Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/85

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Б.Ануужин,

шүүгдэгч ..., түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...овогт ... ... холбогдох эрүүгийн 2417000000094 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр ...аймгийн ..суманд төрсөн, ..настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., ..аймгийн .. сумын.. дүгээр баг, ... тоотод оршин суух, урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2018/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн гэх, ...овогт ... ... /РД:..../,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч ... нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ... нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн ...Говьсүмбэр аймгийн ... сумын .. дүгээр баг, А.. хонхор .. тоотод байх гэрийн хашаан дотор, мөн ... аймгийн.. сумын ..дүгээр баг.. тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч ...хүнтэй явалдсан гэх шалтгаанаар гараараа цохиж, цээж хавирга орчим нь хөлөөрөө өшиглөх, өмсөж байсан гутлаараа 2 гарын бугалга орчим цохих зэргээр биед нь халдаж хохирогчид баруун, зүүн бугалгад, баруун далны дотор өнцөгт, цээжинд 7, 8-р хавирганы орчимд, цээжинд баруун 7, 8-р хавирганы орчимд, хүзүүнд, зүүн гарын сарвууны ар талд, зүүн хөхний дотор гадаргуунд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Шүүгдэгч ... үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /х.х-ийн 53  хуудас/

2. Хохирогч ...нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Сүмбэр сум 1 дүгээр баг Аяганы хонхор гэх газар ... ахын гэрт ирсэн. Тухайн хашаанд том оврын машины сүүдэрт тэнд байсан хүмүүс архи шар айраг хувааж уусан. Би тухайн архи шар айргаас уугаагүй. Тухайн үед 17 цаг өнгөрч байсан чинь ... нэлээн согтсон байсан бөгөөд юм ярьж байгаад Улаанбаатар хотод байдаг ... гэдэг залуутай намайг хардаад чамайг тэрэнтэй чинь ална шүү гэж хэлээд босож ирээд миний баруун талын хавирга орчим хөлөөрөө өшиглөөд цээж орчим гараараа цохиод байсан. Би тухайн үед яг аль хэсэг рүү хэдэн удаа цохисон эсэхийг мэдээгүй. Ямар ч гэсэн нэлээн олон удаа гараараа цохиж хөлөөрөө өшиглөсөн. Мөн гутлаа тайлаад тухайн гутлаараа миний биеийн хэсэг рүү цохиод байсан. Тэгээд би гэртээ байж байтал оройн 20 цагийн үед ... миний хойноос хүрч ирээд чи том машинтай хүнтэй унтсан биз дээ гэж хэлээд миний зүүн тал орчим нэг удаа цохисон. Тэгэхээр нь би гэртээ орсон. Тэгтэл миний араас орж ирээд дахиад намайг зодох гээд байхад нь урд айлын эгч ... орж ирээд ...аас намайг салгасан. Тэгээд би гэрээсээ гарч зугтаад цагдаагийн байгууллага дээр ирсэн. Өмнө нь 2024 оны 4 дүгээр сар шиг санагдаж байна ... архи уусан үедээ намайг хүн амьтны харснаас болж олон удаа цохиж байсан. Тухайн өдрийн гэмтлүүдийг ... учруулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 10-11, 13 хуудас/

3. Гэрч ...нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ..., ... ахтай хамт гэр лүүгээ ороод эхнэр ... дагуулаад гараад ирсэн. Тэгээд бид нар нийлээд Дэлгэрэх дэлгүүрээс Хараа нэртэй архи, 2,5 литрийн шар айраг 1 ширхгийг авч ууцгаасан. Тэгээд ... машины сүүдэрт согтоод унтчихсан байхаар нь би түүнд хоол өдөр гээд дуудтал ... сэрээд эхнэр ...ээ асуугаад орилж хашхираад байсан. Тэгж байгаад удалгүй ... хашаанаас гараад явсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22-23 хуудас/

4. Гэрч Х.... нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүү ... гэрт ирсэн. Тэгээд 19 цаг өнгөрч байхад манай хүүгийн хашааны хойд талын хашаанд эмэгтэй хүн уйлаад, эрэгтэй хүн чанга чанга орилж хашхираад байгаа чимээ гарч байсан. Тэгэхээр нь би хойд талын хашаандаа ортол ... гэрийнхээ үүдэнд уйлчихсан зогсож байсан бөгөөд түүний нөхөр ... зүүн талын орон дээр суучихсан байсан. Тухайн үед ... эхнэртэй хандан чи хаагуур яваад байгаа юм, чамайг ална, гэр орондоо байхгүй гэх мэтээр загнаад байсан. ... архи огт уугаагүй эрүүл байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29 хуудас/

6. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Говьсүмбэр аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 188 дугаар дүгнэлтэнд: “Г....ийн биед баруун бугалганд, зүүн бугалганд, баруун далны дотор өнцөгт, цээжинд зүүн 7,8-р хавирганы орчимд, цээжинд баруун 7,8-р хавирганы орчимд, хүзүүнд, зүүн гарын сарвууны ар талд, зүүн хөхний дотор гадаргууд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Баруун бугалганд, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо. Баруун далын дотор өнцөгт, цээжинд зүүн 7, 8-р хавирганы орчимд, хүзүүнд, зүүн гарын сарвууны ар талд, зүүн хөхний дотор гадаргууд цус хуралт гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлыг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдахгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 38-39 хуудас/

6. Яаралтай тусламж үйлчилгээ, зардлын түүх, 2852 дугаартай яаралтай тусламжийн хуудас /х.х-ийн 17, 84 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч ...д дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч ... нь шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ... нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ... нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй боловч хохирогч ...нь хохирол нэхэмжлээгүй, харин түүнд эмнэлэгт тусламж үйлчилгээ үзүүлсний зардалд иргэний нэхэмжлэгчээс 141 480 төгрөг нэхэмжилснийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж дүгнэлээ.

            Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...овогт ... ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...овогт ... ... 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулсугай.

4. Шүүгдэгч ... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ...д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.АРИУНЖАРГАЛ