| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2024/0068/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/209 |
| Огноо | 2024-09-04 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/209
2024 09 04 2024/ШЦТ/209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Х.Ууганбат,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт *******,*******,*******, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
*******,*******,
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар ):
Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчилд холбогдон 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 07 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө 01 цагийн орчим сумын 7 дугаар баг “Одкон” хотхоны авто зогсоолоос сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “МТ” шатахуун түгээх станц хүртэлх зайд улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манайх “Одкон” хотхоны доор махны үйл ажиллагаагаа явуулдаг. Дэлгүүр 09 цаг 30 минутын үед хаадаг. Хааснаас хойш дэлгүүр дээрээ лангуугаа янзлаад 00 цагийн үед харьж байгаад цагдаад баригдсан” гэв.
Эрүүгийн ******* дугаартай хэргээс:
- Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Миний хувьд “Сэрүүн” билүү “Сэнгүр” нэртэй 0.5 литрийн нэг лааз пиво уусны дараа дахин нэг лаазыг задлаад дээрээс нь бага зэргийг уусан учраас хангалттай согтолтын доод хэмжээнээс дээш гарна байх гэж бодсондоо драйгер багажаар согтолтын хэмжээгээ тодорхойлуулаагүй юм. Тухайн цагдаагийн алба хаагчид зөндөө цусаа өгөх үү, драйгер багаж үлээх үү гээд хэлсэн, тайлбарлаж өгсөн. Миний хувьд бүх юмнаас татгалзах юм бол гайгүй байх гэж бодсон учраас бүх зүйлээ татгалзсан” гэх мэдүүлэг (хэргийн 31-33 дугаар хуудас)
Гэрч : “...Би 2024 оны 07 дугаар сарын 12-ны өглөөний 08 цаг 30 минутаас 2024 оны 07 дугаар сарын 13-ны өглөөний 06 цагийн хооронд тус тасгийн олон нийтийн цагдаа хамт авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажилласан. 2024 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 01 цагийн үед олон нийтийн цагдаа хамт цагдаагийн албаны 00-66 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй тус аймгийн төвөөр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад Баруун-Урт сумын 7 дугаар баг “Номин” худалдааны төвийн ертөнцийн зүгээр зүүн хойд талд байх "МТ" шатахуун түгээх станцын зогсоолд машинаа байрлуулж, тус колонкийн хойд тал тус замын урд зам буюу ертөнцийн зүгээр баруун зүүн чиглэлд тус замаар зорчин явж байсан тээврийн хэрэгслүүдийг шалгаж байхад Баруун-Урт сумын 7 дугаар баг "Одкон" хотхоны хойд талын зогсоолоос жижиг суудлын авто машин зогсоолоос хөдөлж Номингийн 4 замын уулзвараар ертөнцийн зүгээр зүүн тийш буюу бид хоёрын үүрэг гүйцэтгэж байсан газар руу эргэхээр нь бид хоёр машиндаа суугаад машины чанга яригчаар тус тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нь хэлж машины гэрлээр дохиж зогсохыг шаардсан. Тэгэхэд “Тоёото приус-20” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замаа чөлөөлж зогсохоор нь бид хоёр тус тээврийн хэрэгслийн жолооч дээр очиж өөр өөрсдийгөө танилцуулж, тухайн иргэнийг тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоодох эрхийн үнэмлэхийг байгаа эсэхийг асуухад тухайн тээврийн хэрэгслийн жолооч “энэ оны 2 сард эрхээ хасуулсан” гэж хэлэхэд амнаас нь согтууруулах ундааны зүйл үнэртэж байхаар нь “танаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байна” гээд регистрийн дугаарыг аваад торгуулийн багажаар эрхийн үнэмлэхийг нь шалгаж үзэхэд 2024 оны 2 дугаар сард эрхээ хасуулсан байсан.
Иймд тухайн иргэнийг замын цагдаагийн тасгийн өрөөнд авчирч согтуурлыг шалгахаас өмнө нь бид хоёр тус иргэнд давхар дуу дүрсний бичлэгээр баримтжуулан авдаг талаар хэлэхэд “бичлэг хийж болно” гэхээр нь өөрийн гар утсаараа дуу дүрсний бичлэг хийж драйгер багажаар үлээлгэх гэхэд тухайн иргэн татгалзахаар нь “та цусаа өгөх үү” гээд асуухад өгөхгүй гэж байсан. Иймд би тус иргэнийг драйгер багажаар согтуурал шалгуулахаас татгалзаж тэмдэглэл үйлдсэн ба тухайн хүний драйгер болон цус өгөхөөс татгалзсан тухай бичлэгийг мэдүүлэг өгсний дараа гаргаж өгнө. Мөн тус иргэнийг драйгер багаж үлээхээс татгалзсан учраас тасгийн драйгерын бүртгэсэн зүйл байхгүй. ...Тус тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Баруун-Урт сумын 7 дугаар баг "Одкон" хотхоны хойд талын зогсоолоос “МТ” колонкийн зогсоол хүртэл ойролцоогоор 100 орчим метр зайд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус тээврийн хэрэгслийг жолоодсон. ******* тухайн үед ганцаараа явж байсан.” гэх мэдүүлэг (хэргийн 11-12 дугаар хуудас),
- Гэрч : “...Тус цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлагч хамт 2024 оны 07 дугаар сарын 12-ны өглөөний 08 цаг 30 минутаас 2024 оны 07 дугаар сарын 13-ны өглөөний 06 цагийн хооронд үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан. хамт тус албаны 00-66 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 2024 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 01 цагийн үед тус аймгийн төвд хөдөлгөөнт авто эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тухайн үед хөдөлгөөн сийрэг байсан тул Баруун-Урт сумын 7 дугаар баг “Номин” худалдааны ертөнцийн зүгээр зүүн хойд талын "МТ" шатахуун түгээх станцын зогсоолд машинаа байрлуулж, тус колонкийн хойд талын засмал зам дээр тус замаар зорчин явж байсан тээврийн хэрэгслүүдийг шалгасан. Мөн тухайн үед бид хоёр хамт тус замын урд талын зам буюу ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж байгаа тээврийн хэрэгслүүдийг шалгаж байхад Баруун-Урт сумын 7 дугаар баг "Одкон" хотхоны хойд талын задгай зогсоолоос жижиг суудлын автомашин хөдөлж Номингийн 4 замын уулзвараар ертөнцийн зүгээр зүүн тийш буюу бид хоёрын үүрэг гүйцэтгэж байсан газар руу эргэхээр дохио өгөхийг хараад бид хоёр тээврийн хэрэгсэлдээ суухад тухайн тээврийн хэрэгсэл бид хоёрын зогсож байсан газраар явахаар нь машины чанга яригчаар тус тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нь хэлж машины гэрлээр дохиж зогсохыг шаардсан. Тэгэхэд “Тоёота приус-20” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замаа чөлөөлж зогсохоор нь бид хоёр тээврийн хэрэгслээс бууж тус тээврийн хэрэгслийн жолооч тал руу очиж өөр өөрсдийгөө танилцуулж, жолоочоос тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоодох эрхийн үнэмлэхийг асуухад тус тээврийн хэрэгслийн жолооч “эрхээ хасуулсан” гээд тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ гаргаж өгсөн.
Тухайн үед нь тухайн иргэнээс регистрийн дугаарыг нь асууж цагдаагийн байгууллагын торгуулийн багажаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг нь шалгаж үзэхэд тухайн хүн энэ оны 02 дугаар сард тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаатай хасуулсан байсан бөгөөд нь “та ямар шалтгааны улмаас жолоодох эрхийн үнэмлэхгүй байж тээврийн хэрэгслээ жолоодоод явж байгааг” асуухад тухайн иргэн “харин тиймээ ойрхон газар байхаар нь машинаа жолоодсон” гэхэд тухайн хүний амнаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул тус иргэний тээврийн хэрэгслийг би жолоодож тээврийн хэрэгслийн жолоочийг арын суудалд суулгаж тухайн иргэнийг цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн өрөөнд авчирч согтуурлыг шалгахдаа гар утсаар дуу дүрсний хийж баримтжуулан үлээлгэх гэхэд тухайн хүн татгалзсан бөгөөд тухайн иргэнийг “биологийн дээж буюу цусаа өгөх үү” гэхэд бас л өгөхөөс татгалзсан. Хэсэг хугацааны дараа би тус иргэнээс дахин “драйгер багажаар согтуурлын зэргээ тогтоолгох уу” гэхэд татгалзсан, биологийн дээж буюу цусаа өгч согтолтын хэмжээгээ шалгуулах уу гээд асуухад татгалзсан. Би тухайн үед уг асуудлыг гар утсаар дуу дүрсний бичлэг хийж баримтжуулан авсан байгаа. Мөн Өлзийбүрэн тухайн үед оройны 6 билүү 7 цагт “Сэрүүн” нэртэй лаазтай пиво уусан гэж байсан бөгөөд тухайн хүнээс нэлээн их хэмжээний согтууруулах ундааны зүйл амнаас үнэртэж байсан, нь тухайн хүнээс маш олон удаа цус болон драйгер багажаар согтуурлын зэргээ тогтоолгох уу гэхэд татгалзаж байсан. ...******* нь Баруун-Урт сумын 7-р баг “Одкон” хотхоны хойд талын зогсоолоос “МТ” колонк хүртэл ойролцоогоор 100 гаруй метр зайд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус тээврийн хэрэгслийг жолоодон явсан.” гэх мэдүүлэг (хэргийн 14-16 дугаар хуудас),
- Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хэргийн 3 дугаар хуудас),
- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хэргийн 4 дүгээр хуудас),
- ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багажаар шалгуулахаас татгалзсан “...Тус дүрс бичлэгийн 28 секундэд олон нийтийн цагдаа нь оролцогч *******гээс Alcotest-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багаж буюу “драйгер багаж үлээх юм уу та” гээд асуухад дахин “согтолтын зэрэг тогтоолгох драйгер багаж үлээх юм уу” гээд асуухад ******* нь “яахын бэ яахын” гэхэд “цуснаасаа дээж өгөх үү, цуснаасаа биологийн дээж өгөх үү” гээд асуухад ******* дахин “яахын бэ” гэж байна. нь “та үлээхээс татгалзаж байгаа юм уу” гэж асуухад ******* нь “тиймээ” гэж хэлснээр тус дүрс бичлэг дуусаж байна...” гэх тэмдэглэл (хэргийн 6 дугаар хуудас),
- ALCOTEST-6820 загварын амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүр багажаар шалгуулахаас татгалзсан “... нь “Та болтол нь үлээнэ шүү” гэхэд ******* нь “үлээхгүй ах нь” гэхэд нь “яагаад үлээхгүй гэж, энэ таны согтуурлыг хэмждэг багаж” гэхэд ******* нь “үлээхгүй” гэж хэлээд толгой сэгсэрч байна. Тус дүрс бичлэгийн 13 секундэд нь “Драйгер үлээх үү” гэж асуухад дахин ******* татгалзаж байна.” гэх тэмдэглэл (хэргийн 7 дугаар хуудас),
- Цагдаагийн ерөнхий газрын сангийн “Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хэргийн 37 дугаар хуудас),
- Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа (хэргийн 38 дугаар хуудас),
- Шүүгдэгч урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хэргийн 34-35 дугаар хуудас),
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1. Гэм буруугийн талаар:
1.1 Шүүгдэгч *******г Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчилд 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 07 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө 01 цагийн орчим сумын 7 дугаар баг “Одкон” хотхоны авто зогсоолоос сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “МТ” шатахуун түгээх станц хүртэлх зайд улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
1.2.1 Улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчилд 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2024 оны 07 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө 01 цагийн орчим сумын 7 дугаар баг “Одкон” хотхоны авто зогсоолоос сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “МТ” шатахуун түгээх станц хүртэлх зайд улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэн хор уршиг зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан эрх бүхий албан тушаалтны хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, мөн жолоочийн согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, шалгуулахаас зайлсхийсэн тухай тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий CD 1 ширхэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг,
1.2.2 Шүүгдэгч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Эрх зүйн дүгнэлт:
2.1 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.
2.2. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгодог.
Тодруулбал: шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэн автомашин жолоодсон үйлдлийн улмаас хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчигдөж, үүний улмаас нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үр дагавар үүсэх боломжтой. Иймд шүүх шүүгдэгч *******г тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.
Энэ гэмт хэрэг нь: Автотээврийн хэрэгслийн жолооч өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн байх бөгөөд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам зөрчигдөж, нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үйлдэл хийсэн байхыг,
“согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг тус тус ойлгоно.
2.2. Прокуророос шүүгдэгч *******гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******г “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******г Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3.1. Шүүгдэгч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
3.1.2. Улсын яллагч: “Шүүхээс шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргах саналтай, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэх саналыг,
3.2. Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч анх удаа эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,0000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, торгуулийн хэмжээ зэргийг харгалзан дээрх ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
4. Хохирол, хор уршгийн талаар
4.1 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.
5. Бусад асуудлын талаар:
5.1 Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт ирүүлсэн шаргал өнгийн DVD-R дискийг хэрэгт хавсаргаж хадгалахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******г “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 4000 (дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 ( дөрвөн сая ) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 6 (зургаан) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь түүнд оногдуулсан торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт ирүүлсэн цагаан өнгийн CD-R дискийг хэрэгт хавсаргаж хадгалсугай.
7. Шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ