Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/86

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч ...., түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдавга,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г....., түүний өмгөөлөгч Г.Халиунаа, С.Сансартуяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....овогт .... .... холбогдох эрүүгийн 2317000060105 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... хотод төрсөн, .. настай, эмэгтэй, .. боловсролтой, .. мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл .., .., .., ..., .... дүгээр баг... дүгээр байрны ..тоотод орших суух, урьд ял шийтгэлгүй гэх, ....овогт .... .... /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Шүүгдэгч .... нь Говьсүмбэр аймгийн ... Эрүүл мэндийн төвийн эх баригч, бага эмчийн ажил үүргийг гүйцэтгэж байхдаа буюу 2022 оны 12 дугаар сарын 21-ний орой яаралтай түргэн тусламжийн дуудлагын ... сумын 1 дүгээр баг, 13 дугаар байрны 63 тоотод болон .... сумын Эрүүл мэндийн төвд байх иргэн ....19 цаг 54 минутад, 22 цаг 32 минутад, мөн 23 цаг 18 минутад үзлэг хийхдээ талийгаачийн амин үзүүлэлт, эмнэл зүйн шинж тэмдгийг зөв үнэлээгүй, тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай эрэмбийг зөв эрэмбэлэн ангилаагүй, оновчтой тусламж үйлчилгээг үзүүлээгүй, эмнэлгийн яаралтай тусламж /амь насанд аюултай цочмог өвчин, эмгэгийг оношлох, эмчлэх сэхээн амьдруулах үйлчилгээ/-г цаг алдалгүй үзүүлээгүй, үндсэн өвчнийг оношлоогүй буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас иргэн ....амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

            1. Шүүгдэгч .... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дуудлагын эмчээр ажиллаж байсан. Тухайн үед бага эмчийн албан тушаалтай байсан. Би эх барих эмч, түргэн тусламжийн эмчээр ажиллаж байсан. Талийгаач яалтачгүй архи уусан байсан. Өөрсдөө уугаагүй гээд байгаа. Би Талийгаач гэрт дуудлагаар 2 удаа очсон. Очихдоо даралт, пүүльс үзсэн. Архи уусан байсан болохоор унтаж амраг гээд явсан. Тухайн хэрэг болсон үед юу болсон талаар санахгүй байгаа. Тухайн үед талийгаачийн пүүльс, даралт хэвийн байсан мөн хүүхэдтэйгээ хамт байсан. Түргэн тусламжийн хуудас тухайн үед бөглөсөн гэв.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ....шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдээж хүний амь нас эрсдээд ээжийгээ алдсан байгаа учраас гомдол маш их байна. Хамгийн их гомдоод эмзэглээд байгаа зүйл нь хүн алдаа гаргаж болно. Гэхдээ эмчийн ёс зүй гэдэг зүйл байх ёстой. Хэрэг шалгагдаад бараг 2 жил болж байна. Энэ хугацаанд нэг ч удаа амнаас нь уучлаарай гэдэг үг гараагүй. Ирж уулзаагүй. Өөрөөс нь асуухаар одоог хүртэл ямар ч буруугүй гэж үзээд байгаа. Үүн дээр нь маш их гомдолтой байна. Эмч хүний нэг л үг гэхэд маш их хариуцлага дагуулдаг. Тийм учраас энгийн хүмүүс эмч хүний үгэнд маш их итгэдэг. Гэтэл энэ хүн одоог хүртэл, өнөөдөр ч гэсэн манай ээжийг согтуу байсан, согтуу тасарсан байсан гэж хэлээд байгаа. Энэ нь манай ээжийн нэр төрийг маш их сэвтээж байна гэж үзэж байгаа. Мэдээж бид нар .... сумын бүх хүнд эрүүл байсан гэж хэлээд байж чадахгүй. Хууль ёсны шинжилгээгээр нь этилийн спирт илрээгүй гээд байхад л тасарсан байсан гээд гүрийгээд байгаад нь гомдолтой байна гэв.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 19 цаг 44 минутад манай дүү .... миний утас руу залгаад надад хандан ээжийн бие муудаад бие нь хөшчих шиг боллоо аймар сонин дуугараад гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу нь өвдөж байгааг асуудаа гэж хэлсэн. Тэгээд манай дүү ээж юм дуугарахгүй гар, хөл нь татчихсан юм шиг байна гэсэн. Тэгэхээр нь би дээд айлын .... эгчрүүгээ ороод хэлчих гэж хэлсэн. Тэгээд манай дүү 19 цаг 46 минутад залгаад .... эгч байхгүй байна гэхээр нь .... эгчийгээ дууд гэж хэлсэн. Тэгээд хэсэг байж байгаад түргэн дуудчихлаа гэж хэлсэн. Би 20 цагт дүүтэйгээ ярихад түргэн арай ирээгүй байна гэж хэлсэн. Тэгээд би .... эгчтэй утсаар ярихад ээж чинь харавчихсан юм уу татчихсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд 20 цаг 16 минутад залгахад түргэн ирсэн байсан. Манай дүү ээжийг архи уусан байна гэж эмч хэлсэн, ээж архи ерөөсөө архи уугаагүй гэж надад хэлсэн. Тэгээд эмчтэй нь ярьж ээжийн биеийн байдлыг асуухад эмч энэ хүн чинь архи уугаад тасарчихсан байна, амин үзүүлэлтүүд нь хэвийн байна гэсэн. Тэгэхээр нь би наад хүн чинь өвдөлтийн шоконд орсон байж магадгүй, манай ээж элэг, цөс муутай эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Тэгэхэд эмч надад хандан манайх болон эмнэлэг согтуу хүн хүлээж авдаггүй, бид нарт хариуцлага тооцно тийм учраас авч явах боломжгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би эрүүл ч байсан, согтуу ч байсан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой .... луу аваад яв гэж хэлээд уурласан. Тэгтэл эмч за яръя гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд 21 цаг 27 минутад манай дүү над руу залгаад ээж сонин дугараад, амьсгал авахдаа эвгүй аваад байна гэсэн. Тэгэхээр нь би .... эгчид ахин түргэн дууд гэж хэлсэн. Тэгээд 22 цаг 19 минутад дүүтэйгээ яриад түргэн дуудсан уу болохгүй бол .... эгчийн дээ ор гэж хэлсэн. Тэгээд би түргэний утас руу залгахад эмчийн хувийн утас руу залга гэсэн. Тэгээд эмчтэй яриад наад хүний бие улам муудаад байна, ....ын эмнэлэг рүү аваад яв гэж дахин хэлсэн. Тэгтэл эмч очиж байна гээд утсаа тасалсан. Тухайн үед би .... хотод байсан. Ээжийн бие муу байсан болохоор 22 цагийн үед .... сум руу гараад шөнийн 02 цагийн орчимд ирсэн. Тэгээд би эмчтэй уулзаад та бүхэл бүтэн 3 цагийн хугацаанд эмчилгээ хийхгүй яасан юм бэ гэхэд эмч амьжсангүй гэж хэлсэн. Манай ээжид хууч өвчин байхгүй. Гэхдээ аймар бөхшүүлж ханиалгадаг байсан. Тэрийг ажлын хүнд нөхцөлөөс үүссэн байх гэж бодож байна. Тухайн байдлаараа эмнэлэгт үзүүлж байгаагүй. Өмгө нь эмнэлэгт үзүүлж байсан эмнэлгийн түүх карт нь дээр байгаа. Мөн энэ оны 02 дугаар сарын 03-ны өдөр ....ын нэгдсэн эмнэлэгт цөсний чулуу авхуулах хагалгаа хийлгэж байсан. Манай ээж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Тухайн түргэний эмчийг .... гэдэг, ..гэсэн утасны дугаартай. Талийгаач 3-4 хоногийн өмнө ханиад хүндрээд цэртэй ханиалгаад, цээж уушгаар хатгуулаад байна гэж надад хэлсэн. Би гомдолтой байна. Эмнэлгийн нас баралт байхад гэрийн нас баралт гээд бас 7 дугаар маягтыг тусламж үзүүлсэн эмнэлгээс авах гэтэл өгөөгүй. Би тухайн тусламж үзүүлсэн эмнэлгээс тухайн өдрийн өвчний онош түүх бичилт ямар эмчилгээ хийсэн тэмдэглэл албан ёсны бичиг баримтыг авмаар байна.

Би 2022 оны 08 дугаар сарын үед .... хот руу сургуульдаа сурахаар явсан тухайн өдрөөс хойш ээжтэй тогтмол утсаар ярьдаг байсан. Хэрэг гарсан өдрөөс 2 хоногийн өмнө хамгийн сүүлд ээжтэй утсаар ярихад ямар нэгэн хүнтэй маргалдсан талаар юу ч хэлж байгаагүй тул би бодохдоо ээжийг бусдад зодуулсан цохиулсан зүйл огт байхгүй гэж бодож байна. Мөн ээж маш эмзэг биетэй ямар нэгэн зүйлд хүрэх, бага зэрэг цохих үед л бие нь хөхрөх асуудал гардаг тул би тухайн гэмтлийг ээж ямар нэгэн зүйлд өөрийгөө цохиод өөрөөр хэлбэл гадны хүчин зүйлээс бус өөртөө учруулсан гэмтэл байх гэж бодож байна. Талийгаач сүүлийн 5 жилийн өмнөөс өдөрт 1 ширхэг лааз пиво ер нь бага хэмжээгээр давтамжтай хэрэглэх болсон. Гэхдээ манай ээж тэгж тасарч унатлаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй байсан. Бага хэмжээгээр ойр ойрхон согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Талийгаач 2 жилийн өмнө хөшиг янзалж байгаад цонхны тавцан дээрээс унаж нугасны дарагдалттай болж .... сумын эмнэлэгт карт нээлгүүлсэн. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын үед ээжийг эмнэлгийн анхан шатны үзлэгт хамрууулахад ээжийг цус багадалттай гэж байсан. Манай аав .... 9 жилийн өмнө Шивээ-Овоо уурхайд ажиллаж байгаад үйлдвэрийн ослын улмаас нас барсан. Би дуудлагаар очсон эмчид гомдолтой байна. Хэрэв анх очихдоо эмнэлгийн анхан шатны тусламжийг оновчтой зөв үзүүлсэн бол манай ээж нас барахгүй байсан. Талийгаачийн оршуулгын зардалд гарсан мөнгийг нэхэмжлэнэ.

Ээж дүү бид 2-ыг асарч, халамжилж амжиргааны зардал бүх талаар тусалдаг байсан. Одоо миний төрсөн дүү .... нь Дархан Уул аймгийн Шарын гол суманд нагац эгч болох Ой-ын асаргаанд амьдарч байгаа. Би .... хотод үеэл эгчийнхээ гэрт түр амьдарч байгаа. Ээж болох .... байрны ипотекийн зээлний 50 сая төгрөг, гар утасны зээлийн үлдэгдэл 600 000 төгрөг, хадгаламж барьцаалсан зээл 1 400 000 төгрөгний зээлийн үлдэгдэлтэй байгаа. Түүнээс гадна буяны ажлын зардалд 10 сая төгрөг, миний сургалтын төлбөр 10 сая төгрөг, дүү ....ийн ЕБС-д сурах, төгсөх хүртэл шаардлагатай 4 сая орчим төгрөгийн хохирол одоогийн байдлаар учирсан. Тухайн зээл болон бусад төлбөрүүдийг би оюутан учир төлөх боломжгүй. Нийт 76 000 000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжлэнэ” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 38-39, 41, 43, 49 хуудас/

4. Гэрч Т..... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 19 цаг орчмын үед талийгаачийн утаснаас .... залгаад уйлаад аниа ороод ир ээж сонин болчихлоо гэж хэлсэн. Тэгээд би та 2 хот ороогүй юм уу гэж хэлээд, гутлаа өмсөөд шууд гэр лүү нь орсон. Тэгээд гэрт нь ороход талийгаач толгой хэсгээ үүд рүү харуулсан гар нь татсан юм шиг болсон байсан. Тэгээд хүү ....эй хамт өргөж орон дээр хэвтүүлээд нөхөртөө түргэн дууд гэж хэлсэн. Тэгээд удалгүй түргэн яриад, .... гэдэг эмч ирсэн. Тэгээд .... гэдэг эмч хараад наад хүн чинь архи уусан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь энэ хүн архи уугаагүй, миний бодлоор харавчихсан юм шиг байна гэхэд үгүй архи уугаад тасарчихсан байна. Архи их үнэртэж байна гэсэн. Тэгээд хөнжлийн сөхөж үзчихээд .... эгчээ гээд дуудаад байсан. Тэгээд эмчийг явах гэж байхад би даралт болон зүрх бусад газрын үзэхгүй юм уу гэхэд зүрх болон даралтын үзээд хэвийн байна мөн амин үзүүлэлтүүд бас хэвийн байна гэсэн. Тэгэхээр нь би архи уусан гэж байгаа юм бол хордлого тайлах эмчилгээ хийгээч гэсэн чинь архи уусан хүнд хийж болохгүй гэхээр нь би тэгвэл чи охинтой нь ярь гээд яриулсан. Тэгээд мөн адил архи уусан байна, тасарчихсан байна гэж яриад гараад явсан. Тэгээд эмч гарч яваад байж байтал талийгаач сонин дугараад , аймар хурхираад байсан тэгээд нүд, ам хөдлөөд байсан. Тэгэхэээр нь гар хөлөнд нь массаж хийсэн. Хөл гар нь татчихсан юм шиг байсан. Тэгээд 21, 22 цагийн орчимд манай нөхөр орж ирээд үнэрлэж үзээд архи үнэртэхгүй байна гэсэн. Тэгээд талийгаач хурхираад байхаар нь унтаж байгаа юм байна гэж бодоод нөхөр бид 2 гэр лүүгээ орсон. Тэгээд гэртээ хувцсаа солиод байж байхад талийгаачийн утаснаас хүүхэд нь залгаад хамраараа амьсгалж чадахгүй, сонин дугараад байна гэхээр нь шууд гэр лүү нь орсон. Гэрт нь ороод хөнжлийг нь сөхөхөд гар хөл нь хүйтэн байсан, тэгээд сонин тийчигнэж хөдөлсөн. Тэгээд манай нөхөр .... эмч рүү залгаад энэ хүн эвгүй болчихлоо. Чи хаана байна ямар удаан юм бэ гэхэд гүйгээд очиж байна машин байхгүй гэж хэлээд удалгүй орж ирсэн. Эмч амин үзүүлэлт нь хэвийн байна. .... луу явна гэж хэлсэн. Тэгээд эмч машин 21-рүү явсан машингүй байна гэсэн. Тэгэхээр нь манай машин байгаа гэхдээ чи наад хүнээ эмнэлэг дээр аваачаад анхан шатны тусламж үзүүлэхгүй юм уу наад хүн чинь .... явж чадахгүй гэсэн. Тэгтэл .... эмч эмнэлэг рүү явъя гэхэд манай нөхөр наад хүн чинь эмнэлэг явж чадах юм уу гэхэд .... эмч чадна даралт нь тогтворжоод эхэллээ гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг яваад эрчимт эмчилгээ рүү оруулсан. Эмнэлэгт ирэхдээ амьд байсан. Тэгээд хадам ах, би манай нөхөр бид нар гадаа сууж байхад сувилагч нь гарч ирээд эмчилгээ эхэллээ, хийж байгаа эмчилгээг харах ёстой гээд дуудсан. Тэгээд орох үед уян зүү залгаад дусал болон аппарад залгасан байсан. Тэгээд миний зүрх өвдөөд гадаа гарч суусан. Тэгээд удалгүй 5 минут орчмын дараа сувилагч нь дахиж дуудаад өнгөрцөн байсан байна ш дээ надаар эмчилгээ хийлгэчих юм их эмч нараа дууд гэж хэлсэн. Тэгэхээр нь юу яриад байгаа юм бэ даралт нь хэвийн болж байна гэж хэлээд .... явж дийлэхгүй гээд наашаа авчирсан гээд .... эмч рүү харахад даралт нь хэвийн болоод наашаа авчирсан гэж .... эмч бас хэлсэн. Тухайн үед гэрт нь орох үед талийгаач архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Архи, согтууруулах ундааны шил сав байгаагүй. Талийгаач бол архи согтууруулах ундаа хэрэглэдэг байсан. Гэхдээ их хэмжээгээр биш. Ямар нэгэн хууч өвчин байхгүй. Сүүлд Дундговь аймаг руу ажлаар явж ирээд надад хандан найз нь хатгаа авсан юм шиг байна. Ханиалгаад, цээжээр хөндүүрлээд байна гэсэн. Тэгээд хот яваад ирэхдээ бүүр хүндэрчихлээ гэж байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 61-62 хуудас/

5. Гэрч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр би .... сумын эрүүл мэндийн төвд оройны 20 цаг 30 минутад ажлаа хүлээн авсан. 22 цаг 32 минут өнгөрч байхад 103 жижүүрийн шуурхай утсанд .... охин .... гэх хүн 95881825 дугаарын утаснаас манай ээжийн амьсгал тасалдаад байна гэх дуудлага өгсөн. Тухайн үед 19 цагийн үед бас .... манай эрүүл мэндийн төвд дуудлага өгсөн байсан. Анх дуудлага өгөхдөө юу гэж дуудлага өгсөн талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан жижүүрын дуудлагын бүртгэл дээр .... дуудлага өгсөн талаар тэмдэглэгээ хийсэн байсан болохоор би мэдсэн. Тэгээд .... гэх эмэгтэй би одоо хотоос гарч байна. Танайхаас манай ээжийг ....ын эмнэлэг хүргэж өгөхгүй юм уу гэхээр нь за би энэ талаар жижүүр эмчдээ хэлье, мөн та манай жижүүр эмч ....тай давхар яриарай гэж хэлсэн. Тэгээд би .... эмч рүү яриад .... бие дахиад муудаад амьсгал нь тасалдаад байна гэж хэлсэн. Тухайн үед .... эмч гэртээ байсан бөгөөд за гэж хэлээд утсаа тасалсан. .... эмчтэй ярьснаас хойш барагцаагаар 10-20 минутын дараа .... эмч ....ыг эмнэлэгт авч ирсэн. .... найзууд бололтой 2 хүн цуг ирчихсэн байсан. ....ыг хүлээн авах руу оруулахад .... орчиндоо ямар ч харилцаагүй ухаангүй байсан бөгөөд .... эмч талийгаачид үзлэг хийж байсан. Гэхдээ .... яг амьд байсан эсэхийг би мэдээгүй. Мөн надад .... эмч зүрх судас дэмжих эмчилгээ хийгээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би .... эмчийн хэлснээр .... судсанд уян зүү тавьж витамин С, ККБ 10мл рибоксын 5мл, пирацетон 5гр тус тус хийсэн. Гэтэл .... эмч .... амин үзүүлэлт нь заахаа больчихлоо, зүрх нь зогсчихлоо, эмчилгээгээ зогсооё гэж надад хэлсэн. Тэгээд ....т дахиж эмчилгээ хийгээгүй. .... нас барсан. .... гэх хүн дуудлага өгөхөд .... гэрт очоогүй. Дуудлага хүлээн авч эмчдээ хэлсэн. .... манай эмнэлэгт хүргэгдэж ирснээс хойш барагцаагаар 10-20 минутын дотор нас барсан. Талийгаач архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 64 хуудас/  

6. Гэрч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:“Тухайн үед 19 цагийн үед гэж санаж байна. Манай эхнэр .... над руу залгаад .... бие нь өвдөөд байна чи эмнэлэг рүү яаралтай дуудлага өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би .... сумын эрүүл мэндийн нэгдсэн төв рүү залгаад дуудлага өгсөн. Тухайн үед дуудлага өгөхдөө жижүүрийн эмчид хандан 13-5-63 тоотод .... бие өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд би ажлаасаа буугаад 21 цагийн үед .... гэрээр ороход .... нь том өрөөнд өөрийнхөө орон дээрээ унтаж байгаа бололтой хурхираад байсан мөн амьсгалж байгаа нь мэдэгдэж байсан. Тухайн үед .... гэрт очиход .... хүү манай эхнэр .... нар байсан. .... надад хэлэхдээ ....ыг эмч үзээд явсан. Биеийн байдал даралт нь гайгүй байна гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь би .... хүүд хандан ахын дүү ээжийнх нь бие дахиад муудах юм бол хэлээрэй гээд эхнэр бид 2 гэрээс нь гараад явсан. Тэгээд би гэртээ ороод хувцсаа солиод байж байтал .... хүү над руу залгаад ээжийн амьсгал өөрчлөгдөөд өндөрсөөд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би буцаад .... гэр лүү гүйгээд очтол .... амьсгаа нь хэвийн бус амьсгалын давтамж нь ихэссэн байсан. Тэгэхээр нь би дахин эмнэлэг рүү залгаад .... бие муудаад байна гэж хэлсэн. Эмнэлэг рүү дуудлага өгсний дараа 5-10 минутын хооронд .... эмч .... гэрт очоод ирсэн. Тэгээд .... эмч .... биеийг үзэж байгаад эмнэлэг рүү аваад явъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би хувийн машинаар ....ыг эмнэлэг рүү хүргэж өгсөн. Тэгээд эмнэлэг рүү очоод ....ыг эмч нар цаашаа аваад явсан. Эмнэлгээс манай их эмчийг аваад ирээч гэхээр нь 12 дугаар байрны гадаа хүлээж байгаад эмнэлэг рүү буцаад иртэл их эмч нь ирчихсэн байсан. Мөн ....ыг өнгөрчихлөө гэж надад эхнэр хэлсэн. Тухайн их эмчийг авахаар явах хооронд барагцаагаар 30-40 минут болсон байх. Хэрэг болдог өдөр .... гэрт анх ороход .... биеийн байдал хэвийн зүгээр унтаж байгаа мэт харагдаж байсан. Таталт өгсөн бие нь өвдөлт зовуурилсан шинж тэмдэг надад анзаарагдаагүй. Мөн эмч ирээд үзээд явсан гэсэн болохоор миний сэтгэл тайвширчихсан байсан.Надад л лав архи үнэртэж байгаа зүйл мэдэгдээгүй.” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 66-67 хуудас/ 

7. Гэрч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр би .... хотод албан ажлаар явж байсан. Тухайн үед надад эрүүл мэндийн төвд .... нас барсан талаар хэн ч мэдэгдээгүй. Маргааш нь ажил дээрээ ирэхэд .... эмч надад өчигдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр .... 19 цагийн үед таталт өгөөд байна гэсэн дуудлага өгсөн. Тэгээд би гэрт нь яваад очсон. Тухайн үед .... гэрт хүүхэд нь байсан бөгөөд .... амнаас архи үнэртэж байсан. Тэгэхээр нь ....ыг архи уугаад тасраад унтаж байна гэж бодсон. Тэгээд .... даралтыг үзэхэд даралт болон амин үзүүлэлт нь хэвийн байсан. Тэгэхээр нь би гэрт нь ....ыг үлдээгээд яваад өгсөн. Гэтэл анхны дуудлага өгснөөс хойш 2-3 цагийн дараа ахин .... бие муудаад байна гэж дуудлага ирсэн. Дуудлагаар .... гэрт яваад очтол .... амьсгаа нь өндөр болчихсон байхаар нь эмнэлэгт авч ирээд зүрх судас дэмжих эмчилгээ хийсэн. Тэгээд бие нь дээрдэхгүй байсаар байгаад 20 минут болоод .... нас барсан гэж хэлсэн. .... эмч 2021 оны 9 сард анх манай эмнэлэгт эх барих бага эмчээр ажилд орж байсан. 2021 оны 11 сараас эхлэн .... эмч дуудлагад явах болсон. Өөрөөр хэлбэл .... эмч эх барих бага эмчийн үндсэн ажлаа хийхийн хажуугаар томилгоогоор 24 цагийн хугацаагаар дуудлагын эмчийн давхар үүрэг гүйцэтгэдэг байсан. .... нь өмнө Шивээ Овоо уурхайд 6 жил гаран эмчээр ажиллаж байсан. Тийм болохоор ажил мэргэжилдээ мэргэшсэн сайн эмч гэж бодож байна. Эх барих бага эмч дуудлагын эмчээр ажиллахыг зөвшөөрнө. Ажлын байрны тодорхойлолтод тийм чиг үүрэг байгаа. Эмч болгон нийтлэг хүн эмчлэх эрхтэй байдаг тул тус тусын эрхийнхээ дагуу дуудлага мэдээлэлд очиж хүнд үзлэг хийх анхан шатны тусламж үзүүлэх эрхтэй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд тухайн хүний ухаантай байгаа эсэхийг шалгаж амин үзүүлэлт буюу даралт, пульс, амьсгалын тоог шалгаж үзнэ. Тэгээд биеийн байдал хэвийн бус байвал эмнэлэг рүү авч яваад зүрх судас дэмжих эмчилгээ болон бусад холбогдох эмчилгээг явуулна. Хэрвээ амин үзүүлэлт нь хэвийн байвал ар гэрт нь хүлээлгэн өгөх ар гэрийн хүмүүст нь холбогдох зөвлөмж зөвлөгөө өгч ажиллах ёстой. 24 цагаар ажиллах эмчийн томилгоог би хийдэг. Хэрэг гардаг өдөр томилгооны дагуу эмч нар үүрэг гүйцэтгэж байсан. .... нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эмнэлэгт ирж байсан талаарх бичиг баримт манай эмнэлэгт байгаа. Миний мэдэхээр 2 удаа согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай манай эмнэлэгт ирж байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 69-70 хуудас/ 

8. Насанд хүрээгүй гэрч Г..... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр 19 цагийн орчимд би гэртээ ээжтэйгээ хамт хоёулхнаа байж байсан. Тэгээд би хальт гараад ангийнхаа хүүхдэд ном өгчхөөд 30 минутын дараа гэртээ орж ирсэн чинь ээж маань том өрөөний шалан дээр хэвтэж байсан. Ээж таталт өгчихсөн юм шиг байдалтай байсан. Тэгэхээр нь би ээжийн найз .... эгч рүү залгаад дуудсан. Тэгээд удалгүй 5 минутын дараа .... эгч орж ирээд харчхаад түргэн дуудаж өгсөн. Дуудлага өгснөөс хойш 10-20 минутын дараа машин дуудлагад явсан гэж хэлээд өөрөө явган ирсэн гэж хэлсэн. Эмч ирчхээд ээжийн маань даралт болон зүрхний цохилт амин үзүүлэлтүүдийг үзээд хэвийн байна гэж хэлсэн. Эмч ээжийг маань харчхаад энэ хүн чинь тасраад уначихсан байна гэж хэлсэн. Одоогоор эмнэлэг дээр аваачих боломжгүй эрүүл болохоор нь эмнэлэг дээр эмчилгээ хийж болно гээд яваад өгсөн. Эмчийг явсны дараа ээж маань хурхирч байгаа юм шиг болоод унтаад байсан. Эмч ямар нэгэн эм тариа хийгээгүй. Би өөрийн төрсөн эгч ....ээр тухайн үед ээжийг үзсэн эмчтэй яриулахад эгч та ядахдаа наад хүндээ дусал эм тариа хийгээд өгчхөөч гэж хэлсэн чинь эмч нь эм тариа хийлгүй явсан. Манай ээж архи уугаагүй байхад ээжийг маань архи уусан гэж яриад байсан. Тэгээд цагийн дараа ээжийн амьсгал удаашраад амьсгал аваад хамраараа биш амаараа гаргаад байсан. Тэгээд .... эгч рүү залгаад дуудсан чинь нөхөртэйгөө хамт орж ирээд ахин түргэн дуудсан. 20 минутын дараа машингүй ирэхээр нь .... эгчийн нөхөр машинаараа эмнэлэгт аваачсан. Манай ээж цус багадалттай элэг бага зэргийн өөрчлөлттэй байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 74-76 хуудас/

9. Гэрч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би .... сумын ЭМТ-д жолооч ажилтай манай ЭМТ-д надаас өөр жолооч байхгүй. Би бүх дуудлагад явдаг. Шөнө оройн цагаар дуудлага гарсан тохиолдолд би гэрээсээ дуудлагадаа явдаг. Гэр хороололд дуудлага гарах юм уу эсвэл хөдөө дуудлага гарсан тохиолдолд намайг жижүүр эмч дуудаж дуудлагад хамт явдаг. 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр би .... сумын ЭМТ-д ажил дээрээ байж байгаад 17 цагийн үед ажилчид тарах үед машинаа гараашинд тавиад барагцаагаар 14 цагийн гэр лүүгээ харьсан байх. Тухайн өдөр ямар нэгэн дуудлагагүй байсан болохоор би шууд гэр лүүгээ харьсан. Гэтэл манай ажлын газрын нярав ........ над руу залгахад өнөөдөр орой 23 цагийн үед Говьсүмбэр аймагт очиж вагоноос эмнэлгийн тоног төхөөрөмж тээшнээс нь тосож авна шүү гэж хэлсэн. Говьсүмбэр аймагт очиж авдаг учир нь .... сум ойр 22 дугаар зөрлөгөөс тээш тосъё гэхээр 22 дугаар зөрлөгт вагон 2 минут л зогсдог учир тээшнээс эд зүйл бүрэн авч амждаггүй. Тэгээд тухайн өдөр ямар нэгэн дуудлага гарсан талаар эмнэлгийн жижүүрээс хэлээгүй бөгөөд би Говьсүмбэр аймаг руу тээш тосож авахаар барагцаагаар 22 цагийн үед гарсан. Маргааш нь буюу 2022 оны 12 дугаар сарын 22-ны өглөө .... эмнэлэг дээр хүргэгдэж нас барсан талаар мэдсэн. .... эмч яагаад намайг 21 дүгээр зөрлөг рүү дуудлагад явсан гэж хэлснийг би мэдэхгүй байна. Тухайн өдөр дуудлагаар ийш тийшээ явсан зүйл огт байхгүй. Говьсүмбэр аймгаас эмнэлгийн тоног төхөөрөмж очиж авч ирсэн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 78 хуудас/

10. Гэрч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би .... сумын ЭМТ-д их эмч ажилтай. 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр би ажлын цагаар ажил дээрээ ажиллаж байсан бөгөөд тухайн өдөр дуудлагын эмчээр .... ажиллаж байсан. .... сумын эмнэлэгт жолооч .... ах бид 2-оос өөр эрэгтэй хүн байхгүй ба тус өдөр .... хотоос вагоноор эмнэлгийн тоног төхөөрөмж ирж байсан. Суудлын вагон 22 дугаар зөрлөгт 5 минут зогсдог учир тээшнээс эд зүйлээ буулгаж амждаггүй. Тэгээд Говьсүмбэр аймгийн төв дээр 20 минут вагон зогсдог болохоор .... ах бид 2 Шивээ говийн сумаас албаны фургон маркийн ... улсын дугаарт тээврийн хэрэгслээр Тоног төхөөрөмжөө авахаар 21 цаг өнгөрч байх үед хөдөлсөн. Говьсүмбэр аймагт тухайн үед суудлын вагон 22 цаг ирдэг байсан. .... ах бид 2 суудлын вагон тосгч эмнэлгийн тоног төхөөрөмж аваад буцаад .... сум 23 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд эмнэлэг рүү ороход .... гэдэг хүн хүргэгдэж ирээд өнгөрсөн талаар сувилагч ...... надад хэлсэн. Тухайн үед би яагаад өнгөрсөн талаар лавлаж асуугаагүй. Мөн ....ыг нэгэнтээ өнгөрчихсөн юм бол би орж хараад яах вэ гэж бодоод хараагүй. Цагдаа нар мөн тухайн үед ирчихсэн байсан. .... манай эмнэлэгт бага эмчээр ажилладаг. Бага эмч дуудлагаар хүн үзэх эрхтэй. Эмч дуудлагаар очоод тухайн хүн ямар зовуурьтай байгаагаас хамаарч эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлэг рүү авч явах эсэхийг шийднэ. Тус дуудлага өгсөн хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байвал амин үзүүлэлт, даралт, зүрхний цохилт, захын судасны хүчилтөрөгчийн хангамж зэргийг шалгаад үнэхээр хэвийн байвал өөр ямар нэгэн арга хэмжээ авах үндэслэл байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 80 хуудас/

11. Иргэний хариуцагч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Тухайн хэрэг болдог өдөр манай байгууллагын эмнэлгийн тоног төхөөрөмж хөнгөлөлттэй үнээр .... хотоос авахаар тохиролцсон байсан. Тухайн тоног төхөөрөмжийг ....аас суудлын вагонд ачуулсан байсан. Тэгээд .... сумтай ойр байдаг 22 дугаар зөрлөгт тээш задрах боломжгүй Вагон 2 минут зогсоод хөдөлдөг болохоор манай жолооч .... эмч .... хамт тус эмнэлгийн тоног төхөөрөмжийг вагоноос тосож авахаар Түргэний тэргээр Говьсүмбэр аймаг руу явсан байсан. Учир нь Говьсүмбэр аймагт воган 20 минут зогсдог. Манай байгууллага ганц түргэний пургон машинтай болохоор тухайн үед түргэн тусламжийн машинаараа тоног төхөөрөмжөө Говьсүмбэр аймгаас очиж авахаас өөр арга байгаагүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 85 хуудас/

12. Гэрч .... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “.... нь 1989 оны 10 дугаар сарын 19-ний өдөр .... хотод төрсөн. Бага насаа Дорноговь аймгийн Иххэт суманд эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн. Эхээс хоёулаа айлын том охин. Бид хоёр 2016 онд танилцсан бөгөөд 2017 оны гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Манай хүүхдүүдийг .... .... гэдэг. Манай эхнэр .... нь 2011-2015 оны хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумын АШУИС-ийг эх барих бага эмчийн мэргэжлээр сурч төгссөн. Тэгээд 2015 оны 5 сараас эхлэн Дорноговь аймгийн Иххэт суманд ээлжийн сувилагчаар 2-3 сарын хугацаанд ажиллаж байсан. Тэгээд Шивээ-Овоо уурхайд 2016-2021 оны 9 сар хүртэл ажиллаж байгаад 2021 оны 10 сараас эхлэн .... сум ЭМТ-д эх барих бага эмчээр ажилд орсон бөгөөд одоо хүртэл .... сумын ЭМТ-д ажиллаж байна. .... зан байдлын хувьд даруу дуугүй хүнтэй зөв боловсон харьцдаг ажилсаг, хийсэн ажилдаа үнэнч, ажлынхаа хүмүүсийн дунд нэр хүндтэй тууштай зантай хүн байгаа юм. Одоо бид 2 Говьсүмбэр аймгийн .... сумын 1 дүгээр баг 9.1.13 тоотод 2 хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ амьдарч байна” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 87 хуудас/

13. Гэрч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Эмнэлгийн мэргэжилтэн гэж эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.5 дахь хэсэгт зааснаар анагаах ухааны боловсрол олгох их дээд сургууль коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг ойлгоно гэж заасан бөгөөд эх барих үйл ажиллагаа явуулах эрхтэй хүн эмнэлгийн мэргэжилтэн гэсэн ойлголтод хамаарна. Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь эмчлэх, эх барих, сувилах, эх барих сэргээн засах гэсэн 5 төрөл байдаг. Үүнд. Эмчлэх үйл ажиллагааны зөвшөөрлийг хүний их, бага эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, шүдний их эмчид, эм барих үйл ажиллагааны зөвшөөрлийг эм зүйч эм найруулагчид, сувилах үйл ажиллагааны зөвшөөрлийг сувилагчид, эх барих үйл ажиллагааны зөвшөөрлийг эрх баригчид, сэргээн засах үйл ажиллагааны зөвшөөрлийг сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнд тус тус олгодог. Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар зөвхөн зөвшөөрөл олгосон төрлөөр тусламж үйлчилгээ үзүүлэх буюу нэг үгээр хэлбэл эх барих мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эх баригч тухайн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлэх юм. Гэхдээ зайлшгүй тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2 дахь заалтад зааснаар гэнэтийн өвчин осол гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон, иргэн төрөх гэж байгаа эхэд энэ хуулийн 28.1.3-д зааснаас бусад тохиолдолд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлнэ гэж байдаг. Эмнэлгийн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай хүнд анхан шатны тусламж үйлчилгээг эмнэлгийн мэргэжилтний хүлээх үүргийн дагуу үзүүлж болно. Эрүүл мэндийн сайдын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/216 дугаартай тушаалын хавсралтад эх баригчийн ажлын байрны тодорхойлолтыг баталсан байдаг. Тус тодорхойлолтод зааснаар эрх баригч эмч 7 нийтлэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахаар заасан байдаг.Эх баригчийн ажлын байрны үндсэн чиг үүргийн 4 дэх заалтад хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхээр заасан бөгөөд 4.1.1-т үйлчлэх хүрээний хүн амд анхан шатны идэвхтэй үзлэг хяналт хийнэ 4.1.2-т яаралтай тусламж үзүүлж дараагийн тусламж үйлчилгээг шуурхай зохион байгуулна. 4.1.5 амь тэнссэн болон яаралтай онцгой хойшлуулшгүй тохиолдолд эмнэлгийн нэн шаардлагатай тусламжийг үзүүлэхээр заасан байдаг. Үлгэрчилсэн загвар гэдэг нь эх баригч мэргэжилтэн тус тодорхойлолтод заасан чиг үүргийг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой ба ажил мэргэжилтэй удирдлага болгон ажиллана. Шаардлагатай тохиолдолд тухайн эмнэлгийн мэргэжилтний ажиллаж байгаа газар нөхцөл байдлаас хамаарч тус тодорхойлолт эрх бүхий албан тушаалтан нэмэлтээр хэрэгжүүлэх чиг үүргийг оруулж баталж болно” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 64-66 хуудас/

14. Гэрч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Говьсүмбэр аймгийн .... сумын ЭМТ-д мэргэжил арга зүйн хувьд манай Эрүүл мэндийн газар хяналт тавих ёстой. Эрүүл мэндийн тухай хуулиараа эмч эмнэлгийн мэргэжилтэн болгон хүнд шаардлагатай яаралтай түргэн тусламжийг үзүүлэх үндсэн үүрэгтэй. Хэрвээ эмнэлгийн мэргэжилтэн буюу эмч дуудлагаар очсон л бол тухайн дуудлага өгсөн хүнийхээ биеийг үзэж эрэмбэлнэ. Өөрөөр хэлбэл тухайн хүний юу өвдсөн болох, биеийн байдал хүнд, хөнгөн байгаа эсэхийг эрэмбэлж анхан шатны бүх эмчилгээ үйлчилгээг боломжит хэмжээгээр үзүүлэх ёстой. Хэрвээ үнэхээр тухайн эмнэлгийн мэргэжилтний эзэмшсэн мэргэжил эмнэлгийн тусламж авах шаардлагатай хүний эрэмбэлэхэд болон эмчлэхэд хүрэлцэхгүй байгаа тохиолдолд дараагийн өөр нарийн мэргэжил эзэмшсэн эмчид хандах эсвэл ЭМТ дээр авч ирэх ёстой. Эх баригч мэргэжлийн зөвшөөрөлтэй эмнэлгийн мэргэжилтэн яаралтай түргэн тусламжийн эмчээр ажиллуулахаар томилж болно, болохгүй гэсэн зүйл байхгүй. Гэхдээ тухайн эх баригч мэргэжлийн зөвшөөрөлтэй эмнэлгийн мэргэжилтэн яаралтай түргэн тусламжийн эмчээр ажиллуулахаар ЭМТ-ийн дарга томилсон, тухайн эмнэлгийн мэргэжилтэн түүнийгээ хүлээн зөвшөөрөөд дуудлага мэдээлэлд явсан бол дуудлагын дагуу хүн үзэж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Тэрнээс биш миний эзэмшсэн мэргэжил хүрэлцэхгүй гээд тусламж шаардлагатай хүнийг хаяад явах тангараг өргөсөн эмч хүнд байж болохгүй зүйл. Мөн тухайн эх баригч эмчийн ажлын байрны тодорхойлолтын 4 дэх хэсгийн 4.1.1-т үйлчлэх хүрээний хүн амд анхан шатны идэвхтэй үзлэг шалгалт хийнэ, 4.1.2-т яаралтай тусламж үзүүлж дараагийн тусламж үйлчилгээг шуурхай зохион байгуулна гэсэн үндсэн чиг үүрэг байдаг. Энэ нь нэг талдаа эх баригч эмч нь эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үзүүлэх нь ажлын үндсэн чиг үүрэг мөн гэж үзэхээр байна. Тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан үйл ажиллагааг эмнэлгийн мэргэжилтэн шууд хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй. Мөн сумын ЭМТ нь хүн хүчний дутагдалтай байдлаас болон ажлын ачааллаас үүдэн дотооддоо зохион байгуулалт хийж жижүүр эмчийг томилох эмнэлгийн тусламж үйлчилгээг хүн амд хүргэн ажиллах үүрэгтэй. Нэгэнт тухайн эх баригч мэргэжлийн зөвшөөрөлтэй эмнэлгийн мэргэжилтэн яаралтай тусламжийн эмчээр томилж ажиллуулахаар болоод тэр эмнэлгийн мэргэжилтэн өөрөө зөвшөөрсөн бол эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэх ёстой. Мөн жижүүр эмчээр тухайн эмч ажиллаж дуудлагад явснаар илүү цагийн мөнгө болон нэмэгдэл цалин авдаг учир түүнээс үүдэлтэй хүний амь нас эрүүл мэнд хохирсон тохиолдолд хариуцлага хүлээх нь зүй ёсны асуудал гэж үзэж байна” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 68 хуудас/

15. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаартай дүгнэлтэнд: ....цогцост хийсэн задлан шинжилгээгээр хэвлийн зүүн хажуу талд шинэ цус хуралт, зүүн өвдгөнд, зүүн гарын бугуйнд хуучин цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Хэвлийн зүүн хажуу талд шинэ цус хуралт гэмтэл нь нас барахаас 24 цагийн дотор мохоо зүйлээр үүсгэгдсэн, эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй зэрэг болно. Зүүн өвдгөнд, зүүн гарын бугуйнд хуучин цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлээр 2-3 хоногийн өмнө үүсгэгдсэн, эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Дээрх гэмтлүүднт үхэлд нөлөөлөөгүй болно. ....цогцост хийсэн задлан шинжилгээгээр зүрхний булчингийн эмгэгшил зузаарлын хэлбэр эмгэг тогтоогдлоо. Талийгаачийн зүүн ховдлын булчин 1,9 см зузаарсан байна. Энэ зүрхний агших чадварыг бууруулж үхэлд хүргэжээ. Мөн элэгний хатуурал, ээнэгшлээ алдсан хэлбэр, цус багадалт эмгэгтэй байжээ. Б..... нь О/I/ бүлгийн харьяалалтай цустай байна. Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй. Б..... нь зүрхний булчингийн эмгэгшил, зүүн ховдлын зузаарлын улмаас зүрхний агших чадвар алдагдан зүрх гэнэт зогсож хэрэг болсон гэх цаг хугацаанд нас баржээ.  

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /1-р х.х-ийн 90-92 хуудас/

16. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 433 дугаартай дүгнэлтэнд: Б..... нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний 19 цаг 54 минут, 2022 оны 12 дугаар сарын 21-ний 22 цаг 32 минут, 2022 оны 12 дугаар сарын 21-ний 23 цаг 18 минутын үзлэгүүдээр талийгаачийн амин үзүүлэлт, эмнэл зүйн шинж тэмдгийг зөв үнэлээгүй, тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай эрэмбийг зөв эрэмбэлэн ангилаагүй, оновчтой тусламж үйлчилгээг үзүүлээгүй, эмнэлгийн яаралтай тусламж /амь насанд аюултай цочмог өвчин, эмгэгийг оношлох, эмчлэх сэхээн амьдруулах үйлчилгээ/ -ийг цаг алдалгүй үзүүлээгүй байна. 2022 оны 12 дугаар сарын 21-ний 19 цаг 54 минутын үзлэгээр “Архины хордлого” 2022 оны 12 дугаар сарын 21-ний 22 цаг 32 минут, 23 цаг 18 минутын үзлэгүүдээр “Зүрхний дутмагшил” оношийг тавьсан байх ба үндсэн өвчнийг оношлоогүй байна. Өвчтнийг зөв эрэмбэлэн, оношилгоо, эмчилгээг цаг алдалгүй үзүүлсэн бол амь нас нь аврагдах боломжтой байсныг үгүйсгэхгүй. Эмнэлгийн яаралтай тусламжийг бүрэн хийгээгүй байна. Талийгаачид гэрт болон эмнэлэгт эмнэлгийн тусламжийг үзүүлээгүй нь биеийн байдал хүндэрч зүрхний дутагдал гүнзгийрэхэд хүргэжээ. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйг шинжээч нар тогтоохгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Ө.Сарангэрэл, шинжээч эмч Б.Долгормаа, шинжээч эмч Э.Баасанжав гэжээ. /1-р х.х-ийн 105-110 хуудас/

17. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 639 дугаартай дүгнэлтэнд: Эрүүл мэндийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тушаал А/814 эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай үйлчлүүлэгчийг эрэмбэлэх журмын 4-р заалтын хүний амь насанд аюултай цочмог өвчин, эмгэгийг оношлох сэхээн амьдруулах, хүндрэхээс сэргийлэх зарчмаар хойшлуулашгүй үзүүлэх тусламж үйлчилгээг үзүүлээгүй байна. Өвчтнийг зөв эрэмбэлэн, оношилгоо эмчилгээг цаг алдалгүй үзүүлсэн бол амь нас нь аврагдах боломжтой байсныг үгүйсгэхгүй

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Ганзориг, шинжээч эмч Б.Долгормаа, шинжээч эмч Э.Баасанжав гэжээ. /1-р х.х-ийн 119-123 хуудас/

18. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл/1-р х.х-ийн 10 хуудас/,

19. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-ийн 12-33 хуудас/

20. Эрүүл мэндийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 30-ны А/814 дугаартай тушаал, журам, ....АШУҮИС-ын Дорноговь аймаг дахь салбар сургуулийн 201500997 дугаартай диплом, Эрүүл мэндийн яам мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл /1-р х.х-ийн 140-148, 149-150, 151- хуудас/

21. Албан тушаалын тодорхойлолт, .... сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны тушаал, түргэн тусламжийн дуудлагын хуудас, .... сумын Засаг даргын А/140 дугаартай захирамж, албан тушаалын тодорхойлолт /1-р х.х-ийн 152-156, 157-158, 159-163, 166, 167-174 хуудас/

22. .... сумын эрүүл мэндийн төвийн төрийн үйлчилгээний албан тушаалын сур орон тооны захиалга, албан тушаалын тодорхойлолт, яаралтай тусламжийн хуудас /1-р х.х-ийн 176, 177-184, 186-189, 190-194 хуудас/

23. .... сумын Эрүүл мэндийн төвийн даргын Б/23, Б/43 дугаартай тушаал, эх баригчийн ажлын байрны тодорхойлолт, албан тушаалын тодорхойлолт /1-р х.х-ийн 195-196, 2-р х.х 57-61, 71-75 хуудас/

24. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р х.х-ийн 232 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар:

Шүүхээс шүүгдэгч .... нь Говьсүмбэр аймгийн .... сумын Эрүүл мэндийн төвийн эх баригч, бага эмчийн ажил үүргийг гүйцэтгэж байхдаа буюу 2022 оны 12 дугаар сарын 21-ний орой яаралтай түргэн тусламжийн дуудлагын дагуу Говьсүмбэр аймгийн .... сумын 1 дүгээр баг, 13 дугаар байрны 63 тоотод болон .... сумын Эрүүл мэндийн төвд байх иргэн ....19 цаг 54 минутад, 22 цаг 32 минутад, мөн 23 цаг 18 минутад үзлэг хийхдээ талийгаачийн амин үзүүлэлт, эмнэл зүйн шинж тэмдгийг зөв үнэлээгүй, тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай эрэмбийг зөв эрэмбэлэн ангилаагүй, оновчтой тусламж үйлчилгээг үзүүлээгүй, эмнэлгийн яаралтай тусламж /амь насанд аюултай цочмог өвчин, эмгэгийг оношлох, эмчлэх сэхээн амьдруулах үйлчилгээ/-г цаг алдалгүй үзүүлээгүй, үндсэн өвчнийг оношлоогүй буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас иргэн ....амь насыг хохироосон үйл баримт болсон нь тогтоогдож байна.

Үүнд:

Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг нь эмнэлгийн мэргэжилтэн Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2-т заасан “гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэнд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх, мөн зүйлийн 28.4.3-т үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” зэрэг хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй бөгөөд үүний улмаас хохирогчийн эрүүл мэнд, амь насанд хохирол учирсан байх шалтгаант холбоог агуулна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчлан тодорхойлсон байдаг. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн амь нас хохирсныг ойлгох ба материаллаг шинжтэй гэмт хэрэг, гэмт хэргийн субъектийн хувьд тусгай субъектүүд байна.   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектийг “эмнэлгийн мэргэжилтэн” гэж тодорхойлсон бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 –д "эмнэлгийн мэргэжилтэн" гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг ойлгохоор гэмт хэргийн субъектийг тодорхойлсон байх ба гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд нь  шүүгдэгч .... нь яаралтай тусламжийн жижүүр эмчээр томилогдон ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан жижүүр эмчийн ажиллах цагийн хувиараар тусламж үйлчилгээ үзүүлж ажиллаж байсан нь дээр дурдсан гэмт хэргийн субъектэд хамаарч байна.  

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 –д "эмнэлгийн тусламж, үйлчилгээ" гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг ойлгохоор, заасан бөгөөд энэхүү хэргийн тухайд шүүгдэгч .... нь заавал биелүүлбэл зохих үүргийг биелүүлээгүй буюу авбал зохих шаардлагатай арга хэмжээг аваагүйн улмаас хохирогч нас барсан шууд шалтгаант холбоо тогтоогджээ.

Гэм буруугийн хэлбэр нь өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй, харин хохирол, хор уршигт болгоомжгүй хандсан шинжтэй байна.

Шүүгдэгч .... нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2-т заасан “гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэнд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх, мөн зүйлийн 28.4.3-т үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” гэсэн заалтыг зөрчиж гэмтлийн асуумжийг гүйцэт, нарийвчлан аваагүй,  Эрүүл мэндийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн А/814 дугаартай тушаалын хоёр дугаар хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай үйлчлүүлэгчийг эрэмбэлэх журам”-ын 4.1-т амь тэнссэн, амин үзүүлэлт, биеийн байдал болон эмнэл зүйн шинж тэмдгийг үндэслэн 5 зэрэглэлд оруулсны эрэмбэ -1 “Хөх” зэрэгт тус журмын хавсралтын 4.2.3.1 “зүрх зогсох”, 4.2.8-д “Зүрхний цочмог шигдээсийн хүндрэл, архи согтууруулах ундаа болон хийн хордлогууд /Т51, Т59/-д заасан хүндрэлүүдийг зааж тусламжийг цаг хугацаа алдалгүй үзүүлж эхлэх заалттай байна.

            Шүүх шинжилгээний  ерөнхий газрын 2023 оны 07 сарын 04-ний өдрийн 639 дугаартай шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн амин үзүүлэлт, эмнэл зүйн шинж тэмдгийг зөв үнэлээгүй, тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай эрэмбийг зөв эрэмбэлэн ангилаагүй, оновчтой тусламж үйлчилгээг үзүүлээгүй гэсэн дүгнэлтийг гаргасан нь үндэслэл бүхий байна.

Хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч Г.....ийн “...эмч ээжийг үзээд наад хүн чинь тасраад уначихсан байна гэж хэлсэн”/1-р хх 74-76/, гэрч Т.....ийн ”....... эмч орж ирээд харснаа өө наад хүн чинь архи уучихсан байна ш дээ гэж хэлсэн. Тэгэхэд нь наад хүн чинь ... архи уугаагүй гэж хэлсэн. Миний бодлоор харвасан юм шиг байна гэж хэлсэн чинь үгүй ээ тасарчихсан байна аймаар архи үнэртэж байна гэсэн” /1-р хх 60-62/ мэдүүлэг.

2023 оны 01 сарын 19-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 5. Б..... нь О/I/ бүлгийн цустай байна. 6. Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй. / 1р хх 090/ гэх дүгнэлтээр шүүгдэгч .... нь үндэслэлгүй онош тавьж эмчилгээг эхлүүлээгүй, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө заавар авч 2 дугаар шатны эмнэлэгт  нэн яаралтай хүргэж өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Дээрх тохиолдолд маш богино хугацаанд эмнэл зүйн байдал мууддаг тул лавшруулсан үнэлгээ хийхгүйгээр тусламжийг шууд үзүүлж эхэлнэ гэснийг зөрчиж зохих эмчилгээг цаг алдалгүй хийгээгүй буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор үзүүлээгүйн улмаас  хохирогч нас барсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийг шүүгдэгч ....тухайн гэмт хэргийн субьект биш байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд түүний буруутай үйлдлийн улмаас тухайн гэмт хэрэг гарсан байна гэх хангалттай үндэслэл тогтоогдсон байна.

Иймд шүүхээс шүүгдэгч  .... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч ....үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байх” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутай гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч .... нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г....., гэрч Т....., гэрч ...., гэрч ....нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 433 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 639 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.

Шүүгдэгч ....д холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна. 

ХОЁР. Шүүгдэгч ....д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Т.Түмэнжаргал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ....эх барих, бага эмчээр ажиллах буюу эмнэлгийн мэргэжилтний эмчлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, түүнд 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Эмчээр ажиллах мэргэжлийн эрхийг хязгаарлахыг хорих ялыг эдэлж дууссаны дараа эдлүүлж эхлэх, мөн иргэний хариуцагчаас 12,073,250 төгрөг гаргуулах тухай шүүхийн шийдвэрт тусгуулах саналтай гэсэн саналыг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.С: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу торгох болон хорих ялын аль нэгийг сонгоно. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс өнөөдрийн байдлаар шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, албан ёсоор уучлалт гуйгаагүй, хохирол төлбөрт 100 төгрөг гаргаж өгөөгүй нөхцөл байдал байгаа учраас хөнгөрүүлэх болон торгох ял шийтгэлийг эдлүүлэхээс илүү эрүүгийн хариуцлагын зарчимд нийцүүлэх байдлаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүний ялын зорилго бол цээрлүүлэх, нийгэмшүүлэх үүднээс хорих ялыг оногдуулах саналыг гаргасан улсын яллагчийн саналыг үндэслэлтэй байна гэж үзэж байна. Ийм учраас түүнд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх хариуцлагыг оногдуулж өгнө үү гэсэн саналыг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Халиунаа: Улсын яллагчтай санал нэг байна гэсэн саналыг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдавга: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан 3 төрлийн шийтгэлээс хамгийн хөнгөн шийтгэл оногдуулах нь Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны зарчимд бүрэн нийцнэ гэж үзэж байна гэх саналыг тус тус гаргажээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч ....д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, хохирол хор уршгийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал, 7-14 насны бага насны 2 хүүхэдтэй зэргийг харгалзан үзэж шүүхээс шүүгдэгч ....д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагийн зүгээс 3 жилийн хорих ял оногдуулах тухай санал тавьсанийг шүүхээс шүүгдэгч ....хувийн байдал, бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан үзээд нийгмээс тусгаарлахгүйгээр эмчлэх эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж,  2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч .... нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нөхөн төлөх үүрэгтэй боловч тус хуулийн 498 дугаар зүйлийн 1 дэх хэсэт “ Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу  хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл/эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан тул иргэний хариуцагч Говьсүмбэр аймгийн .... сумын Эрүүл мэндийн төвөөс гэм хорын төлбөрийг гаргуулах нь зүйтэй байна. Иргэний хариуцагч нь өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ....шүүх хуралдааны явцад оршуулгын зардалд 12.073.250 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын төлбөр  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420.000 тооцож 300 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 126.000.000 төгрөг, Г.....ийг 18 нас хүртэл гэм хор учруулсны төлбөр, орон сууцны зээл 50.000.000 төгрөг, хадгаламж барьцаалсан зээл 1.400.000 төгрөг, гар утасны зээл 600.000 төгрөг нийт 62.000.000 төгрөг нэхэмжилснээс оршуулгын зардалд 12.073.250 төгрөгийг Говьсүмбэр аймгийн .... сумын Эрүүл мэндийн төвөөс гаргуулж бусад нэхэмжлэлийн шаардлага гаргасан 49.926.750 төгрөгний гэм хорын болон сэтгэцэд учирсан гэм хорын зардлаа нотлох баримтын шаардлага хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэл гаргах эрхтэйгээр нээлттэй орхив.

Учир нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн талийгаачийн хүү насанд хүрээгүй Г.....ийн гэх төрсний гэрчилгээний хуулбар, Г.....ийг Г.....ийн харгалзан дэмжигчээр тогтоосон тухай  .... сумын засаг даргын захирамж нь нотлох баримтын шаардлага хангахгүй нотариатаар батлуулаагүй хуулбарыг ирүүлсэн тул шийдвэрлэх боломжгүй болно.

Шүүгдэгч ....д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ....овогт .... .... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ....2 /хоёр/ жилийн хугацаагаар эмнэлгийн эмчлэх эрхийг хасаж, 2 жил /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ....зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд Говьсүмбэр аймгийн .... сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ....шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ....д онгодуулсан эмчлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар Говьсүмбэр аймгийн .... сумын Эрүүл мэндийн төвөөс хохирогчийн оршуулгын зардал болон түүнтэй холбоотой зардалд 12.073.250 /арван хоёр сая далан гурван мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Говьсүмбэр аймгийн .... сумын 1 дүгээр баг, 13-5-63 тоотод оршин суух, Г.....т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас оршуулгын зардлаас бусад сэтгэл санааны болон тэжээгчээ алдасны тэтгэмж, гэм хорын бусад хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч .... нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.АРИУНЖАРГАЛ