Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 1302

 

186/2020/0533/Э

 

 

 

  2020            10            08                                         2020/ДШМ/1302    

 

Г.У-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Ууганбаатар,

шүүгдэгч Г.У-,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/647 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.У-, түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.У-од холбогдох эрүүгийн 2011007250287 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

У-,

2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

2012 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1, 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, энэ тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ял дээр Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 5 сар хорих ялын зарим буюу 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,

2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,

 

Г.У- нь 2020 оны 3 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бэтүб” хийдийн няравын өрөөнд хууль бусаар нэвтэрч, сейфийг нь эвдэн хийдийн орлогын бэлэн мөнгө болох 2.576.000 төгрөг, нярав Ц.М-ын хувийн мөнгө болон 1.642.000 төгрөг, 2.120 ам.доллар /тухайн өдрийн ханшаар 5.874.011 төгрөг/, 610.000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг их, дунд гарын мөнгөн аяга зэрэг хөрөнгийг хулгайлан авч, нийт 10.702.011 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч У-ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.У-ыг 4 /дөрөв/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон нийт 133 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-оос 9.286.460 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.М-д 5.576.480 төгрөг, Бакула Ринбүчийн бурхан шашны “БЭТҮВ” хийдэд 3.709.980 төгрөг тус тус олгохоор, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 2 ширхэг флаш дискийг хэрэгт хавсарган үлдээж, зуутын дэвсгэртээр MF41738160D дугаартай 1 ширхэг, ML04729476C дугаартай 1 ширхэг, LL71919861E дугаартай 1 ширхэг, MF41738161D дугаартай 1 ширхэг, MB16663418K дугаартай 1 ширхэг, MB20350869P дугаартай 1 ширхэг, MB20350868P дугаартай 1 ширхэг бүхий нийт 7 ширхэг америк долларыг тухайн үеийн ханшаар бодон хохиролд оруулан тооцож хохирогч Ц.М-д буцаан олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.У- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би уг гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ найз Б.Чүнчигноровтой хамтран үйлдсэн. Энэ гэмт хэргийг үйлдсэн шөнийн камерын бичлэг, хийдийн баруун талын хашааны цасан дээрх гутлын мөр зэргээр тогтоогддог. Тухайн өдөр Б.Чүнчигноров надтай уулзаж энэ хийдийн нярвыг таньдаг, мөн охиных нь найз гэж хэлж байсан. Энд их хэмжээний мөнгө байдаг, хоёулаа хамт явъя, чи надад тус болж өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би хийдэд очиж үзээд “харуул хамгаалалт ихтэй, хэцүү байна” гэж хэлсэн. Тэгтэл “хоёулаа хийвэл чадна. Чи найздаа хүн хараад өгөөч, найз нь цонхны гурван решётка төмрийг нь авахад хүн хараад өгөөч” гэж гуйхаар нь би зөвшөөрч бид хоёр энэ гэмт хэргийг үйлдсэн. Б.Чүнчигноровыг тухайн үед банкинд өртэй, бас эхнэр Мандах нь жирэмсэн болохоор би энэ гэмт хэрэгт татан оролцуулаагүй. Хулгайн эд зүйлсээс Б.Чүнчигноров нь надад 1000 ам.доллар, 600.000 төгрөг, хоёр мөнгөн аяга, нэг мөнгөн цаг зэргийг өгсөн. Үлдсэн эд зүйлсээ Б.Чүнчигноров аваад явсан бөгөөд одоог хүртэл түүнд байгаа. Иймд  Б.Чүнчигноровт байгаа эд зүйлсийг хохирогч Ц.М-д буцаан өгүүлж, өөрт тохирсон ял шийтгэлээр шийтгүүлэх хүсэлтэй байна. Мөн Б.Чүнчигноровт байгаа эд зүйлс, өөрт байгаа эд зүйл, бэлэн мөнгө болон хохирогчийн хагас хохирлыг хамт хэрэг үйлдсэн Б.Чүнчигноровтой хамт төлж барагдуулах нөхцөл байдлаар хангаж өгнө үү. Би өнөөдрийг хүртэл энэ гэмт хэргийг санаачилж хулгайн гэмт хэрэг хамт үйлдсэн Б.Чүнчигноров гэх залууг илрүүлж олж тогтоолгүй зөвхөн миний 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн камерын бичлэгээр болон миний биеэс гарч ирсэн 1000 ам.долларын үлдэгдэл болох 700 доллараар үндэслэж нарийвчлан судлалгүй ганц намайг яллаж байгаад гомдолтой байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.У-ын өмгөөлөгч П.Дэлгэр давж заалдах гомдолдоо: “...Г.У- нь хохирогч Ц.М-д хохирлын эд зүйлсээс 1 ширхэг их гарын, 1 ширхэг дунд гарын мөнгөн аягануудыг сайн дураараа хүлээлгэн өгч, хохирол барагдуулах тал дээр идэвх санаачилга гаргасан тул түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор Г.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэлтэй дүгнэлт хийж Г.У-од холбогдох хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тогтоосон. Мөрдөн байцаалт болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч Г.У-од оногдуулсан ял түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл, учирсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон. Давж заалдах гомдолтой холбогдуулан хэлэхэд, Г.У- нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Билгүүн, Ууганаа, Мөнх-Эрдэнэ гэх хүмүүстэй хамтран үйлдсэн талаар мэдүүлж, шүүн таслах ажиллагаа болон мөрдөн байцаалтын ажиллагаанд зориуд саад учруулах зорилгоор хий хоосон хүмүүсийн талаар мэдээлэл өгч ярьдаг. Энэ талаар шалгалт явуулахад түүний хэлсэн Мөнх-Эрдэнэ гэх хүн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд хорих ангид ял эдэлж байсан нь тогтоогдсон учраас шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг үгүйсгэгдэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Г.У- нь 2020 оны 3 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бакула Ринбүчийн бурхан шашны “БЭТҮВ” хийдийн няравын өрөөний цонхны решётка төмрийг авч, хууль бусаар нэвтэрч, сейфийг нь эвдэн хийдийн орлогын бэлэн мөнгө болох 2.576.000 төгрөг, нярав Ц.М-ын хувийн мөнгө болох 1.642.000 төгрөг, 2.120 ам.доллар /тухайн өдрийн ханшаар 2.120*2770.76=5.874.011 төгрөг/, 610.000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг их, дунд гарын мөнгөн аяга зэрэг хөрөнгийг хулгайлан авч, нийт 10.702.011 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ц.М-ын “...эвдэрсэн сейф дотор албаны мөнгө буюу хийдийн мөнгө болох 2.576.000 төгрөг, миний хувийн мөнгө болох 1.642.000 төгрөг, мөн миний хувийн 2.120 ам.доллар байсан. Тухайн долларууд нь дандаа шинэ 100 долларын дэвсгэртүүд байсан. ...Мөн уг сейфний доод дотор талд нь тусгаарласан жижиг цоожтой хайрцаг байдаг бөгөөд тэр хайрцагны дотор талд нь 5 ширхэг их, дунд гарын мөнгө аяганууд байсан. Тэдгээр мөнгөн аяганууд дээр “Ардын жүжигчин Гантөмөрт дурсгав, жүжигчин Ц.Гантөмөрт дурсгав” гэх мэт сийлбэртэй байсан. ...” /1хх 38-40/,

гэрч М.Аюурзанын “...М- надад хандан “Манай өрөө рүү цонхоор хүн ороод дотор нь байсан эд зүйлийг хулгайлаад аваад явчихжээ, танай өрөө зүгээр байх шиг байсан” гэж хэлж байсан...” /1хх 42/,

гэрч Л.Батчулууны “...03 цаг хүртэл сэрүүн байж байгаад 03 цагаас 05 цаг хүртэл жаахан хэвтсэн чинь унтчихсан байсан. Тэгээд би 05 цагийн үед сэрээд хийдийн урд байх зулын цөгц доошоо зөөж оруулсан. Тэр үедээ би тойроогүй, анзаараагүй болохоор хулгай орсон байсныг мэдээгүй. ...” /1хх 48-49/,

гэрч Н.Өлзийбүрэнгийн “....би узелийн өрөөнд орж унтаад өгсөн, үүрээр 05 цаг 30 минутын үед би босож гал тогооны цайны ус тавьсан. Тэгээд би эргээд узелийн өрөөнд ороод унтаад өгсөн. ...09 цагийн үед дараагийн жижүүр орж ирсэн тэгээд би ажлаа хүлээлгэж өгөөд буугаад явсан. Гэртээ орж байх үед өнөөдөр гарч байгаа жижүүр Энхсайхан залгаад хулгай орсон байна гээд дуудсан. ...” /1хх 50-51/,

гэрч З.Ариунболдын “...2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр эхнэр, У- ах бид гурав дэлгүүр дээр очиж цэвэрлэгээ хийчихээд эхнэр бид хоёр авах барааны жагсаалтаа гаргасан. Тооцоогоор 300.000-400.000 орчим төгрөгийн бараа авах юм байна гэж тооцоо гаргаад байж байтал У- ах “үүнийг бараандаа нэмэрлээрэй” гээд 600.000 төгрөг өгсөн. Хаанаас тийм мөнгөтэй болсон эсэхийг мэдэхгүй байна. ...” /1хх 56-58/,

Г.У-ын яллагдагчаар өгсөн “...2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр очиж үзээд шөнө нь буюу 20-ноос 21-нд шилжих шөнө хулгай хийхээр очсон. ...” /1хх 90-91/ гэх мэдүүлгүүд,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 8-28/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 30-35/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх 152/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 153-181/, эд зүйлийн үнэлгээ /1хх 84, 208/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн Г.У-ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн,  түүний Бакула Ринбүчийн бурхан шашны “БЭТҮВ” хийдийн няравын өрөөний цонхны решётка төмрийг авч, хууль бусаар нэвтэрч, 10.702.011 төгрөгийн үнэ бүхий биет мөнгө болон эд хөрөнгийг хулгайлан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Г.У-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйлд зааснаар 4 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул өмгөөлөгч П.Дэлгэрийн “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

 

Шүүгдэгч Г.У- “...энэ гэмт хэргийг Б.Чүнчигноровтой хамтран үйлдсэн тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч Ц.М-, гэрч М.Аюурзана, Л.Батчулуун, Н.Өлзийбүрэн, Н.Батзаяа, Н.Нарангавьяа, З.Ариунболд нарын мэдүүлэг болон хүний биед үзлэг хийж, эд зүйл хураан авсан тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтаар Г.У-ын хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэргийг Г.У-той өөр хүн хамтран үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Харин шүүх шүүгдэгч Г.У-оос 9.286.460 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.М-д 5.576.480 төгрөгийг, Бакула Ринбүчийн бурхан шашны “БЭТҮВ” хийдэд 3.709.980 төгрөгийг олгохоор шийдвэрлэхдээ хохирлын хэмжээг буруу тооцсоныг зөвтгөж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулан, шүүгдэгч Г.У-, түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/647 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-оос 9.286.460 төгрөгийг гаргуулан үүнээс хохирогч Ц.М-д 5.576.480 төгрөг, мөн “Бакула Ринбүчийн бурхны шашны БЭТҮВ” хийдэд 3.709.980 төгрөг гаргуулан тус тус олгосугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-оос 9.286.460 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.М-д 6.186.480 төгрөг, Бакула Ринбүчийн бурхан шашны “БЭТҮВ” хийдэд 3.099.980 төгрөг тус тус олгосугай. ...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.У-, түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                       ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН

                       ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН