| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 181/2022/03635/И |
| Дугаар | 001/ХТ2025/00133 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2025/00133
“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/00695 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 210/МА2025/00700 дугаар магадлалтай,
“Н” ХХК-д холбогдох
Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээний үүрэгт 3,808,806,030 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.М-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан бараа болон бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,539,204,020 төгрөг, алданги 1,269,602,010 төгрөг, нийт 3,808,806,030 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч алдангид холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/00695 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8-д зааснаар хариуцагч “Н” ХХК-аас 3,539,204,020 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 269,602,010 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,894,317 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 17,853,970 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 210/МА2025/00700 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/00695 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...232.8...” гэснийг хасч, “...3,539,204,020...” гэснийг 2,539,204,020 гэж, “...269,602,010...” гэснийг “1,269,602,010” гэж, 2 дахь заалтын “...17,853,970...” гэснийг “12,853,970” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” гэж, мөн зүйлийн 172.2.2 дахь хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэж, мөн зүйлийн 172.2.4 дэх хэсэгт “эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж тус тус заасныг үндэслэл болгон дараах гомдлыг гаргаж байна.
4.1.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах тухай: Хоёр шатны шүүх маргаантай үйл баримт, түүнд хамаарах нотлох баримтыг өөр өөрөөр үнэлж, хариуцагч дизель түлшний төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн гэм буруутай эсэх, алданги төлөх үүрэгтэй эсэх талаар зөрүүтэй дүгнэлт хийж, өөр өөр шийдвэр гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигч талуудын хооронд үүссэн худалдах-худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой маргааны үйл баримтад Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэг, мөн зүйлийн 222.2 дахь хэсэг, мөн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөрүүтэй хэрэглэснээс өөр өөр шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Тодруулбал, анхан шатны шүүх нэхэмжлэгч “Ш” ХХК нь алдангийг хуульд зааснаар нэхэмжилж байх тул хариуцагч “Н” ХХК нь алданги төлөх ёстой гэж дүгнэсэн. Ингэхдээ, нэхэмжлэгч нь хариуцагчийг төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, төлбөрийн хугацаа хэтрүүлсэн талаар сануулж байсан болох нь баримтаар тогтоогдсон, үүний учир хариуцагч талаас төлбөр төлөх үүрэгтэйгээ мэдэж байсан, талууд харилцан төлбөрийг барагдуулах зорилгоор протокол үйлдэхээр ярилцаж, тохиролцоонд хүрээгүй боловч тус протоколыг үйлдээгүй нь талуудын гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй буюу хариуцагч төлбөрөө төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй. Мөн бодитой гарсан хулгайн гэмт хэргийг шалгаж дууссан. Үүнтэй холбоотой үнийг дүнг нэхэмжлэлээс хасаж, үлдсэн дүнгээс алдангийг тооцсон, мөн алдангийг хуульд зааснаар нэхэмжилж байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй, нөгөө талаас хариуцагч нь нэхэмжлэгчид алдангийг төлөх үүрэгтэй байна гэж дүгнэсэн.
Харин, давж заалдах шатны шүүх хариуцагч “Н” ХХК төлбөрийн хугацаа хэтрүүлсэн гэм буруугүй тул алданги төлөх ёсгүй гэж дүгнэсэн. Ингэхдээ, дизель түлшний хулгайн асуудлыг эрүүгийн журмаар шалгасантай холбоотойгоор нэг талаас нэхэмжлэгч дизель түлшний нийлүүлэлтээ зогсоож, нөгөө талаас хариуцагчийн төлбөр төлөх хугацаа, хэмжээний талаар талууд тодорхой санал гаргаж хэлэлцээ хийж байсан тул уг хугацаанд хариуцагчийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна гэж үзсэн.
Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч дизель түлшний төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн эсэх буюу алданги төлөх үүрэгтэй эсэх талаар маргаантай үйл баримтыг өөр өөрөөр тодорхойлж, түүнд хамаарах нотлох баримтыг өөр өөрөөр үнэлж, Иргэний хуулийн 222 болон 232 дугаар зүйлд заасан зохицуулалтыг зөрүүтэй хэрэглэх замаар өөр өөр шийдвэр гаргасан ба энэ нь ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлд хамаарахаар байна.
4.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухай: Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “Ш” ХХК алданги шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцээгүй, хариуцагч “Н” ХХК дизель түлшний төлбөрийн хугацааг хэтрүүлсэн гэм буруу байхгүй гэж дүгнэхдээ хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаар илтэд буруу үнэлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил буюу ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлд хамаарна гэж үзэж байна.
Давж заалдах шатны шүүх хариуцагчийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн, давж заалдах шатны шүүх хуралдааны төгсгөлд шийдвэрийг танилцуулахдаа нэхэмжлэгч нь өөрөө дизель түлшний төлбөр төлүүлэх хугацааг хойшлуулж байсан мэт агуулгаар тайлбарлаж, шийдвэрлэсэн нь буруу.
Тодруулбал, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлсний хариуцлага болох алданги төлөхийг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй, хариуцагчийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж дүгнэхдээ, магадлалын “хянавал” хэсгийн 5.3-т “албан бичгүүдийн агуулгаас үзэхэд, дизель түлшний хулгайн асуудалд 2 байгууллагын ажилтнууд шалгагдаж байгаатай холбоотойгоор талууд гэрээний төлбөрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар уулзалт хийж санал хэлэлцсэн байна”, мөн 5.4-д “... хариуцагчийн төлбөр хугацаа, хэмжээний талаар талууд тодорхой санал гаргаж хэлэлцээ хийж байсан” гэсэн үйл баримтуудыг нэхэмжлэгч өөрөө дизель түлшний төлбөрийг хойшлуулж байсан мэтээр, эсхүл талууд харилцан тохиролцоод дизель түлшний төлбөр төлөх хугацааг хойшлуулсан мэтээр буруу дүгнэлт хийсэн.
Хэрэгт авагдсан баримт ёсоор бол нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн зүгээс хариуцагч “Н” ХХК-д хандаж, нэг удаагийн нийлүүлэлт дээр хулгайн асуудал гарсан гэх боловч гэрээний бусад нийлүүлэлтийн дагуу хүлээн авч, алтны уурхайн үйл ажиллагаанд зарцуулсан дизель түлшний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөхийг, хугацаа хэтэрсний алданги тооцогдож, хэдэн төгрөг болж буй талаар албан мэдэгдэл, шаардлагыг байнга хүргүүлж, дизель түлшний төлбөрөө төлөх шаардлагыг тогтмол тавьж ирсэн гэдэг үйл баримт хангалттай тогтоогддог /1 хх-ийн 21-22-р тал, 49-50-р тал/.
Гэтэл, давж заалдах шатны шүүх төлбөрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар уулзалт хийж, санал гаргаж, хэлэлцээ хийж байсан тул уг хугацаанд хариуцагчийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч талын хүсэл зориг, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1,2-т “үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол” үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж заасантай тус тус нийцэхгүй.
Харин, энэ талаар анхан шатны шүүх “Талуудын хооронд дизель түлш худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан”, “нэхэмжлэгч “Ш” ХХК-аас 2022.06.30-ны өдрийн Г/850 дугаартай, 2022.07.08-ны өдрийн Г/630 дугаартай албан бичгээр хариуцагч “Н” ХХК-ийг дизель түлшний төлбөрөө төлөхийг шаардаж, шаардлага хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон”, “талуудын үйлдсэн зарлагын падаанаар нэхэмжлэгч талаас шилжүүлсэн дизель түлшний хэмжээ, үнэ, хариуцагч талаас тухайн барааг хүлээн авсан талаар нотлогдож байна, талууд нийлүүлсэн дизель түлшний хэмжээ, түүний үнийн дүн, хүлээн авсан байдалд маргаагүй”, “зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч “Ш” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, нэхэмжилж буй үнийн дүнд таарах дизель түлшийг хариуцагч талд хүлээлгэн өгсөн болох нь баримтаар тогтоогдсон тул хариуцагч тал гэрээнд заасан үнийг төлөх үүрэгтэй”, “талуудын хооронд байгуулсан 2021 оны Г/97 дугаартай Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээний 3.4 дэх заалт, 2022 оны NM-А2224 Г/68 тоот Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээний 3.4 дэх заалтад тус тус алданги төлөхөөр бичгээр гэрээнд тусгаж тохиролцсон”, “нэхэмжлэгч нь хуульд заасан хэмжээгээр алдангийг тооцож нэхэмжилсэн нь зөв” гэсэн дүгнэлтүүдийг хийж алданги төлүүлэх шийдвэр гаргасан нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна.
Түүнчлэн, давж заалдах шатны шүүх хариуцагч буюу үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэм буруугүй гэдэг дүгнэлтээ дэмжихийн тулд магадлалын “хянавал” хэсгийн 5.1-т “2022.04.17-ны өдөр “Ш” ХХК-ийн гэрээт жолооч дизель түлш дутаасан гэх асуудал үүсэж “Н” ХХК-аас цагдаагийн байгууллагад хандсан болох нь хэрэгт авагдсан “Ш” ХХК-ийн 2022.06.30-ны өдрийн Г/850 дугаар Дизель түлшний төлбөрийн тухай мэдэгдлээр тогтоогдож байна”, гэж дизель түлшний хулгайн асуудлыг анхнаасаа нэхэмжлэгч компани буруутай гэсэн агуулгаар тайлбарласан.
Гэтэл бодит байдал дээр хариуцагч компанийн өөрийнх нь ажилтнууд санаачилж, сэдэж, зохион байгуулж, гүйцэтгэсэн асуудал байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагддаг. Хэрэгт авагдсан баримтаар бол хариуцагчийн татгалзлын үндэслэл болдог дизель түлшний хулгайн гэх дараах 2 асуудал гарсан ба өөр хулгайн гэх хэрэг цагдаа, прокурор, шүүх аль ч байгууллага дээр байхгүй бөгөөд “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй уг иргэний хэрэгт дээрх 2 асуудлаас өөр хулгайн гэх үйлдэлтэй холбоотой үйл баримт тогтоогдоогүй, нотлох баримт хэрэгт авагдаагүй.
“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй энэхүү иргэний хэрэгт эхний хулгайн асуудалтай холбоотой нийлүүлэлтийн төлбөр нэхэмжлэлийн шаардлагад багтсан. Харин хоёр дахь хулгайн асуудалтай холбоотой нийлүүлэлтийн төлбөрийн тухайд уг асуудал нь эрүүгийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж дуусаагүй байсан тул уг асуудлыг эрүүгийн журмаар шийдүүлэхээр тусад нь авч үлдээсэн буюу нэхэмжлэлийн шаардлагад багтаагүй.
Өөрөөр хэлбэл, “Ш” ХХК-ийн нэхэмжлэл нь эрүүгийн журмаар шийдэгдэж буй хэрэгтэй холбоотой нэг нийлүүлэлтээс бусад буюу өөр цаг хугацаанд өөр тээвэрлэгч тээвэрлэсэн, талууд дизель түлш нийлүүлэлтийн гэрээний дагуу хүлээлгэн өгч, хүлээн авч, баримт үйлдэн, тооцоо нийлсэн, худалдан авагч буюу хариуцагч “Н” ХХК аль хэдийн алтны уурхайн үйл ажиллагаа, хэрэгцээндээ зарцуулсан, нийт 35 удаагийн тус тусдаа бие даасан нийлүүлэлтийн дагуух дизель түлшний төлбөрийг нэхэмжилдэг. Улсын дээд шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №01 дугаартай “Зөвлөмж”-д “гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн, эсвэл хэтрээгүй гэж үзэхэд Иргэний хуулийн 222 дугаар заалтыг сайтар судалж, нотлох баримтад үндэслэн дүгнэлтээ хийнэ” гэсэн байдаг.
2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №2024/Ш3/56 дугаартай Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, уг хулгайн хэрэг дээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолж тогтоосон гэж үзээд хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр болж /3хх 3-13-р талд/, 2025.03.31-ний өдөр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан байдаг.
Гэтэл давж заалдах шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг илтэд буруугаар дүгнэж, хэдийн шүүх дээр очоод шийдвэрлэгдэх шатандаа буй асуудлыг прокурорт буцаасан мэт бодит бус дүгнэлтийг хийх замаар шийдвэр гаргасан нь ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлд хамаарна гэж үзэж байна. Хариуцагч дизель түлшний төлбөрийн хугацаа хэтрүүлсэн гэм буруу байхгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ дээрх №2024/Ш3/56 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг иш татаж, илтэд үндэслэлгүй, бодит бус дүгнэлт хийсэн нь хариуцагч талын “дизель түлшний хулгайн гэх хэрэг дээр хулгайн үйлдлүүд нэмэгдэж шалгагдсаар байгаа, хохирлын хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа тул хэргийг прокурорт буцаасан, “Ш” ХХК-д дизель түлшний төлбөрийг төлөх үүргээ биелүүлэх гэсэн чинь хулгайн асуудлаас болоод ямар хэмжээний хэдэн литр дизелийн түлш авсан нь тодорхойгүй байна” гэх агуулгатай тайлбар хийдэгтэй холбоотой буюу хариуцагчийн уг тайлбарыг дэмжихийн тулд дээрх бодит бус дүгнэлтийг хийсэн гэж харагдаж байна.
Давж заалдах шатны шүүхийн дүгнэлтэд дурдагдсан “хэргийг прокурорт буцаасан” гэх шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/56 дугаар захирамжид хамаарах 2022.03.14-ний өдрийн хулгайтай холбоотой нийлүүлэлт буюу төлбөр нь энэхүү иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагад багтаагүй, эрүүгийн журмаар шийдвэрлэгдэж байгаа тул тусад нь авч үлдээсэн байсныг энд онцгойлон дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч “Ш” ХХК нь дээр дурдсанчлан өөр өөр цаг хугацаанд өөр өөр тээвэрлэлтээр гүйцэтгэгдсэн, хулгайн гэх асуудалтай огт хамааралгүй, тусдаа бие даасан үүргийн дагуу нийлүүлэгдсэн нийт 35 удаагийн дизель түлш нийлүүлэлтийн төлбөрийг шаарддаг. Нэхэмжлэлийн шаардлагад багтсан дизелийн түлшийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаарх орлого, зарлагын падаан, талуудын хоорондын тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан акт, бараа материалын өглөг авлагын дэлгэрэнгүй гүйлгээний санхүүгийн баримт зэрэг нотлох баримтуудаар энэ нь бүрэн нотлогддог.
Гэтэл давж заалдах шатны шүүхээс “хулгайн гэмт хэрэг гарсан байна, шүүхээс хэргийг шийдсэн байна, нэг хэргийг нь прокурорт буцаасан байна” гэж дүгнэн, тиймээс хариуцагчийг дизель түлшний төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн гэм буруутай гэж үзэхгүй хэмээн хэргийн бодит үйл баримт, нотлох баримтад нийцэхгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Талууд үүссэн өр авлагыг хэрхэн, хэзээ барагдуулах талаар ярилцаж, протокол үйлдэх талаар ярилцаж байсан нь үнэн. Гэхдээ, протоколын нөхцөлүүд нь “Ш” ХХК-ийн хувьд хүлээн авах боломжгүй, нэхэмжлэгчийн хувьд илтэд хохиролтой нөхцөлүүд байсан тул ярилцаж байсан протоколыг байгуулахаас, батлахаас татгалзсан бөгөөд хүчин төгөлдөр гэрээ (Г/97 тоот Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээ, NM-А2224 Г/68 тоот Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээ)-ийн дагуу аль аль тал нь үүргээ гүйцэтгэх ёстой гэж хариуцагчид маш тодорхой мэдэгдсэн байдаг.
Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн хувьд, дизель түлш худалдах-худалдан авах хүчин төгөлдөр гэрээнд заасан хугацаанд худалдан авсан дизель түлшний төлбөрөө төлөх шаардлагыг хариуцагч “Н” ХХК-д тавьдаг бөгөөд бодитоор нийлүүлсэн, өгсөн авсан дизелийн түлшний хэмжээ нь тооцоо нийлсэн акт, орлого зарлагын падаан, өглөг авлагын тайлан гэх мэт санхүүгийн анхан шатны баримтуудаар нотлогддог.
Гэтэл, хүчин төгөлдөр гэрээнд заасны дагуу төлөх төлбөрийг тусдаа бие даасан ямар нэгэн хэлцэл, өр авлага барагдуулах протокол байгуулсны үндсэн дээр төлөх ёстой байсан мэтээр дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй. Харин, энэ талаар Анхан шатны шүүх “...Үүний учир хариуцагч талаас төлбөр төлөх үүрэгтэйгээ мэдэж, талууд харилцан төлбөрийг барагдуулах зорилгоор протокол үйлдэхээр ярилцаж, тохиролцоонд хүрээгүй боловч тус протоколыг үйлдээгүй нь талуудын гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй буюу хариуцагч төлбөрөө төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.
4.3.Хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой тухай: Улсын дээд шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №01 дугаартай “Зөвлөмж”-ийг үзвэл, гэрээний хугацаа хэтэрсэн эсхүл хэтрээгүй гэж үзэхэд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийг сайтар судлах, нотлох баримтад үндэслэн дүгнэлтээ хийх, хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэх талаар дурдсан байх бөгөөд “Ш” ХХК-ийн нэхэмжлэл бүхий уг иргэний хэрэг шиг нэг удаагийн нийлүүлэлт дээр гарсан хулгайн асуудлаас болж бусад буюу өөр өөр цаг хугацаанд болсон үүргийн гүйцэтгэл, дизель түлшний нийлүүлэлтийн төлбөрийг төлөхөөс татгалзсан асуудал дээр төлбөр төлөгчийг хугацаа хэтрүүлсэн гэм буруутай гэж үзэх эсэх, ер нь ямар тохиолдол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэм буруутай гэж үзэх, ямар тохиолдолд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлээгүй гэж үзэх буюу Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байж болох юм.
Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд хариуцагч нь төлбөрийн хугацаа хэтрүүлсэн гэм буруу байхгүй бөгөөд нэхэмжлэгч хугацаа хэтрүүлсний хариуцлага болох алданги төлөхийг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т заасантай нийцэхгүй гэж дүгнэсэн.
Гэтэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь заалтын агуулга, хуулийн үзэл баримтлал, зохицуулалтын зорилго, ач холбогдлын талаарх тайлбарыг Ё.Кают нарын Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар (ерөнхий анги) /2006 он/-ын 927-928 талаас үзвэл “Үүрэг гүйцэтгэгчийн хувьд өөрт нь хялбар байдлаар сөрөг үр дагаврыг бий болгох анзыг төлөхөөр амлах нь эрсдэлтэй байдаг. Ялангуяа гэрээнд өөрөөр харилцан тохиролцоогүй бол анз нь үүрэг гүцэтгэгчийн гэм бурууд үл холбогдох бөгөөд харин үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бодитоор гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй зэрэг тохиолдолд яригддаг. Энэ нь үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгээгүй болон зохих ёсоор гүйцэтгээгүйд субьектив талаасаа буруутай эсэхээс үл хамааран хүчинтэй байдаг. Нөгөө талаас энэ нь 206 дугаар зүйлийн хувьд, тухайлбал, үүрэг гүйцэтгүүлэгч гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийг хариуцахаар байсан ч, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлснээс эрсдэл түүнд очсон зэрэг аль ч тохиолдолд үүрэг гүйцэтгэгчид анз нь адил үйлчлэх юм” гэж тайлбарлажээ.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн анхны үзэл баримтлал, мөн чанар, үндсэн агуулга, зорилго, ач холбогдол, хэрэглээний талаарх “онолын тайлбар”-аас үзвэл гэрээний дагуу алданги төлөх асуудал дээр үүрэг гүйцэтгэгчийн гэм буруутай, гэм буруугүй эсэх асуудал хамааралгүй гэж үзэхээр байна.
Тиймдээ ч хууль тогтоогчийн зүгээс үүрэг гүйцэтгэгчийг хамгаалах үүднээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт, мөн зүйлийн 232.6 дахь хэсэгт мөнгөн дүнгээр төлөх анзын хэмжээнд дээд хязгаарыг тогтоож өгсөн байна гэж тайлбарласан байна.
Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагчийг үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй буюу гэм буруугүй, тиймээс нэхэмжлэгч хариуцагчаас алданги шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцээгүй гэж үзсэн. Тиймээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан “алданги” төлөх ёстой эсэх асуудал дээр үүрэг гүйцэтгэгч талын хугацаа хэтрүүлсний хариуцлага, түүний гэм буруу хэрхэн нөлөөлөх эсэх талаар хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзсэн болно.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр магадлалыг хяналтын журмаар хянуулж, шийдвэрийг хэвээр үлдээх шаардлага бүхий гомдол гаргаж буйг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
5.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.М-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025.06.19-ний өдрийн 001/ШХТ2025/00620 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
7.Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан 3,808,806,030 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “..талуудын хооронд 2021 онд NM-A2191 Г/97 тоот, 2022 онд NM-A2224 Г/68 тоот бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээг тус тус байгуулж, захиалгат дизель түлш цаг тухайд нь нийлүүлсээр ирсэн. Гэрээний 4.2-т зааснаар хариуцагч нь дизель түлш зээлээр худалдан авсан тохиолдолд үнийг худалдан авсан өдрөөс хойш хуанлийн 60 хоногийн дотор бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээсэн. Гэвч хариуцагч нь худалдан авсан дизель түлшний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний биелэлтийг хангуулахаар удаа дараа зохих албан бичгийг хариуцагч талд хүргүүлэх, бусад холбооны хэрэгслээр шаардлага тавих, мөн төлбөр төлөх боломжит хугацааг олгосон боловч үр дүн гарсангүй. NM-A2191 Г/97 тоот гэрээний 3.4, 5.2-т “... тогтоосон хугацаанд дизель түлш болон бүтээгдэхүүний үнэ, хүү, тээврийн зардал, үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.25 хувиар тооцон алданги төлөх үүрэгтэй” гэж, NM-A2224 Г/68 тоот гэрээний 3.4, 5.2-т мөн алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон төлнө” гэж тус тус заасан.
Г/97 тоот болон NM-A2224 Г/68 тоот гэрээний дагуу үүссэн үндсэн төлбөр 2,710,455,420 төгрөг нэхэмжилсэн боловч гэрээний хэрэгжилтийн явцад “Н” ХХК-ийн нэр бүхий ажилтнууд “Ш” ХХК-аас дизель түлш хүргэж очсон тээврийн жолооч хамтран 11,600 литрийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож, Б аймаг дахь Цагдаагийн газарт 221400220 дугаартай эрүүгийн хэрэг шалгагдсан. Иймд тухайн өдрийн буюу 2022.03.11-ний өдрийн 23,300 литр дизель түлш нийлүүлэлт мөнгөн дүнгээр 71,251,400 төгрөгийн асуудал байгаа ба энэ дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан. Мөн хариуцагч 2022.09.16-ны өдөр 100,000,000 төгрөг төлснийг гэрээний үндсэн төлбөрөөс хасаж тооцож төлбөл зохих үндсэн төлбөр 2,539,204,020 төгрөг болж байна.
Гэрээний дагуу тооцсон алданги нь 2023.11.10-ны өдрийн байдлаар 5,876,676,730.60 төгрөг болсон бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-тай тэнцэх хэмжээнд 1,269,602,010 төгрөг нэхэмжилж байна. Иймд хариуцагчаас үндсэн төлбөр 2,539,204,020 төгрөг, алдангид 1,269,602,010 төгрөг, нийт 3,808,806,030 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
8.Хариуцагч “Н” ХХК нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч “...Талуудын хооронд 2021.04.01-ний өдрөөс 2022.04.01-ний өдрийг хүртэлх хугацаатай NM-A2191 Г/97 тоот, 2022.04.01-ний өдрөөс 2023.04.01-ний өдрийг хүртэлх хугацаатай NM-А2224 Г/68 тоот бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээ тус тус байгуулагдсан бөгөөд “Ш” ХХК нь нэр, төрөл, хэмжээ бүхий дизель түлш болон бүтээгдэхүүнийг тогтоосон хугацаанд хүргэлтийн цэгт хүргэж нийлүүлэх, манай компани нийлүүлсэн дизель түлшний үнийг төлөх үүрэг хүлээсэн.
Гэтэл 2022.04.17-ны өдөр манайд нийлүүлэх ёстой байсан 20,92 тонн түлшээс “Ш” ХХК-ийн жолооч нь 8,49 тонн буюу 40,58%-тай тэнцэх дизель түлшийг буулгалгүй буцаан авч явсан буюу нийлүүлээгүй болох нь тогтоогдсон. Бид Б аймаг дахь Цагдаагийн газарт энэ асуудлыг шалгуулахаар гомдол гаргасан, зохих журмын дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Уг ажиллагааны явцад урьд урьдын тогтмол нийлүүлэлтээс тухай бүр дутуу нийлүүлэгддэг байсан үйл баримтууд нэмж тогтоогдож, энэ үйл баримттай холбоотойгоор 2 компани 2022.05.04-ний өдөр уулзаж худалдан авалт болон төлбөрийг түр зогсоосон.
Талуудын удирдлагын түвшинд удаа дараа уулзалт хийж өр авлага барагдуулах протокол үйлдэхээр 2022 оны 08 дугаар сард харилцан тохиролцож “Н” ХХК-аас 2022 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэл төлбөрийг хэсэгчлэн төлөх, 2022 оны 12 дугаар сарын эхний долоо хоногт уулзалт зохион байгуулж, хэрэг мөрдөн байцаалтын үр дүнг хэлэлцэж, эцсийн харилцан тохиролцоог хийх, “Ш” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас хулгайн хэрэг гарч, хохирол учирсан нь тогтоогдвол хохирлын хэмжээгээр үндсэн төлбөрөөс суутгахаар болсон. 2022.09.16-ны өдөр 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2022.09.20-ны өдөр “Ш” ХХК-аас ирүүлсэн и-мэйлээр дээрх протоколыг нэг талын санаачилгаар цуцлах тухай мэдэгдсэн.
Бидний зүгээс Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах гэрээний дагуу “Ш” ХХК-аас бодитоор, зохих ёсоор нийлүүлсэн дизель түлшний үнийг л төлөх нь хууль болон гэрээнд нийцнэ гэж үзэж байна.
Манай компанийн буруугаас төлбөрийг хугацаанд нь төлөхгүй хойшлуулах үндэслэл үүсээгүй, гагцхүү нийлүүлсэн дизель түлшний хэмжээ гэрээнд заасан хэмжээнд хүрээгүйгээс үүдэлтэйгээр төлөх төлбөрийн хэмжээ тодорхойгүй болж, үүнийг тодорхой болгох үүднээс л харилцан зөвшилцөж хойшлуулж, 2022.09.20-ны өдрийг хүргэсэн нь бодит үйл баримт тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар “Н” ХХК-ийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул алданги шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ: “...Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах- худалдан авах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч “Ш” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, нэхэмжилж буй үнийн дүнд таарах дизель түлшийг хариуцагч талд хүлээлгэн өгсөн болох нь баримтаар тогтоогдсон тул хариуцагч үнийг төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, төлбөрийн хугацаа хэтэрсэн талаар сануулж байсан болох нь баримтаар тогтоогдсон ба хариуцагч төлбөр төлөх үүрэгтэйгээ мэдэж, талууд харилцан төлбөрийг барагдуулах зорилгоор протокол үйлдэхээр ярилцсан боловч тус протоколыг үйлдээгүй нь талуудын гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй буюу хариуцагч төлбөрөө төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй. Мөн бодитой гарсан хулгайн гэмт хэргийг шалгаж дууссан, үүнтэй холбоотой үнийн дүнг нэхэмжлэлээс хасч, үлдсэн дүнгээс алдангийг тооцсон мөн алдангийг хуульд зааснаар нэхэмжилж байх тул нэхэмжлэгч “Ш” ХХК нь алданги шаардах эрхтэй, хариуцагч “Н” ХХК нь нэхэмжлэгчид алдангийг төлөх үүрэгтэй.
Харин хулгайн гэмт хэрэг анх гарсан цаг үед тус гэмт хэрэгт хоёр компанийн ямар ажилтнууд холбогдож, хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар мэдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, талууд энэ талаар албан бичгээр харилцаж, зөвшилцөлд хүрэхээр хичээж, үүнд тодорхой хэмжээний хугацаа орсон байх тул ...нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасны дагуу алдангийг 269,602,010 төгрөгөөр багасгаж тооцох үндэслэлтэй. Иймд хариуцагчаас гэрээний үндсэн төлбөрт 2,539,204,020 төгрөг, алдангийн төлбөрт 1,000,000,000 төгрөг нийт 3,539,204,020 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 269,602,010 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэжээ.
10.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ “...Нийлүүлсэн дизель түлшний төлбөрт 2,539,204,020 төгрөг гаргуулсан анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн. Дизель түлшний хулгайн асуудлыг эрүүгийн журмаар шалгасантай холбоотойгоор нэг талаас нэхэмжлэгч нийлүүлэлтээ зогсоож, нөгөө талаас хариуцагчийн төлбөр төлөх хугацаа, хэмжээний талаар талууд тодорхой санал гаргаж хэлэлцээ хийж байсан тул уг хугацаанд хариуцагчийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.1.2-т зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, эсхүл үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боловч дээрх үндэслэлээр хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлсний хариуцлага болох алданги төлөхийг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцээгүй байх тул алдангид холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэжээ.
11.Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийг гэрээний дагуу үнэ төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэж үзэх, алданги гаргуулах эсэх талаар маргааны үйл баримт, улмаар хууль хэрэглэх асуудлаар зөрүүтэй дүгнэлт хийсэн ба давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” үндэслэлийн хүрээнд хянан хэлэлцэв.
12.Хэргийн үйл баримтын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгасан давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй үүний улмаас тус шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.1.2, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгов.
Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх “...Дизель түлшний хулгайн асуудлыг эрүүгийн журмаар шалгасантай холбоотойгоор нэг талаас нэхэмжлэгч нийлүүлэлтээ зогсоож, нөгөө талаас хариуцагчийн төлбөр төлөх хугацаа, хэмжээний талаар талууд тодорхой санал гаргаж хэлэлцээ хийж байсан тул уг хугацаанд хариуцагчийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй” гэж үзэн алдангийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.
13.Хэргийн баримт, зохигчийн тайлбараар талуудын хооронд 2021.04.01-ний өдөр NM-A2191 Г/97 дугаартай, 2022.04.01-ний өдөр NM-A2224 Г/68 дугаартай “Бараа болон бүтээгдэхүүн худалдан авах” гэрээ тус тус 1 жилийн хугацаатай байгуулагдаж, нэхэмжлэгч нь хариуцагчид дизель түлш, Евро 5 стандартыг нийлүүлэх, хариуцагч тогтоосон үнэ төлөхөөр харилцан тохиролцож гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан нь тогтоогджээ.
14.Дээрх хоёр гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө авах үүргийг тус тус хүлээх худалдах-худалдан авах гэрээний агуулгатай бөгөөд хүчин төгөлдөр талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
15.Нэхэмжлэгч “Ш” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хариуцагч талд нийт 35 удаагийн нийлүүлэлтээр дизель түлш хүлээлгэн өгч байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон, түүнчлэн төлбөр төлөх гэрээгээр тохирсон болон төлбөр төлсөн хугацаа, төлөгдсөн төлбөрийн хэмжээний талаар зохигч маргаагүй байна.
Иймд нэхэмжлэгч “Ш” ХХК нь худалдах-худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн дизель түлшний төлөгдөөгүй үнийг хариуцагч “Н” ХХК-аас шаардах эрхтэй тул 2,539,204,020 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.
16.Анхан болон давж заалдах шатны шүүх алданги гаргуулах шаардлагын талаар зөрүүтэй дүгнэлт хийсэн бөгөөд хэргийн баримтаар дараахь байдал тогтоогдож байна.
16.1.Тухай бүрийн дизель түлш нийлүүлэлт, түүний үнийг төлөх гэрээгээр тохирсон болон төлсөн хугацааг тодорхойлсон нэхэмжлэгчийн гаргасан тооцооллоос үзвэл, тухайлбал, 2022.01.05-ны өдрөөс 2022.04.15-ны өдрийн хүртэл нэхэмжлэгч 35 удаагийн /хулгайн гэмт хэрэг гарсантай холбоотой нийлүүлэлтийг хасч тооцсон/ нийлүүлэлт хийсэн, уг үнийг төлөх эхний хугацаа болох 2022.03.06-ны өдрөөс эхлэн үүрэг гүйцэтгэх хугацааг хариуцагч нь их бага хэмжээгээр зөрчсөн болох нь тогтоогдсон, уг хугацаанаас эхлэн хоёр удаагийн гэрээнд заасан алданги гаргуулах зохицуулалтын дагуу нэхэмжлэгч алдангийн хэмжээг тооцоолж, улмаар алдангийн хэмжээ төлөгдөөгүй байгаа төлбөрийн 50 хувиас хэтэрсэн гэх үндэслэлээр 1,269,602,010 төгрөг нэхэмжилсэн.
16.2.Дизель түлш нийлүүлэх явцад 2022.04.17-ны өдөр хариуцагчийн уурхайд буулгах түлшээс 8490 литр түлшийг хоёр компанийн ажилчид бүлэглэн хулгайлсан гэмт хэрэг гарсныг цагдаагийн байгууллага шалгасан ба, энэ иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгджээ. Эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолд зааснаас үзэхэд хулгайн гэмт хэрэг гарсан даруйд түүнийг илрүүлж 8490 литр, 26,556,720 төгрөгийн түлшийг хариуцагч “Н” ХХК-д буцаан буулгасан нь тогтоогджээ. Иймд уг хулгайн гэмт хэрэгт холбоотой 8490 литр дизель түлшний үнийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүргийг тухайн үед мэдэж байсан гэж үзнэ.
Түүнчлэн 2022.03.11-ний өдрийн 23,300 литр түлш нийлүүлэлттэй холбоотой, 11,600 литр дизель түлшний асуудал маргаантай гэх үндэслэлээр нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг түлшний үнэ 71,251,400 төгрөг, түүнд ногдох алдангийн хамт нийтдээ 106,877,100 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
Дээрхи байдлаас хариуцагчийн татгалзлын үндэслэлд дурдаж байгаа хулгайн гэмт хэргээс шалтгаалж хариуцагчийн төлвөл зохих үнийн дүн маргаантай, эргэлзээтэй болсон гэх үндэслэл үгүйсгэгдсэн байна.
16.3.Хэдийгээр хулгайн хэрэгтэй холбоотойгоор зохигч нийлүүлэлт, төлөлтийн асуудлаар харилцан ярилцаж байсан боловч нэхэмжлэгчээс төлбөрөө төлөхийг шаардах, хугацаа хэтэрснээс шалтгаалж алдангийн хэмжээ нэмэгдсэн талаар хариуцагч талд 2022.06.30, 2022.07.08, 2022.08.18-ний өдрүүдэд албан бичиг хүргүүлсэн, талууд төлбөр төлөх асуудлаар протокол үйлдэхээр ярилцсан боловч тохиролцоонд хүрээгүй байна.
16.4.Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.1.2-т зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, эсхүл үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үздэг.
Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримтыг үндэслэн зохигч төлбөрийн асуудлаар харилцан ярилцаж байсан боловч нэг шийдэлд хүрч үр дүн гараагүй тул хариуцагчийн алданги төлөхгүй гэсэн татгалзал үндэслэлгүй, нэхэмжлэгч нь нийлүүлсэн дизель түлшний үнэ болох хугацаа хэтрүүлсний алданги шаардах эрхтэй гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Анхан шатны шүүх хэргийн дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг багасгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг зөрчөөгүй байна.
17.Давж заалдах шатны шүүх алданги гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хулгайн гэмт хэрэг гарахаас өмнө хариуцагч төлбөр төлөх үүргээ хугацаанд нь бүрэн гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн нөхцөл, эрүүгийн хэргийн нөхцөл байдал тодорхой болохтой холбоотой төлбөрийг хэрхэн төлөх асуудлаар харилцан санал солилцож байсан боловч тохиролцоонд хүрээгүй, энэ хугацаанд төлбөрийн үүргээ гүйцэтгэхийг шаардсан нэхэмжлэгчийн шаардлага, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 8490 литр дизель түлш хулгайлсан эрүүгийн хэрэг шийдвэрлэгдсэн, уг хэргийн хулгайн эд зүйл болсон 8490 литр дизель түлшийг тухайн үед хариуцагч тал хураан авч ашигласан, эдгээр байдлыг харьцуулан үзээгүй нь учир дутагдалтай, хэргийн үйл баримтыг хуульд заасан журмын дагуу тогтоож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8-д заасныг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж дүгнэнэ.
Харин 2022.03.14-ний өдөр Д.А, Р.Б, Г.А, С.Э, Х.У, Г.Э нар бүлэглэн 11600 литр түлш хулгайлж 35,472,800 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хэрэгт авагдсан ба нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ нийлүүлэлттэй холбоотой шаардлагыг нэхэмжлэлээс хасч багасгасан, тухайн асуудлаар нэхэмжлэл гаргаагүйгээс гадна энэ нь бусад нийлүүлсэн дизель түлшний үнийг шаардах, хугацаа хэтрүүлсний алдангийг шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
18.Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 210/МА2025/00700 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/00695 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн 2025.06.02-ны өдөр төлсөн 5,157,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН