Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2025/00117

 

Г.С-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/04581 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2025/00515 дугаар магадлалтай,

Г.С-н нэхэмжлэлтэй

“О” ХХК-д холбогдох

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны нэмэгдэл 49,500,000 төгрөг, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй нэмэлт ажил үүрэг гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 288,000,000 төгрөг, нийт 337,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Г.С нь “О” ХХК-д холбогдуулан хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны нэмэгдэл 49,500,000 төгрөг, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй нэмэлт ажил үүрэг гүйцэтгэсний нэмэгдэл хөлс 288,000,000 төгрөг, нийт 337,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/04581 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2, 154.8-д тус тус зааснаар хариуцагч “О” ХХК-д холбогдох хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан 2015 оны 04 сараас 2018 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны нэмэгдэл 49,500,000 төгрөг, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй нэмэлт ажил үүрэг гүйцэтгэсэн нэмэгдэл хөлс 288,000,000 төгрөг, нийт 337,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.С-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Г.С-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,365,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2025/00515 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/04581 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2, 154.8 ...” гэснийг “...Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.11, Хөдөлмөрийн тухай хууль /2021 он/-ийн 158 дугаар зүйлийн 158.1.1 ...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,845,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар гомдол гаргаж байна.

4.1.Нэхэмжлэлийн шаардлагыг 2 удаа нэмэгдүүлсэн боловч шүүх хүлээж аваагүй, шүүх хуралдаанаар хэлэлцэж, талуудын тайлбарыг авна гэсэн ч шүүгч дангаараа захирамж гаргаж шийдвэрлэсэн.

4.2.Хариуцагч талаас нотлох баримтууд гаргуулах хүсэлт гаргахад хариуцагч тал санаатайгаар зарим баримтыг гаргаж өгөөгүй тул дахин хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй. Тухайлбал, нэхэмжлэгчийн цахим шуудангийн зарим хэсэг устсан тул хариуцагч талын хугацаагүйгээр серверт хадгалагддаг цахим шууданд үзлэг хийлгэх хүсэлт гаргахад хүлээж аваагүй. Хэрвээ үзлэг хийвэл Г.С-д ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүрэг гүйцэтгэхийг даалгасан, олон хүний ажлыг ганцаараа хийж байсан талаар нотлох үндэслэл бүрдэх байсан,

-2023.11.01-ний өдрийн 181/ШЗ2023/18333 (4хх 207-210) дугаартай захирамжаар холбогдох газруудаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн. Захирамжийн дагуу Т газар, “О” ХХК-аас баримтууд ирсэн ба ТС газар, Н газраас огт баримт ирээгүй,

-2023.01.19-ний өдрийн 181/ШЗ2023/01595 (1хх 49-50) болон 2023.03.20-ны өдрийн 181/ШЗ2023/04928 (2хх 154-158) дугаартай захирамжуудын биелэлт хангагдаагүй, энэ талаар огт ажиллагаа хийлгүй шүүх хуралдаан зарласан. Захирамжийн биелэлтийг хангуулсан бол Г.С-тай хамт ажилладаггүй хүмүүсийг хамт ажилласан мэтээр дүгнэх асуудал гарахгүй байсан.

4.3.Давж заалдах шатны шүүх зарим баримтуудыг анхаарч үзээгүй, хариуцагч талд ашигтай байдлаар хэргийн баримтуудаас хэсэгчлэн иш татаж, бодит байдалд дүгнэлт өгөлгүй хэргийг шийдсэн. Хариуцагч талын “нэхэмжлэгч давхар ажил гүйцэтгээгүй, нэхэмжлэлд дурдсан ажлыг нэр бүхий 4 компанийн ажилтнууд хийж байсан” гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Харин “О” ХХК-ийн дотоодын компаниудтай байгуулсан байгуулсан гэрээг үнэлж үзэх ёстой байсан. Тухайлбал, 5хх 55-р талд “О” ХХК-ийн Дугуйн удирдлагын төлөвлөгөө, Гүний уурхайн үйл ажиллагааны дүрэм, заавар байгаа. Үүнд газар шорооны ажлын дугуйн засвар үйлчилгээ хийх гэрчилгээтэй хүн л тухайн ажлыг хийнэ гэж тусгасан. Нэр бүхий 4 компанийн ажилчид гэрчилгээгүй тул нэхэмжлэлд дурдсан нэмэлт ажлыг давхардуулан гүйцэтгээгүй гэж маргасан боловч шүүхээс “МДСХ” татан буугдсан гэх үндэслэлээр дээрх компаниудын эрхийн гэрчилгээг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг хангахгүй орхиж, хэргийг шийдвэрлэсэн.

4.4.Нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,365,450 төгрөгийг анхан шатны шүүх улсын орлогод хэвээр үлдээсэн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг зөрчсөн. Учир нь, нэхэмжлэлийн шаардлагыг 337,500,000 төгрөг болгон бууруулсан тул түүнд ногдох тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэх ёстой. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.05.22-ны өдрийн 001/ШХТ2025/00528 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.

7.Нэхэмжлэгч Г.С, хариуцагч “О” ХХК-д холбогдуулан хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан 2015 оны 04 сараас 2018 оны 12 сар хүртэлх хугацааны нэмэгдэл 49,500,000 төгрөг, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй нэмэлт ажил үүрэг гүйцэтгүүлсний нэмэгдэл хөлс 592,000,000 төгрөг, нийт 641,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд 2022.09.16-ны өдөр гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдэл хөлс 592,000,000 төгрөгийг багасгаж, 288,000,000 төгрөг болгон нийт 337,500,000 төгрөгийг нэхэмжилжээ. Нэхэмжлэлийн үндэслэлээ “... хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан тул нэмэгдэл 49,500,000 төгрөг, Хөдөлмөрийн хяналтын эрх бүхий байгууллагаар шинжээч томилон дүгнэлт гаргуулахад дутуу амарсан, илүү цаг ажилласан, 2-5 хүний ажлыг хавсран гүйцэтгэсэн нь орон тоог нэмсэн үйл баримт, ажлын байрны тодорхойлолт, гүйцэтгэж байсан ажлыг одоо 8 хүн хийж байгаа баримтаар тогтоогдох ба одоогийн “Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн дугуй засварын техникч”-ийн цалин 8,000,000 төгрөг байгаа тул дүйцүүлэн 36 сараар тооцоход 288,000,000 төгрөг” гэж тайлбарласан.

Хариуцагч “О” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, 2015 оны 04 дүгээр сараас 2016 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан олговорт 6,331,973 төгрөгийг олгосон, харин 2016.05.01-ний өдрөөс багийн ахлагчаар ажиллаж эхэлсэн тул нэмэгдлийг зогсоож шийдвэрлэсэн, улмаар “О” ХХК болон “О” ХХК-ийн ****** хорооны байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т үндэслэн 2019.06.17-ны өдрөөс хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг олгож эхэлсэн..., 2019.09.24-ний өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/ШШ2019/0015 дугаар магадлалаар ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журмын 3.6 дахь заалтыг хүчингүй болгосон тул санамж бичгийн дагуу холбогдох хугацааны нэмэгдлийг нөхөн олгох шаардлагагүй гэсэн үндэслэлээр маргажээ.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн “дугуй засварчин”-аар ажиллаж байх үеийн 2015 оны 04 дүгээр сараас 2016 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл 6,332,575 төгрөгийг ажил олгогчоос олгосон нь цалингийн хүснэгтээр нотлогдож байх тул нэмэгдэл 49,500,000 төгрөгийг хангах боломжгүй..., нэхэмжлэгч нь 2016.06.02-ны өдрийн 01026/16 дугаар тушаалаар ахлах ажилтнаар томилогдсоноор нэмэгдэл зогссон үйл баримтыг эс зөвшөөрч гомдол гаргаж, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэсэн гэх боловч “Дугуй засварын ахлах ажилтан” ажлын байр нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарахаар үнэлэгдсэн талаар тухайн цаг мөчид мэдэх боломжтой үйл баримт байхад 2022.09.16-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн..., “Дугуй засварын супервайзор албан тушаал”-ын Ажлын байрны тодорхойлолтын 2.1-д ажлын чиг үүргийн ерөнхий агуулгыг тодорхой заасан, Г.С-г ажлын байрны тодорхойлолтод зааснаар өөр ажил үүргийг хавсран гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүрэг гүйцэтгэсэн гэх үйл баримт тогтоогдоогүй...” гэсэн дүгнэлтийг хийсэн.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг үндэслэлтэй гэж дүгнээд шийдвэр хууль хэрэглээний өөрчлөлт оруулахдаа “...Г.С-н Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан 2015 оны 04 сараас 2018 оны 12 сар хүртэлх хугацааны нэмэгдэл 49,500,000 төгрөгийн шаардлагад хамаарах хугацаанд 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсныг анхан шатны шүүх анхаараагүй..., цалин хөлс дутуу олгосныг сар бүрийн тогтмол цалин олгох үед мэдэх боломжтой ба ***** сургуулийн 2017 оны “Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний тайлан”-д үндэслэн нэхэмжлэгч нь уг үйл баримтыг мэдсэн гэж үзнэ..., эрх зөрчигдсөнийг мэдсэн хугацаанаас хойш 3 сарын хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан байна..., дугуй засварын супервайзорын ажилд томилогдсон өдрөөс эхлэн ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил үүргийг хавсран гүйцэтгэж байсан үндэслэлээр 288,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад 2022 оны 03 сараас өмнөх хугацаанд хамаарах хэсэг нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэг бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан шаардлага гаргах хугацаа хэтрүүлсэн...” гэж дүгнэжээ.

9.Хоёр шатны шүүх хэрэглэх хуулийг зөрүүтэй сонгож, хуулийг өөрөөр тайлбарласнаас гадна нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж чадаагүй талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн.

Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хэрэгт ач холбогдол бүхий баримтууд хуульд заасан хэлбэрээр хангалттай бүрдээгүй байсан тул эрх зүйн маргааны талаар зохих дүгнэлтийг хийх боломжгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт, зохигчдын хоорондох эрх зүйн маргаантай харилцааны талаар зохих дүгнэлтийг хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхой болгоогүй, хэргийн нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн бөгөөд хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шүүхийн хууль хэрэглээний асуудлаар эцэслэн шийдвэр гаргах боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

9.1.Нэхэмжлэгч Г.С нь “О” ХХК-д 2012.01.18-ны өдрөөс эхлэн Ил уурхайн Хүнд машин механизмын засварын газарт “дугуй засварчин” албан тушаалд ажиллаж байгаад, 2016.05.01-ний өдрөөс Үйл ажиллагаа Уурхайн засвар үйлчилгээний хэлтсийн Дугуй засварын багийн ахлагч, 2019.06.17-ны өдрөөс эхлэн Гүний уурхайн Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний хэлтэст дугуй засварын супервайзор албан тушаалд тус тус ажилласан ба “О” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.06.24-ний өдрийн тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгджээ. (1хх-13)

О” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016.06.02-ны өдрийн “Хэлтэс, албан тушаал, зэрэглэл, цалин өөрчлөх тухай” 01026/16 дугаар тушаалаар Үйл ажиллагаа-Ил уурхайн засвар үйлчилгээний хэлтсийн Дугуй засварчин Г.С-г 2016.05.01-ний өдрөөс Үйл ажиллагаа-Уурхайн засвар үйлчилгээний хэлтсийн Дугуй засварын багийн ахлагчаар томилж байгаа тул түүний хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг 2016.05.01-ний өдрөөс зогсоосугай” гэжээ. /4-р хх-ийн 38-р тал/

9.2.Нэхэмжлэлийн хоёр шаардлага өөр өөр үндэслэлд тулгуурлажээ. Нэг дэх шаардлага болох хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан 2015 оны 04 сараас 2018 оны 12 сар хүртэлх хугацааны нэмэгдэл 49,500,000 төгрөгийн шаардлага нь дугуй засварчин, дугуй засварын багийн ахлагчийн албан тушаалд ажиллаж байсан үеийг хамарч байх ба ажил олгогч нь 2015.04 сараас 2016.05.01 хүртэл хугацааны нэмэгдлийг олгосон гэсэн бол 2016.05.01-2018.12 сар хүртэлх нэмэгдэлийг ямар үндэслэлээр нэхэмжилсэн тухайд шүүх дүгнэлт хийгээгүй буюу нэхэмжлэлийн энэ шаардлагад бүрэн дүгнэлт өгөөгүй.

9.3.Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага буюу ...дугуй засварын супервайзорын ажилд томилогдсон өдрөөс эхлэн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны нэмэгдлийг 13 хувиар авч байсан боловч ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил үүргийг хавсран гүйцэтгэж байсан үндэслэлээр 288,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндэслэлийг шүүх анхаараагүй бөгөөд үндсэндээ энэ шаардлагын маргааны зүйлийг нарийвчлан тодорхойлж чадаагүй байна. Тэрээр нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил үүргийг буюу ачигч, нярав, жолоочийн ажлыг давхар гүйцэтгэсэн гэснээс гадна түүний гүйцэтгэж байсан ажлыг одоо 5-8 хүн гүйцэтгэж, орон тоо нэмсэн гэж тайлбарласан.

Хэрэгт хэдийгээр ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн хамтын хэлэлцээрт байгаа боловч нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан ажил үүргийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл, орон тоо нэмэгдсэн шалтгааныг хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэх боломжгүй байх ба тусгай мэдлэг шаардлагатай эсэхийг шүүх анхаараагүй нь учир дутагдалтай гэж үзнэ.

9.4.О ХХК болон “О” ХХК-ийн ******** хорооны 2019.05.10-ны өдрийн “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ээр 2017 оны орчны эрүүл мэндийн институтын хийсэн үнэлгээгээр хөдөлмөрийн нөхцөл “хэвийн бус”-аас “хэвийн” ажлын байр гэж үнэлэгдсэн албан тушаалд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн нөхцөлийг хэвийн бусаар тооцож холбогдох нэмэгдлийг олгохоор тохиролцсон байна. /5-р хх-ийн 25-27-р тал/

Уг Харилцан ойлголцлын санамж бичгийг үндэслэн Уурхайн засвар үйлчилгээний хэлтэст дугуй засварын супервайзор албан тушаалд ажиллаж байсан Г.С-д 2019.06.17-ны өдрөөс хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг тооцож олгож эхэлсэн байна.

Хөдөлмөрийн нөхцөл “хэвийн бус”-аас ямар үндэслэлээр “хэвийн” нөхцөл бүхий ажлын байр гэж үнэлэгдсэн талаар шүүх тодруулж, зохих дүгнэлтийг хийх байсан. Тухайн асуудлаар дүгнэлт хийснээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхийг хуульд нийцүүлэн шийдвэрлэнэ.

Шүүх Х-н 2023.11.10-ны өдрийн А/155 дугаар тушаалын хавсралт “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам”-ыг анхаараагүй нь буруу байна.

9.5.Хоёр шатны шүүх 2017.06.24-ний өдрийн “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ” гарснаар нэхэмжлэгч нь эрх зөрчигдсөнийг тухайн цаг мөчид мэдэх боломжтой бөгөөд 2022.09.16-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэж 49,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн.

Хэрэв нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж буй бол энэ талаар талууд хэрхэн мэтгэлцсэн, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаар дүгнэх учиртай бөгөөд шүүх хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй байна.

9.6.Шүүх нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлээ баримтаар нотлоогүй гэж дүгнэжээ.

Хөдөлмөрийн маргаан бүхий харилцаанд талууд тэгш байх боломж харилцан адилгүй бөгөөд ажилтан бүхий л нөхцөл байдлыг нотолж чадах нь эргэлзээтэй учир нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргах эсэх, шинжээч томилуулах эсэхийг маргааны үйл баримтыг бүрэн тогтоох зорилгоор шүүхээс тодруулах нь мэтгэлцэх зарчмыг зөрчихгүй болно.

10.Хяналтын шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтад хууль хэрэглэх боломжгүй ба энэ тогтоолын 9-д заасан дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/04581 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2025/00515 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.05.05-ны өдөр төлсөн 1,845,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БАЯРМАА

                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ

                 ШҮҮГЧИД                                                       Н.БАТЗОРИГ

                                                                                             Н.БАТЧИМЭГ

                                                                                             П.ЗОЛЗАЯА