| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2024/0069/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/214 |
| Огноо | 2024-09-05 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/214
2024 09 05 2024/ШЦТ/214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Х.Ууганбат,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектур мэргэжилтэй, “Дөрвөлж” дулааны станцад ээлжийн мастер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******, одоо Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 6 дугаар баг “Шинэ дөрвөлж”-ийн 305 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
*******
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар):
Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 21-ний өглөөний 06 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Жавхлант Сүхбаатар” ХХК худалдааны төвийн гадна талын шилэн хаалга, цонхыг нэг талдаа хээ дүрс бүхий чулуун хавтан шидэж хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, хохирогч 390,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ”Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн ******* дугаартай хэргээс:
Хохирогч *******: “...2024 оны 06 дугаар сарын 21-ний өглөө манай ажилтан нь надтай утсаар яриад "манай дэлгүүрийн үүдний шилэн хаалга, цонхийг нэг согтуу залуу хагалсан байна. Цагдаа нар ирээд үзэж хараад явсан гэж хэлсэн. Тэгээд би тухайн асуудлыг анх мэдсэн юм. Ингээд ажилтан ийг иргэний хэрэг маргаанд нэхэмжлэгчээр томилсон байсан болохоор ийг компанийг төлөөлүүлсэн боловч уг хэрэг эрүүгийн хэрэг үүссэн учраас мөн би өөрөө гадаад улс руу ажил, амралтаар яваад Сүхбаатар аймагт бараг л байдаггүй болохоор хэрэгт хохирогчоор оролцохгүй харин өөрийгөө төлөөлүүлж хэрэгт хохирогчоор "Жавхлант Сүхбаатар" ХХК-ны ажилтан оролцуулж байна.” гэх мэдүүлэг (хэргийн 19-20 дугаар хуудас),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч : “...2024 оны 06 дугаар сарын 21-ний өглөө манай дэлгүүрийн үүдний шилэн хаалга, цонхийг танихгүй согтуу залуу хагалсан асуудал гарсан, ингээд манай захирал нь ажил, амралтаар Улаанбаатар хот болон гадаад улс руу яваад Сүхбаатар аймагт бараг л байдаггүй болохоор миний бие хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. ...Манай байгууллагын үүд рүү харсан хяналтын камер байдаг тухайн камер хэвийн ажиллагаатай байдаг боловч тухайн камерын бичлэгийг эх хувиар нь хуулбарлаж авах гэхээр оролт нь эвдэрсэн болохоор хуулбарлаж авч болохгүй байгаа, тиймээс би өөрийн гар утсаараа бичсэн 1 минут 16 секундийн дүрс бичлэгийг хатуу дискт хуулбарлан гаргаж өгч байна. ...хохирлоо барагдуулах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг (хэргийн 25-26 дугаар хуудас),
Гэрч : “...Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт уйл ажиллагаа явуулах "Жавхлант Сүхбаатар" худалдааны төвд худалдагчаар ажилладаг юм. 2024 оны 06 дугаар сарын 21-ний өглөө би ажил дээрээ 06 цагт ирсэн юм, уг нь манай ажил 07 цагт цугладаг би өнөө өглөө цагаа андуураад 06 цагт ирчхээд ажлынхаа гадаа зүүн талд нь сууж байсан чинь нэг цээж нүцгэн цээжин дээрээ шивээстэй согтуу залуу шууд над руу ирээд намайг барьж авах гэхээр нь би зугтаагаад модны араар ороод нуугдаад хараад байж байсан чинь тэр залуу буцаж яваад манай дэлгүүрийн үүднээс явган хүний замын жижиг хавтанг аваад шууд дэлгүүрийн хаалганы шил рүү шидсэн чинь шил нь хагараад дотогшоо орчихсон тэгээд хаалгыг нээх гээд татаад онгойхгүй байхаар нь хөлөөрөө бас шилийг нь өшиглөж хагалаад байсан, тэгэхээр нь би ойртож очоод "болиоч" гэхэд над руу хаалганы хагарсан шилнээс авч шидээд ойртуулахгүй байсан, тэгээд би цагдаа pyy манай дэлгүүрийн хаалганы шилийг хагалчихлаа гээд дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг (хэргийн 32-33 дугаар хуудас),
- Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2402180 дугаартай “...үүдний хаалга 1, 0,7998 м.кв буюу 2 хаалганы хохирлын хэмжээ 271,932 төгрөг, 0,23 м.кв хэмжээтэй 3 цонхны хохирлын хэмжээ 117,785 төгрөг нийт хохирлыг 389,716.5 буюу бүхэлчилбэл 390,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт (хэргийн 39-46 дугаар хуудас)
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хэргийн 2-р хуудас),
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 3-7 дугаар хуудас),
- Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтуурал хэмжсэн бүртгэлийн дэвтрийн хуулбар (хэргийн 8-10 дугаар хуудас),
- Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хавтас хэргийн 62-63-р хуудас),
- Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 42-43-р хуудас),
- Шүүгдэгч ******* нь хавтаст хэргээс нотлох баримт судлуулаагүй болно.
1. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүгдэгч *******г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 06 дугаар сарын 21-ний өглөөний 06 цаг 30 минутын орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Жавхлантсүх баатар” ХХК худалдааны төвийн гадна талын шилэн хаалга, цонхыг нэг талдаа хээ дүрс бүхий чулуун хавтан шидэн хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, хохирогч 390,000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
1.2.1 Улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 21-ний өглөөний 06 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Жавхлант Сүхбаатар” ХХК худалдааны төвийн гадна талын шилэн хаалга, цонхыг нэг талдаа хээ дүрс бүхий чулуун хавтан шидэж хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, хохирогч 390,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч ******* эзэмшлийн “Жавхлант Сүхбаатар” ХХК худалдааны төвийн гадна талын шилэн хаалга, цонх харагч эд хөрөнгөд 390,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд яллагдагч ******* нь хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирол болох 390,000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан хохирогч , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , гэрч нарын мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан “нэг талдаа хээ дүрс бүхий 3 ширхэг хагархай чулуу”, болон“1 минут 16 секундийн дүрс бичлэг бүхий CD” бичлэг, Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2402180 дугаартай шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтууд, өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь “Жавхлант Сүхбаатар” ХХК худалдааны төвийн гадна талын шилэн хаалга, цонхыг хагалж эд хөрөнгө устгах, гэмтээсэн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхэд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хохирогчийн эд хөрөнгөд халдаж болохыг ухамсарлаж мэдсээр атал хохирогчийн эд хөрөнгийн халдашгүй байдалд халдаж зориуд хохирол учруулсан гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг,
1.2.2 Шүүгдэгч ******* хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Эрх зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т "үлэмж хэмжээний хохирол" гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс дээш хэмжээг; 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор тодорхойлсон ба хуулийн дээрх зохицуулалтаар шүүгдэгч *******гийн хохирогч учруулсан 390,000 төгрөгийн хохирол нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.
2.2 Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчлагдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байдаг. Нөгөөтэйгөөр энэхүү гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, гэмт хэрэг үйлдэж байгаа хүн өөрийн хууль бус үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байхыг шаарддаг.
Тодруулбал, шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Жавхлант Сүхбаатар” ХХК худалдааны төвийн гадна талын шилэн хаалга, цонхыг нэг талдаа хээ дүрс бүхий чулуун хавтан шидэж хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, тэрээр бусдын эд хөрөнгөнд хууль бусаар халдах, устгаж, гэмтээж болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулан, гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
2.3. Прокуророос шүүгдэгч *******гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3.1. Шүүгдэгч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
3.1.1. Улсын яллагч: “Шүүхээс шүүгдэгч *******г эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн, хохирол төлбөр барагдуулсан, хохирогчоос гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд өмнө ял шийтгэл хүлээж байгаагүй хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогч ******* эзэмшлийн “Жавхлант Сүхбаатар” ХХК худалдааны төвийн гадна талын шилэн хаалга, цонх харагч эд хөрөнгөд 390,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд яллагдагч ******* нь хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирол болох 390,000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдсан “нэг талдаа хээ дүрс бүхий 3 ширхэг хагархай чулуу”-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах, мөн эд мөрийн баримтаар хураагдсан 1 минут 16 секундийн дүрс бичлэг бүхий CD-ийг хэрэгт хавсаргах саналтай байна. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэх саналыг,
3.2. Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа,хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн зэргийг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, торгуулийн хэмжээ зэргийг харгалзан дээрх ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.
4. Хохирол, хор уршгийн талаар
4.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч ******* эд хөрөнгийг хууль бусаар устгаж 390,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
5. Бусад асуудлаар:
5.1 Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт ирүүлсэн цагаан өнгийн “DVD-R” дискийг хэрэгт хавсаргаж хадгалахаар шийдвэрлэв.
5.2 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “нэг талдаа хээ дүрс бүхий 3 ширхэг хагархай чулуу”-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисс”-т даалгалаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт ирүүлсэн цагаан өнгийн CD-R дискийг хэрэгт хавсаргаж хадгалсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “нэг талдаа хээ дүрс бүхий 3 ширхэг хагархай чулуу”-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисс”-т даалгасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ