Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2312

 

“Н а ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/02420 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Н а ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 34 250 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын  гаргасан  давж  заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал,

Хариуцагч Б.Б-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б-тай 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мах, сүүний хосолмол өндөр ашиг шимт Монбелиард үүлдрийн 23 толгой өсвөр үхрийг нэг бүрийг нь 4 500 000 төгрөгөөр тооцон нийт 103 500 000 төгрөгөр худалдахаар 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 03/005 тоот Үхэр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээний нийт үнийн 103 500 000 төгрөгийг гэрээний дагуу 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар заасан боловч эхний 50 000 000 төгрөгийг хугацаандаа төлж, дараа дараагийн төлбөрийг цувуулан 28 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2 500 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 32 000 000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл төлбөр 21 500 000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 6 110 180 төгрөгийг хүлээн авсан.

Иймд харицагч Б.Б-гаас гэрээний үлдэгдэл төлбөр 21 500 000 төгрөг, алданги 10 750 000 төгрөг, хугацаа хэтрүүлэн төлсөн 4 000 000 төгрөгт ногдох алданги 2 000 000 төгрөг, нийт 34 250 000 төгрөгнөөс 6 110 180 төгрөгийг хассан дүн болох 28 139 820 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний хооронд байгуулсан 03/005 тоот Үхэр худалдах, худалдан авах гэрээгээр 16 сараас дээш настай 23 толгой үхрийг нэг бүрийг нь 4 300 000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Гэтэл худалдагч талаас нийлүүлсэн 3 үхэр нь 16 сардаа хүрээгүй жижиг тугал байсан. Тухайн үед нэхэмжлэгч компанийн захирал Ж.Б-өд энэ тухай мэдэгдэхэд зүгээр авчих нэг тугалыг нь 2 500 000 төгрөгөөр тооцно гэж хэлсэн. Үхрүүдийг Төв аймгийн Архуст сумын нутагт байрлах “Х н” ХХК-ийн Нүүдэлчин ферм дээрээс авсан бөгөөд хүлээж авахад нэхэмжлэгч “Н а ф” ХХК-ийн захирал Ж.Б- өөрөө байгаагүй, хүлээлгэж өгсөн хүмүүс нь харьцангуй муу үхрүүдийг ялгаж өгсөн, энэ тухай утсаар өөрт нь хэлсэн. Мөн үржилд орох нас болоогүй 1 үхэр нь хээлтэй байснаас тугалаа гаргаж чадалгүй үхсэн. Мөн 23 толгой үхрийн нийт үнийг 100 000 000 төгрөг гэж гэрээний 8 дахь заалтаар тохиролцсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад миний данснаас 6 110 180 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулан өгсөн. Хэдийгээр гэрээнд алдангийн талаар заасан ч бид алданги гэсэн хэсгийг балаар дарж, алданги тооцохгүй байхаар тохиролцсон. Би нэхэмжлэгчээс үхэр худалдан авсан, надад үхрийг хүлээлгэж өгөхдөө захирал Ж.Б- өөрөө байсан бол гэрээнд зааснаас бага сартай 3 үхрийн үнийг бууруулж тохирсноо бичгээр баримт үйлдэх боломжтой байх байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-гаас 11 889 180 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н а ф” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 22 360 180 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 205 177 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/02420 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Хэргийн оролцогчид 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 03/005 тоот Үхэр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Хэргийн зохигчид анхнаасаа үхэр худалдах, худалдан авахаар хүсэл зоригоо илэрхийлсэн ба гагцхүү үхрийн үнийг тодорхой хугацааны туршид хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байхад анхан шатны шүүх зохигчдын хооронд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг худалдагчид төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд худалдагч буюу нэхэмжлэгч нь эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн боловч хариуцагч Б.Б- нь 103 500 000 төгрөгийг гэрээний дагуу 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах байсан боловч эхний 50 000 000 төгрөгийг хугацаандаа төлж, дараа дараагийн төлбөрийг цувуулан 28 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2 500 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, нийт 32 000 000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл төлбөр 21 500 000 төгрөгийг төлж барагдуулаагүй.

Нэхэмжлэгч нь 34 250 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 28 139 820 төгрөг болгож багасгаагүй байхад нэхэмжлэгчийг хэрэг хянан шийдвэрлэх явцад шаардлагаа 6 110 180 төгрөгөөр багасгасан гэж огт үндэслэлгүй дүгнэсэн.

Зохигч талуудын байгуулсан Үхэр худалдах, худалдан авах гэрээний 6.2-т гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр заасан байхад шүүх хариуцагчийн гэрээ байгуулах үедээ алданги тооцохгүй байхаар тохиролцсон гэх тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэхгүй гэж шийдвэрлэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/02420 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Талууд 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 03/005 тоот дугаартай Үхэр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба гэрээний 1, 3, 8 дугаар зүйлд тус тус гэрээний гол нөхцөлийг тусгаж өгсөн. Тус гэрээнд зааснаар “Н а ф” ХХК нь 16 сараас дээш 23 толгой өсвөр үхэр, 300 кг-аас дээш жинтэй, хээлтүүлэх хугацаа болоогүй, нийт үнэ нь 100 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Гэвч “Н а ф” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан доголдолтой эд хөрөнгө шилжүүлж өгсөн. Учир нь гэрээний 3-т “хээлтүүлэх хугацаа болоогүй” гэж тохиролцсон. Энэхүү заалтын агуулгаас үзэхэд худалдагч тал нь хээлгүй үхэр худалдах үүрэгтэй байгаа нь үүгээр харагдаж байхад нэхэмжлэгч хээлтэй үхрийг бидэнд худалдсан. Тухайн үед үхрийг хээлтэй байсан эсэхийг мэдэх боломжгүй байсан. Хэрэгт авагдсан “Х н” ХХК-ийн үхрийн паспортын гэрчилгээгээр 957946-1556 тоот үнээний кодтой Навчаа, 957947-1658 тоот үнээний кодтой Сарнай, 957959-1583 тоот үнээний кодтой Даваа, 1559-2147 тоот үнээний кодтой Оюунаа гэх хочтой үхрүүдийн паспортын 5, 6 дахь хуудсанд хээлтэй гэсэн тэмдэглэгээ хийгдсэн. Энэхүү тэмдэглэгээг 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хийгдсэн байх бөгөөд бидэнд хээлтэй үхэр худалдсан болох нь тогтоогдож байхад шүүх үүнийг анхаарч үзээгүй.

2. Үндэслэх хэсэгт гэрээнд зааснаар бага насны 3 үхэр байсныг хүлээж авах үедээ мэдсэн ч түүнийг хүлээн авсан. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6 дахь хэсэгт заасан доголдлыг илрүүлснээс хойш зургаан сарын дотор шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна гэж үзсэн. Тухайн үед “Н а ф” ХХК-ийн захирал Ж.Б-өд энэ тухай утсаар мэдэгдэхэд зүгээр авчих нэг тугалыг нь 2 500 000 төгрөгөөр тооцож үндсэн төлбөрөөсөө хасаад өгчих гэж хэлсэн. Би тэр үгэнд нь итгэсэн. Хэргийн 190 дугаар талд Б.Төмөртулгыг гэрчээр асуусан тэмдэглэлийн сүүлийн догол мөрөнд “Тэр талын зүйлийг мэдэхгүй, хоорондоо үнэ тохирохгүй байж байгаад өдрийн хагас утсаар ярьж байгаад ачсан” гэж хэлсэн байдаг. Энэхүү хэсгийн агуулгыг харахад “Н а ф” ХХК-ийн захиралтай үнийн талаар ярилцсан болох нь харагдаж байна. Хэдийгээр бага насны 3 үхрийг хүлээн авсан ч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд зааснаар анхны үнийг бууруулахаар шаардах эрхтэй. Мөн адил анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “Н а ф” ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан худалдах, худалдан авах  гэрээний үүрэгт 34 250 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад шаардлагаа 6 110 180 төгрөгөөр багасгаж 28 139 820 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

 

Талуудын хооронд 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 03/005 дугаартай Үхэр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь үүлдэр угсааны удмын санд бүртгэгдсэн, гэрчилгээтэй 300 кг-аас дээш жинтэй, 16 сараас дээш насны 23 толгой монбелиард үүлдрийн өсвөр үхрийг, нэг бүрийг нь 4 500 000 төгрөг, нийт 103 500 000 төгрөгөөс  урамшуулал 3 500 000 төгрөгийг хасаж, 100 000 000 төгрөгөөр хариуцагчид нийлүүлэх,  хариуцагч нь 50 000 000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор, 25 000 000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор, 25 000 000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон байх ба тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 4-6, 163-165 дугаар тал/ Төлбөрийг тодорхой хугацааны тараа төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарах үндэслэл болохгүй бөгөөд мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан нөхцлийн талаар гэрээндээ тусгайлан тохиролцоогүй тул хууль буруу хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй. 

 

Хариуцагч нь худалдах-худалдан авах гэрээний дагуу 78 000 000 төгрөгийг хугацаанд нь, 4 000 000 төгрөгийг хугацаа хэтрүүлэн төлсөн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 6 110 180 төгрөгийг нэхэмжлэгч компанид шилжүүлсэн, нийт 88 110 180 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн талаар талууд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаагүй байхад анхан шатны шүүх 6 110 180 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж давж заалдах гомдолдоо дурдсан боловч хэргийн 149 дүгээр талд авагдсан нэхэмжлэгчийн тайлбарт худалдах худалдан авах гэрээний үүргийн 34 250 000 төгрөгөөс 6 110 180 төгрөг хасагдаж хариуцагч Б.Б- нь 28 139 820 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа талаар дурдснаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагаа 6 110 180 төгрөгөөр багасгасан гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. /хэргийн 149 дүгээр тал/

 

Хариуцагч нэхэмжлэгчийг гэрээнд заагдсан чанарын шаардлага хангаагүй 3 үхрийн үнийг бууруулахаар нэхэмжлэгч компанийн захиралтай тохиролцсон, хээлтэй ирсэн нэг өсвөр үхэр тугаллаж чадаагүй үхсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тайлбарлаж байх боловч баримтаар нотлоогүйн дээр хэрэгт авагдсан 957916 кодтой монбелиард үүлдрийн үхрийг төрөхийн хүндрэлийн улмаас үхсэн болохыг тогтоосон “Баян таван эрдэнэ” ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн тодорхойлолтоос үзэхэд уг үхрийг худалдан авсан өдрөөс хойш 1 жилийн дараа үхсэн буюу хариуцагчийн эзэмшилд байх хугацаанд хээл авсан гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 166 дугаар тал/

Түүнчлэн, хариуцагч нь гэрээний дагуу хүлээн авсан 23 толгой үхрийг нэхэмжлэгч компаниаас бус “Х н” ХХК-ийн Нүүдэлчин фермээс хүлээн авсан гэж маргаж байгаа боловч талууд үхэр худалдах-худалдан авах гэрээгээр үхрийг Нүүдэлчин фермээс авахаар тохиролцсон байх тул түүний тайлбар үндэслэлгүй байна. /хэргийн 5 дугаар зүйл/

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6 дахь хэсэгт заасан хугацааны дотор хариуцагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах талаарх шаардлагыг гаргаагүй байх тул нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийг шаардах эрхгүй байна. Учир нь талууд 2016 оны 05 дугаар сарын 25-ны үхэр худалдах-худалдан авах 03/005 тоот гэрээгээр гүйцэтгээггүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байх боловч нэхэмжлэгч, хариуцагч нарын нотлох баримтаар гаргасан дээрх гэрээний алдангийн талаар заасан 6.1, 6.2 дахь заалтууд засвартай бөгөөд зөрүүтэй бичигдсэн байх тул талуудыг алданги тооцохоор тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна. /хэргийн 4, 163 дугаар тал/

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-гаас 11 889 180 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н а ф” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/02420 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 000 төгрөгийг, хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ИЧИНХОРЛОО

 

                                    ШҮҮГЧИД                             М.НАРАНЦЭЦЭГ

 

                                          С.ЭНХТӨР