| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2021/00352/И |
| Дугаар | 138/ШШ2021/00831 |
| Огноо | 2021-12-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 138/ШШ2021/00831
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны “Б” танхимд онлайнаар явуулж,
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сум 7 дугаар баг, 78-04 тоотод оршин суух, ЖИ68092414 регистрийн дугаартай, Халх овогт Санжмятавын Чинбатын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сум 1 дүгээр баг, Мэнэнгийн гудамж 1-119 тоот хаягт өөрийн байранд байрлах, “Их чулуут” ХХКомпани/РД:2801841/,
Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сум 7 дугаар баг, Гарден хотхон 2-24 тоотод оршин суух, ЖЮ97011930 регистрийн дугаартай, Боржигон овогт Болдын Ханхүү нарт холбогдох,
“С.Чинбат, А.Болд нарын хооронд 2013 оны 12 сарын 13-ны өдөр байгуулагдсан Компани эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээнээс татгалзаж, “Их чулуут” ХХК-ийн 10 хувийг эзэмших эрхийг С.Чинбатын өмчлөлд шилжүүлж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Туяамандах, нэхэмжлэгч С.Чинбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Б.Ханхүү, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Галтогтох, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Н.Алтанхүү, гэрч А.Галхүү, Д.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Чинбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Их чулуут” ХХК-ийн захирал талийгч А.Болд, бид нар 2005 оноос мал, мах, түүхий эдийн “Их чулуут” захыг Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байгуулж, 10-аад жил хамтран ажилласан. Талийгаач А.Болдтой би багын найз. А.Болдын хувьд мал, махны чиглэлээр туршлага байхгүй, миний хувьд энэ чиглэлээр 10-аад жил ажилласан туршлагатай байсан. Ингээд бид 2005 онд Дорнод аймгийн мал, мах, түүхий эдийн захын тендерт орж, ялалт байгуулан энэ захыг байгуулж, А.Болдын үндсэн хөрөнгө дээр тулгуурлан, хамтран ажиллаж эхэлсэн юм. Бид уг захыг байгуулахдаа авсан барилгаа бүрэн засаж, дулааны системд холбож, халуун хүйтэн устай, 24 цагаар ажилладаг, мал өгөхөөр ирсэн хөдөөгийн иргэдийг байрлуулах буудалтай, 21 аймаг, 18 дүүрэгтээ жишиг болохуйц мал, мах, түүхий эдийн зах болгон байгуулж, амжилттай ажиллаж байсан. Ингэж амжилттай ажиллаж байх хугацаанд компанийн захирал А.Болд надад компанийн 10 хувийг эзэмших эрхийг өгөх талаар санал тавьж, “Их Чулуут” ХХК-ийн захирал А.Болд 2008.11.28-ны өдөр “Их Чулуут” ХХК-ийн 10 хувийг эзэмших эрхийг С.Чинбат надад шилжүүлэх гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Уг гэрээндээ “Хэрвээ 10 хувийг бусдад шилжүүлэх, худалдах тохиолдолд уг компанийн дийлэнх хувь эзэмшигчид нэн тэргүүн ээлжинд мэдэгдэж худалдан авахыг санал болгоно” гэж заасан байсан. Компани ашгаа өгөхгүй байсан тул уг эрхээ би худалдахаар болж өмнө байгуулсан гэрээний дагуу миний бие “Их Чулуут” ХХК-ийн 10 хувийг эзэмших эрхийг тус компанийн захирал А.Болдод 70 сая төгрөгөөр үнэлж 2013.12.13-ны өдөр буцаан худалдахаар худалдах худалдан авах гэрээ байгуулан нотариатаар батлуулсан. Энэ гэрээнд 70 сая төгрөгийн 50 сая төгрөгийг бараа материалаар, 20 сая төгрөгийг бэлнээр өгөхөөр заасан. Гэрээ хийгдсэн байсан хэдий ч найзын минь бие өвдсөн учир төлбөрөө авч чадахгүй байсан. Найзын минь бие эрүүл болж байвал болоо гэсэн байдалтай хандаж байсан. Үр хүүхдэдээ хэлдэггүй зүйлээ найз минь надад хэлдэг байсан. Миний хувьд найзыгаа аврахын тулд өөрийн чадах бүхнийг хийсэн, харамсалтай нь найз минь өвчний учир 2017.02.13-ны өдөр гэнэт нас барсан. Ингээд эхнэр нь компанийн захирал болж, худалдах худалдан авах гэрээтэй холбоотой төлбөрийг надад өгнө гэж хэлж байсан ч санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Бидний дунд хийсэн гэрээ компанид албан ёсоор хадгалагдаж байсан. Гэвч эхнэр Цэрэндолгор нь 2018 оны 12 сард гэнэт нас барсан, компанийн эрх залгамжлагчаар хүү Б.Ханхүү хуульд заасны дагуу болсон боловч мөн л төлбөр төлөгдөөгүй өдийг хүрсэн. Б.Ханхүүгийн хувьд надад “... би тантай хамаатан садангаас илүү дотно байсан, яг одоо компани санхүүгийн хувьд хэцүү байгааг та мэдэж байгаа, танд мөнгийг чинь өгнө....” гэж хэлсэн. Гэтэл одоо энэ асуудлыг мэдэхгүй гэж хэлж, надад мөнгө өгсөн гэж миний гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч нотлох баримт шүүхэд гаргаж өгсөнд үнэхээр их гомдож, харамсаж байна. Би энэ компанид өөрийн олон жилийн хүч хөдөлмөр, мэдлэг, боловсролоо зориулсан. Намайг ингэж ажиллаж байсан гэдгийг талийгаачийн дүү А.Галхүү, малын эмч Д.Энхтуяа нар гээд олон хүн гэрчилнэ.
Компани намайг 10 хувийг эзэмших эрхтэй гэж дүрэмдээ өөрчлөлт оруулж, улсын бүртгүүлэх ёстой байсан боловч тухайн үед компани их өртэй байсан учраас Татварын хэлтсээс бүртгэх боломжгүй, өрөө төлсний дараа бүртгүүл гэсэн гэж найз минь тухайн үед надад хэлж байсан. Тиймээс улсын бүртгэлд бүртгүүлээгүй. А.Болд надад компанийхаа 10 хувийг өгөхдөө хувьцаанаасаа өгсөн. Би өнөөдрийг хүртэл тус компанийн 10 хувийн хувьцаа эзэмшигч гэж боддог.
Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээнэ. Хуулийн дагуу Б.Ханхүү нь А.Болдын өв хөрөнгийг эрх залгамжлан авсан тул А.Болдын бусадтай байгуулсан гэрээний үр дагаврыг хүлээх үүрэгтэй. Иймд хуульд зааснаар эрх залгамжлан авсан Б.Ханхүү нь өнөөдрийг хүртэл өвлүүлэгчийн үүргийг биелүүлэхгүй байх тул эрх шилжүүлэгч С.Чинбат, эрх шилжүүлэн авагч А.Болд нарын дунд 2013 онд байгуулагдсан “Компанийн эрх шилжүүлэх” тухай худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, “Их чулуут” ХХК-ийн 10 хувийг надад шилжүүлж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг “Их чулуут” ХХК болон Б.Ханхүү нарт даалгаж өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Хулангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтанхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Болд овогтой Хулан нь “Их чулуут” ХХК-ийн 30 хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигч билээ. Б.Хулангийн хувьд нэхэмжлэгч С.Чинбатын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариуцагч Б.Ханхүүтэй адил байр суурьтай байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Гэрч Д.Энхтуяа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би “Их чулуут” ХХК-д 11 жил малын эмч хийсэн. Намайг ажиллаж байх хугацаанд С.Чинбат орлогч захирал гэдэг орон тоон дээр байсан. 2005 онд намайг орох үед л С.Чинбат манай компанид ажиллаж байсан. Би 2019 оны 5 сар хүртэл ажилласан. Талийгаач А. Болд захирлын хувьд ганц нэг удаагийн хурал дээр “С.Чинбат, дүү А.Галхүү нар манай компанийг байгуулахад гар бие оролцсон хүмүүс, дүү минь малаа зараад энэ компанийг байгуулсан, дүүдээ компанийн 30 хувийг, Чинбаадаа компанийн 10 хувийг өгнө” гэж ярьж байсан. Тэр үед Б.Ханхүү жоохон хүүхэд байсан. Дараа нь ОХУ-д суралцахаар явсан учир тэр бүр компани дээр ирдэггүй байсан. Захирлын хувьд энэ компанийг хэн, хэн хэрхэн өдий зэрэгт хүргэсэн талаар бидэнд ярьдаг байсан. Би хурал дээр ярьсан зүйлийг нь ярьж байна гэв.
Гэрч А.Галхүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: С.Чинбат миний төрсөн ах А.Болдын багын найз, 7, 8 дугаар ангиасаа манайд амьдардаг байсан. “Их чулуут” ХХК-д бид хамт ажиллаж байсан. С.Чинбат болон миний бие, миний төрсөн ах А.Болд нар хамтарч 2005 онд “Их чулуут” мал, мах, түүхий эдийн захыг байгуулан, бой хийх эрх авч байгуулж байсан. С.Чинбатын хувьд уг захыг байгуулахад тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан, цалин авч ажиллаж байгаагүй. Ах минь энэ компанид А.Чинбат гэж хүний 10 хувь байгаа, Чинбаадаа 10 хувийг нь өгвөл өөрийн юм шиг хандана гэж ярьдаг байсан. С.Чинбат зүгээр цалин аваад ажилладаг хүн байгаагүй. Миний гурван эгч гээд мэдэх хүмүүс нь мэднэ гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Чинбат нь хариуцагч “Их чулуут” ХХК болон Б.Ханхүү нарт холбогдуулан “С.Чинбат, А.Болд нарын хооронд 2013 оны 12 сарын 13-ны өдөр байгуулагдсан Компанийн 10 хувийг эзэмших эрхийг 70 сая төгрөгөөр буцаан худалдсан компани эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, “Их чулуут” ХХК-ийн 10 хувийг С.Чинбатын өмчлөлд шилжүүлж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай” шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч болон хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар “Их Чулуут” ХХК-ийн захирал асан А.Болд нь тус компанийн 10 хувийг эзэмших эрхийг С.Чинбатад шилжүүлэхээр тохирч, тэд 2008 оны 11 сарын 28-ны өдөр Компани эзэмших эрх шилжүүлэх гэрээг, мөн С.Чинбат нь “Их Чулуут” ХХК-ийн 10 хувийн эзэмших эрхээ 70 сая төгрөгөөр А.Болдод буцаан худалдахаар тохирч 2013 оны 12 сарын 13-ны өдөр Компани эзэмших эрх шилжүүлэх нэртэй гэрээг тус тус байгуулсан үйл баримтууд батлагдаж байна.
Нэхэмжлэгч С.Чинбат нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...А.Болд бидний хооронд 2013.12.13-ны өдөр байгуулагдсан “Их чулуут” ХХК-ийн 10 хувийн эзэмших эрхийг 70 сая төгрөгөөр буцаан худалдах, худалдан авах гэрээний дагуу 70 сая төгрөгийг одоо болтол төлж барагдуулаагүй тул уг гэрээнээс татгалзаж байна, мөн А.Болд нь гэрээний үүргээ биелүүлж амжилгүй байсаар нас барсан тул түүний компанийг эрх залгамжлан авсан Б.Ханхүү болон “Их чулуут” ХХК-иас тус компанийн 10 хувийг эзэмших эрхийг өөрийн өмчлөлд шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгахаар шаардаж байна” гэж тодорхойлсныг хариуцагч нар эс зөвшөөрч “...С.Чинбат нь тус компанийн 10 хувийг эзэмших эрх бүхий хууль ёсны эзэмшигч биш” гэх үндэслэлээр маргасан.
Шүүх нэхэмжлэгч С.Чинбатыг 2013 оны гэрээний дагуу “Их чулуут” ХХК-ийн 10 хувийг эзэмших эрхийг буцаан шаардах эрхтэй эсэхийг тодорхойлохын тулд “Их чулуут” ХХК-ийн захирал асан А.Болд, нэхэмжлэгч С.Чинбат нарын дунд байгуулагдсан 2008 оны 11 сарын 28-ны өдрийн гэрээгээр нэхэмжлэгч С.Чинбат нь тус компанийн 10 хувийг эзэмших эрхтэй эсэхийг зайлшгүй дүгнэх шаардлагатай гэж үзлээ.
1. Хэрэгт авагдсан баримтууд болох нэхэмжлэгч С.Чинбат, “Их Чулуут” ХХК-ийн захирал асан А.Болд нарын хооронд байгуулагдсан 2008 оны 11 сарын 28-ны өдрийн гэрээгээр “Их Чулуут” ХХК-ийн 10 хувийг эзэмших эрхийг С.Чинбатад шилжүүлэхээр тохирч, тэд Компани эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулсан үйл баримтын талаар талууд маргадаггүй.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон дээрх гэрээнд “Их чулуут” ХХК-ийн 10 хувийг эзэмших эрх нь компанийн ямар хөрөнгийн эрх болох талаар заагаагүй боловч нэхэмжлэгч С.Чинбат нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “...10 хувийг эзэмших эрх” гэдгийг “...компанийн нийт хувьцааны 10 хувийг эзэмших эрхийг надад өгсөн” гэж тодорхойлсныг хариуцагч талаас эсэргүүцээгүй.
Нэхэмжлэгч нь “2008 оны гэрээгээр тус компанийн нийт хувьцааны 10 хувийг эзэмших эрхтэй хувьцаа эзэмшигч” гэж, хариуцагч нар нь “С.Чинбат нь манай компанийн 10 хувийг хууль ёсоор эзэмших эрхтэй этгээд биш” гэж тус тус маргадаг.
Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоохоор заасан байхаас гадна 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар компаниас гаргасан хувьцааг Монгол улсын болон гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн эзэмшиж болох боловч нэхэмжлэгч С.Чинбат нь “Их чулуут” ХХК-ийн нийт хувьцааны 10 хувийг эзэмших эрхтэй болох нь хэрэгт цугларсан бичгийн баримт болох Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 7 сарын 05-ны өдрийн №511 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2801841 регистрийн дугаартай “Их чулуут” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, тус компанийн 2005, 2017, 2019 онуудын дүрэм зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл “Их Чулуут” ХХК-ийн дүрмүүдэд “Компани үүсгэн байгуулах баримт бичигт болон улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа бусад мэдээлэлд оруулсан өөрчлөлтүүдээ хуульд заасан хугацаанд бүртгэх байгууллагад бүртгүүлнэ” гэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т улсын бүртгэлийн үйл ажиллагаа үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх зарчимтай байх бөгөөд 7 дугаар зүйлийн 7.1.3-т хуулийн этгээдийн бүртгэл нь хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгэх гэсэн төрөлтэй байхаар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлт болон хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр тус тус заасан байна.
Гэвч хариуцагч “Их чулуут” ХХК нь нэхэмжлэгч С.Чинбатыг 2008 оны 11 сарын 28-ны өдрийн Компани эзэмших эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр тус компанийн нийт хувьцааны 10 хувийг эзэмших эрх бүхий этгээдийн хувиар компанийн дүрэмдээ өөрчлөлт оруулсан, уг өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримтууд тогтоогдохгүй байгаагаас шүүх нэхэмжлэгч С.Чинбатыг “Их чулуут” ХХК-ийн нийт хувьцааны 10 хувийг хууль ёсоор эзэмших эрх бүхий хувьцаа эзэмшигч гэж үзэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.4-т тус тус зааснаар “Их чулуут” ХХК нь Компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу С.Чинбатыг өөрийн компанийн нийт хувьцааны 10 хувийг эзэмших эрх бүхий этгээд гэж компанийхаа дүрэмд нэмэлт өөрчлөлтөөр тусгаж, уг өөрчлөлтийг хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлж байж нэхэмжлэгч С.Чинбат хууль ёсоор тус компанийн хувьцаа эзэмшигч болох эрх баталгаажиж, компанийн хувьцаа эзэмшигчийн хуульд заасан эрхийг эдлэнэ.
Гэвч “Их чулуут” ХХК-ийн захирал асан А.Болд дээрх үүргээ биелүүлээгүй болохыг талуудын хэн алин нь үгүйсгэдэггүй бөгөөд нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан “...тухайн үед компани татварын өр төлбөртэй байсны улмаас энэ талаар улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй” гэх тайлбараа шүүхэд нотолж чадаагүй.
Түүнчлэн нэхэмжлэгч С.Чинбатын хувьд ч компаниас хуульд заасан үүргээ биелүүлэхийг, өөрийгөө компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхийг шаардах эрхтэй байсан боловч 2013 оны 12 сарын 13-ны өдрийг хүртэл уг эрхээ хэрэгжүүлээгүйн улмаас тэрээр 2008 оны 11 сарын 28-ны өдрийн гэрээгээр тус компанийн 10 хувийг эзэмших эрхийг хуульд заасны дагуу олж авч чадаагүй гэж үзнэ.
2. Нэхэмжлэгч С.Чинбат, “Их чулуут” ХХКомпанийн захирал асан А.Болд нарын дунд байгуулагдсан 2013 оны 12 сарын 13-ны өдрийн гэрээний хууль зүйн үндэслэлийн талаар:
Нэхэмжлэгч С.Чинбат нь 2013 оны 12 сарын 13-ны өдөр “Их чулуут” ХХК-ийн захирал асан А.Болдод компанийн 10 хувийг эзэмших эрхээ 70 сая төгрөгөөр буцаан худалдахаар тохирч, тэд худалдах худалдан авах тухай гэрээ буюу Компани эзэмших эрх шилжүүлэх нэртэй гэрээг байгуулжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Талуудын аль нэг тал хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байх ба энэ эрх нь зөвхөн талуудын дунд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байх шаардлагыг хангасны эцэст аль нэг тал гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шаардах эрхтэй болно.
Гэвч нэхэмжлэгч С.Чинбат, “Их чулуут” ХХК-ийн захирал асан А.Болд нарын дунд 2013 оны 12 сарын 13-ны өдөр байгуулагдсан дээрх гэрээг Компанийн тухай хуульд заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.
Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилдэг.
Нэхэмжлэгч С.Чинбат нь хуульд зааснаар “Их чулуут” ХХК-ийн нийт хувьцааны 10 хувийг эзэмших эрх бүхий хувьцаа эзэмшигч болсны эцэст Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн эрхийг эдэлж, улмаар компанид өөрийн эзэмшдэг хувьцааг буцаан худалдах, худалдан авахыг шаардах зэрэг хувьцаа эзэмшигчийн бусад эрхүүдийг эдлэх ёстой.
Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуульд зааснаар өөрийн эзэмшдэг хувьцааг компанид буцаан худалдах эрх зөвхөн тухайн компанийн хувьцаа эзэмшигчийн эдлэх эрх байдаг.
Гэвч нэхэмжлэгч С.Чинбат нь дээр дурдсан үндэслэлүүдээр тус компанийн хувьцааны 10 хувийг эзэмших эрхийг хуульд заасны дагуу олж аваагүй байж “Их чулуут” ХХК-ийн захирал асан А.Болдод 2013 оны 12 сарын 13-ны өдөр компанийн 10 хувийг эзэмших эрхээ 70 сая төгрөгөөр буцаан худалдах агуулга бүхий худалдах худалдан авах гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар “хууль зөрчсөн” хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь “...Бидний дунд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний үүрэг биелэгдээгүйн улмаас гэрээнээс татгалзаж байх тул гэрээнээс татгалзсаны үр дагавар болох компанийн 10 хувийн эзэмших эрхээ буцаан шаардаж байна” гэж маргадаг. Гэвч гэрээнээс татгалзах тухай ойлголт нь хүчин төгөлдөр гэрээний үүрэгт хамаарагдах бөгөөд шүүх дээрх гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах тухай шаардлагын талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй.
Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.
Гэтэл нэхэмжлэгч С.Чинбат нь “Их чулуут” ХХК-ийн нийт хувьцааны 10 хувийг эзэмших эрхийг хуульд заасны дагуу олж авч чадаагүй, “Их чулуут” ХХК-иас 70 сая төгрөгийг С.Чинбатад өгөөгүй гэх тайлбарыг нэхэмжлэгч гаргасныг хариуцагч тал эсэргүүцээгүй тул талуудад харилцан буцаах зүйл байхгүй гэж үзнэ.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.Чинбатын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байх ба улмаар тус компанийн хуулийн
этгээдийн улсын бүртгэлд нэхэмжлэгч С.Чинбатыг тус компанийн нийт хувьцааны 10 хувийг эзэмших эрх бүхий хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
3. Хариуцагч Б.Ханхүүд холбогдох нэхэмжлэлийн талаар болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн талаар:
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Б.Ханхүү нь “Их чулуут” ХХК-ийн захирал асан А.Болдын хууль ёсны өв залгамжлагч бөгөөд тус компанийг өвлөн авсны хувьд Б.Болдын гүйцэтгэвэл зохих үүргийг хариуцах ёстой” гэж маргадаг.
Хариуцагч Б.Ханхүү, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Хулан нар нь өөрийн эцэг А.Болд, эх Ч.Цэрэндолгор нарыг нас барсны дараа “Их чулуут” ХХК-ийг өвлөн авч, тус компанийн нийт хувьцааны 70 хувийг Б.Ханхүү, 30 хувийг Б.Хулан тус тус эзэмшдэг байх бөгөөд тус компанийн эцсийн өмчлөгчөөр Б.Ханхүү бүртгэгдсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн баримт болох “Их чулуут” ХХК-ийн 2019.01.23-ны өдрийн дүрэм, Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 7 сарын 05-ны өдрийн №511 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар батлагдаж байх ба талууд энэ талаар маргаагүй.
Иргэний хуулийн 535 дугаар зүйлд өв хүлээн авсан өвлөгч өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээх ба хэд хэдэн өвлөгч байвал тэдгээр нь дээрх үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээхээр заасан байна.
Гэвч хариуцагч Б.Ханхүү нь маргааны зүйл болж буй “Их чулуут” ХХК-ийг өвлөн авсан боловч компанийн хөрөнгө буюу хувьцаа эзэмших эрхтэй холбоотой үүргийг хувь хүний хувиар хүлээх үүрэггүй тул хариуцагч Б.Ханхүү нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч болж чадахгүй.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б.Ханхүүд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр “Их чулуут” ХХК-ийн нийт хувьцааны 30 хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигч Б.Хулангийн эрх ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэх үндэслэлээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.
Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Хулантай холбоотой асуудлын талаар шүүх дүгнээгүй болно.
Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Нэхэмжлэгч компанийн 10 хувийг эзэмших эрхээ компанид 70 сая төгрөгөөр буцаан
худалдахаар худалдах худалдан авах гэрээг 2013 оны 12 сард байгуулсан ба уг
гэрээнээс татгалзах шаардлагыг одоо гаргаж байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлин 75.2.1-т заасан 3 жилийн дотор шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Компани эзэмших эрхийг худалдсан гэрээ нь хуульд заасан эдийн бус хөрөнгөд хамаарахгүй..” гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “Компанийн хувьцааны 10 хувийг эзэмших эрх бол Иргэний хуульд зааснаар эзэмшигч этгээддээ ашиг өгдөг эдийн бус амины эрх учраас хөөн хэлэлцэх хугацаанд хамааралгүй” гэж тус тус маргадаг.
Гэвч шүүх нэхэмжлэлийн шаардлага буюу нэхэмжлэгч С.Чинбат, “Их чулуут” ХХК-ийн захирал асан А.Болд нарын дунд 2013 оны 12 сарын 13-ны өдөр байгуулагдсан компанийн 10 хувийг эзэмших эрхээ 70 сая төгрөгөөр буцаан худалдах агуулга бүхий худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар “хууль зөрчсөн” хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн тул хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэх шаардлагагүй гэж үзсэн болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.Чинбат, “Их чулуут” ХХК-ийн захирал асан А.Болд нарын дунд 2013 оны 12 сарын 13-ны өдөр байгуулагдсан Компанийн 10 хувийг эзэмших эрхийг 70 сая төгрөгөөр буцаан худалдах тухай худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсаны үр дагавар болох компанийн 10 хувийг эзэмших эрхээ буцаан шаардах, тус компанийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул хариуцагч “Их чулуут” ХХК болон Б.Ханхүү нарт холбогдох нэхэмжлэгч С.Чинбатын дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэсэн тул гэрч Д.Энхтуяа, А.Галхүү нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг буюу хариуцагч “Их чулуут” ХХК-ийн эзэмших эрхийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд бусдад шилжүүлэхгүй байхыг хариуцагч “Их чулуут” ХХК-д даалгах арга хэмжээг шүүгчийн 2021 оны 4 сарын 19-ний өдрийн 138/ШЗ2021/01025 дугаартай захирамжаар авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар дээрх арга хэмжээ нь мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг зохигч талуудад мэдэгдэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 507 950 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т тус тус заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Их Чулуут” ХХК болон Б.Ханхүү нарт холбогдох “С.Чинбат, А.Болд нарын хооронд 2013 оны 12 сарын 13-ны өдөр байгуулагдсан Компани эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, “Их чулуут” ХХК-ийн 10 хувийн эзэмших эрхийг С.Чинбатын өмчлөлд шилжүүлж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай” нэхэмжлэгч С.Чинбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 507 950 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар хариуцагч “Их чулуут” ХХК-ийн эзэмших эрхийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд бусдад шилжүүлэхгүй байхыг хариуцагч “Их чулуут” ХХК-д даалгах арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн 2021 оны 4 сарын 19-ний өдрийн 138/ШЗ2021/01025 дугаартай захирамж нь мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д тус тус зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН