| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 129/2021/00717/И |
| Дугаар | 129/ШШ2022/00093 |
| Огноо | 2022-01-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 129/ШШ2022/00093
129/ШШ2022/00093
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймгийн Б сумын З багийн Б-ийн 01-02 тоотод оршин суух, Д.Т-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймгийн Б сумын З багийн Булгийн 01-02 тоотод оршин суух, Ц.Г-т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т, хариуцагч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Т миний бие Ц.Гтай 2008 онд анх танилцаж улмаар дотносон 2009 онд нэг гэртээ орж амьдарсан. Бидний дундаас 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүү Г.Ө төрсөн. Одоо эрүүл энх өсөн бойжиж байна. Бид хоёр 2009 оноос эхлэн хамтран амьдарч байсан боловч гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан. Гэтэл гэрлэлтийн баталгаа хэрэг болоод 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж иргэний улсын бүртгэлийн ............... дугаар бүхий гэрлэлтийн гэрчилгээ авсан юм. Ц.Г нь надтай сууснаас хойш хэдэн жилийн дараа буюу 2019 оноос эхлэн ааш зан нь хувирч намайг зодож нүддэг, хэл амаар доромжилдог болсон. Ц.Г намайг зодохдоо нүүр нүд рүү цохих, хөл гар руу өшиглөх, үснээс зулгааж чирэх, хоолой боох зэргээр зоддог бөгөөд хамар, нүүр рүү цохиж нүд нүүр хөхөрч хавдсан ба хамар мурийлгасан. Би одоо болтол хамраа засуулж чадаагүй муруй хамартай явж байна. Хамрын муруйгаас болж миний хамар битүүрдэг мөн унтаж амарахад амьсгал авахад хүндрэлтэй хэцүү байдаг. Ц.Г нь ганц намайг зоддог бус хүүгээ ялихгүй зүйлээр шалтаглан загнаж зоддог. Миний хүү ааваасаа маш их айдаг. Мөн Ц.Г нь гэр бүлээс гадуур н.О гэх эмэгтэйтэй холбоотой болж хүүхэд нь хүртэл гарсан байна. Ц.Г бид хоёр зан харилцаа, үзэл бодлын хувьд таарч тохирохгүй болсон, бие биедээ итгэх итгэл алдарсан, сэтгэл хөрсөн. Ц.Гийн гэр бүлийн хүчирхийлэл, дарамтанд амьдарч чадахгүйд хүрсний улмаас одоо хүү бид хоёр тусдаа амьдарч байна. Хүү бид хоёр цаашид хамтран амьдрах хүсэлгүй байна. Бид дундын өмчийн ямар нэгэн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Г.Ө-г миний асрамжид үлдээж, Ц.Гаас хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Т бид хоёр 2008 онд танилцаж, 2009 онд гэр бүл болж нэг гэрт орсон. 2012 онд хүү Г.Ө төрсөн. 2019 онд нэг асуудал байхын хувьд байсан боловч сүүлдээ больсон. Уг нь Д.Т-аас салмааргүй байна. Хүүхдээ өнчрүүлмээргүй байна. Г.Өг утсаар тоглоод байхаар нь жаахан зодсон. Д.Т бид хоёр тусдаа амьдраад сар гаруй болж байна. Би тусдаа амьдрах хугацаандаа байнга хүүхэдтэйгээ уулзаад явдаг гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Ц.Гт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Т, Ц.Г нар нь 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүү Г.Ө төрсөн ба одоо хүү Г.Ө одоо эх Д.Тын хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн №........... дугаартай нотариатаар гэрчлүүлсэн гэрчилгээний хуулбар хувь, Г.Ө-н төрсний гэрчилгээний №............. дугаартай нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хувь, А аймгийн Б сумын З багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4/1173 дугаартай тодорхойлолт, Г.Өн эрүүл бойжиж байгаа талаар тодорхойлсон А аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гэрлэлт цуцлуулах шаардлагын тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Д.Т нь “...Ц.Г-ийн ааш зан нь хувирч намайг зодож нүддэг, хэл амаар доромжилдог болсон. Ц.Г намайг зодохдоо нүүр нүд рүү цохих, хөл гар руу өшиглөх, үснээс зулгааж чирэх, хоолой боох зэргээр зоддог бөгөөд хамар, нүүр рүү цохиж нүд нүүр хөхөрч хавдсан ба хамар мурийсан. Ц.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг тул гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон...” гэдгээ илэрхийлсэн, хариуцагч Ц.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар өгөөгүй ба шүүх хуралдаанд “...Уг нь Д.Т-аас салмааргүй байна. Хүүхдээ өнчрүүлмээргүй байна.” өгдөг хэдий ч нэхэмжлэгчтэй эвлэрэх талаар санал санаачлага гаргаагүй, мөн түүнийг зодож, хэл амаар доромжилдог, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэдэггүй тул гэрлэгчдийг эвлэрүүлэх талын арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв. Тэдний гэрлэлтийг цуцлахад Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, зохигчид тусдаа амьдарч байгаа болно.
Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах шаардлагын тухайд:
Гэрлэгчид нь хүүхдийн асрамж, тэтгэлэгийн тал дээр маргаагүй ба хүүхдийн өсөж хүмүүжих ахуй нөхцлийн болон хайр халамж шаардагдах онцлог, нас, одоо эхийн асрамжид байгаа нөхцөл нь түүний эрх ашигт нийцэхгүй гэж үзэх үндэслэл байхгүй зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Г.Өг эх Д.Тын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Ц.Г-р хүү Г.Өг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар маргах хамтран эзэмших дундын эд хөрөнгөгүй гэснийг мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хариуцагч Ц.Г-ийг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч Д.Т нь саад учруулах, хориглох эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн 1 жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамжинд 35,337 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Д.Т, Ц.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Г.Ө г эх Д.Т-ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Г.Ө 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Г-аар сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Т-т даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулж, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг тайлбарласугай.
7 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Ц.Гаас 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Тт, 1 жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 35,337 төгрөгийг орон нутгийн орлогод тус тус олгосугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлтийг цуцалсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Б.Анхтуяа/-д даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА