Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 00126

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хулан

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Шүүгдэгч Н.Н-ь нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Тэнгэр овгийн Нямдаваагийн Н-ьд холбогдох 201714000242 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Т овгийн Н-ийн Н-ь, Монгол Улсын иргэн, ** оны ** сарын **-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын их сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 4, аав, ээж дүү нарын хамт ** аймаг, ** сум, *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. 

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.Н-ь 2017 оны 04 сарын 11-ний өдөр *** сумын *** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын их сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийн 306 тоот өрөөнөөс иргэн Б.У-ын Huawei P9 Life гар утсыг хулгайлсан  гэмт  хэрэгт холбогджээ.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.У-ын..“2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 11 цаг өнгөрч байхад 2 дугаар паарын хичээл дуусаад ангийн хүүхдүүд бөөнөөрөө юм яриад сууж байсан. Миний сууж байсан дээр Н-ь, Б-, У-ь бид хэд сууж байгаад би багшийн ширээн дээр очиж суусан. Ангийн хүүхэд болох Б-ыг миний гар утсыг хойно үлдээсэн ширээн дээрээс аваад ирээч гэхэд Б- чиний утас байхгүй байна гэсэн. Би удалгүй залгахад холбогдох боломжгүй болсон байсан. Ангид хайсан боловч миний гар утас олдоогүй.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-р хуудас/

 

2. Шүүгдэгч Н.Н-ийн “2017 оны 04 сарын 11-ний өдөр 11 цаг 10 минутанд “Төрийн санхүү”-ийн хичээл ороод тарсан. Хичээл ороод тарсны дараа У-ь, Б-, Д, У-а бид хэд сууж байгаад У-а Huawei P9 life маркийн гар утсаа ширээн дээр мартаад явсан. Тэгэхээр нь би Huawei P9 life маркийн гар утсыг аваад ангиас гараад утсыг унтраасан. Сургуулийн 1 давхарт байрлах 00-ын өрөөний хогийн саванд нуусан. Уяга утас алга болсон байна гээд ангийн хүүхдүүд бүгд хайсан. Би нуусан гэдгээ хэлээгүй. Дараа нь У-а цагдаа дуудсан. Тэгээд би У-ын утсыг буцааж өгсөн ” гэв.

 

3. ”Бан хас” хөрөнгө даатгалын хохиролын албаны 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 22 тоот Huawei P9 life маркийн гар утасны эд зүйлийн үнэлгээгээр 688 000 төгрөг гарсан дүгнэлт болон шүүгдэгчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шүүхийн шийтгэх тогтоолуудын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н-ь мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Н-ь 2017 оны 04 сарын 11-ний өдөр *** сумын *** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын их сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийн 306 тоот өрөөнөөс иргэн Б.У-ын Huawei P9 Life гар утсыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон гэж үзлээ.

 

Хохирогч Б.У-а нь алдсан Huawei P9 Life маркийн гар утсаа буцааж авсан гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, шүүгдэгч Н.Н-ь нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                 ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Т овгийн Н-н Н-ийг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д зааснаар шүүгдэгч Н.Н-ьт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шүүгдэгч Н.Н-ьт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Ц.АЛТАНГАДАС