| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2024/0085/э |
| Дугаар | 2024/ШЦТ/87 |
| Огноо | 2024-09-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга П.Э,
улсын яллагч Б.А,
шүүгдэгч Х.Д, түүний өмгөөлөгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц овогт Х-н Д-д холбогдох эрүүгийн 2417001010097 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-нд ** аймгийн **суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ** аймгийн ** сум, ** дугаар баг, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Ц овогт Х-н Д /РД:ЕЙ/
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Х.Д нь 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Релейний 3-2 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Н.М-г хүүхдээ өмөөрлөө гэх шалтгаанаар түүнтэй маргалдаж, улмаар түүнийг цохисны улмаас хохирогчид зүүн хавирганы 2-р хугарал, өвчүүний дунд хэсэг болон цээжний баруун талаар зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Д нь 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Релейний 3-2 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Н.М хүүхдээ өмөөрлөө гэх шалтгаанаар түүнтэй маргалдаж, улмаар түүнийг цохисны улмаас хохирогчид зүүн хавирганы 2-р хугарал, өвчүүний дунд хэсэг болон цээжний баруун талаар зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
2. Хохирогч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
...Би тухайн үед Сүмбэр гарденд болсон наадмын хаалтын шоу үзчихээд 29-ний шөнийн 02 цагийн үед ээж болон Н-ын гэрт сууж байтал нөхөр болох Д залгаад намайг аваад гэр рүү Релейний 3-2 тоотод ирсэн. Нөхөр бид 2-г машинтай гэрийн гадаа ирэхэд хүү Э шоу үзээд алхаад гэртээ ирсэн. Тэгээд хашаандаа ортол манай нөхөр Д хүү Э-г “чи хөдөө гэртээ малаа харахгүй шоу үзлээ” гэж уурлаад нэг удаа гараараа алгадаад түлхээд унагасан. Би хүүгээ өмөөрөөд өөрөө хөдөө гэртээ малаа хараагүй байж хүүхэд загнаад гэж уурлаад хүүгээ босгоод гэртээ аваад орсон. Гэрт ороод сууж байтал хүүхэд загнаад байхаар нь би хүүгээ өмөөрөөд хэрэлдсэн. Тэгтэл манай нөхөр Д миний цээж хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/
Тухайн үйл явдлаас болж миний цээжний зүүн 2-р хавирга хугарсан. Одоо миний бие дээрдэж хэвийн байдалдаа орсон. Миний сэтгэц болон сэтгэл зүй тогтвортой сайн байгаа. Сэтгэцэд учирсан хор уршиг, гэмтлийн зэргийг тогтоолгох шаардлагагүй. Манай нөхөр эм тариа авч өгсөн болохоор нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,
3. Иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
...гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон Н.М нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгээр үйлчилгээ авсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 66 769 төгрөг нийгмийн даатгалаас гарсан ба нийт гарсан 66 769 төгрөгийн зардлыг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,
4. Насанд хүрээгүй гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
...Чойрт ирээд Сүмбэр гарденд наадмын хаалтын шоу тоглолт үзээд 29-ний шөнө 03 цагийн орчим гэртээ Релейний 3-2 тоотод алхаад иртэл аав, ээж 2 хамт машинтай зэрэгцээд ирсэн. Тэгээд хашаа руу ортол аав над руу хандаад “чи малаа харахгүй хаагуур яваад байгаа юм” гээд миний зүүн шанаа хэсэг рүү гараараа нэг удаа алгадаад түлхсэн. Тэгтэл ээж намайг өмөөрөөд хүүхэд загналаа гээд гэр рүү аваад орсон. Тэгтэл аав араас орж ирээд намайг загнаад байсан. Ээж орой хүүхэд загналаа гээд аав руу уурлатал аав ээжийн цээж хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,
5. Гэрч Х.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
...Миний хүү Д нь даруу төлөв, хүн чанартай, хүнд тусархуу хүн байгаа юм. Сургуульд бүрэн хамрагдаж чадаагүй. 4-р ангиасаа эхлээд хөдөө аав ээждээ тус нэмэр болоод мал маллаж эхэлсэн. Миний хүү Д нь зөв бодолтой хүн. Харин өөрийн бодож санасан зүйлээ ярихдаа жоохон тааруу, буруу зөрүү ойлголт төрүүлэхээр ярьдаг. Ах дүү хамаатан садантайгаа эвтэй найртай нөхөрсөг байдаг. Харин гэр бүл, хань ижил, үр хүүхэд нартайгаа эвтэй найртай байдаг. Сүүлд өөрийн том хүү Д.Э руу уурлаад алгадсан гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,
6. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 202 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
- Н.М биед зүүн 2-р хавирганы хугарал, өвчүүний дунд хэсэг болон цээжний баруун талаар зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохиролын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдарын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Ж гэжээ. /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
7. Шүүгдэгч Х.Д-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан хохирогч Н.М, насанд хүрээгүй гэрч Д.Э нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 202 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Х.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Н.М эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч Н.М нь шүүгдэгч Х.Д-гээс эмчилгээний зардал, хохирол төлбөр нэхэмжлээгүй, мөн иргэний нэхэмжлэгч Б.О нь Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулагдсан 66 769 /жаран зургаан мянга долоон зуун жаран ес/ төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Х.Д нь нөхөн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Х.Д болон түүний өмгөөлөгч Э.С нарын хүлээн зөвшөөрсөн 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч Х.Д нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгч Х.Д-д оногдуулах 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заасан.
Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж заасан. Өөрөөр хэлбэл шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг 90 хоног буюу 3 сараас дээш хугацаагаар тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх, хугацаа заагаагүй тохиолдолд торгох ялыг биелүүлэх үндсэн хугацаа 90 хоног байхаар хуульчлан зохицуулсан байна.
Иймд шүүгдэгч Х.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Шүүгдэгч Х.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Х-н Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Х.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Х.Д нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ