Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 138/ШШ2022/00138

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 138/ШШ2022/00138

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Хэрлэн сумын 3 дугаар баг, Овоот а3 гудамж, 2-3 оршин суух бүртгэлтэй, Дорнод аймаг, Хэрлэн сумын 7 дугаар баг, Гардан 4-14 тоотод түр оршин суух, ГМ88080506 регистрийн дугаартай, Шарнууд овогт Мягмарсүрэнгийн Наранзулын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, Хэрлэн сумын 3 дугаар баг, Овоот а3 гудамж, 2-3 оршин суух бүртгэлтэй, Дорнод аймаг, Хэрлэн сумын 7 дугаар баг, Гардан 4-14 тоотод түр оршин суух, ЖЮ86102876 регистрийн дугаартай, Иөншөөбү овогт Мэндбаярын Батбилэгт холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:   

Нэхэмжлэгч М.Наранзул /цахимаар/

                        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа /цахимаар/

                      Хариуцагч М.Батбилэг /цахимаар/

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд /цахимаар/

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяамандах

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Наранзул нь хариуцагч М.Батбилэгт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч М.Наранзул, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...М.Батбилэг бид хоёр 2006 онд хамтран амьдарч эхэлсэн. 2012 онд гэрлэлтээ батлуулсан. Энэ хугацаанд 2010.03.18-нд охин Халиун, 2011.11.07-нд хүү Хангай, 2014.06.24-нд хүү Хангал, 2016.08.09-нд охин Хуланг тус тус төрүүлсэн. Намайг дэлгүүр хоршоо гарах, ажил төрөл хөөцөлдөхөөр орж гарахад мөрдөж мөшгин эрх мэдлээ ашиглан камер шалгадаг. Миний бие 2019 оноос Юнителийн салбарт ажиллаж эхэлсэн. Байнга мөрдөж мөшгин, алхам тутамд хаана байгаа, ажил дээрээ байгаа эсэх, орсон гарсан болгоныг шалгааж хэрүүл өддөг. Ер нь сүрдүүлж, хүч хэрэглэж зоддог байсан. Цахилгаан бороохой, хутга барьж айлгах, өшиглөх, алгадах, юм авч шидэх зэргээр гэмтэл хохирол учруулж байсан. Ажлын газрынхан нь мэднэ. Дарга нар нь хурлаар авч хэлэлцэж байсан. Сэтгэл зүйч нь ч зөвлөж байсан. Мөн би хамгаалах байранд хэдэн удаа очиж байсан. Үр хүүхдүүдээ бодож өдийг хүртэл тэссэн. Хоёр удаагийн шүүх хурал хойшлох үед хүүхдүүддээ, амьдралаа бодмоор байна гэж байсан учир эвлэрэх бодолтой юм байна гэж ойлгож байсан ч тийм бодолгүй байсан юм байна. Хэрэв гэр бүлээ бодоод цаашид хамт амьдрах бодолтой байсан бол энэ байдал нь надад мэдрэгдэх байсан байх. Тийм зүйл болоогүй, тиймээс ч би салах шийдвэр гаргасан. М.Батбилэгт цаашид яах талаараа ярилцах гэхээр чи сална гээ биз дээ, тэгээд сална л биз дээ гэдэг. Эх хүний хувьд хүүхдүүдээсээ сална хагацна гэдэг байж боломгүй асуудал. Үнэхээр Батбилэг хүүхдүүддээ хайртай юм бол ээжийг нь хайраар дутаахгүй байж болох байсан. Батбилэгийн хувьд хүүхдүүдээ өөрөө авах, хувааж авах гэдэг зүйл ярьж байгаа нь хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэсэн санаа явж байгааг харуулж байна. Тиймээс дөрвийн дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөсөн учир хүүхдүүдийг ээжийнх нь асрамжид үлдээж, тэтгэлгийг тогтоолгох нь зүйтэй. Хүүхдүүд эхийгээ үгүйсгээгүй. Үнэхээр цаашид тэвчих аргагүй тул гэрлэлтээ цуцлуулах, хүүхдүүдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Эд хөрөнгийн маргаанаа тусад нь дараа шийдвэрлүүлнэ...” гэв.

Хариуцагч М.Батбилэг, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар хариу тайлбартаа: “...Би М.Наранзултай 2006 оноос эхлэн гэр бүл болж, 15 жил хамт амьдарч байна. Энэ хугацаанд 4 хүүхдийн эцэг эх болсон. 2012 онд гэрлэлтээ батлуулсан. Амьдрах хугацаанд сайдах, муудах зүйл гараагүй гэж хэлэхгүй. Гэхдээ сүүлийн 2 жил эхнэртээ нэг ч удаа гар хүрч, ширүүн хандаагүй. Миний хайр халамж, хүүхдүүддээ тавьж буй анхаарал халамжийг үгүйсгэж болохгүй байх. Хүүхдүүд минь бидний гэр бүл салалтыг зөвшөөрөхгүй. Би эхнэрийгээ үр хүүхдүүдээ бодож зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Би гэрлэлтээ цуцлуулахыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Хүүхдүүдээ өнчрүүлэхгүй. ...Хүүхдүүдийн анхаарал халамжид Наранзулын оролцоо бага байна. Хүн ажилтай байж болно, ажлаа тараад гэрүүгээ ярдаг баймаар байна, хаашаа, хэнтэй уулзахаар явах уу гэж боддог баймааргүй байна. Хүүхдийн мөнгө насаар нь өгөх мөнгө биш, Наранзул хэдэн төгрөгийн цалинтай ажилтай билээ. Хүүхдүүдийнхээ хэрэгцээ, шаардлагыг хангаад аваад явах боломж нь юу билээ гэдгийг анхаарах хэрэгтэй. Хүүхэд дассан орчиндоо ээлтэй байдаг. Наранзул хүүхдүүддээ аваад ээж, аавынхаа нутагт очно гэж ярьдаг. Гэтэл тэнд амьдрах нөхцөл нь ямар байгаа билээ. М.Батбилэг болохгүй байна гэж ярьж байна. Үнэхээр Батбилэг гэж хүн болохгүй байна гэж хараад байвал болохгүй л харагдана. Намайг өөрчлөгдөхийг хүлээж байна гэж ярихын оронд өөрөө өөрчлөгдөх зүйл юу хийсэн бэ, би энэ амьдралаа авч үлдэхийн тулд юу хийсэн билээ гэдгээ бодож үзээч гэж хэлмээр байна. Өөрийнхөө гэр бүлээс гадуурх харилцаанаас болж салж байгаа асуудлаа гэр бүлийн хүчирхийллээс болж салж байгаа мэтээр харагдуулах гэдэг. Гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна, хүүхдүүдээ өөрийн асрамжид авна. Хүүхдүүддээ хайнга ханддаг хүнд дөрвийн дөрвөн хүүхдээ өгч явуулчихаад би юу бодож амьдрах вэ. Гэхдээ миний хүүхдийн гаргасан саналыг хүндэтгэнэ. Хоёр хүүхэд маань аавтайгаа байх санал гаргасан. Эцэг нь хамт байхад хүүхдүүддээ хайр халамж, анхаарал тавьж чадахгүй байж, ганцаараа яаж хүүхдүүддээ өсгөх вэ. Бүр болохгүй тохиолдолд хүүхдүүдээ хоёр, хоёроор нь асрамждаа авъя гэдгээ илэрхийлж байгаа. Хүүхдүүддээ өөрийнхөө асрамждаа авсан тохиолдолд Наранзулаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэдгээ ч илэрхийлсэн...” гэв.

Нэхэмжлэгч талаас гэрлэлтийн гэрчилгээний болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдүүд эрүүл бойжиж байгаа болон ЕБС-д суралцаж буй тухай тодорхойлолтууд, Хэрлэн сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021.01.13-ны өдрийн тодорхойлолт, тус шүүхийн шүүгчийн 2020.04.10-ны өдрийн 138/ШЗ2020/01413 дугаар “Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай”, 2020.10.20-ны өдрийн 138/ШЗ2020/03568 дугаар “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан тухай” захирамжуудын хуулбар, “БЭТАС” ХХК-ийн 2021.04.01-ний өдрийн 012 дугаартай албан бичгийн хуулбар, Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2021.03.11-ний өдрийн 50 дугаартай албан бичиг, Юнител ХХК-ийн Дорнод салбарын 2021.04.09-ний өдрийн албан бичиг, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын 2020.08.17-ны өдрийн Хариу мэдэгдэх хуудас, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020.10.12-ны өдрийн 11е/6451 тоот албан бичгийн хуулбар, биеийн хэсэг болон урагдсан хувцсыг харуулсан фото зургууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гар утаснаас “гарах дуудлагын хэсэг”-ийг фото зураг хэлбэрээр гаргаж ирүүлсэн хуулбар баримт, Дорнод аймгийн Прокурорын газрын прокурорын 2020.08.24-ний өдрийн 4/664 дугаартай тогтоолын хуулбар, фэйсбүүк чатаар харилцсан мессежний зургууд, Ч.Ганхуяг гэх иргэний мэдээлэл, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, М.Наранзулаас Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, “Ажиллахгүй”, “Дүрстэй боловч дуугүй” гэх бичвэр бүхий 2 ширхэг CD (хх 5-10, 22-24, 27-32, 37, 61-75, 113, тал),

Хариуцагч талаас фэйсбүүк-т Жаргал Дөлгөөн гэх хаягаас дорнодын ээжүүд ЗӨВХӨН ЗАР групп дээр тавьсан мэдээллийн зураг, 0110 ДОА улсын дугаартай автомашины зураг, гар утсаар болон фэйсбүүк чатаар харилцсан мессежний зургууд, биеийн хэсгийг харуулсан фото зургууд, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын 2022.01.25-ны өдрийн 36/85 дугаартай албан бичиг, 2021 оны цалингийн картын хуулбар, дансны хуулга гэх баримтуудын хуулбар, 2021.01.15-ны өдрийн 85 дугаар “Орон сууцны захиалга, худалдах, худалдан авах гэрээ”-ний эх хувь, 000874017 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “Аудио”, “Бичлэг” гэх бичвэр бүхий 2 ширхэг CD зэрэг баримтуудыг (хх 38-47, 176-191, 194-206 тал) тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.

Нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрчээр Ц.Оюундарийг асуусан тэмдэглэл, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын 2022.01.13-ны өдрийн 36-61 дугаартай албан бичиг, тус Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Ууганбаярын 2021.01.27, 2021.10.26-ны өдрүүдэд М.Наранзулыг асууж авсан тайлбаруудын хуулбар, тус Цагдаагийн газрын даргын 2021.02.19-ний өдрийн Б/13, 2021.12.03-ны өдрийн Б/93 дугаар Цагдаагийн дэслэгч М.Батбилэгт сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалуудын хуулбар, Эрх бүхий албан тушаалтны 2021.09.06-ны өдөр “Хохирогчоос мэдүүлэг авсан тухай” тэмдэглэлийн хуулбар (хх  101-102, 135-143 тал),

Хариуцагч талын хүсэлтээр гэрлэгчдэд эвлэрэх хугацаа олгож шийдвэрлэсэнтэй холбоотой тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2021.05.20-ны өдрийн 138/ЭТ2021/00194 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай” тэмдэглэл, Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүл, хүүхдийн хөгжил хамгааллын албанаас 2021.12.21-ний өдөр гаргасан “Шинжээчийн дүгнэлт”, шүүхээс 2022.01.24-ний өдөр хариуцагчийн гар утсанд “Үзлэг хийсэн тухай тэмдэглэл”, тус тэмдэглэлийн хавсралт зэрэг баримтуудыг (хх 25-26, 96, 120-126, 154-175, 193 тал) тус тус шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч М.Наранзул нь тус шүүхэд хариуцагч М.Батбилэгт холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжин оролцсон болно. (хх 1-2 тал)

Хариуцагч М.Батбилэг нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эс зөвшөөрч, марган тайлбараа ирүүлж байсан боловч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч, маргасан болно. (хх 18 тал)

Нэхэмжлэгч М.Наранзул, хариуцагч М.Батбилэг нар нь 2006 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 133 дугаарт бүртгүүлж гэрчилгээ авсан байх ба тэдний дундаас 2010 оны 03 дугаар сарын 18-ны өдөр охин Б.Халиун, 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүү Б.Хангай, 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүү Б.Хангал, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр охин Б.Хулан нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, 0128602 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ болон хүүхдүүдийн 0395340 Г-1316, 0000702856 ТГ-1023, 2101000583, 2101000717 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдүүдийн эрүүл бойжиж байгаа тухай “Асралт-үйлс” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хх 1-2, 4-6, 8-10, 18 тал)

Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаандаа сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүй, бие биеэ үл хүндэтгэх, үзэл бодлын зөрүүтэй байдал гаргах, харилцан бие биеийнхээ биед гар хүрэх, хариуцагч М.Батбилэг нь эхнэрийгээ бусадтай хардах, мөрдөж мөшгөх гэх мэт асуудлуудаас үүдэж гэрийн дотор таарамжгүй харьцаа бий болдог байсан нь зохигчдын тайлбар болон нэхэмжлэгч, хариуцагч нарын биеийн хэсгийг харуулсан фото зургууд, хариуцагчийн гар утсанд үзлэг хийж тэмдэглэл үйлдэн баталгаажуулсан фэйсбүүк чатаар нэхэмжлэгч, хариуцагч нарын харилцсан мессежүүд, ”гэрч Ц.Оюундарийн“...Наранзул эгчтэй албан өрөөнөөсөө өөр газруудад уулзахад араас нь дагаж, мөрдөж “энд хэнтэй уулзах гэж байгаа юм” гэж байсан. Дагадаг, хардаж мөшгөдөг гэдэг нь үнэн. Утсыг нь байнга шалгадаг...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. (хх 1-2, 18-20, 64-65, 101-102, 154-175, 184-191 тал)

Хариуцагч М.Батбилэг нь Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгчээр ажилладаг байх бөгөөд нэхэмжлэгч М.Наранзул нь дээрх асуудлуудаас болж тус Цагдаагийн газарт удаа дараа гомдол, мэдээлэл гаргаж, тус газрын сэтгэл зүйчээс олон удаагийн зөвлөгөө авдаг, сэтгэл зүйч нь мөн хариуцагч М.Батбилэгт сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг байсан, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын дарга нь тушаал гаргаж М.Батбилэгт 2 удаа сахилгын шийтгэл ногдуулж байсан, мөн нэхэмжлэгч М.Наранзул нь 2019-2020 онд Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогч, хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах “Нэг цэгийн үйлчилгээний төв”-д 3 удаа нийт 24 хоногийн аюулгүй байдлын үйлчилгээ авч байсан зэрэг үйл баримтууд хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тус тус тогтоогдож байна. (хх 24, 101-102, 134-143 тал)

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Батбилэг, түүний өмгөөлөгч Д.Урансувд нарын гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүхээс гэрлэгчдэд эвлэрэх 2 сарын хугацаа зааж, гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлсэн боловч гэрлэгчид эвлэрэх талаар санал нэгдээгүй, эвлэрүүлэн зуучлал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэр бүлээ үргэлжлүүлэх санаачилга гаргаагүй, эвлэрээгүй тул тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээг дахин авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ. (хх 48-55, 96 тал)

Нэхэмжлэгч М.Наранзул нь 2010 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Б.Халиун, 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.Хангай, 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Б.Хангал, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Б.Хулан нарыг өөрийн асрамжид авах, эцгээс нь тэтгэлэг гаргуулах санал гаргасныг хариуцагч М.Батбилэг болон түүний өмгөөлөгч Д.Урансувд нар эс зөвшөөрч “...Эцэг нь хамт байхад хүүхдүүддээ хайр халамж, анхаарал тавьж чадахгүй байж, ганцаараа яаж хүүхдүүддээ өсгөх вэ. 4 хүүхдээ өөрөө авах саналтай байна. Бүр болохгүй тохиолдолд хүүхдүүдээ хоёр, хоёроор нь асрамждаа авъя гэдгээ илэрхийлж байна...” гэж маргадаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, Арван долдугаар зүйлийн 2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь ...тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах нь чухал юм.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт “Хүүхэд долоо ба түүнээс настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзана” гэж заасан бөгөөд Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүүхэд эцэг, эх нь тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй боловч охин Б.Хулан нь бага насны буюу 7 нас хүрээгүй байх тул эцэг, эхийнхээ хэнтэй нь амьдрах талаар саналаа илэрхийлэх боломжгүй байна.

Харин хуульд заасны дагуу шүүх 7 ба түүнээс дээш насны хүүхдүүд болох охин Б.Халиун, хүү Б.Хангал, Б.Хангай нарын саналыг авсан бөгөөд охин Б.Халиун “Аавтайгаа хамт амьдарна, тэгээд зуны амралтаараа ээж рүүгээ явна” гэж, хүү Б.Хангай “Би ээжтэйгээ хамт амьдарна, амралтаараа аавтайгаа уулзаж байна” гэж, хүү Б.Хангал “Аавтайгаа хамт байхыг хүсэж байна” гэж тус тус саналаа хэлсэн байна. (хх 25-26, 193 тал)

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт “Гэрлэгчид энэ хуулийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх... асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь энэ хугацаанд хүүхдүүдийн асрамжийн талаар тохиролцож чадаагүй ба хэн аль нь 4 хүүхдээ өөр өөрийн асрамжид авах талаар маргадаг тул шүүх хариуцагч талын хүсэлтээр хүүхдүүдийг эцэг эхийнхээ хэнийх нь асрамжид айх аюулгүй, эрүүл саруул, сэргэлэн цовоо өсөх боломжтой талаар мэргэжлийн байгууллага болох Дорнод аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын шинжээч нараар судлуулан “Шинжээчийн дүгнэлт” гарсан болно. (хх 106-109, 120-126 тал)

Дорнод аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын шинжээч нарын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтээр нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн алины асрамжид хүүхдүүд амьдрахад тэдний хүмүүжилд сөргөөр нөлөөлж болохуйц нөхцөл байдлын талаар дүгнэгдээгүй ба шүүх хүүхдүүдийн асрамжийг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтэд дурдсан “...гэрийнхнээсээ хамгийн дотно харилцдаг хүн нь охины аав нь байдаг...” гэх охин Б.Халиуны талаар дүгнэсэн дүгнэлт, түүний “...Аавтайгаа хамт амьдарна...” гэсэн санал, хүү Б.Хангалын “...Аавтайгаа хамт байхыг хүсэж байна...” гэсэн санал зэргийг үндэслэн тэднийг эцгийнх нь асрамжид,

хүү Б.Хангайгийн хувьд шинжээчийн дүгнэлтэд дурдсан “...дотно харилцдаг хүн нь ээж нь байдаг...” гэх дүгнэлт, түүний “...Би ээжтэйгээ хамт амьдарна...” гэсэн санал, охин Б.Хулангийн хувьд 5 нас, 5 сартай байдал, мөн шинжээчийн “...хэн нь ч хүүхдүүдээ өсгөх чадамжтай, судлуулагчийн хэнтэй ч хүүхдүүд хамт амьдрахад айдас түгшүүргүй, аюулгүй орчинд өсөж хөгжих боломжтой...” гэсэн дүгнэлт зэргийг үндэслэн тэднийг эхийнх нь асрамжид тус тус үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 4 хүүхдийн тэтгэлэг нэхэмжилж байх боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт эцэг, эх үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, тэжээн тэтгэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр зааснаас үзвэл шүүх хүүхдүүдийг эцэг, эхийн хэн алиных нь асрамжид үлдээхээр шийдвэрлэснээр тэдний үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүрэг адил байх тул хэн хэнээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.4, 26.6-д тус тус зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус нэхэмжлэгч, хариуцагч нарт мэдэгдэх нь зүйтэй.

Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь эд хөрөнгийн талаарх маргаанаа тусад нь нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлнэ гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.

Түүнээс гадна нэхэмжлэгч, хариуцагч талуудаас хэрэгт “БЭТАС” ХХК-ийн 2021.04.01-ний өдрийн 012 дугаартай албан бичгийн хуулбар, фэйсбүүк-т Жаргал Дөлгөөн гэх хаягаас дорнодын ээжүүд ЗӨВХӨН ЗАР групп дээр тавьсан гэх мэдээллийн зураг, 0110 ДОА улсын дугаартай автомашины арын хэсгийг харуулсан зураг, гар утсаар болон фэйсбүүк чатаар харилцсан гэх баримтууд, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020.10.12-ны өдрийн 11е/6451 тоот албан бичгийн хуулбар, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гэх гар утаснаас “гарах дуудлагын хэсэг”-ийг харуулсан фото зураг, 2021 оны цалингийн картын хуулбар, дансны хуулга гэх баримтуудын хуулбар, 000874017 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “ажиллахгүй”, “Дүрстэй боловч дуугүй”, “Аудио”, “Бичлэг” гэх бичвэр бүхий 4 ширхэг CD зэрэг баримтуудыг ирүүлсэн бөгөөд эдгээр баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан баримт байна гэж үзэх боломжгүй баримтууд байх тул шүүх дээрх баримтуудыг үнэлээгүй болно. (хх 37-47, 63, 66, 177-183, 195-202, 206 тал)

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 232 803 төгрөгийг төлсөн байх ба үүнээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад ногдох 70 200 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод үлдээж, төсвийн орлогоос илүү төлсөн 162 603 төгрөгийг буцаан гаргуулж, мөн хариуцагч М.Батбилэгээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч М.Наранзулд олгож шийдвэрлэх нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Иөншөөбү овогт Мэндбаярын Батбилэг /ЖЮ86102876/, Шарнууд овогт Мягмарсүрэнгийн Наранзул /ГМ88080506/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2010 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Б.Халиун /УП10231848/, 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Б.Хангал /ЖЮ14262416/ нарыг эцэг М.Батбилэгийн асрамжид, 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.Хангай /ЖЮ11310738/, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Б.Хулан /ЖЮ16280905/ нарыг эх М.Наранзулын асрамжид тус тус үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.4, 26.6-д тус тус зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг тус тус нэхэмжлэгч М.Наранзул, хариуцагч М.Батбилэг нарт мэдэгдсүгэй.

4. Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэгч нь эд хөрөнгийн талаарх маргаанаа тусад нь нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлнэ гэснийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 803 төгрөгийн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос илүү төлсөн 162 603 /нэг зуун жаран хоёр мянга зургаан зуун гурав/ төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч М.Батбилэгээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч М.Наранзулд олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ЖАРГАЛТУЯА