| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2024/0062/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/211 |
| Огноо | 2024-09-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/211
2024 09 04 2024/ШЦТ/211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,
Улсын яллагч Х.Ууганбат,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунтуяа,
Шүүгдэгч Б.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Б.Мөнгөнцэцэгт холбогдох эрүүгийн 2330003000214 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2003 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Дорнод аймгийн “EF” хүнсний дэлгүүрт худалдагч ажилтай, ам бүл 5, эх, дүү, нөхөр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Чойбалсан сум, 2 дугаар баг, Сүмбэрт байнга оршин суух хаягтай, одоо Дорнод аймгийн Чойбалсан сумын 5 дугаар баг, Цаг-Уур хороололд түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Хавхчин овогт Болорцэцэгийн Мөнгөнцэцэг (РД:ЛМ03270602),
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар):
Шүүгдэгч Б.Мөнгөнцэцэг нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх хүүхдийн тоглоомын талбайн хажууд 2023 оны 07 дугаар сарын 21-ний оройн 20 цагийн орчимд бага насны хүүхэд болох 13 настай Б.Анужингаас "мөнгө байна уу, яасан өндөр юм" гэх зэргээр шалтаглан нүүрэн тус хэсэгт алгадах, толгойны үснээс зулгаах, гэдэс рүү нь өшиглөх, сагсан бөмбөгийн бөмбөгтэй хавсран толгойг нь өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь нүүр орчмын зөөлөн эдийн зулгаралт, дээд уруулын дотор салстын язарсан шарх, буйланд шарх, баруун талын доод араа 1 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Бид 4 явж байхад тоглоомын талбай дээр 2 охин байсан. Тэр хоёр охиныг хойшоо гараад явж байхад нь бид хоёр араас нь гүйж очиж зогсоосон. Тухайн үед миний хажууд Солонгоо байсан. Би Солонгоо руу харж, инээж байгаад “чи ямар өндөр юм бэ?” гээд Солонгоо алгадсан тийм үйл явдал болсон” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунтуяа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2023 оны 7 сард болсон хэрэг одоо 2024 он бүхэл бүтэн 1 жил болж байхад миний охинтой холбогдоогүй, надтай ярьж уучлалт гуйсан нэг ч удаа байхгүй энэ 4 хүүхдэд тэр Солонгоо гэдэг охин нь миний охин руу хувь чатаар би чамайг зодоогүй гээд дарамталсан зүйл бас байгаа. Солонгоо гээд охины зодсон охин нь манай эгчийн хүүхэд, манай хүүхэдтэй цуг явж байсан. Хашаа руу шахаж багалзуурдаад зогсож байх хооронд энэ охин манай охиныг зодсон” гэв.
Эрүүгийн 2330003000214 дугаартай хэргээс:
Насанд хүрээгүй хохирогч Б.Анужин мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн үед өвөөгийнхөө гэр болох Баруун-Урт сумын 9-р баг Хайлаастын 19-32 тоотоос 2 дүүгийн хамт гараад гэр рүүгээ Далангийн 303 тоот руу явах замдаа "Дөрвөлж дэлгүүрийн арын тоглоомын талбай дээр тоглохоо очсон. Тэгээд намайг тухайн тоглоомын талбай дээр тоглож байхад "Дөрвөлж дэлгүүрийн араар тоглоомын талбай чиглээд 2 эрэгтэй, 2 эмэгтэй /надаас том ах, эгч/ нар ирж байсан. Тухайн үед би олон хүүхдүүд ирлээ гэж бодоод 2 дүүгээ дагуулаад тоглоомын талбайгаас гараад алхаж явсан. Тэгтэл араас тухайн охидууд араас "хөөе хөөе" гээд дуудаад байсан. Тэгэхээр нь би тухайн үед дуудахыг нь тоогоогүй явж байхад араас 2 охин ирээд тухайн үед ягаан сортой үстэй охин нь намайг мөрлөсөн. Тухайн үед намайг мөрлөсөн охин нь надаас "мөнгө байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь би "байхгүй" гэж хэлсэн. Тэгтэл тэр охин "чи яасан өндөр юм" гээд миний зүүн хацар луу 1 удаа алгадсан. Тэгээд намайг шууд үсдээд намайг газар угз татаад унагаасан. Тухайн үед би нүүрээрээ газар унасан. Намайг газар унасны дараагаар миний гэдэс рүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд дараа нь миний барьж явсан сагсны бөмбөгөөр миний толгойн ар хэсэгт өшиглөчихсөн. Тэр үед надтай хамт явж байсан дүү Танан-Эрдэнэ "цагдаа дуудлаа шүү" гэж хэлсэн. Тэгтэл нөгөө 2 охинтой хамт явж байсан 2 эрэгтэй ирээд "одоо болно, явцгаая" гээд тухайн 2 охиныг дагуулаад гүйгээд яваад егсөн. Тэгээд би 2 дүүгээ дагуулаад гэр рүүгээ явсан...... Тухайн үед 2 охин над дээр ирээд үсэндээ ягаан сортой нь надаас мөнгө байна уу? гэж асуусан. Тэгэхээр нь би мөнгө байхгүй гэж хэлсэн. Өөр надаас ямар нэгэн эд зүйл нэхээгүй. ... Би тухайн үед танхигүй байсан. Дараа нь намайг зодсон охиныг Мөнгөнцэцэг, хамт явж байсан охиныг нь Солонго гэдгийг нь мэдсэн. ...Харин Солонго нь миний биед огт халдаагүй. Тухайн 2 охины шар өнгийн хувцастай, хар өнгийн үстэй нь тухайн орой миний биед халдсан охин байна. Тэр охиныг Мөнгөнцэцэг гэдэг. Тухайн үед миний эрүү хавдаж, арьс нь зулгарсан, дээд уруулын дотор талд шалбарсан, баруун талын араанд 1 шүд хөдөлсөн байсан. Мөнгөнцэцэг, Солонго нарыг харж байгаагүй, тааралдаж байгаагүй. Муудаж маргалдаж байгаагүй ...Тухайн үед миний хажууд Танан-Эрдэнэ, Алтаншагай нар байсан, өөр хүн байгаагүй. Би уг асуудлаас болж Улаанбаатар хот руу байнга явж эмчилгээ хийлгэж байгаа. Яагаад гэвэл би 2023 оны 01 дүгээр сараас эхлэн шүдний аппарат зүүж байгаа, Тухайн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр миний шүд гэмтэж шүдний аппаратын маань 1 ширхэг нь уначихсан байсан. Тэр өдрөөс хойш шүдээ, мөн шүдний аппаратаа янзлуулж эмчилгээ Улаанбаатар хотод хийлгэж байгаа. Надад эмчилгээний зардлын 1,253,700 төгрөгийн баримт байгаа би тухайн төлбөрийн баримтыг одоо гаргаж өгнө. Одоо миний биед ямар нэгэн зовуурь байхгүй. Тэгэхдээ тухайн асуудлаас болж би сэтгэл санаагаар их унасан. Мөн хичээл сургуулиасаа хоцрогдож байгаа. Би сэтгэцэд учирсан гэмт хорын зэрэглэлийг уншиж танилцлаа. Тухайн зэрэглэлтэй танилцаад 3 дугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг (хэргийн 19-21 дүгээр хуудас),
- Гэрч Э.Цэвэгсүрэнгийн: “...Би болон манай эхнэр Б.Мөнгөнцэцэг, найз Эрдэнэхүү түүний найз Г.Солонго бид дөрөв Баруун-Урт сумын 3 дугаар баг Тэмүүлэлийн 5-1 тоотод байх манай гэрт байж байгаад Баруун-Урт сумын 9 дүгээр баг морьтой хашааны урд талд байх эгчийнхээ гэр лүү очиж Г.Солонго нь юм авна гэхээр нь бид дөрөв хамт манай гэрээс гарч явсан юм. Тэгээд бид дөрөв замдаа явж байгаад Дөрвөлж дэлгүүрийн зүүн хойд талд байх тоглоомын талбай дээр хүүхдүүд сагсан бөмбөг тоглож байхаар нь Эрдэнэхүү бид хоёр бөмбөг шидчихээд явах уу? гэж хэлээд тухайн тоглоомын талбай руу орсон. Харин манай эхнэр Б.Мөнгөнцэцэг, Г.Солонго нар тоглоомын талбайн хойд тал руу алхаад явсан. Би бөмбөг шидээд эргээд харахад Г.Солонго нь нэг эмэгтэй хүүхдийг тоглоомын талбайн торонд заамдаад зогсож байгаад тухайн охины нүүрэн хэсэгт 1-2 удаа цохиж байсан. Харин хэсэг хугацааны дараа хүүхдүүд шуугилдаад байхаар харсан чинь манай эхнэр Б.Мөнгөнцэцэг нь Г.Солонгын зодож байсан үл таних охины үснээс зулгаагаад нэг удаа нүүрэн хэсэгт алгадсан тухайн үед би найз Эрдэнэхүүгийн хамт гүйж очоод салгаад бид дөрөв зүүн тийшээ гүйгээд явсан. Харин манай эхнэр Б.Мөнгөнцэцэг, Г.Солонго нар ямар шалтгааны улмаас тухайн эмэгтэй хүүхдийг зодсон талаар надад болон манай найз Эрдэнэхүү бид хоёр хэлээгүй. Тоглоомын талбайгаас гарч гүйгээд Г.Солонгоогийн эгчийнд очсон. Хэсэг хугацааны дараа Г.Солонгоогийн эгчийн гэрээс бид дөрөв хамт гарч явсан. Би эхнэр Б.Мөнгөнцэцэгийн хамт гэр лүүгээ явсан. Эрдэнэхүү, Солонго хоёр мөн адил тэр гэр лүүгээ явсан. ...Би Б.Мөнгөнцэцэг, Г.Солонго нарыг тухайн эмэгтэй хүүхдийг ямар шалтгааны улмаас зодсоныг хэлээгүй. ...Би Б.Мөнгөнцэцэг, Г.Солонго нарын тухайн үл таних эмэгтэй хүүхдийг газар унасны дараа өшиглөснийг хараагүй. Харин тэр хоёрыг тухайн үл таних эмэгтэй хүүхдийг унахаас нь өмнө цохиж байхыг бол харсан. ...Би тэр хоёрт зодуулсан үл таних эмэгтэй хүүхдийг танихгүй. ...Тоглоомын талбай дээр Б.Мөнгөнцэцэг, Г.Солонго, Эрдэнэхүү нараас өөр таних хүүхдүүд байгаагүй 4-5 дугаар ангийн сурагч шиг хүүхдүүд байсан би тэд нарыг танихгүй.” гэх мэдүүлэг (хэргийн 24-26 дугаар хуудас),
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 287 дугаартай “... 1. Б.Анужингийн биед нүүр орчмын зөөлөн эдийн зулгаралт, дээд уруулын дотор салстын язарсан шарх, буйланд шарх, баруун талын доод араа 1 шүдний сулрал бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний байдлаас хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт (хэргийн 58-59 дүгээр хуудас),
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 32-41 дүгээр хуудас),
- Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, шинжилгээ, яаралтай тусламжийн хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар (хэргийн 46-54 дүгээр хуудас),
- Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гарсан тухай албан бичиг, хавсралт (хэргийн 96-97 дугаар хуудас)
- Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хэргийн 13 дугаар хуудас),
- Шүүгдэгч Б.Мөнгөнцэцэгийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хэргийн 77 дугаар хуудас),
- Шүүгдэгч Б.Мөнгөнцэцэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 80-81-р хуудас),
- Шүүгдэгч Б.Мөнгөнцэцэг нь хавтаст хэргээс нотлох баримт судлуулаагүй болно.
1. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүгдэгч Б.Мөнгөнцэцэгийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх хүүхдийн тоглоомын талбайн хажууд 2023 оны 07 дугаар сарын 21-ний оройн 20 цагийн орчимд бага насны хүүхэд болох 13 настай Б.Анужингаас "мөнгө байна уу, яасан өндөр юм" гэх зэргээр шалтаглан нүүрэн тус хэсэгт алгадах, толгойны үснээс зулгаах, гэдэс рүү нь өшиглөх, сагсан бөмбөгийн бөмбөгтэй хавсран толгойг нь өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь нүүр орчмын зөөлөн эдийн зулгаралт, дээд уруулын дотор салстын язарсан шарх, буйланд шарх, баруун талын доод араа 1 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
1.2.1 Улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч Б.Мөнгөнцэцэг нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх хүүхдийн тоглоомын талбайн хажууд 2023 оны 07 дугаар сарын 21-ний оройн 20 цагийн орчимд бага насны хүүхэд болох 13 настай Б.Анужингаас "мөнгө байна уу?, яасан өндөр юм" гэх зэргээр шалтаглан нүүрэн тус хэсэгт алгадах, толгойны үснээс зулгаах, гэдэс рүү нь өшиглөх, сагсан бөмбөгийн бөмбөгтэй хавсран толгойг нь өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь нүүр орчмын зөөлөн эдийн зулгаралт, дээд уруулын дотор салстын язарсан шарх, буйланд шарх, баруун талын доод араа 1 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Мөнгөнцэцэг нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Анужины эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч Б.Анужин болон түүний хууль ёсны төлөөлөгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй, Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгсөн. Яллагдагч Б.Мөнгөнцэцэг нь хохирол төлбөр төлөөгүй байна, Хохирогч Б.Анужин нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 176,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон, Шүүгдэгч Б.Мөнгөнцэцэг нь эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг нөхөн төлөөгүй байна. Насанд хүрээгүй хохирогч Б.Анужин нь сэтгэцэд учирсан хор уршиг нөхөн төлбөр тооцож жиших аргачлал хүснэгтэд заасны дагуу мөнгөн дүнг нэхэмжилнэ гэсэн байх ба сэтгэц нь 2 дугаар зэрэг тогтоогдсон байх бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг байх бөгөөд үүнийг 5 дахин нэмэгдүүлсний 12.99 тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгөөс 8,573,400 төгрөгийн мөнгөн дүн хамаарч байна. Шүүгдэгч Б.Мөнгөнцэцэг нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан насанд хүрээгүй хохирогч Б.Анужины мэдүүлэг, гэрч Б.Цэвэгсүрэнгийн мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 07 дүгээр сарын 21-ны өдрийн 287 дугаартай шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтууд, өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Мөнгөнцэцэг нь хохирогчийн эрүүл мэндэд нүүрэн тус хэсэгт алгадах, толгойны үснээс зулгаах, гэдэс рүү нь өшиглөх, сагсан бөмбөгийн бөмбөгтэй хавсран толгойг нь өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь нүүр орчмын зөөлөн эдийн зулгаралт, дээд уруулын дотор салстын язарсан шарх, буйланд шарх, баруун талын доод араа 1 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хохирогчийн эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атал хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зориуд хохирол учруулсан гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Мөнгөнцэцэгийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Мөнгөнцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг,
1.2.2 Шүүгдэгч Б.Мөнгөнцэцэг хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Эрх зүйн дүгнэлт:
2.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.
Тодруулбал, шүүгдэгч Б.Мөнгөнцэцэг хохирогч Б.Анужингаас "мөнгө байна уу, яасан өндөр юм" гэх зэргээр шалтаглан түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан нь хор уршиг бүхий гэмт үйлдлийн болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.
2.2. Шүүгдэгч Б.Мөнгөнцэцэг нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, бусдын биед халдаж эрүүл мэндэд нь “нүүр орчмын зөөлөн эдийн зулгаралт, дээд уруулын дотор салстын язарсан шарх, буйланд шарх, баруун талын доод араа 1 шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
2.3. Прокуророос шүүгдэгч Б.Мөнгөнцэцэгийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.Мөнгөнцэцэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Мөнгөнцэцэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3.1. Шүүгдэгч Б.Мөнгөнцэцэгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
3.1.1. Улсын яллагч: “Шүүхээс шүүгдэгч Б.Мөнгөнцэцэгийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. Шүүгдэгч Б.Мөнгөнцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Хохирогч Б.Анужин нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 176,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон байх бөгөөд, яллагдагч Б.Мөнгөнцэцэгээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг нөхөн төлүүлэх саналтай байна. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн хохирлын баримтуудаар хохирол төлбөр нэхэмжилж байх тул түүнийг нь нэхэмжилсэн баримтаас нь сэтгэцийн эрүүл мэндийн эмч нарын эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн 60,000 төгрөгийг хасаад үлдсэн мөнгөн дүнг мөн шүүгдэгч Б.Мөнгөнцэцэгээс гаргуулах саналтай байна. Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох саналыг шүүхэд гаргаж байна. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэх саналыг,
3.2. Шүүгдэгч Б.Мөнгөнцэцэгийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, торгуулийн хэмжээ зэргийг харгалзан дээрх ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.
4. Хохирол, хор уршгийн талаар
4.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд насанд хүрээгүй хохирогч Б.Анужин, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Оюунтуяа нар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 1,163,150 төгрөгийн эмчилгээний зардал төлбөр нэхэмжилсэн нотлох баримтыг гаргаж өгсөн бөгөөд түүний нэхэмжилсэн 1,163,150 төгрөгөөс сэтгэцийн эрүүл мэндийн эмч нарын эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн 60,000 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул хасч үлдэх 1,103,150 төгрөгийг шүүгдэгч Б.Мөнгөнцэцэгээс гаргуулан хохирогч Б.Анужин, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунтуяа нарт олгохоор шийдвэрлэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.Анужингийн өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.
4.2. Насанд хүрээгүй хохирогч Б.Анужин өөрт учирсан эрүүл мэндтэй холбоотойгоор эмнэлгээс 176,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаар Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс нэхэмжилсэн 176,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй.
4.3. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Шүүхийн шинжилгээний тухай/ шинэчилсэн найруулга/ хуулийн 80 дугаар зүйлийн 80.6. Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө...гэж заажээ.
Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах (Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйл), Хулгайлах, (Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл), Залилах (17.3 дугаар зүйл), Мал хулгайлах, (Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл), Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ....” гэжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоосон бөгөөд энэ хэрэгт мөрдөгчөөс дээрх журмыг үндэслэн хохирогч Б.Анужины сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “хоёрдугаар зэрэглэл” гэж тогтоож, танилцуулсан, хохирогч хүлээн зөвшөөрсөн байна.
Дээрх хүснэгтийн “Хоёрдугаар зэрэглэл”-д “Хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид сэтгэцийн эмгэг” хор уршиг учирсан бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөр олгохоор тогтоожээ.
Шүүх насанд хүрээгүй хохирогч Б.Анужингийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, тухайн бие махбодын гэмтлээс шалтгаалсан сөрөг үр дагавар тухайн гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөл байдал зэргийг харгалзан насанд хүрээгүй хохирогч Б.Анужингийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.000 төгрөг байхаар тогтоосон байна.
Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Мөнгөнцэцэгээс насанд хүрээгүй хохирогч Б.Анужингийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 660х5=3,300,000 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэв.
5. Бусад асуудлаар:
Шүүгдэгч Б.Мөнгөнцэцэг нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргаж ирүүлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хавхчин овогт Болорцэцэгийн Мөнгөнцэцэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнгөнцэцэгийг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Мөнгөнцэцэгт оногдуулсан торгох ялыг 3 ( гурав ) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнгөнцэцэг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Мөнгөнцэцэгт шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Б.Мөнгөнцэцэг нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч Б.Анужингийн эмчилгээний зардал 1,103,150 (нэг сая нэг зуун гурван мянга нэг зуун тавь) төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 3,300,000 (гурван сая гурван зуун мянга) төгрөг нийт 4,403,150 (дөрвөн сая дөрвөн зуун гурван мянга нэг зуун тавь) төгрөгийг шүүгдэгч Б.Мөнгөнцэцэгээс гаргуулж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, “Далан”-гийн 303 тоотод оршин суух насанд хүрээгүй хохирогч Б.Анужин, түүний хууль ёсны төлөөлөгч Олныхон овогт Баяны Оюунтуяа (РД:ЛА85061403)-д олгосугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнгөнцэцэгээс 176,000 төгрөгийг Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
9. Насанд хүрээгүй хохирогч Б.Анужин гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ