Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2025/00128

 

“Г” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн

2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 319/ШШ2025/00038 дугаар шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 206/МА2025/00011 дүгээр магадлалтай,

“Г” ХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Ц, Д.Г нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт нийт 13,598,920.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагч Д.Г-н өмгөөлөгч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.“Г” ХК нь Б.Ц, Д.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 13,598,920.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 319/ШШ2025/00038 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Г-с үндсэн зээл 12,906,152.20 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 682,110.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,658.03 төгрөг, нийт 13,598,920.57 төгрөгийг гаргуулан “Г” ХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 225,944 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-с 225,944 төгрөгийг гаргуулан “Г” ХК-д олгож шийдвэрлэжээ.

3.Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 206/МА2025/00011 дүгээр магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 319/ШШ2025/00038 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-д заасныг баримтлан “Г” ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Ц-д холбогдох үндсэн зээл 12,906,152.20 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 682,110.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,658.03 төгрөг, нийт 13,598,920.57 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн хариуцагч Д.Г-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч Д.Г-с үндсэн зээл 12,906,152.20 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 682,110.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,658.03 төгрөг, нийт 13,598,920.57 төгрөг гаргуулах тухай “Г” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Г болон түүний өмгөөлөгч Н.О нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг агуулгын хувьд хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Д.Г-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,345 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагч Д.Г-д буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар гомдол гаргаж байна.

4.1.Тэтгэврийн зээл нь банкны хувьд эрсдэл өндөртэй бүтээгдэхүүн бөгөөд эхний 1-2 удаагийн зээлийн хүсэлтийг зайлшгүй хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байх нөхцөлд олгодог бол зээлдэгчийн зээлийн түүхээс хамаарч дараагийн зээлийн хүсэлтийг цахимаар шийдэх эрхийг нээдэг. Хэрэв хариуцагч Д.Г ЗГ******** тоот тэтгэврийн зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгч болохоор хүсэл зоригоо илэрхийлж, гэрээг баталгаажуулаагүй бол банк нэмэлт зээлийг олгохооргүй байсан. Давж заалдах шатны шүүх зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн хэрнээ хариуцагч Д.Г-с гэрээний үүргийг нэхэмжлэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хэт нэг талын эрх ашгийг баримтлан шийдвэрлэсэн. Хариуцагч Д.Г “...өмнөх 10,000,000 төгрөгийн зээлийн талаар мэдээгүй, хэрэгт авагдсан гэрээн дээрх гарын үсэг минийх мөн, тухайн үед гэрээг анзаараагүй гарын үсэг зурсан нь миний буруу ...” гэх тайлбар гаргасан бөгөөд хэрэгт авагдсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 2.1-д зээлийн хэмжээг 11,494,815.21 төгрөг болгож өөрчилсөн, үүнтэй холбогдуулан эргэн төлөлтийн график шинээр тодорхойлогдсон. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагчийн үндэслэлгүй тайлбарыг хүлээн авсан, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээг үнэлээгүй.

4.2.Хариуцагч зээлийн гэрээг баталгаажуулсан тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.8-д заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэж байна. Тийм учраас Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Мөн зээлдэгч Б.Ц нас барснаар тухайн этгээдийн хувьд зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсноос бус хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд гэрээний үүрэг дуусгавар болоогүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, хариуцагч Д.Г-с 13,598,920.57 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.06.12-ны өдрийн 001/ШХТ2025/00616 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалд найруулгын өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.

7.Нэхэмжлэгч “Г” ХК хариуцагч Б.Ц, Д.Г нараас үндсэн зээл 12,906,152.20 төгрөг, үндсэн хүү 682,110.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,658.03 төгрөг, нийт 13,598,920.57 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэлийн үндэслэлээ: Б.Ц, Х.Б нар 2024.02.05-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 10,475,000 төгрөгийн зээл авч, дараа нь 2024.05.09-ний өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу Б.Ц, Д.Г нар нь 2,180,000 төгрөгийн зээл нэмж авсан. Мөн 2024.06.10-ны өдөр Б.Ц нь Дижитал зээлийн гэрээ байгуулж 2,350,000 төгрөгийн зээлийг авсан боловч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, зээлээ хугацаанд нь төлөх талаар мэдэгдсэн боловч төлөөгүй 90 хоног хэтрүүлсэн. Зээлдэгч Б.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нас барсан тул хамтран зээлдэгч Д.Г-с үүргийг шаардана гэжээ.

Хариуцагч Д.Г нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...Б.Ц 2024 оны 05 дугаар сард манай охины хонхны баяр болох гэж байна, тэтгэврийн 2 сарын зээл болох 2,000,000 төгрөг авах шаардлагатай тул 2 дахь гарын үсэг зураад өгөөч гэж гуйхаар нь би гэрээнд гарын үсэг зурсан. Би түүнийг урьд нь 10,000,000 төгрөгийн зээлтэй болохыг мэдээгүй, надад хэлээгүй. Гэрээнд байгаа гарын үсэг минийх мөн, тухайн үед анзаараагүй гарын үсэг зурсан нь миний буруу. Би эрхэлсэн ажилгүй, хүүхэд маань оюутан. Зээлийг бүхэлд нь төлөх боломжгүй...” гэсэн үндэслэлээр маргасан байна.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “...хариуцагч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан хамтран хариуцагч учир зээлийн гэрээний үүргийг биелүүлэх ёстой, хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн, үүрэг гүйцэтгэхийг урьдчилан сануулсан боловч биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг цуцлах эрхтэй, хамтран зээлдэгч Б.Ц нас барсан байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно, гэрээнд үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой гэж үзэх нөхцөлийг тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүрэг дуусгавар болохгүй бөгөөд нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй...” гэсэн дүгнэлтийг хийжээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагч Д.Г-д холбогдох нэхэмжлэлийг болон хариуцагч Б.Ц-д холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрт өөрчлөлт оруулсан. Магадлалд: “... банк зөвхөн Б.Ц-н тэтгэврийн орлогын хэмжээ, түүний зээл олгох хүсэлт зэргийг үндэслэн зээл олгосон, банк гэрээний үүргийг буцаан төлөх нөхцөлийг дээрх гэрээний хавсралт №1-д тодорхойлон заасан атлаа хамтран зээлдэгч Д.Г-р гэрээний үүргийг буцаан төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хуульд нийцээгүй..., зээлдэгч Б.Ц тэтгэврээ барьцаалж зээл авсан нь түүний хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг бий болгох бөгөөд тэтгэврээ барьцаалж зээл авсан нь зөвхөн түүнд хамааралтай, харин гэрээнд хамтран зээлдэгч гэж гарын үсэг зурсан боловч өөрийн цалин, тэтгэвэр зэрэг ямар нэгэн тогтмол орлогоо барьцаалаагүй хариуцагч Д.Г-д зээлийг төлөх үүргийг хүлээлгэх боломжгүй..., өөрөөр хэлбэл, банк хамтран хариуцагч Д.Г-р зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан нь хэлбэрийн хувьд хуульд заасан хэлцлийн шаардлагыг хангаж байгаа боловч агуулгын хувьд хамтран зээлдэгчээр гэрээ байгуулах, санаа зорилго, хүсэл зоригийн илэрхийлэл Д.Г-д байсан гэдэг нь тогтоогдоогүй...” гэсэн дүгнэлт тусгагджээ.

9.Хоёр шатны шүүх агуулгын хувьд зөрүүтэй шийдвэр гаргасан талаарх нэхэмжлэгч талын гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх, гэрээний талууд хариуцагч Д.Г-д үүрэг үүссэн эсэхийг дүгнэж чадаагүй, давж заалдах шатны шүүх залруулсан нь зөв боловч Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан хэм хэмжээг буруу тайлбарласан анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөвтгөөгүй, улмаар шийдвэрт өөрчлөлт оруулахдаа ойлгомжгүй, найруулгын алдаа гаргасан байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэв.

10.Хэрэгт байгаа баримтаас үзвэл, “Г” ХК нь 2024.02.05-ны өдөр Б.Ц болон Х.Б нартай тэтгэвэр барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, 10,475,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай олгосон, үүний дараа Б.Ц нь 2024.05.09-ний өдөр 2,180,000 төгрөгийг нэмж зээлэн, зээлийн үлдэгдэл хэмжээг 11,494,815.21 төгрөг болгон гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж Д.Г хамтран зээлдэгчээр оролцсон, мөн Б.Ц нь 2024.06.10-ны өдөр Дижитал зээлийн гэрээ байгуулж, 2,350,000 төгрөгийн зээлийг нэмж авсан ба гэрээнд зээлийн үлдэгдлийг 13,396,810.81 төгрөг гэж зааж, гэрээний хавсралтаар зээл буцаан төлөлтийг тохирсон нь тогтоогджээ.

“Г” ХК болон Б.Ц нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зохицуулсан.

2024.05.09-ний өдрийн зээлийн гэрээнд хариуцагч Д.Г хамтран зээлдэгчээр оролцсон боловч эцсийн байдлаар хариуцагч Б.Ц нь зээлийн үүргийг дангаар хариуцан төлөх үүргийг 2024.06.10-ны өдөр байгуулсан дижитал зээлийн гэрээгээр хүлээсэн болохыг анхан шатны шүүх анхаараагүй, давж заалдах шатны шүүх Д.Г-д зээлийн үүрэг үүсээгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон гэж үзнэ. Хариуцагч Д.Г нь 2024.05.09-ний өдрийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон ба 2,180,000 төгрөгийн зээлийг нэмж авахад хүсэл зоригоо илэрхийлсэн байдал тогтоогдож байх боловч зээлдэгч Б.Ц нь 2024.06.10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу өмнөх гэрээний үүргийг тооцож 13,396,810.81 төгрөгийн үндсэн зээлийг 24 сарын хугацаатай, хүүг жилийн 15,6 хувь байхаар тохирч, үүргийг дангаар хариуцахаар гэрээ байгуулжээ. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Д.Г-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдэл үндэслэл бүхий болжээ.

11.Анхан шатны шүүхийн “...Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болдог. Хуулийн энэхүү зохицуулалтын агуулгаар зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тэтгэврийн зээлийн үүрэг зээлдэгч Б.Ц нас барснаар дуусгавар болох тул нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлт буруу болно.

Маргааны үйл баримтад хамааруулан дүгнэхэд, хариуцагч Б.Ц нь тэтгэврээ барьцаалан зээл авсан бөгөөд зээл буцаан төлөх үүрэг нь хариуцагчийн хувийн байдалтай холбоогүй буюу тэтгэврээс үл хамааран төлөгдөх учир Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан хэм хэмжээг хэрэглэх ёсгүй байжээ. Анхан шатны шүүх тэтгэвэр нь барьцааны зүйл болохыг анхаараагүйгээс гадна тэтгэврийг хувийн байдалтай салшгүй холбоотой гэж үзсэн нь хуульд нийцээгүй.

12.Хариуцагч Б.Ц нь иргэний хэрэг үүсгэснээс хойш 2024.06.25-ны өдөр нас барсан нь нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-д зааснаар “зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй бол”, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “хэргийг хэрэгсэхгүй болгоно...” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдэл хууль зөрчөөгүй байна.

Иймд шийдвэр, магадлалд найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 206/МА2025/00011 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 319/ШШ2025/00038 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “Г” ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Ц-д холбогдох зээлийн үүрэгт 13,598,920.57 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Г-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 225,944 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025.05.09-ний өдөр төлсөн 225,945 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ

            ШҮҮГЧИД                                                     Н.БАТЗОРИГ

                                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                      Д.ЦОЛМОН

                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД