Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 00131

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгч Б.Уранчимэг нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Шинэ оюут овгийн Болдбаатарын Уранчимэгт холбогдох 201714000252 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Шинэ оюут овгийн Болдбаатарын Уранчимэг, Монгол Улсын иргэн, 1983 оны 04 сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч маргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн 19-30 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. РД:ДЮ83040808

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Уранчимэг нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-18-09 тоотод О.Эрдэнэбаярын гэрт хамт архидан согтуурч байгаад түүний Samsung Glaxy S-6 edge маркийн гар утас, 130 000 төгрөгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч О.Эрдэнэбаярын “2017 оны 04 сарын 18-ны өдөр би гэртээ байж байгаад ах Ганболдыг хүрээд ир, цуг ууя гэхэд ах ирэхдээ хоёр эмэгтэйтэй ирсэн ба Уранчимэг нь Ганболд ахын найз эмэгтэй болох Энхээгийн дүү нь гэж байсан. Тэгээд бид пиво ууж байгаад гарахдаа Уранчимэг нь миний халаасанд байсан бэлэн мөнгө 130000 төгрөг, Самсунг S6 еdg гар утсыг хулгайлан аваад явсан байсан. Тэгээд би маргааш нь залгаад мөнгө нь хамаагүй, миний утсыг өгчих гэсэн чинь ломбарданд тавьсан байсан. Б.Уранчимэг нь миний гар утас болон, 130 000 төгрөгийг буцааж өгсөн учир одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/

 

2. “Лэндс” ХХК-ны 2017 оны 04 сарын 25-ны өдрийн ОЦ/17/42 дугаартай  дүгнэлтэд “Samsung S6 edg маркийн гар утасыг зах зээлийн ханшаар 1 080 000 төгрөг” гэсэн үнэлгээ. /хх-ийн 18-р хуудас/

 

3. Шүүгдэгч Б.Уранчимэгийн “2017 оны 04 сарын 19-ний өдөр би таньдаг эгч Энхжаргалтай хамт явж байгаад нэг таньдаг залуугийнд нь буюу Эрдэнэбаярын гэрт очсон. Тэгээд тэнд бид гурав архи ууж байгаад Энхжаргал эгч яваад өгсөн. Эрдэнэбаяр бид хоёр шөнө дунд гарч архи, чихэр жимс аваад буцаад тэдний гэрт орсон. Тэгээд Эрдэнэбаяр өглөө эрт ажилтай гээд унтсан. Би өглөө 6 өнгөрөөгөөд гэрээс нь гарахдаа гар утсанд нь өөрийнхөө сим картыг хийгээд ярьж байгаад тэр чигт нь аваад үүдний өрөөнд хувцасны шүүгээн дээр ил байсан мөнгийг нь аваад явчихсан юм” гэсэн мэдүүлэг болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Уранчимэг мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Уранчимэг нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-18-09 тоотод О.Эрдэнэбаярын гэрт хамт архидан согтуурч байгаад түүний Samsung Glaxy S-6 edge маркийн гар утас, 130 000 төгрөгийг хулгайлсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон гэж үзлээ.

 

Хохирогч О.Эрдэнэбаяр нь алдсан Samsung Glaxy S-6 edge  маркийн гар утас, болон 130 000 төгрөгийг буцааж авсан гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, шүүгдэгч Б.Уранчимэг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул Эрүүийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Шинэ оюут овгийн Болдбаатарын Уранчимэгийг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д зааснаар шүүгдэгч Б.Уранчимэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Уранчимэгт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгчнар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Ц.АЛТАНГАДАС