Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2022/00371

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Өнөр хороолол, дүгээр байр,  тоотод оршин суух, Д овогт Б.А/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо, ****холбогдох

 

2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал  нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах тухай хүсэлтийг бичгээр гарган ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч Б.А болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184 тоот захирамжаар төлбөр төлөгч Б.Б, Б.А, Б.Н нараас 40,178,975.00 төгрөг гаргуулж, “Проадд ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн хүчин төгөлдөр захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо, -р байрн тоот байрлах улсын бүртгэлийн Ү-22тоот 30м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжилж хураасан. Дээрх орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 19271417/04 тоот битүүмжлэх тогтоол, 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 19271417/06 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоол үйлдсэн ажиллагаа хийхдээ тухайн орон сууцны өмчлөгч нар болох иргэн Б.Н, Б.А, Б.Б нарт мэдэгдээгүй, байлцуулаагүй гарын үсэг зуруулаагүй, хадгалалт хамгаалалтыг шилжүүлээгүй үйлдсэн нь өмчлөгчийн эрх ашгийг хөндсөн үйл ажиллагаа хийжээ. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3, 54.4 дахь заалтыг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байна.

Мөн дээрх хөрөнгийг битүүмжилж, хураан Анхны албадан дуудлага худалдаанд тухайн газраас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 цагт оруулсан боловч худалдан борлогдоогүй байна. Анхны албадан дуудлага худалдаанд үл хөдлөх хөрөнгийг оруулахдаа хөрөнгө хураан авсан тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-д заасан зүйлийг зөрчсөн, улмаар төлбөр авагч болон төлөгч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарт мэдэгдэх үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь зөрчсөн бөгөөд энэхүү үйлдэл нь Иргэний хуулийн 175, 176-р зүйлд заасан албадан дуудлага худалдаагаар хөрөнгө худалдах зохицуулалтыг мөн давхар зөрчсөн үйлдэл болоод байна.

Энэхүү үйлдлийн талаар дээд шатны байгууллага болох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргасан боловч 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 739 тоот хариу мэдэгдэх хуудсаар Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль журмын дагуу явагдсан байна гэж мэдэгдсэн. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийгдэж байгаа хавтаст хэргээс нотлох баримтын хэмжээнд оролцогч талын хувьд гаргуулан авах хүсэлт өгсөн боловч үүргээ биелүүлээгүй зөвхөн зурган фото хэлбэрээр авахыг зөвшөөрсөн болно гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Я шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2019/00184 дугаар захирамжаар Б.Б, Б.Н, Б.А нараас 40,178,975 төгрөг гаргуулж, “Проадд ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, төлбөр төлөгч Б.А нарт төлбөр төлөх тухай мэдэгдэлийг гардуулсан боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэрт заасан Б.Б, Б.Н, Б.А, Б.А нарын дундын өмчлөлийн хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-22дугаартай Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол, 11 дүгээр байр,  тоотод байрлах, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 19271417/04 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 19271417/06 дугаар хураах тогтоолоор хураасан. Талуудад үнийн санал ирүүлэх 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 4/17565 тоот мэдэгдэлийг Б.Аад хүлээлгэн өгсөн боловч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр Хөрөнгө Эстимэйт ХХК-ийг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 5/285 дугаар тогтоолоор томилж, үнэлгээг тогтооход 112,427,800 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч Б.А Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж Сонгинохайрхан дүргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 3076 дугаар шийдвэрээр тухайн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2281 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаан 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1016 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Албадан дуудлага худалдааг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулах тухай 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/57 тоот албан дуудлага худалдааны тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4-134/19559 тоот мэдэгдэлийг төлбөр төлөгч Б.Бд оршин суух хаягаар ирж Б.Н, Б.А, Б.А нарт дамжуулан өгөхөөр биечлэн гардуулан өгсөн тэмдэглэлээр баталгаажуулсан. Анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй бөгөөд хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулах тухай 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/30 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-134/21566 дугаар мэдэгдэлийн хамт Б.А ирж төлбөр төлөгч Б.Б, Б.Н, өмчлөгч Б.А нарт дамжуулан өгөхөөр гардан авсан. 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 120,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон бөгөөд худалдан борлогдсон тухай болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.13-т заасан тогтоосон хугацаа буюу 14 хоногийн дотор төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд ялагчид өмчлөх эрх үүсэхгүй болох тухай мэдэгдэлийг мөн Б.А төлбөр төлөгч Б.Б, Б.Н, өмчлөгч Б.А нарт дамжуулан өгөхөөр гардан авсан бөгөөд 14 хоногийн дотор төлбөрөө төлөөгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 12/3 дугаар тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 739 дугаартай хариу мэдэгдэх хуудас, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Б.А, Б.А нарын гаргасан гомдол зэрэг баримтуудыг нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн.

 

Хариуцагчаас 12571417 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 184/ГХ2019/00941 дугаартай гүйцэтгэх хуудас, тус шүүхийн 20119 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2019/00184 дугаартай Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 19271417 дугаартай тогтоол, шийдвэр гүйцэтгэгч Х.Энхтуяагийн хөтөлсөн тэмдэглэл, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 19271417/04 дугаартай тогтоол, 19271417/05 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 19271417/06 дугаартай зарлан дуудах мэдэгдэл, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдийн “*****” ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан 11/05 дугаартай хүсэлт, 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 9271417/06 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгч О.Ягийн тэмдэглэл, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4/17565 дугаартай Мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгч О.Ягийн тэмдэглэл, “****” ББСБ ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4/18264 дугаар Мэдэгдэл, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 5/285 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1024 дугаартай Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, №0081894 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ, “****” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлан, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 4/19300 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Мэдэгдэл, Б.Аын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан нэхэмжлэл, тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШЗ2020/08463 дугаар Хүсэлт шийдвэр тухай шүүгчийн захирамж, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/03076 дугаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2281 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 001/ХТ2021/01016 дугаар Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/57 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4-134/19564 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Мэдэгдэл, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгч О.Ягийн тэмдэглэл, Өнөөдөр сонины Албадан дуудлага худалдааны зар, 2021 оны 10 дугаар сарын 29-ний Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл,2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б.А, Б.А нарын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан гомдол, 2021 оны11 дүгээр сарын 10-ны өдрийн 739 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариу мэдэгдэх хуудас, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-134/21566 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Мэдэгдэл, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/30 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-134/21567 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Мэдэгдэл, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгч О.Ягийн тэмдэгдэл, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/30 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4-134/23153, 4-134/23152 дугаар Мэдэгдэлүүд, Анхны албадан дуудлага худалдааны тэмдэглэл, Хаан банкны дансны хуулга зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны 184/ШШ2019/00184 дугаартай “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар Проадд ББСБ ХХ Компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б, Б.Н, Б.А нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт  105.607.817 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 65,607,817 төгрөгөөс татгалзаж, зохигчид 40,000,000 төгрөгт эвлэрч, хариуцагч нар нь уг төлбөрийг 2019 оны 07 дугаар сарын 14-ний дотор төлж барагдуулах, эвлэрлийн гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй бол Сонгинохайрхан дүүргийн 13 хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр  байрны  тоотод байрлах 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шүүхийн шийдвэрийг тус шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 184/ШЗ2019/08502 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” шүүгчийн захирамж, түүний дагуу мөн өдөр олгогдсон  184/ГХ2019/00941 дугаартай гүйцэтгэх хуудсуудыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 219271417 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарган эхлүүлсэн байна.

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөх талаар төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид буюу төлбөр төлөгч нарт мэдэгдэж байсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шүүхийн шийдвэр тогтоолыг биелүүлэх тухай мэдэгдлээр тогтоогдож байх бөгөөд зохигч талууд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд зааснаар явуулсан дээрх ажиллагааны талаар маргаагүй байна.

Мөн барьцаа хөрөнгө болох төлбөр төлөгч Б.Б, Б.А, Б.Н нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 13 хороо, Өнөр хороолол, 11 дүгээр  байрны 389 тоотод байрлах 40 м.кв талбайтай, 3 өрөө, Ү-22 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 19271417/04 тоот тогтоолоор битүүмжилж, хадгалалт хамгаалалтыг  төлбөр төлөгч Б.Аад  даалгаж,  шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ны дотор биелүүлэх хугацаа тогтоож, 19271417/05 тоот мэдэгдлийг Б.Аад гардуулж, төлбөр төлөх үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг  төлбөр төлөгч Б.Б, Б.А нарт мэдэгдсэн ба  2020 оны 05 дугаар сарын 06-ны 19271417/06  тоот тогтоолоор 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 20270443/09 дугаар тогтоолоор хураасан ажиллагааг явуулжээ. Шийдвэр гүйцэтгэгчийн дээрх эд хөрөнгө битүүмжилсэн болон хураасан тогтоолын талаар төлбөр төлөгч нарт мэдэгдсэн нь хэрэгт авагдсан дээрх эд хөрөнгө хураах болон битүүмжлэх тухай тогтоолууд болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна.  Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй байна.

Харин хариуцагч буюу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан төлбөр авагч “Проадд” ББСБ ХХКомпанийн хүсэлтийг үндэслэн 2020 оны 05 сарын 20-ны өдрийн 5/285 тоот Шинжээч томилох тухай тогтоол гарч, орон сууцны үнэлгээг гаргуулахаар ”Хөрөнгө-Эстимэйт” ХХКомпанийг  шинжээчээр томилсны дагуу 2020 оны 05 сарын 27-нд  Сонгинохайрхан дүүргийн 13 хороо, 1 дүгээр хороолол, 11 дүгээр  байрны  тоотод байрлах 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 112,427,800 төгрөгөөр үнэлж дүгнэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт ирүүлсэн байна. /хх 52-58/

Хариуцагч тал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасны дагуу эд хөрөнгөд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг 2020 оны 05 дугаар сарын 28-нд төлбөр авагч болон төлбөр төлөгч нар, байрны хамтран өмчлөгч Б.А нарт 4/19300 тоот мэдэгдлээр мэдэгдэж, мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болох, энэ талаар бичгээр хариу ирүүлэх тухай  мэдэгдсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.А нь дээрх 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, улмаар 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/03076 дугаартай шүүхийн шийдвэрээр түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2281 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 001/ХТ2021/01016 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хууль зөрчөөгүй болох нь тогтоогдсон байна.

Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цаашид үргэлжлүүлэн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” 11/57 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарч, төлбөрт хураагдсан төлбөр төлөгч Б.Б, Б.А, Б.Н нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 13 хороо, Өнөр хороолол, 11 дүгээр  байрны тоотод байрлах 40 м.кв талбайтай, 3 өрөө, Ү-22 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэ болох 112,427,800 төгрөгийн 70 хувь буюу 78,699,460 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагт  анхны албадан дуудлага худалдааг явуулахаар шийдвэрлэжээ.

Дээрх 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” 11/57 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг төлбөр төлөгч Б.Б, Б.А, Б.Н нарт 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4-134/19564 тоот мэдэгдэл гарч хүргүүлсэн болох нь мөн өдрийн мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Б хүлээн авч, мэдэгдлийн хувийг төлбөр төлөгч Б.А, Г.Нд нарт гардуулж өгөхөөр авсан тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, хэрэгт авагдсан  11/57 тоот тогтоолд бичигдсэн түүний хүлээн авсан тухай гарын үсэг тэмдэглэлээр тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Б.Аын анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг мэдэгдээгүй гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдохгүй, няцаагдаж байна.

 

Мөн нэхэмжлэгч Б.А хөрөнгө хураах, битүүмжлэх тогтоолыг өмчлөгч нарт мэдэгдээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагадаа дурддаг бөгөөд энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гарган шийдвэрлүүлсэн болох нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 739 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар тогтоогдож байгаа боловч энэ талаар шүүхэд гомдол гаргаагүй бөгөөд харин Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол болон түүнийг үндэслэн явуулсан анхны албадан дуудлага худалдаа явуулсан ажиллагааны талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу гомдол гаргаагүй байна.

 

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй” гэж заасан байна. Нэхэмжлэгч Б.А барьцаа хөрөнгө болох 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээний талаархи гомдлоо тус шүүхэд гарган шийдвэрлүүлсэн болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/03076 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2281 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 001/ХТ2021/01016 дугаар тогтоолоор тус тус тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч дээрх эрхээ хэрэгжүүлж холбогдох нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй, нотлох баримт бүрдүүлэх цуглуулахтай холбогдуулан хүсэлт гараагүй, шүүх хуралдаанд биечлэн оролцож, нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээ тодорхойлон мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй болно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан дэс дараалал, үе шаттайгаар явагдсан байх тул Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” 11/57 тоот тогтоол, уг тогтоолын дагуу хийгдсэн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Аын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.НЯМСҮРЭН