| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2024/0077/э |
| Дугаар | 2024/ШЦТ/81 |
| Огноо | 2024-08-26 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга П.Э,
улсын яллагч Б.А,
шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Ц-н Э холбогдох эрүүгийн 2417000000092 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ...-нд ** аймгийн ***суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, ** аймгийн *** сумын ** дугаар баг, *** гэх газарт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Д овогт Ц-н Э /РД:ЗИ/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ц.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр иргэн А.Н-н эзэмшлийн 31-23 УБЦ улсын дугаартай Тоёота Криста загварын тээврийн хэрэгслийг 2.76 хувийн согтолттой замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317000000092 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Надад хэлж ярих зүйл байхгүй. Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан бүгд үнэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, гэмшиж байна гэв.
2. Шүүгдэгч Ц.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хуучин хамт ажиллаж байсан Б гэх хүнтэй гэрт нь нэг шил 0.75 граммын архи хувааж уусан. Тэгээд 20 цаг өнгөрч байхад Б-гийн гэрээс өөрийн унаж ирсэн 31-23 УБЦ улсын дугаартай Криста маркийн машинаа унаад хөдөлсөн чинь цагдаа хүрээд ирсэн. Тэгээд цагдаа намайг машиндаа суулгаад цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Тэгээд үлээдэг багажаар үлээж үзэхэд 2.76 хувийн согтолттой гэж гарсан. Би 2023 оны 12 дугаар сарын 11-нд Дундговь аймагт машинтай согтуугаар жолоо барьж яваад цагдаад баригдаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулж 400 000 төгрөгөөр торгуулж байсан. Би өөрийн хийсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,
3. Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр би 17 цагаас 01 цагийн хооронд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт замын цагдаагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд 20 цаг 20 минутын үед Сүмбэр 10-с 31-23 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуу хүн унаад яваад байна, эрэн сурвалжилж ажиллаарай гэсний дагуу Сүмбэр сумын 1 дүгээр баг Хорих 425 дугаар хорих ангийн хашааны баруун талд байх айлуудын хамгийн хойд талын эгнээнд ухрах үйлдэл хийж байсан 31-23 УБЦ улсын дугаартай цагаан өнгийн Криста маркийн тээврийн хэрэгслийг зогсоон тээврийн хэрэгслийн жолоочийг шалгахад нилээд согтуу байгаа нь илт мэдэгдэж байсан. Тухайн үед жолоочийг машинаас буулгаж албаны авто машинд суулган цагдаагийн хэлтэс дээр авч ирж согтолтын зэрэг тогтоодог тусгай багаж руу үлээлгэж үзэхэд 2.76 гэсэн тоон үзүүлэлт гарсан. Тухайн хүнийг багажаар шалгаж үзэхэд 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр эрхээ хасуулсан хүн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/
4. Гэрч Н.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Ц.Э нь төлөв даруу зантай, ямар нэгэн хэрэг төвөгт орж байгаагүй. 2023 оны сүүлээр архи уусан машинтай явж байгаад эрхээ хасуулж байсан. Ц.Э нь ер нь бие их муутай, бөөр, зүрх өвдөнө. Даралт нь байнга ихсэнэ. 2024 оны 07 дугаар сарын 14-ний орой цагдаагаас над руу залгаад Э гэх хүнийг эрүүлжүүлэх байрнаас ирж аваарай гэж хэлсэн. Тэгээд би цагдаагаас очиж авсан. Надад хэлэхдээ Б гэх айлд очоод архи хувааж уугаад гарч яваад цагдаад баригдсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/
5. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8 дугаар хуудас/, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №0773806 дугаартай шийтгэлийн хуудсын хуулбар /хх-ийн 24 дүгээр хуудас/,
6. Шүүгдэгч Ц.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгч Ц.Э-т холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Ц.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр иргэн А.Н-н эзэмшлийн 31-23 УБЦ улсын дугаартай Тоёота Криста загварын тээврийн хэрэгслийг 2.76 хувийн согтолттой замын хөдөлгөөнд оролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц.Э гэм буруугийн шүүх хуралдаанд “миний буруу хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Ц.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр иргэн А.Н-н эзэмшлийн 31-23 УБЦ улсын дугаартай Тоёота Криста маркийн тээврийн хэрэгслийг 2.76 хувийн согтолттой замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт болсон байна.
Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Ц.Э нь Дундговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Ж-н 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0773806 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон;” гэх үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 400 000 төгрөгөөр торгуулсан байна. Шүүгдэгч Ц.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 1 жилийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Түүнчлэн шүүгдэгч Ц.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь согтолтын зэрэг шалгасан тухай тэмдэглэл, гэрч Н.О, Н.Х нарын мэдүүлэг, Дундговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Ж-н 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0773806 дугаартай шийтгэлийн хуудсын хуулбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ц.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Э нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч Ц.Э нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Ц.Э-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгч Ц.Э-ыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 000 000 төгрөгөөр торгох саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц.Э эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Ц.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Ц.Э-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 700 000 /хоёр сая долоон зуу/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-т оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 700 000 /хоёр сая долоон зуу/ төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Ц.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Ц-н Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 700 000 /хоёр сая долоон зуу/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-т оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 700 000 /хоёр сая долоон зуу/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ц.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ