| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2024/0084/э |
| Дугаар | 2024/ШЦТ/88 |
| Огноо | 2024-09-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга П.Э,
улсын яллагч Б.А,
шүүгдэгч Б.Ө нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б-н Ө-д холбогдох эрүүгийн 2417000930096 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-нд ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, *** эрхэлсэн ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт *** аймгийн *** сумын * дүгээр баг, *** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ***** шүүхийн *** оны ** дүгээр сарын **-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж байсан гэх *** овогт Б-н Ө /РД:ЕЙ/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Ө нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Нэртийн 2-6 тоотод байх өөрийн гэрийн хашаанд хохирогч Г.Г-тай үл ялих шалтгааны улмаас маргалдаж түүнийг хутгаар зүссэний улмаас хохирогчид хүзүүний зүүн талаар зүсэгдсэн шарх, зүүн чихний доод ирмэгт, зүүн далны орчмоор тавласан зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317000930096 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.
2. Шүүгдэгч Б.Ө мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр эхнэр М, найз Г болон түүний эхнэр А болон Б-ын хамт манай гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад би эхнэр М-ын талаар найз Г-т ярьж байгаад хэрүүл маргаан үүсээд Г бид хоёр хашаан дотор маргалдсан. Г-ын хүзүү хэсэгт заазуураар гэмтэл учруулсан байсан. Тухайн үед зарим зүйлийг санаад зарим нь орж гараад байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас/,
3. Хохирогч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Тухайн өдөр Ө 0.75 литрийн савлагаатай 1 шил архи аваад амралт тэмдэглэнэ гэж барьж орж ирээд байж байтал Ө-ын эхнэр малын гэдэс чанаж байна гээд утсаар ярьсан. Ө-ын гэрт очоод малын гэдэс идээд 1 шил архи уусан. Хоол идээд архи уугаад сууж байтал Ө эхнэр М нар хоорондоо маргалдаад байсан. Би М-ыг өмөөрөөд Ө-д арай дэндэж байгаа юм биш үү хэлж байгаа үг чинь хурцдаад байгаа юм биш үү гэж хэлээд Ө-ын гэрээс гараад явсан. Би гадаа гараад зогсож байтал Ө араас гарч ирээд миний цамцнаас татаад эргэж хараад байж байтал манай эхнэр, М хоёр салгасан. Би хашаанаас гарах гээд хашааны үүд рүү явж байтал Ө араас орилоод байхаар нь эргээд хартал заазуур бариад далайж байх шиг байхаар нь тэврээд авсан. Тэгтэл миний нүд бүрэлзээд юу болсон эсэхийг мэдэхгүй ухаан ороод хартал эмнэлгийн машинд явж байсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/
Миний эмчилгээний зардалд 5 сая төгрөг болон эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө, мөн Улаанбаатар хотод очиж үзүүлэхэд рентген болон эмнэлэгт үзүүлсэн, одоо миний биеийн байдал хэвийн болж байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
4. Иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Г.Г-ын эмчилгээний зардалд 699 656 төгрөг зарцуулсан байна. Ө нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан тусламж үйлчилгээний зардал болох 699 656 төгрөгийг Төрийн сангийн 100900020080 тоот дансанд хийж хохиролгүй болгосон тул цаашид нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
5. Гэрч Э.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Манай нөхөр Г, Б бид гурав Ө-тай хамт алхаад ** тоотод очсон. Эхнэр М нь гэдэс чанаад байж байсан. Ө-ын авчирсан нэг шил архийг байшинд уугаад гэдэс идээд байж байтал Ө нь эхнэрийгээ олон хүн луйвардсан, олон апплекшнаас зээл хийж луйвардсан гээд эхнэрийгээ яриад байсан. Та нар найз юм бол хэлээч гээд байсан. М бид хоёр байшингаас гарч бие засаад иртэл Г, Ө хоёр байшингийн гадаа гарсан хоорондоо зодолдож байсан. Бид хоёр очоод Ө, Г 2-г салгатал Ө гэр лүүгээ орсон. Араас нь эхнэр нь орсон. Би нөхрийгөө яагаад хэрүүл маргаан хийгээд байгаа юм гэж загнаад байшин руу ортол М байшингийн дотор үүдэнд хэвтэж байсан. Тэгээд би М-ыг сэрээх гээд биеийг нь хөдөлгөөд байж байтал Ө хажуугаар ороод гараад явсан. М-ыг ухаан оруулаад гараад иртэл манай нөхөр доошоо хараад цус гараад сууж байсан. Тэгтэл Б нь Ө, Г-ыг заазуурдчихлаа гэж хэлсэн. Тэгээд эмнэлгийн байгууллагад хандсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/,
6. Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Г эхнэр А болон манай нөхөр, Б гэх хүнтэй 4-лээ цуг ирсэн. Тэр 4 манай гэрт ирэх үедээ 0.75 литрийн савлагаатай 1 шил архи авчирсан байсан. Авчирсан архийг байшинд ууж байхад манай нөхөр сонин сонин юм яриад намайг муулаад байхаар нь би нөхөр Ө-ыг согтсон байна гэж бодоод илүү дутуу зүйл яриагүй. Г манай нөхөр болон Б 3 гэрт байж байсан. А бид хоёр гарч ариун цэврийн өрөө ороод иртэл манай нөхөр Ө Г хоёр хашаан дотор ноцолдоод байсан. Тухайн үед би барилдаад байна гэж бодоод очтол тэр хоёр зодолдоод байж байсан. А бид хоёр Ө, Г хоёрыг салгаад А нөхрийгөө загнаад үлдсэн. Манай нөхөр гэр лүү орохоор нь би араас нь ороод чи өдий насалчихаад ууж идэж чадахгүй юм бол хүн авчрах ямар шаардлага байгаа юм гэж хэлээд байшингийн үүдээр ортол эргэж хараад нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохитол миний 2 нүдэнд оч манарсан. Тэгээд А хүүе ээ чи босооч ээ гээд намайг дуудаж байхаар нь би сэрээд толгой манараад босож болохгүй байтал Б ирээд Ө, Г-ыг заазуурдчихлаа гэж хэлтэл А гараад гүйхээр нь би араас нь очтол Г хашаан дотор байх хүрэн өнгийн эвдэрхий шкаб дээр сууж байсан. Очоод хартал зүүн талын хүзүү хэсэгт зураас гарсан юм шиг байсан. Тэгээд юу болчихвоо гээд татаад хартал хүзүү нь ярагдаад ангайгаад цус гоожоод байхаар нь Б футболкоо тайлаад хүзүүг нь дарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,
7. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Г, А бид гурав Гын гэрт 0.75 литрийн савлагаатай нэг шил архи уугаад сууж байтал Ө нэг шил архи аваад Г-ын гэрт орж ирсэн. Ө тэр архийг уух гэж байснаа манайд очьё, манайх гэдэс чанаж байгаа гээд бид гурав Ө-тай цуг гэр лүү нь очоод 0.75 литрийн савлагаатай 1 шил архи уугаад гэдэс идсэн. Малын гэдэс идээд байж байтал эхнэрээ хардаад байгаа бололтой эхнэрээ шүүмжлээд байсан. Г тэр хоёр байшингаас гараад явсан. Би араас нь гартал Г-ын зүүн талын хүзүү хэсгийн зүссэн байж байсан. Г газарт хэвтсэн байхаар нь би өөрийнхөө өмсөж байсан футболкийг тайлаад хүзүүн дээр нь тавиад цагдаа эмнэлэг дууд гэж хэлээд холбогдох байгууллагад хандсан... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
8. Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Ө их дөлгөөн, тайван, хүнд их тусархаг хүнтэй харьцаж байгаа нь их нээлттэй, төлөв даруу олонтой явдаг. Хүмүүстэй муудаж сайдаад байдаггүй. Тийм зүйлийг нь харж байгаагүй. Ажилдаа нэр хүндтэй хүн байдаг. Ажилдаа мэргэшсэн хүн байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,
9. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 3953 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- Шинжилгээнд ирүүлсэн Г.Г-ын гэх цус нь О /I/ бүлгийн харьяалалтай байна.
Дүгнэлт гаргасан: Биологийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн ахмад Ш.П гэжээ /хх-ийн 49 дүгээр хуудас/,
10. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 3952 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан цэнхэр өнгийн футболк дээр цусны ул мөр илэрсэн.
- Илэрсэн цусны мөр нь шинжилгээнд тэнцэж байна.
- Харьцуулах шинжилгээнд ирүүлсэн цусыг, объектоос илэрсэн цусны ул мөртэй бүлгийн харьяалал тогтоох шинжилгээний үр дүнгээр адилтган харьцуулах боломжгүй.
- Цэнхэр өнгийн фудболк дээр илэрсэн цус нь О /I/ бүлгийн харьяалалтай байна.
Дүгнэлт гаргасан: Биологийн шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн дэслэгч П.У гэжээ /хх-ийн 55-56 дугаар хуудас/,
11. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 3954 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- Шинжилгээнд ирүүлсэн заазуурны ажлын хэсэгт цусны ул мөр илэрсэн.
- Заазуураас илэрсэн цусны ул мөр нь шинжилгээнд хүрэлцэхгүй тул тэнцэхгүй байна.
Дүгнэлт гаргасан: Биологийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн ахмад Ш.П гэжээ /хх-ийн 63 дугаар хуудас/,
12. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 182 дугаартай дүгнэлтэнд:
- Г.Г-ын биед хүзүүний зүүн талаар зүсэгдсэн шарх, зүүн чихний доод ирмэгт, зүүн далны орчмоор тавласан зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
- Хүзүүний зүүн талаар зүсэгдсэн шарх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Хүзүүний зүүн талаар зүсэгдсэн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.
- Зүүн чихний доод ирмэгт, зүүн далны орчмоор тавласан зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч Л.Ж гэжээ /хх-ийн 69-70 дугаар хуудас/,
13. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9 дүгээр хуудас/,
14. Хохирогч Г.Г-ын яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 93-94 дүгээр хуудас/,
15. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100 дугаар хуудас/
- Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн *** оны *** дүгээр сарын ***-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 113-119 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгч Б.Ө-д холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Б.Ө нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Нэртийн 2-6 тоотод байх өөрийн гэрийн хашаанд хохирогч Г.Г-тай үл ялих шалтгааны улмаас маргалдаж түүнийг хутгаар зүссэний улмаас хохирогчид хүзүүний зүүн талаар зүсэгдсэн шарх, зүүн чихний доод ирмэгт, зүүн далны орчмоор тавласан зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Ө гэм буруугийн шүүх хуралдаанд “хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Б.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Нэртийн 2-6 тоотод байх өөрийн гэрийн хашаанд хохирогч Г.Г-тай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүнийг заазуураар зүсэж хохирогчид хүзүүний зүүн талаар зүсэгдсэн шарх, зүүн чихний доод ирмэгт, зүүн далны орчмоор тавласан зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Ө нь хохирогч Г.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Түүнчлэн шүүгдэгч Б.Ө нь хохирогч Г.Г-ын биед заазуураар зүссэний улмаас хүзүүний зүүн талаар зүсэгдсэн шарх, зүүн чихний доод ирмэгт, зүүн далны орчмоор тавласан зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Г, гэрч Б.Б, Э.А, Б.М нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 182 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ө нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч Б.Ө нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Б.Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Ө-ыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Харин иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэсээс нэхэмжилсэн хохирогч Г.Г эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн төлбөр болох 699 656 /зургаан зуун жаран есөн мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөгийг шүүгдэгч Б.Ө нь нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч Б.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Ө эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Ө-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.Ө нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Ө-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ад оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Ө нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж заасан.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ХГҮ-1 гэж хаягласан ажлын хэсгийн бариул нь цагаан өнгөтэй заазуур 1 ширхэг, цэнхэр өнгийн футболк 1 ширхэг зэргийг устгуулахаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Б-н Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-д оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Ө нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ХГҮ-1 гэж хаягласан ажлын хэсгийн бариул нь цагаан өнгөтэй заазуур 1 ширхэг, цэнхэр өнгийн футболк 1 ширхэг зэргийг устгуулахаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ