Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 00135

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                             

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа

Улсын яллагч Б.Бүжинлхам

Хохирогч С.Цэцэгээ

Шүүгдэгч Р.Аюуш нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овгийн Ренчингийн Аюушид холбогдох 201714000214 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Сартуул овгийн Ренингийн Аюуш, Монгол Улсын иргэн, 1971 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, Петро Чайна ХХК-нд хамгаалагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Рашаант баг 39-10 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай гэх, урьд ял шийтгэлгүй. /РД:ФМ71091631 /

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Р.Аюуш нь 2017 оны 04 сарын 04-ний өдөр согтуугаар Орхон аймгийн Баян-Өндөр сум Рашаант багийн 39 дүгээр гудамжны 10 тоот гэртээ хамтран амьдрагч С.Цэцэгээг орноос түлхэж унаган биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                                                                                                         1. Хохирогч С.Цэцэгээгийн 2017 оны 04 сарын 04-ний өглөө  07-08 цагийн хооронд Батболд, Лхагвасүрэн 2 нэг шил 0,75 литрийн архи барьчихсан орж ирсэн, тэр архийг нь дөрвүүлээ хувааж уугаад дуусгасан, гэтэл манай нэг найз надруу залгаснаа хүрээд ир гэхэд Аюуш явахгүй гэснээ нөгөө хүүхэнтэй утсаар ярьснаа яваад очъё санаж үхлээ гээд ярихаар нь би уурлаж түүнийг орон дээр хэвтэж байхад нь дээрээс нь суугаад хэрүүл хийж байхдаа нүүр цээжийг нь маажсан, тэгтэл Аюуш намайг түлхчихсэн, би газар унахдаа бөгсөн биеэрээ эвгүй унах үед нуруугаар өвдөлт мэдэгдэж, яс хугарч байгаа юм шиг чимээ гарсан, тэгээд босох гэтэл босч чадахгүй байхаар нь өвчнөө дарах гэж Лхагвасүрэн эгчээр дахин архи авч ирүүлж ганц хоёр татаж байгаад түргэн дуудаж эмнэлэг рүү явсан. Хэсэг хугацаанд түүнтэй ноцолдож байхад тэр миний цээж рүү түлхтэл би орноосоо газар унасан” гэсэн мэдүүлэг.  / хх-ийн 13-15-р хуудас /

            2. Шүүх шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 340 дугаартай шнжээчийн дүгнэлтийн “С.Цэцэгээгийн биед бүсэлхийн 1-р нугалмын шахагдсан хугарал үүсчээ. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх болмжтой. Түлхүүлж хатуу зүйл дээр унах үед үүссэн байхыг үгүйсгэхгүй. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт./ хх-ийн 27-р хуудас /

            3. Гэрч С.Лхагвасүрэнгийн “2017 оны 04 сарын 04-ний  өдөр дөрвүүлээ архиа хувааж уугаад дуусах үед Аюуш айлруу явна гэхэд Цэцэгээ явуулахгүй гээд хоорондоо маргаж байснаа Цэцэгээ чи айлын авгай залгахаар явах гэлээ гээд уурлаж түүнийг орон дээр хэвтэж байхад дээрээс сандаалж суучихаад ноцолдож эхэлсэн энэ үед Бөхболд та хоёр болиоч гэхэд Цэцэгээ та нарт хамаагүй та хоёр зайлцгаа гэж хэлсэн тэгтэл Аюуш Лхагваа эгчээ миний чихнээс цус гараад байна ш дээ гэхээр нь наад хүний чихнээс цус гараад байгаа юм биш үү болиоч гэж хэлтэл эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг юм гэхээр нь уур хүрээд цонх руу хараад зогсож байтал ард таг гээд яс хугарч байгаа юм шиг чимээ гарахтай зэрэгцээд Цэцэгээ ёо ёо гээд орилоод явчихсан. Аюуш намайг түлхэчихлээ ш дээ гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 16-17-р хуудас /

            4. Гэрч П.Бөхболдын “Эргээд хартал Аюуш Цэцэгээг орон дээрээс түлхээд газар унагачихсан. Цэцэгээ биеийнхээ зүүн талын ташаа хэсгээрээ эвгүй газар унасан, тэгтэл Цэцэгээ нуруу эвгүй болчихлоо гэхээр нь 103-т дуудлага өгсөн. Аюуш Цэцэгээг өөрөөсөө холдуулж түлхсэн ,Цэцэгээ хойш орноос унахдаа их эвгүй унасан” гэсэн мэдүүлэг. / хх-ийн 19-р хуудас/

            5. Яллагдагч Р.Аюушийн “Эхнэрийн утас руу нэг найз нь залгаж гэртээ хүрээд ирээч гэж дуудсан би цуг явъя гэтэл чи айлын эхнэр дээр очиж яах нь вэ гэх зэргээр хардсанаа гутлаараа чих рүү цохиж, нүүр цээжийг маажсан. Энэ үед Лхагваа эгчээ дүүгээ аваач гэж хэлээд Цэцэгээгийн цээжрүү түлхтэл орноос хойш шалруу унахдаа бөгсөн биеэрээ эвгүй уначихсан, тэгснээ нуруу эвгүй болчихлоо гээд орилоод байсан. Бүгд л халамцуу байсан. Сонсгосон ялыг зөвшөөрч байна хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээж байна” гэсэн мэдүүлэг / хх-ийн 38, 40-р хуудас / болон хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, / хх-ийн 03-05-р хуудас / эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол / хх-ийн 12-р хуудас / Р.Аюушийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа / хх-ийн 44-р хуудас / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Аюуш мэдүүлэхдээ “гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

            Хохирогч С.Цэцэгээ мэдүүлэхдээ “Би нөхрөө хардсанаас болж энэ явдал болсон. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй. Нөхөр маань ажилдаа явахгүй бол бидний амьдрал хэцүүднэ. Бидэнд өөр орлого байхгүй учир нөхөрт маань хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Р.Аюуш нь 2017 оны 04 сарын 04-ний өдөр согтуугаар Орхон аймгийн Баян-Өндөр сум Рашаант багийн 39 дүгээр гудамжны 10 тоот гэртээ хамтран амьдрагч С.Цэцэгээг орноос түлхэж унаган биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүх шинжилгээний дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна гэж үзлээ. Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Аюушид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэж шүүгдэгчид оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзлээ.

 

Эрүүгийн 201714000214 тоот хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг рентгэн зургийг хохирогч С.Цэцэгээд буцаан олгож, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 291, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХнь:

 

            1.Шүүгдэгч Сартуул овгийн Ренингийн Аюушийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Р.Аюушид 1 /нэг / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Р.Аюушид оногдуулсан 1  жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 2 ширхэг рентгэн зургийг хохирогч С.Цэцэгээд буцаан олгосугай.

 

5.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Р.Аюушид оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Аюушид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ц.АЛТАНГАДАС