ж нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч М.А-с жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                   

                                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ЭНХМАНДАХ