| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Насанжаргал |
| Хэргийн индекс | 203/2020/0045/Э |
| Дугаар | 60 |
| Огноо | 2020-09-30 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 60
Ц.Ц, Э.Д нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор В.Төгсбаяр,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.А,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Энхбаяр
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/104 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Э.Д, Ц.Ц нарт холбогдох 2029000360064 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч, иргэний нэхэмжлэгч “Т” ХХК-ий давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ам бүл 2, аавын хамт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Монгол Улсын иргэн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
Шүүгдэгч Э.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд байрлах “Т” ШТС-42 салбарын түгээгчээр ажиллаж байх хугацаандаа салбарын эрхлэгч Ц.Ц-той бүлэглэн байгууллагынхаа орлого мөнгөнөөс 58,656,611 төгрөгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан,
Ц.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд байрлах “Т” ШТС-42 салбарын эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа түгээгч Э.Д-той бүлэглэн байгууллагынхаа орлого мөнгөнөөс 58,656,611 төгрөгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь шүүгдэгч Э.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, Ц.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Ц.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ц.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Э.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-д оногдуулсан 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Э.Д-д оногдуулсан 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц, Э.Д нараас 46.656.611 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, шүүгдэгч Ц.Ц, Э.Д нар цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Ц.Ц, Э.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Т” ХХК давж заалдах гомдолдоо:
Анхан шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэргийг яаж үйлдсэн, хэн үйлдсэн, гэмт хэргийг үйлдэхэд нөлөөлсөн байх шалтгаан, нөхцөл зэрэг байдлуудыг нотлоогүй шийдвэрээ гаргалаа гэж үзэж байна. Хэргийг зөвхөн Ц.Ц, Э.Д нар үйлдээгүй байх бүрэн боломжтой. Учир нь тус компанийн мөнгийг энэ хүмүүсээр дамжуулан авсан Б гэгч нь ШТС байнга бэлэн мөнгөтэй байдгийг судалж бүлэглэн энэхүү хэргийг үйлдсэн гэж үзэж байна. Мөн Ц, Д нарыг хариуцан ажиллаж байсан нягтлан бодогч П.Г нь тэдэнтэй үгсэн хуйвалдаагүй бол компанид ийм хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг гарах ёсгүй юм. Ц.Ц, Э.Д нар нь нягтлан бодогч П.Г-д нуун дарагдуулах зорилгоор мөнгө өгч байсан талаараа ч ярьсан байдаг. Иймд энэ хүмүүсийг хамруулан хэргийг шалгах, шийдвэрлэх ёстой юм. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй хийлгэх шаардлагатай байгаа болно. Мөн мөрдөн байцаалтын явцад шүүгдэгчдийн эд хөрөнгийг битүүмжлэх зэрэг ажиллагаа хийгээгүйгээс ихэнх хохирол төлөгдөөгүй өдий хүрлээ.
Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж буруу заажээ. Гэтэл шүүгдэгч нар гэмт хэргийг үгсэн хуйвалдаж, шунахай сэдэлтээр бүлэглэн үйлдсэн байна. Мөн шүүх шүүгдэгч нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн хууль буруу хэрэглэжээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг биелүүлэлгүй хэргийг нэг талыг барьж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарт илт хөнгөн ял оноосноос харагдаж байна. Улсын яллагч шүүгдэгч нарт 3 болон 2 жилийн хорих ял сонсгожээ. Гэтэл шүүх үүнийг огт харгалзалгүй торгуулийн ял оноосон нь буруу юм.
Учруулсан хохирлоо ч төлөхгүй байгаа хүмүүст торгуулийн ял оноох нь шүүхийн шийдвэр биелэх, үндэслэлтэй байх шаардлагад ч нийцэхгүй. Хуульд зааснаар хүнд гэмт хэрэг үйлдсэн байгаад шүүх бодитой дүгнэлт хийх ёстой байв. Шүүгдэгч нар шүүх хуралдаанд гэмт хэргийг хамтран үйлдээгүй хэмээн илт худал мэдүүлэг өгч хэргээ нэгэндээ үүрүүлж ял завшихыг оролджээ. Иймд шүүх тэднийг үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа гэж дүгнэсэн нь өрөөсгөл юм.
2020.07.08-ны өдрийн 2020/ШЦТ/104 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд Ц.Ц, Э.Д нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр хууль ёсны ба үндэслэл байх шаардлага хангаагүй байна гэж дүгнэлээ. Үүнд:
1. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гомдол мэдээллийг шалгаагүй, хохирогч, иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоогоогүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн байна.
Хүн, хуулийн этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх зүйн байдлаар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн хүн хуулийн этгээдийг хохирогч”, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...учирсан ...хохирлыг нөхөн төлүүлэх,, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч” гэж нэрлэж, эрх, үүрэг хариуцлагыг өөрөөр хуульд заасан.
“Т” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагдаагийн тасагт Ханбогд сумын төвд байрлан үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцын эрхлэгч Ц.Ц, түгээгч Э.Д, нягтлан бодогч П.Г нарын үйлдлийг шалгуулахаар албан бичиг хүргүүлсэн нь хэргийн 14 дүгээр хуудсанд авагджээ. Дээрх албан бичигт компанийн гэрчилгээ, итгэмжлэл хавсаргав гэсэн боловч уг баримт хэрэгт байхгүй байна. /хэргийн 014 дүгээр хуудас/
Хэрэгт П.Г-ийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авч шалгасан, хянан үзээд гаргасан шийдвэр, шийдвэрээ “Т” ХХК-д танилцуулсан эсэх талаарх нотлох баримт авагдаагүй тул мөрдөгч, прокурорыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 30.7 дугаар зүйл, 30.8 дугаар зүйлд заасан гомдол мэдээлэл хүлээн авах, шалгах, шийдвэрлэх үүргээ хууль бус эс үйлдэхүйгээр зөрчсөн, улмаар тэдний гаргасан шийдвэрт мөн хуулийн 15.1 дүгээр зүйлд зааснаар гомдол гаргах оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.
Хэргийн 08, 13, 25, 27 дугаар хуудсанд авагдсан мөрдөгчийн тогтоол, тэмдэглэлээс үзвэл иргэн Б.А-аас “...“Т” ХХК-ийн ШТС-42 дугаартай салбараас орлого дутсан...” гэх мэдээлэл өгснөөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, иргэн Б.А-ийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ. Шалгасан үйл баримт нь “Т” ХХК-ий албан бичигт дурдсан гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгасан гэхээр байх тул хохирогч нь хүн буюу иргэн Б.А, эсхүл хуулийн этгээд болох “Т” ХХК-ний аль нь болохыг бүрэн тогтоогоогүй гэж үзнэ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдоогүй Б.А-ийг “Т” ХХК-ий хууль ёсны төлөөлөгч гэж шүүх хуралдаанд оролцуулж, мөн хохирогчоор тогтоогдоогүй “Т” ХХК-ий нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, үйл ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 3.5-т заасантай нийцээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл иргэний хувиар хэргийн оролцогчоор тогтоогдсон Б.А нь хууль ёсны төлөөлөгчөөр томилогдоогүй тохиолдолд түүнд “Т” ХХК-ийг төлөөлж хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хариуцлага хүлээх эрх, үүрэг үүсэхгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох шийдвэр гаргана гэж зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хохирогчоор “Т” ХХК-ийг тогтоох боломжтой боловч мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч, прокурор нь хохирогч хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохоор заасан тул шүүхээс хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоож, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй байна.
Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэдэг.
Иймд “Т” ХХК-ий гомдлыг шалгаж, тухайн компанийг эсхүл хуулийн этгээдийн эрхтэй бол “ШТС-42” салбарыг хохирогч мөн эсэхийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоох шаардлагатай. Хэрвээ гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдвол тэдгээрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан эрх үүргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан худал мэдүүлэх гэмт хэрэг, түүнд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулж, тайлбарлах ажиллагаа явуулах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн шүүхэд хандах эрхийг хангах зарчимд нийцнэ.
2. Яллах дүгнэлт хуульд заасан шаардлага хангаагүй байна. /132-134 дүгээр хуудас/
Хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Гэмт хэрэг гэсэн хоёрдугаар бүлгийн зохицуулалтаар гэмт хэргийн шинж нь энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй, түүнд хандсан гэм буруугийн нэгдлээр тодорхойлогдож байна. Иймд прокурор нь яллах дүгнэлтдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга” гэдэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно гэсэн зарчмыг баримталж үйлдэл, эс үйлдэхүй, гүйцэтгэсэн арга, сэдэлт, зорилго зэрэг гэмт хэргийн шинжийг тодорхойлоход ач холбогдолтой нөхцөл байдлыг бүрэн бичих нь хууль ёсны зарчимд нийцнэ.
Прокуророос шилжүүлсэн тухайн гэмт хэргийн шинж нь хохирлын хэмжээгээр, мөн гэмт хэрэг үйлдсэн гэх этгээдийн эрхэлж буй албан тушаалын байдлаар тодорхойлогдож байх тул гэмт хэрэгт буруутгагдаж буй этгээд нь бусдын хөрөнгийг ямар эрх, үүрэгтэй хариуцахаар хүлээн авсан, ямар үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэрэгт тооцогдсон, гэм буруугийн сэдэлт, зорилго зэргийг яллах дүгнэлтэд тодорхой бичих нь яллагдагч, шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “их хэмжээний хохирол” учруулсан гэх хэм хэмжээтэй нийцэж байгаа эсэхэд дүгнэлт хийж яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэр гаргах боломжийг бүрдүүлнэ.
Яллах дүгнэлтэд бусдын хөрөнгийг завшиж 58,656,611 төгрөгийн хохирол учруулсан гэжээ.
Яллагдагч нарын мэдүүлгээс үзвэл 3 удаагийн үйлдлээр Б.Буяндэлгэр гэх хүнд орлогын мөнгөнөөс 2019 оны 11 дүгээр сарын 24, 25-ны үед 3 сая, 12 дугаар сарын 05-ны өдөр 37 сая, 12 дугаар сарын 15-ны өдөр 18 сая төгрөг нийт 58 сая төгрөгийг зээлдүүлж, эхний зээл 3,000,000 сая төгрөгийг 10 хувийн хүү 300,000 төгрөг хамт тооцож нийт 3,300,000 төгрөгийг, мөн 37,000,000 төгрөгийн хүүд 6,000,000 төгрөгийг эргүүлэн авч, хүү гэх 6,300,000 төгрөгийг хоёулаа тэнцүү хэмжээгээр хувааж авсан талаар, 3,656,611 төгрөг нь байгууллагын гэнэтийн шалгалтаар илэрсэн ба тос, масло зарсан мөнгөнөөс дутаасан байна гэж ямар нэгэн зөрүүгүйгээр мэдүүлсэн байна. /хэргийн 53-54, 58-59 дүгээр хуудас/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд ба шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлогыг ойлгоно гэж заасан.
Яллагдагч нарын мэдүүлэгт дурдагдсан 6,300,000 төгрөг нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогод хамаарах үндэслэлгүй гэх, 3,656,611 төгрөг нь гэмт хэргийн шинжид хэрхэн хамаарах үндэслэлийн талаар мөрдөгч, прокурорын шийдвэрээс бодиттой тогтоогдохгүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор, уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолж чадаагүй гэж үзнэ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэх асуудлыг шүүхээс шийдвэрлэх боломжгүй болжээ.
Гэмт хэрэг үйлдсэн гэх этгээдүүдийн эрх зүйн байдлын байдлаар:
“Т” ХХК-ийн захирлын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “2/2019/0487 дугаартай тушаалаар Э.Д нь ШТС-42-д нефть хангамжийн операторчин, Ц.Ц нь мөн өдрийн 2/2019/0460 дугаартай тушаалаар нефть хангамжийн эрхлэгч, нярвын албан тушаалд томилогдсон байна. /хэргийн 113, 116 дугаар хуудас/
Гэтэл яллах дүгнэлтэд Э.Д-ийг түгээгчээр, Ц.Ц-ыг салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа гэж ажилд томилсон тушаалд заагаагүй албан тушаалын нэрээр бичсэн нь ойлгомжгүйгээс гадна Ц.Ц-ыг албан тушаалын байдлаа ашиглаж гэж буруутгасан үндэслэлээ яллах дүгнэлтэд, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн тайлбар, дүгнэлтдээ тус тус заагаагүй байна.
3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж, үнэлээгүй байна.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.13-т газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт бүх төрлийн шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ гэж заасан.
Гэтэл хэрэгт тухайн ШТС-аар газрын тос худалдаалж буй этгээдийн тусгай зөвшөөрөл авагдаагүй байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын
2018 оны А/08 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журам”-ын 8.1.4, 9.1.1-д зааснаар газрын тосны бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү журмаар батлагдсан маягтын дагуу борлуулалтын талаарх үнэн зөв мэдээллийг дараа сар бүрийн 10-ны дотор, үлдэгдлийн мэдээг 7 хоног бүрийн Мягмар гаригт эрх бүхий албан тушаалтны гарын үсгээр баталгаажуулан албан бичгээр газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлэх үүрэгтэй байна.
Мөн журмын 15 дугаар хавсралтаар Монгол Улсын хэмжээнд борлуулж буй газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн болон бөөний үнэ гэсэн мэдээний маягт батлагдсан байх бөгөөд уг маягтын доод хэсэгт “Анхаарах: газрын тосны бүтээгдэхүүний бөөн болон жижиглэнгийн үнийн мэдээг тухайн сард хот, аймаг, төрөл тус бүрээр гаргаж дараа сарын 10-ны дотор эрх бүхий албан тушаалтны гарын үсгээр баталгаажуулан АМГТГ-т хүргүүлнэ.” гэжээ.
Журмын дээрх зохицуулалтаас борлуулсан бүтээгдэхүүний хэмжээ, үнэ, авлага, өглөг нь санхүүгийн анхан шатны баримтаар өдөр бүрээр бүрэн тогтоогдохоор байна.
Гэтэл энэ тухай баримт хэрэгт цуглараагүй, байгууллагын орлогын мөнгөнөөс авсан гэх өдрүүдэд тухайн ШТС-д дээрх хэмжээний мөнгө нь бэлэн болон бэлэн бус ямар хэлбэрээр төвлөрсөн байсан эсэх нь тогтоогдоогүй байна.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.3-т эд хөрөнгө дутагдсан, эд хөрөнгийг хууль бусаар зарцуулсан байж болзошгүй гэж үзсэн үед хөрөнгө төлбөр тооцооны тооллогыг заавал хийнэ гэжээ. Шүүх төлбөрийн акт, шинжээчийн дүгнэлт гэх баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгож нэрлэн заасан боловч үндэслэлээ заагаагүй байна.
Мөн гэмт хэрэг гарсан хугацааг яллагдагч нар мэдүүлэгтээ он, сар, өдрөөр нь тодорхой мэдүүлсээр байхад яллах дүгнэлтэд 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд гэж, “ХЭ” ХХК-ийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв дэх “Т” ХХК-ий салбарт тухайн үед зарагдаж байсан шатах тослох материалын үнэлгээг 2019 оны 11 дүгээр сарын байдлаар тогтоолгохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол гаргаж, тухайн компаниар үнэлгээ хийлгүүлсэн байдал зэрэгт шүүхээс дүгнэлт хийгээгүй байна. /хэргийн 53-54, 58-59, 132-134, 157-160 дугаар хуудас/
Иймд шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох үүргээ биелүүлээгүй учир шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
Дээр дурдсан нөхцөл байдал нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болох бөгөөд уг асуудал нь мөрдөн байцаалтын явцад шалган тогтоох асуудалд хамаарч байна.
Түүнчлэн шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тэдгээрийг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн боловч тогтоолын тогтоох хэсэгтээ энэ талаар гэм буруутайд тооцоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж эрүүгийн хариуцлага хүлээлгээгүйг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Давж заалдах шатны шүүхээс хуулийн энэ зүйл, хэсгийг журамлан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болох тул шүүгдэгч нарын өмгөөлөгчийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналыг хуульд нийцээгүй гэж үзнэ. Харин прокурорын шийтгэх тогтоолыг хүчингүй болгох дүгнэлт үндэслэлтэй боловч хэрэгт шалгавал зохих өөр асуудал тогтоогдож байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах бус прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл” шаардлагын дагуу улсын яллагчийн хорих ял оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй тухай, торгох ял шийтгэсэн үндэслэл зэргийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ бичээгүй тул Ц.Ц, Э.Д нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шударга ёсны зарчим хэрэгжсэн эсэхэд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.
Иймд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг биелүүлээгүй, мөн Д.Г-ийн үйлдлийг шалгаагүй, Б.Б-ийг олж тогтоогоогүй гэх давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/104 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Ц.Ц, Э.Д нарт холбогдох, 2029000360064 дугаартай, нэг хавтас эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газарт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол Ц.Ц, Э.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.БЯМБАЖАВ